| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2018/03162/и |
| Дугаар | 184/ШШ2018/02480 |
| Огноо | 2018-10-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2018/02480
| 2018 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 184/ШШ2018/02480 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, -р хороо, -р хэсэг, ар зайсан гудамж, байр, тоот хаягт оршин суух овогт Б.Г -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатао хот, Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, орбитын гудамж, тоот хаягт оршин суух Боржигон овогт У.Д-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 276 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагч У.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Г хариуцагч У.Д нар нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр үндсэн зээл 10.000.000 төгрөг, 2 сарын хүү 1.600.000 төгрөг, нийт 11.600.000 төгрөг төлөхөөс хариуцагч У.Д 9.048.000 төгрөг төлж одоо үндсэн зээл 2.552.000 төгрөг, алданги 1.276.000 төгрөг, нийт 3.828.000 төгрөг төлөхөөс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2.552.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр буюу зээлийн алданги 1.276.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Зээлийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч У.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрэлмаатай 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийг бид өдрийн 232.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 2 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 9.048.000 төгрөг төлсөн үлдэгдэл 1.795.028 төгрөгийн хүү, 5 сар хугацаа хэтрүүлсэн алданги тооцоод 2018 оны 8 сарын 17-ны өдөр 2.552.000 төгрөгийг төлсөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч У.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн 1 276 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс 1,795 000 төгрөгийг 5 сар хугацаа хэтрүүлсэн тул гэрээний дагуу тооцож 2 550 000 төгрөг төлсөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт ирүүлсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд: Талуудын хооронд 2017 оны 12 сарын 26-нд 107 дугаартай, 2 сарын хугацаатай сарын 8%-ийн хүүтэй зээлийн гэрээ бичгээр байгуулж 10 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна.
Хариуцагч нь зээлж авсан үеэс эхлэн өдөр бүр 232 000 төгрөгөөр төлж 2018 оны 02 сарын 15-ны өдрийн байдлаар 9 048 000 төгрөгийг, 2018.08.17 нд 2 552 000 төгрөг нийт 11 600 000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар болон нэхэмжлэгч Б.Ггийн 5070324754 дугаар дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. / хх- 6,/
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 2 сарын хугацаатай 8%-ийн хүүтэй богино хугацаанд өндөр хүүтэй байгуулсан нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн зээлийн хугацаа дууссанаас хойш гэрээг сунгаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “ ... нотлох баримтыг шүүхэд эхээр нь ... боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан шаардлагыг хангаагүй учир дутагдалтай байна. /хх-4/
Гэвч хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлж байсан боловч зээлийн төлбөрөөс тодорхой хэсгийг буюу 1,795 000 төгрөгийг хугацаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч “зээлийн гэрээний 2.4-д”... эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцсон байна. Энэ байдал нь сайн дурын үндсэн дээр саналаа чөлөөтэй илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзлээ. Өөрөөр хэлбэл
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зааснаар гэрээний агуулгыг хүлээн зөвшөөрч төлбөрийг гүйцэтгэж байсан байна.
Харин талуудын хоорондох гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ биелүүлэхийг шаардсан талаар бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хугацаанд зээлдэгчийг дангаараа гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамж 0,5 %-иар тооцон гаргуулах боломжгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ зээлдэгчийн ашиг сонирхолд илтэд хохиролтой бол хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зааснаар /1,795 000х0,3х100=538 500/ төгрөгийг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Хаан банкны дансны хуулга /хх -10-35,43-75/ баримтууд хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тул зохих хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцуулав. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16 805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 д заасныг баримтлан хариуцагч У.Дгээс 538 500 /таван зуун гучин найман мянга таван зуун / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд үлдэх 737 500 /долоон зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35174 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Дгээс 16 805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ