Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

    2022        02          15                                   225     

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч Л.Э,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт С.Бд холбогдох эрүүгийн 2206 00000 0088 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С овогт С.Б, 1960 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл *, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Монелын ** дугаар гудамж ** тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Монелын * дугаар гудамжны ** тоотод Л.Э-тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар толгой руу нь архины шилээр цохиж, биед нь зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

 

Хохирогч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “11 дүгээр сарын сүүлчээр би найзындаа очсон. Тухайн үед манай нэг найзын ажил явдал болсон тул би мөнгө өгөхөөр очсон. Манай найз Э “Хоёулаа уулзаагүй удсан байна. Нэг юм авч уух уу” гээд 0.33 литрийн хэмжээтэй архи авч машинд хувааж уусан. Дараа нь би 0.33 литрийн архи авсан. Тэр архиа Э-ийн найзынд орж уусан. Тэнд байхад Б орж ирсэн. Бид цэргийн тухай ярьж байгаад “Цэрэгт нэхий дээл өмсдөг, өмсдөггүй” гэж маргалдаж байсан. Гэнэт миний толгой руу тас хийсэн. Б миний толгойн зүүн талд архины шилээр цохьсон. Цус тогтохгүй байж байгаад Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавьж байж тогтсон. Би 2019 онд тархины цус харвалт болж байсан. Тэрнээс болж эмнэлэгт хэвтсэн. Хохиролд шүүгдэгч 700.000 төгрөг өгсөн. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Л.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт ...айлд очсон. ...Э болон түүний найз гэх эрэгтэй бид гурав архиа уугаад сууж байсан. Гаднаас орж ирсэн эрэгтэйг Э болон тухайн айлын эзэн нь таниад байсан. Нөгөө эрэгтэй юм ярихгүй байж байгаад гэнэт гэрт байсан архины шил аваад миний толгойны зүүн урд хэсэг рүү цохиод толгой хагалсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 17-18 дахь тал/

 

Гэрч А.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б, Э бид гурав архи хувааж уусан. Удалгүй Б болон Э хоёр цэргийн амьдрал ярьж байгаад муудалцсан. Ингээд Б нь архины шилээр Э-ы толгойн хэсэгт нэг удаа цохиод толгойг нь хагалчихсан.” гэх мэдүүлэг,

/хавтас хэргийн 21-22 дахь тал/

 

Гэрч Р.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э ийн найз гэх залуу цэрэгт байснаа ярьж байснаа маргалдаад Бнь архины шилээр Э-ийн найзын толгой руу нь цохиод толгойг нь хагалчихсан. Э-ийн найзын толгойноос цус гараад байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 24-25 дахь тал/

 

С.Б-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...би ууж байсан архины шилийг аваад Э-ы толгой хэсэг рүү нь нэг удаа цохиход толгой нь хагарчихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 59-60 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 613 дугаар: “1. Л.Э-ы биед зулайд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 28-29 дэх тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 4-5 дахь тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        

           Шүүгдэгч С.Б-нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын ** дугаар гудамжны ** тоотод Л.Э-тай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар толгой руу нь архины шилээр цохиж, биед нь зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх,

           хохирогч Л.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр архиа Э-ийн найзынд орж уусан. Тэнд байхад Б орж ирсэн. Бид цэргийн тухай ярьж байгаад “Цэрэгт нэхий дээл өмсдөг, өмсдөггүй” гэж маргалдаж байсан. Гэнэт миний толгой руу тас хийсэн. Б миний толгойн зүүн талд архины шилээр цохьсон. Цус тогтохгүй байж байгаад Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавьж байж тогтсон. Би 2019 онд тархины цус харвалт болж байсан. Тэрнээс болж эмнэлэгт хэвтсэн.” гэх,

хохирогч Л.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн “...Нөгөө эрэгтэй юм ярихгүй байж байгаад гэнэт гэрт байсан архины шил аваад миний толгойны зүүн урд хэсэг рүү цохиод толгой хагалсан. Ингээд толгойноос цус гоожоод тогтохгүй байсан ба Э намайг таксигаар гэрт хүргэж өгсөн. Тэгээд гэрээсээ яаралтай түргэн тусламж дуудаад Гэмтэл согог судлалын үндэсний төд ороод би толгойндоо 4-5 оёдол хийлгээд гэртээ харьсан.” гэх /хх-ийн 17-18/,

гэрч А.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгтэл гаднаас манай танил Борж ирсэн. Б орж ирэхдээ 0.5 литрийн Хараа нэртэй задалчихсан архи барьж орж ирээд Б, Э бид гурав хувааж уусан. Шаарийбуу нь Б-ы авч орж ирсэн архинаас уугаагүй. Удалгүй Б болон Э хоёр цэргийн амьдрал ярьж байгаад муудалцсан. Ингээд Бнь архины шилээр Эгийн толгойн хэсэгт нэг удаа цохиод толгойг нь хагалчихсан. Эгийн толгойноос цус гараад би Бд чи яаж байгаа юм бэ гэтэл Бюм дуугарахгүй байсан. Ингээд такси дуудаад Эг гэрт нь хүргэж өгсөн.” гэх /хх-ийн 21-22/,

гэрч Р.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Б буюу Борж ирээд Э болон Э-ийн найзтай хамт архи уусан. Би бие өвдөөд орон дээрээ хэвтсэн ба Эийн найз гэх залуу Б-тай цэрэгт байснаа ярьж байснаа маргалдаад Б нь архины шилээр Э-ийн найзын толгой руу нь цохиод толгойг нь хагалчихсан. Э-ийн найзын толгойноос цус гараад байсан. Б Э-ийн найзын толгойны цусыг угааж өгчихөөд гурвуулаа гараад явсан.” гэх /хх-ийн 24-25/,

С.Б-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...би ууж байсан архины шилийг аваад Э-ы толгой хэсэг рүү нь нэг удаа цохиход толгой нь хагарчихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэртэй маргах зүйл байхгүй.” гэх /хх-ийн 59-60/ мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 613 дугаар “Л.Э-ы биед зулайд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,        

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 4-5/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Б-нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Э д гэм хорын хохиролд 700.000 төгрөгийг төлсөн, шүүх хуралдаанд хохирогч Л.Э “Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохиролд 700.000 төгрөгийг авсан.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг С.Б хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-ийн 71/ тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч С.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар С.Б нь өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл *, хүүгийн хамт амьдардаг бөгөөд түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, С.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт С.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОДОНТУУЛ