Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/805

 

 

 

 

 

 

 

 

  2022             06            23                                2022/ШЦТ/805                                                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

Улсын яллагч Т.Мижиддорж, 

Шүүгдэгч Б.Б, С.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, С.О нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-ний өдөр Завхан аймгийн Их уул суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа лангуу түрээслүүлэн ажиллуулдаг, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын *** тоотод оршин суух, А овогт С-ийн О, /рд:****/,  

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын *** тоотод оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, З овогт Б-ийн Б, /рд:**/.   

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч С.О нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт ** тоотод байх гэртээ хамтран амьдрагч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хутгаар гар болон хөл рүү нь хатгаж, нүүрэн тус газарт цохиж зодон түүний эрүүл мэндэд зүүн шуу, баруун гарын эрхий хуруу, долоовор хуруу баруун шилбэнд шарх, баруун шуу, баруун гарын сарвуу баруун нүдний зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун нүдний зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт ** тоотод байх гэртээ хамтран амьдрагч С.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь зулай, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, баруун шанаа, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, бугалга, баруун зүүн дал, хэвлий, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.  

                       

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Б 2022 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт *** тоотод байх гэртээ хамтран амьдрагч С.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,   

Шүүгдэгч С.О 2022 оны 04 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт *** тоотод байх гэртээ хамтран амьдрагч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хутгаар хатгах болон бусад байдлаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

- иргэн Б.Б-ын цагдаагийн байгууллагад 2022 оны 04 дугаар сарын 22-ны өдөр гаргасан "эхнэр, нөхөр хоёр нэг нэгнийгээ хутгалсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1 дэх тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-4 дэх тал/,

- хохирогч С.Оийн...Би хамтран амьдрагч Б.Бтай 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа, нэг хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаа байхгүй юм. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтад байх гэртээ Бгийн хамт байж байхад найз Л, найз хүүхэн Б нар ирж, бид 4 нийлээд 8 ширхэг 2,4 литрийн пиво хувааж уугаад сууж байтал Л, Б нар хоорондоо маргалдаад байхаар нь би боль гэсэн боловч хэрэлдээд байсан. Тэгээд удалгүй Л Бын үснээс зулгаахаар нь болиулаад Лийг гэрээс гаргаад хаалгаа түгжсэн...Тэгээд Б, Б бид гурав үлдсэн пиво уугаад сууж байтал Б хэвтчихээд хараалын үг хэлээд Быг танай найз залуу хамаг юм хагалчихлаа энэ хүүхнийг бас хөөхгүй яасан юм гээд орилоод байхаар нь би эрэгтэйчүүд та нар яагаад ийм байдаг байна гэж хэлсэн, намайг орон дээр хэвтэж байхад Б нь миний толгой хэсэг рүү өшиглөж зодоод байсан ба Б үүд рүү гараад явчихаар нь би гарах гэтэл гаргахгүй байхаар нь гал тогооны шүүгээн дээр байсан шаргал иштэй хутгыг аваад нуугаад орон дээр сууж байтал Б ирээд намайг дахиад зодох гээд байхаар нь хутга бариад баруун шилбэ, зүүн гар хоёр руу нь хутгаараа хатгачихсан юм. Тэгээд Б надаас хутга авах гээд бид хоёр хэсэг ноцолдсон...Би дээд талын айл руугаа зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-13-15  дахь тал/,

               - хохирогч Б.Б-гийн...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтад байх гэртээ О-ийн хамт байж байхад найз Л, түүний найз хүүхэн Б нар ирсэн. Тэгээд бид 4 нийлээд 8 ширхэг 2.4 литрийн пиво хувааж уугаад сууж байтал Л, Б нар хоорондоо маргалдаж байгаад удалгүй Л Бын үснээс нь зулгаахаар нь О бид хоёр болиулаад Лийг гэрээс гаргаад хаалгаа түгжчихсэн...Л цонх хагалчихаар нь би От найзууд чинь цонх хагалчихлаа амьдрах гэж ядаж байхад гэж хэлтэл О би хагалсан юм  уу гээд хэрэлдээд байхлаар нь би бухимдсан уурандаа Оийн толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөж нүүр нүд лүү нь хэд хэдэн удаа цохиод эргэж хараад,  буцаад очтол О шүүгээн дээр байсан хутга аваад над руу дайрахаар нь би хутгыг нь авах гээд булаацалдахад миний гар, хөл хэсэг рүү хутгаараа дүрчихсэн,   булаацалдаж байхдаа гараа зүсчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,

               - гэрч Б.Бын...тухайн үед үүрийн 06 цагт эхнэр О нь татаж чангаагаад сэрээгээд байсан, нөхөр нь нойроо харамлаад, Оийн орон дээр хэд хэдэн удаа толгой руу нь гараараа цохиод хоорондоо маргалдсан...Удалгүй нөхөр нь гаднаас орж ирээд зодолдох гээд байхад О би чамайг дүрнэ шүү гээд хутгаараа чичлээд байсан бөгөөд гар хөлийг нь хэд хэдэн зүсчихсэн гэх мэдүүлэг /хх-ийн 32 дахь тал/,

                - шинжээчийн дүгнэлт : С.Оийн биед зулай, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, баруун шанаа, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, бугалга, баруун зүүн дал, хэвлий, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-34-35-р хуудас/,

                - шинжээчийн дүгнэлт: “1.2.6. Б.Бгийн биед зүүн шуу, баруун гарын эрхий хуруу, долоовор хуруу, баруун шилбэнд шарх, баруун шуу, баруун гарын сарвуу, баруун нүдний зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун нүдний зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 6.Дээрх "зүүн шуу, баруун гарын эрхий хуруу, долоовор хуруу, баруун шилбэ, баруун нүдний зовхины шарх, баруун шуу, сарвуу, баруун нүдний зовхины цус хуралт" гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, бусад "дух, зүүн хацрын зулгаралт" гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 7.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 39-40 дэх тал/

                - шүүгдэгч С.Оийн...хийсэн хэргээ зөвшөөрч байгаа тухай мэдүүлэг /хх-63/,   

                - шүүгдэгч Б.Бгийн...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн тухай  мэдүүлэг /хх-55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  1. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нар мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба тэдний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-55, 63, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд тэднээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгч тус бүрийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч тус бүрийн эрүүл мэндэд учруулсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тус тус тогтоогджээ.       

Тодруулбал, шүүгдэгч Б.Бгийн гэмт санаатай үйлдэл ба хохирогч С.Оийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, шүүгдэгч С.Оийн гэмт санаатай үйлдэл ба хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тус тус тогтоогдсон, шүүгдэгч  Б.Б анхлан хууль бус, зүй бус үйлдэл хийсэн, С.О нь тийнхүү зодуулсныхаа дараа гэмт санаатай үйлдэл хийсэн байх тул тухайн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ.   

2.3. Б.Б, С.О нар 2019 оноос хойш хамт амьдарсан, 1 хүүхэдтэй, гэр бүл байх ба тус гэмт хэрэг үйлдэгдэхэд Б.Б нь анх маргаан үүсгэж улмаар С.Оийг зодож гэмтэл учруулсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Бг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.      

Харин С.О нь Б.Бгийн хууль бус, зүй бус үйлдэлд дургүйцэн уурласны улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.  

2.4. Шүүгдэгч Б.Б, С.О нар тухайн үед найз нөхдийн хамт  согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байгааг үгүйсгэхгүй боловч тийнхүү согтуурсан байсан нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг зөвтгөн цагаатгах үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.    

Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

  1. Хохирол, хор уршиг :         

Хохирогч нар тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримтгүй, гомдолгүй болохоо илэрхийлсэн /хх-15, 21, 101-102, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:  

 

Шүүгдэгч Б.Б урьд нь 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /х- 66-72/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч Б.Б, С.О нар тухайн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхэдтэй, тус бүр хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон тэдний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-55, 63, 66, 74, 76-79, 83, 85, 88-92, 94, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Шүүгдэгч С.О хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.                 

 

  1. Бусад асуудал

 

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж,  битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч С.От холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Б.Б нарт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Б.Б нарт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.             

6. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий  төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай. 

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.О, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

   

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР