Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/794

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022            06            22                                 2022/ШЦТ/794

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ат  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн *** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улаан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийн фермер ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н у овогт О-ын А, /РД:**/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б, Ц.О, С.Л нартай архидан согтуурч, улмаар мөн өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөшигийн ** тоот хашаанд хохирогч Д.Бтэй маргалдсан улмаас үснээс нь зулгааж газарт чулуун дээр унаган толгой тус газарт нь цохиж зодон түүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :   

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч О.А нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөшигийн ** тоот хашаанд хохирогч Д.Б-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь :    

- цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээлэл /хавтаст хэргийн 2, 5 дахь тал/, илтгэх хуудас /хавтаст хэргийн 2, 5 дахь тал/

- хохирогч Д.Бгийн:...2020.09.10-ны өдөр...Миний биед учирсан гэмтлийг А учруулсан...намайг цээжинд цохиход газарт толгойгоороо унасан, босч ирэхэд толгойноос цус гоожиж байсан.../хх-13-14/...Би хагалгаанд орсоны дараа, норкоз бүрэн гараагүй байхад мэдүүлэг өгсөн болохоор буруу, зөв ярьсан байна лээ...Сүүлд нь санаад байхад би тэр өдөр эгчийндээ очиж тоосго зөөж байхад А орж ирээд ганц нэг пиво уух уу гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр машинд нь 4-5 ширхэг том литрийн пиво хувааж ууж байгаад 16 цагийн орчимд үхэр саах цаг болчихсон болохоор А “хоёулаа манай үхрийг очиж саачихаад, дараа нь танай үхрийг саая” гэхээр нь А-ийн хашаанд очоод үхрийг нь сааж байхад саальчин О гэх эмэгтэй орж ирээд А “чамайг эхлээд хүргээд өгье, О үхэр сааж байг” гээд машинаараа намайг хүргэж өгөөд буцсан. Тэгээд би гэрээс хүү Ганбаатартай гарч, Ганбаатараар үхрийн тэжээл зөөлгөөд, би үхрээ саагаад сууж байхад А, О хоёр орж ирээд О үхэр сааж эхлээд А “би танай үхрийг саахгүй, албатай юм уу” гэж уурлаж байгаад гараад явчихсан. Удалгүй А гаднаас 2 ширхэг том литрийн пиво авч орж ирэхээр нь бид гурав хувааж уугаад сууж байхад манай хөрш айлын Л орж ирсэн. Тэгээд уугаад сууж байхад О манай үхрийг саагаад, дуусгаад явъя гэхэд А “хурдал, ямар удаан юм, саах албатай юм уу” гээд уурлаад байхаар нь миний дургүй хүрээд “чи ганцаараа яв” гэхэд миний үснээс зулгаахаар нь би бас үснээс нь бариад авсан. Тэгээд үсдэлцсэн чигээрээ хаалга руу очоод хаалган дээр ирээд, би үснээс нь гараа тавиад цээж рүү нь түлхэхэд А үснээс зулгаасан чигээрээ над руу урдаас дайраад би хойшоо савж унаснаа санаж байна. Тэгээд нүдээ нээхэд А дээр гарчихсан толгой руу цохиж байсан. Тэрнээс хойш ухаангүй болоод гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би савж унасныхаа дараа нүдээ нээхэд А дээрээс толгой руу цохиж байхад нь “яа яа” гэж ганц орилсон...Тэгэхэд манай хүү 3 мөтрийн зайтай ойрхон зогсож байсан...Дээрээс миний толгой руу хэдэн удаа цохисныг санахгүй байна гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 111, 210-р тал/,   

- шинжээчийн дүгнэлт: Д.Бгийн биед эрүүл мэндэд зүүн зулай, чамархай яс, суурь яс, эрүүний ясны үе дайрсан хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн няцрал, толгойн хуйхны шарх, хоёр зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зулай, духны хоёр хажуу, зүүн чамархай, шанааны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

- шинжээчийн мэдүүлэг : Зүүн зулай, чамархай яс, суурь ясны хугарал, хугарал, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн няцрал, толгойн хуйхны шарх, зүүн чамархай шанааны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба унах үед биш, зүүн зулай чамархай хэсэгт цохих үед үүсэх боломжтой. Учир нь унах үед тухайн хэсэгт няцрал үүсэхээс илүүтэй тархины няцрал нь суурийн хэсэгт үүсдэг, тухайн хэсэг газар цохих, цохигдох үед хүч үйлчилсэн тэр газраа хуйхны зөөлөн эдийн няцрал болон няцарсан шарх, мөн харалдаа тархины эдэд няцрал үүсдэг. Эдгээрээс харахад дээрх гэмтлүүд нь цохих цохигдох үед үүссэн байх боломжтой, уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, дүгнэлтэд дурдагдсан бусад гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд бүгд унах үед үүсэх боломжгүй гэмтлүүд байна, дээрх гэмтлүүд нь үснээс зулгаах үед үүсэх боломжгүй, хурц ир үзүүртэй зүйлээс бусад зүйлийг ерөнхийд нь мохоо зүйл гэж үзнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

- гэмтэл согог судлалын өвчний 28150 дугаартай нээсэн өвчний түүх /хавтаст хэргийн 60-69 дэх тал/,    

- насанд хүрээгүй гэрч Г.Г-ын...“Алтай эгч нь ээжийн үснээс зулгаагаад авсан...Ээж Алтай эгч хоёр үснээсээ зулгаацалдаад хэсэг байж байгаад ээж одоо больё гээд тавья гээд гараас тавьсан, Алтай эгч үснээс нь зулгаагаад тавихгүй байснаас үснээс нь зулгааж хойш нь дараад газарт давхарлаж унасан, ээж доор нь Алтай эгч дээр нь унасан. Ээж “яая” гээд орилсон, би очоод харсан чинь ээжийн толгойноос цус гарсан байсан, би яаж байгаа юм бэ гэсэн чинь яадаг юм танай ээж чинь хачин гөлөг ш дээ, би яахаараа танай үхрийг саалцдаг юм гэсэн, тэгэхэд ээж доошоо хараад хэвтээд байсан, Алтай эгч хохь чинь “п” минь гэж хэлчихээд хүүхдээ дагуулаад машинаа унаад яваад өгсөн...Ээжийг үснээс нь зулгааж барьж байгаад хойш нь түлхээд биеийн ар хэсгээр нь унагаасан, тэгээд дээрээс нь 2 удаа цохисон, ээжийн унасан газар маргааш нь нил цус болсон байсан бөгөөд ээж хашаанд байсан том чулуун дээрээ унасан байсан, тэр чулуу бас цус болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-95 дахь тал, 213-214/,  

- гэрч Ц.О-ын...Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд мал, малладаг танил дүү болох О.Аийн гэрт ганцаар очсон юм. Тэгэхэд О.А ганцаараа согтуу, хүүгээ үхэртээ явуулчихлаа гээд байж байсан. Удалгүй үхрүүд ирсэн, араас нь Охиноо ганцаараа согтуу орж ирээд О.Атэй шивнэж яриад байсан. Тэгээд буцаж гарч яваад орж ирэхдээ миний зүс таних залууг дагуулчихсан, 2.5 литрийн том пиво барьчихсан орж ирээд, үхрүүдээ саангаа пиво хувааж уусан, миний хувьд пивоноос уугаагүй. О.А бид хоёр үхрүүдээ сааж дуусахад Охиноо нь О.А бид хоёрыг "манай үхрээс саагаад өгөөч” гэж гуйхаар нь О.А, Охиноо би, мөн зүс таних залуу бид дөрөв Охиноогийн гэрт очсон юм. Би эхний үхрээ саах гэж байхад О.А миний хажууд сууж байсан. Гэтэл Охиноо нь О.Ат хандаж "чи үхэр саахгүй байна” гээд уурлаад байсан. О.А өөдөөс нь "танай үхрийг саах гээд байж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр хэрэлдээд нэг харахад бие, биеийнхээ үснээс зуурчихсан байсан. Би, зүс таних залуу бид хоёр салгасан. О.А хүүгийн хамт хашааны хаалганы тийшээ явах шиг болсон. Гэтэл Охиноо газарт уначихлаа гээд нэг эрэгтэй хүүхэд орилсон, яг хэнийх нь хүүхэд орилсныг мэдэхгүй. Гадаа хав харанхуй болчихсон байсан болохоор би очоод асаагуурын гэрэл тусгаад харахад толгой нь хагарчихсан цус гоожиж байсан. Би юу болсон талаар асуухад Охиноогийн хүү "ээж энэ чулуун дээр уначихсан” гэж хэлсэн. Би асаагуурын гэрэл тусгаад газар руу харахад ургаа цайвар чулуу харагдсан. Чулуу цус болчихсон байсан. Би тэгээд үхрийг нь сааж байгаад нэг харахад Охиноо газарт уначихсан хурхираад унтаж байсан. Гадаа бороо орох гэж байсан болохоор өргөөд оруулах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тухайн үед зүс таних залуу байсан. Би хүүг нь гудас аваад ир, гудсан дээр хэвтүүлээд чирье гэж хэлсэн. Гудсан дээр тавиад чирэх гэсэн боловч дийлдэхгүй болохоор нь үхрийн пүнзэнд оруулаад, хүүг нь "хөнжил аваад ир” гэж хэлээд хөнжил авчруулж байтал гаднаас нөхөр нь орж ирсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал, хх-211-212/,  

- гэрч С.Лгийн...Тухайн үед Д.Бгийн үхрийг Ц.О бид нар сааж байхад О.А гэнэт "би саахгүй" гэж уурлаад хашаагаар гарах гээд алхаж байхад Д.Б хойноос нь очиж "би танай үхрийг саагаа биз дээ" гэж хэрэлдсэн. Тэгэхэд Ц.О бид хоёр хашааны хойд талд үхрийн саравчинд дээр үхэр сааж байсан...Тэгэхэд гадаа орой харанхуй болсон байсан учир холоос харагдахааргүй байсан. Хамгийн дэргэд байсан хүн гэвэл Д.Бгийн хүү Г.Г  л байсан. Би хашааны хойд талд үхэр саагаад тэр хоёр хашааны дотор  тал үүдэнд муудалцсан гэсэн үг. Тэгэхэд гэнэт хүн орилохоор нь би босоод яваад очих үед О.А хашаагаар гараад явж байсан. Д.Б явган суучихсан толгойноос нь цус гарчихсан байсан. Г.Г  "ээжийг Алтаа эгч унагаагаад, цохичихлоо" гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129, 24 дэх тал, 212-215/,    

- гэрч Б.Г-ийн...2020 оны 9 дүгээр сарын 10-ны орой 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд гэртээ очиход манай эхнэр Д.Б малын саравч дотор их хэмжээний цус алдсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би өргөж гэртээ оруулахад манайд тэнд байдаг О.А манай эхнэр хоёр хамт архи уугаад маргалдсан гэж байсан. Толгой орой хэсэгт 2 см орчим хагарсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал, 214/,

- гэрч Б.А-ын...Би юу болсон юм гэж асуухад Г.Г  “ээж, Алтаа эгч хоёр зодолдоод, ээжийн толгой хагарсан” гэж хэлсэн. Би “ээж чинь хаана байна” гэсэн чинь “малын саравчинд байгаа” гэж хэлсэн. Тэгээд малын саравч руу ороход Охиноогийн толгой хагарсан, хөнжил гудсанд ороогоод тавьсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-90 дэх  тал/,  

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, бэхжүүлсэн байдал /хх-99-100/,  

- хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-101-103/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :        

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.       

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.     

Тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар : хохирогчид учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болон бусад олон тооны гэмтэл, шархууд учирсан, тухайн амь насанд аюултай хүнд гэмтэл нь цохих, цохигдох хүчний үйлчлэлийн улмаас үүссэн харин унах үед үүсэхгүй, мөн хүнд гэмтлээс бусад гэмтэл, шархууд нь тус бүр нэг нэг удаагийн буюу олон тооны үйлчлэлээр үүссэн болох нь тогтоогдсон байх тул тус шүүгдэгчийн гэм буруутай гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хоорондын шалтгаант холбооны талаар эргэлзээ, маргаан бүхий асуудал тогтоогдоогүй болно.       

2.3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа дахин хийлгэх үндэслэлгүй гэж үзнэ.  

2.4. Тус хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон байх тул шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болохоо зөвшөөрөөгүй байх нь түүнд хуулиар олгогдсон эрхэд хамаарах асуудал болно.

2.5. Хохирогч, шүүгдэгч нар тухайн үед хамтдаа согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байгааг  үгүйсгэхгүй боловч тийнхүү согтуурсан байсан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг зөвтгөн цагаатгах үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч О.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :    

  

Хохирогч Д.Б гэмт хэргийн улмаас 4.800.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч тус хохирлыг нотлох хууль ёсны ба үндэслэл бүхий баримтгүй /хх-45, 111, 115-117, 174, 186/ байх тул тус шүүх хуралдаанаас бүрэн хангах үндэслэлгүй байна.  

Харин хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтын хүрээнд : хохирогчийн эм тариа, үзлэг оношилгоо, эмчилгээнд зарцуулсан 59600 төгрөг /хх-116/+138350 төгрөг /хх-117/+135900 төгрөг /хх-174/+190961 төгрөг /хх-175/+675.000 төгрөг /хх-176/ нийт 1.199.811 төгрөгийг хангах үндэслэлтэй, үүнээс шүүгдэгч өмнө нь эм тариа, эмчилгээнд 552.650 төгрөгийн зардлыг гаргасан /хх-214/, хохирогчид 1.020.000 төгрөг бэлэн төлсөн /хх-207/ байх тул хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.                 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан нотлох баримт бүхий хохирлыг төлж барагдуулсан, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-36-45, 83, 126, 187-203, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.   

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.                

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Харин шүүгдэгчийн 2020.09.11-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан тус гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасах үндэслэлд хамаарч байгаа, шүүгдэгчид ял оногдуулсан тус шүүхийн шийдвэр сонсгосноор хүчинтэй төдийгүй Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамааруулах нь нэгэнт зайлшгүй тул өршөөн хасах асуудлыг тус тогтоолоор нэг мөр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго, хэрэгжилтэд нийцнэ гэж үзэв.            

 

  1. Бусад асуудал  

 

Тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

           

1. Шүүгдэгч О.А-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар : Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийн биечлэн эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

6. Тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.    

7. Шүүгдэгч О.А-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.06.22-ны өдрөөс эхлэн тооцсугай.   

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР