| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2018/00137/и |
| Дугаар | 03019 |
| Огноо | 2018-10-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 03019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, дугаар баг, дугаар хороолол, Баян худалдааны төв, тоотод байрлах “М” ХХК /РД: /,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, дугаар баг, Согоот дугаар хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Засагууд овогт О-ын Б /РД: ЕТ/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, АОС дугаар байр, тоотод оршин суух, Барга овогт Б-ын Э /РД: ЦД/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, АОС дугаар байр, тоотод оршин суух, Төвд овогт Г-ын Б /РД: ФЖ/,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, дугаар баг, Уурхайчин дугаар хороолол, дүгээр байр, тоотод оршин суух, Мандал овогт Б-ын М /РД: ДЮ/ нарт холбогдох,
11 682 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Энхсаруул, хариуцагч Б.Эрдэнэбат, Г.Бямбацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбат нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 6 002 000 төгрөг зээлсэн. Үүний 1 500 000 төгрөгийг Б.Эрдэнэбатын хүсэлтээр Б.Мөнхжаргалд шилжүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Б.Эрдэнэбат нь мөнгө хэрэг болоод байна гэхээр нь О.Баясгалан нь түүний дансаар өгдөг байсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт Б.Эрдэнэбатаас 4 502 000 төгрөг, Б.Мөнхжаргалаас 1 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Мидхост” ХХК-ийн төлөөлөгч О.Баясгалан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Баясгалан нь “Мидхост” ХХК-ийн захирал бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Эрдэнэбат, Г.Бямбацэрэн нартай хамтарч байгуулсан. О.Баясгалан нь “Мидхост” ХХК-ийн 40 хувийн, Б.Эрдэнэбат 30 хувийн, Г.Бямбацэрэн 30 хувийн хувьцаа эзэмшдэг. Гэтэл Б.Эрдэнэбат нь компанийн өмнөөс Баян худалдааны төвийн түрээсийн гэрээг дур мэдэн сунгаснаас болж 1 400 000 төгрөгийг түрээсэнд төлсөн. Иймд гэрээг зөвшөөрөлгүй сунгаснаас болж төлсөн төлбөр 1 400 000 төгрөгийг Б.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү. Түүнчлэн, Б.Эрдэнэбат, Г.Бямбацэрэн нар Баян худалдааны төвд байрлах “Мидхост” ХХК-ийн өмч болох 2 ширхэг компьютерийг дур мэдэн авч яваад өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байна. Иймд 2 ширхэг компьютерийн нийт үнэ 4 280 000 төгрөгийг Б.Эрдэнэбат, Г.Бямбацэрэн нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Баясгалангаас ямар ч мөнгө зээлээгүй, аваагүй. Уг дансаар шилжүүлсэн гэх мөнгө нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгө тул надаас 4 502 000 төгрөг гаргуулах шаарлагыг зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээний тухайд тухайн үед түрээсийн талаар түрээслүүлэгчтэй маргаан үүссэн тул дотор нь байгаа зүйлийг хөдөлгөхгүйгээр түрээслүүлэгчийг байлцуулан бүртгэж, лацдаад түрээсийн гэрээний маргаан дуустал гэрээг сунгасан. Уг сунгасан хугацааны төлбөрийн 50 хувийг би төлсөн. “Мидхост” ХХК нь одоо ч гэсэн тус гэрээний дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж, түрээсэлж байгаа тул түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. 2 ширхэг компьютерийн нийт үнэ 4 280 000 төгрөгийн тухайд бидний зүгээс О.Баясгаланг “Мидхост” ХХК-ийн баримт бичгийг аваад явсан, бидэнд үзүүл гэхэд тэрээр үзүүлэхгүй, дур мэдэн авч явсан тул бид дээрх 2 ширхэг компьютерийг авч явсан. Хэрэв О.Баясгалан нь бидний тависан шаардлагыг биелүүлбэл 2 ширхэг компьютерийг буцаан өгөхөд бэлэн гэжээ.
Хариуцагч Б.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь О.Баясгалангаас ямар ч 1 500 000 төгрөг аваагүй. Тэр хүний сайн танихгүй. Ямар учраас надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Г.Бямбацэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 ширхэг компьютерийн нийт үнэ 4 280 000 төгрөгийн тухайд бид түүний авсан нь үнэн. Яагаад авсан гэхээр тэрээр компанийн баримт бичгийг аваад явсан. Бид ч гэсэн энэ компанийн хувьцаа эзэмшигч тул эд хөрөнгийг хувьцааны хувиар эзэмших эрхтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Баясгалан нь хариуцагч Б.Эрдэнэбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 502 000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Мөнхжаргалд холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “Мидхост” ХХК нь хариуцагч Б.Эрдэнэбат болон хариуцагч Г.Бямбацэрэн нарт холбогдуулан 2 ширхэг компьютерийн үнэ 4 280 000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Эрдэнэбатад холбогдуулан түрээсийн төлбөрт төлсөн 1 400 000 төгрөг гаргуулан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Хариуцагч Б.Эрдэнэбатаас зээлийн гэрээний үүрэгт 4 502 000 төгрөг гаргуулах О.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч О.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээг аман хэлбэрээр Б.Эрдэнэбаттай байгуулж, 4 502 000 төгрөгийг дансаар хэсэгчлэн зээлүүлсэн” гэж тодорхойлсон ба хариуцагч Б.Эрдэнэбат нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...зээлийн гэрээ байгуулаагүй, тухайн мөнгө нь компанийн үйл ажиллагаатай холбоотой” гэж үгүйсгэн маргажээ.
Худалдаа хөгжлийн банк дахь Б.Эрдэнэбатын эзэмшлийн 426002276 дугаартай төгрөгийн дансанд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 502 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Баясгалангаас шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 7-407/2087 дугаар албан бичиг болон дансны хуулгаар нотлогдож байна /хх-47-48 дугаар тал/. Талууд дээрх хэмжээний мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан талаар маргаагүй.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болох бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ зээлийн гэрээг амаар байгуулсан гэх боловч үүнийгээ баримтаар нотолж чадахгүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь дээрх мөнгийг зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 4 502 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь түүнийг хүлээн авсан үйл баримтаас үзвэл хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, талуудын хооронд үүссэн үүргийн үндсэн дээр 4 502 000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байхаас гадна Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 225 дугаар шийдвэр нь дээрх үйл баримттай холбоотой гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзалаа баримтаар нотолж чадаагүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Баясгалан нь хариуцагч Б.Эрдэнэбатаас 4 502 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
2. Хариуцагч Б.Мөнхжаргалаас зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах О.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч О.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...1 500 000 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэбатын даалгаврын дагуу Б.Мөнхжаргалд шилжүүлсэн” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.Мөнхжаргал нь шаардлагын үндэслэлийг “...О.Баясгалангаас 1 500 000 төгрөг аваагүй” гэж үгүйсгэн маргажээ.
Хаан банк дахь нэхэмжлэгч О.Баясгалангийн эзэмшдэг 5127066870 дугаартай төгрөгийн данснаас 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 5094388519 дугаар данс руу “Erdenebataas” гэх гүйлгээний утгатай, 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг баримтыг шаардлагын үндэслэлээ болгожээ. Гэвч Хаан банк дахь 5094388519 дугаар дансыг хариуцагч Б.Мөнхжаргал эзэмшдэг эсэх нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгч энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн нь, мөн хариуцагч уг мөнгийг хүлээн авсан нь баримтаар тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлоогүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нь 1 500 000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхжаргалаас шаардах эрхгүй.
3. Хариуцагч Б.Эрдэнэбат, Г.Бямбацэрэн нараас 2 ширхэг компьютерийн үнэ 4 280 000 төгрөг гаргуулах “Мидхост” ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч “Мидхост” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Эрдэнэбат, Г.Бямбацэрэн нар нь “Мидхост” ХХК-ийн өмч болох 2 ширхэг компьютерийг дур мэдэн авч яваад өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй тул үнийг гаргуулах” гэх тодорхойлсон бөгөөд хариуцагч нь шаардлагын үндэслэлийг “...2 ширхэг компьютерийг бид авч явсан нь үнэн. Учир нь, О.Баясгалан компанийн баримт бичгийг бидэнд өгөхгүй аваад явсан” гэж үгүйсгэн маргажээ.
Нэхэмжлэгч “Мидхост” ХХК-ийн дүрэмд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр О.Баясгалан 40 хувийн хувьцаа эзэмшигчээр, Б.Эрдэнэбат 30 хувийн хувьцаа эзэмшигчээр, Г.Бямбацэрэн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр, гүйцэтгэх удирдлагыг О.Баясгалан хэрэгжүүлэхээр улсын бүртгэлд бүртгэсэн байна. Түүнчлэн, О.Баясгалан нь “Мидхост” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах буюу компанийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч “Мидхост” ХХК-ийн хөрөнгийн жагсаалтад 1 500 000 төгрөг үнэтэй Zalman Processor 1 ширхэг, 2 500 000 төгрөгийн үнэтэй iPro computer 1 ширхэг, 280 000 төгрөгийн үнэтэй Great wall Desktop 1 ширхэг тус тус бүртгэлтэй байна. Дээрх эд хөрөнгийг хариуцагч Б.Эрдэнэбат, Г.Бямбацэрэн нар нь хураан авч, нэхэмжлэгчид буцаан өгөөгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна талууд уг үйл баримтын талаар маргаагүй.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ. Харин мөн зүйлийн 9.2-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй. Иймд хариуцагч нар нь гүйцэтгэх удирдлага О.Баясгаланг компанийн баримт бичгийг хариуцагч буюу бусад хувьцаа эзэмшигч нарт хүлээлгэн өгөөгүйн төлөө компанийн эд хөрөнгийг компанийн шийдвэргүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэх эрхгүй тул хариуцагч нарыг тэр хэмжээгээр буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар компанийн эд хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардаагүй, харин үнийг гаргуулахаар шаардсан нь мөн хуулийн 493.2 дахь заалттай нийцсэн байх тул хариуцагч нар нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар дээрх эд хөрөнгийн үнэ нийт 4 280 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
4. Хариуцагч Б.Эрдэнэбатад холбогдох 1 400 000 төгрөг гаргуулах “Мидхост” ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч “Мидхост” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...түрээсийн гэрээ дууссан байхад Б.Эрдэнэбат нь дур мэдэн сунгаснаас түрээсийн төлбөрт төлсөн 1 400 000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон ба хариуцагч нь дээрх шаардлагыг “...уг төлбөрийн 50 хувийг миний бие төлсөн, компанийн эд зүйлийг алга болгохгүйн тулд гэрээг сунгасан” гэж үгүйсгэн маргажээ.
Хариуцагч Б.Эрдэнэбат нь “Мидхост” ХХК болон “Эмэнора” ХХК-ийн хооронд цуцлагдсан гэх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 183 дугаартай түрээсийн гэрээг үргэлжлүүлэн түрээслэхээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, үүний улмаас нэхэмжлэгч “Мидхост” ХХК нь түрээсийн төлбөрт “Эмэнора” ХХК-д нийт 1 400 000 төгрөг төлсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон түрээсийн гэрээ, “Эмэнора” ХХК-ийн албан бичгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй. Үүнээс үзвэл хариуцагч Б.Эрдэнэбатыг “Мидхост” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй атлаа бусадтай гэрээ байгуулсаныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...уг гэрээний дагуу түрээсийн гэрээ үргэлжилж байгаа” гэх тайлбар болон нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 1 400 000 төгрөг төлсөн үйл баримтаас үзвэл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар нэхэмжлэгчийг уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар түрээсийн төлбөрт төлсөн 1 400 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Эрдэнэбатаас 4 502 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Баясгаланд, хариуцагч Б.Эрдэнэбат, Г.Бямбацэрэн нараас 4 280 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мидхост” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Б.Мөнхжаргалаас 1 500 000 төгрөг гаргуулах тухай О.Баясгалангийн нэхэмжлэлийг, хариуцагч Б.Эрдэнэбатаас 1 400 000 төгрөг гаргуулах тухай “Мидхост” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Б.Мөнхжаргал нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас 4 502 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож, хариуцагч Б.М-д холбогдох 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Э, Г.Б нараас нийт 4 280 000 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож, хариуцагч Б.Э-д холбогдох 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас 86 982 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Баясгаланд, хариуцагч Б.Э, Г.Б нараас 83 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН