Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/789

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2022         06           20                                        2022/ШЦТ/789

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Т.Мижиддорж,        

Шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Өт холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын 5 дугаар баг Буйлан гэх газар оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуут *** тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн, Ж  овогт М-ын Ө /РД:*****/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 556 байрны гадна иргэн Л.Ц-ыг хувийн таарамжгүй харилцаанаас улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч М.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 556 байрны гадна иргэн Л.Ц-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-57-р хуудас/,  

               - хохирогч Л.Ц-ы...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирж байхдаа зодуулсан...30-35 орчим насны эрэгтэй нь хажуу талаас нүүр болон бие рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Харин хажууд байсан өндөр залуу боль гээд салгах гэж оролдсон. Хэсэг хугацаанд маргалдаж зууралдаж байгаад барьцалдаж авсан. Тэр үед 30-35 насны эрэгтэй нь ахин намайг заамдаж унагаан нүүр рүү цохих шиг болсон...Эдгээр гэмтлийг Ө нь буюу 30-35 орчим насны эрэгтэй хүн цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14, 16-17  дугаар тал/,

               - гэрч Г.Ж-ын “...Ө нь нэг үл таних 40-45 орчим насны эрэгтэй хүнтэй заамдалцсан байдалтай байхад нь би салгасан ба тэр үл таних эрэгтэй хүнтэй  Ө, С нар маргалдаж дайраад байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

               - шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг : 1.2. Л.Ц-ы биед зүүн чамархайн урд хэсэг, дагзны зүүн хэсэг, зүүн хөмсөгний гадна үзүүр, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, цээжний урд дээд хэсэг, баруун мөрний дээд хэсэг, баруун далны дээд хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсэг, цээжний ар баруун доод хэсэг, зүүн тал, зүүн бугуйн гадна хэсэг, 4,5-р хурууны үенд зулгаралт, цээжний баруун дээд хэсэг, суга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 49-50, 37 дахь тал/

               - шүүгдэгчийн мэдүүлэг...Хийсэн хэргээ зөвшөөрч байна, үйл явдлыг санахгүй байгаа учир нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг /хх-80/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-80, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.  

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

2.3. Тус хавтаст хэрэгт хяналт тавих хүрээнд зарим нотлох баримтын эх сурвалж байхад С гэх этгээдийн үйлдэлд холбогдох зарим зөрүү, зөрчил бүхий асуудлыг нэг мөр шалгаж тогтоолгүй орхигдуулсан байгааг тэмдэглэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.     

Иймд шүүгдэгч М.Ө-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

  1. Хохирол, хор уршиг :       

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 600.000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй болохоо илэрхийлсэн /хх-16, 165, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Тус шүүгдэгч 2020 онд эрүүгийн хариуцлага хүлээж, улмаар тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх /хх-84, 90-108/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 600.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, эхийн хамт амьдардаг,  түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан, /хх-80, 84, 110-115, 118-124, 133-134, 152-154, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.              

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч М.Ө-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-т оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг  4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-т оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.             

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий  төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР