Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/824

 

                            

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          06           28                                    2022/ШЦТ/824

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,  

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн М.Ат холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт :   

Монгол Улсын иргэн, **оны ** дүгээр сарын **-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа хүнсний ногоо жижиглэн борлуулдаг ажилтай гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 47 дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 21 дүгээр гудамжны 9 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт М  Алтанцэцэг, /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны *** тоотоос иргэн С.Оын эзэмшлийн Самсунг А-52 маркийн 2 ширхэг гар утас, 2 ширхэг цахим иргэний үнэмлэх, банкны виза карт, бензиний болон автобусны карт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 1.851.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч М.А 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны ** тоот иргэн С.Оын гэрээс эзэмшлийн Самсунг А-52 маркийн 2 ширхэг гар утас, 2 ширхэг цахим иргэний үнэмлэх, банкны виза карт, бензиний болон автобусны карт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, бусдад 1.851.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь :    

- хохирогч С.Оын:...Би нөхрийн хамт 2022 оны 05 дугаар сарын 02-ны 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлаас такси барихад саарал өнгийн марк, улсын дугаарыг нь мэдэхгүй, эмэгтэй жолоочтой тээврийн хэрэгсэлд суугаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны ** тоотын гадаа ирсэн. Тухайн үед тооцоогоо хийх гэхэд миний утасны цэнэг дууссан байсан тул “Би гэр рүүгээ орж утсаа цэнэглэнгээ тооцоог чинь хийе” гээд би гэр рүүгээ тэр эмэгтэй жолоочийг дагуулж орж ирсэн. Би гэртээ ороод хоймор зурагтын дээд талын тавиур дээр утсаа цэнэглэхэд манай нөхрийн утас миний утасны хажууд буюу зэргэлдээ байж байсан. Би утсаа цэнэглээд ширээний зүүн талд очиж цай хийж уугаад эргээд харахад тэр эмэгтэй гараад явчихсан. Тухайн үед утас цэнэглэх гээд зурагтын хажууд очиход тэр хүүхэн намайг дагаад гуталтайгаа манай гэрийн хоймор руу гарч ирэхэд “Хүүе ээ, гутлаа тайлаач” гэхэд тэр хүүхэн “Эгчээ гялс утсаа асаагаач ээ, тооцоогоо хийгээч” гээд зогсож байсан. Утас асаагүй байна, цай уугаадахъя гэж хэлээд ширээ рүү явсан. Тэр үед тэр хүүхэн хойморт үлдсэн. Цай аягалаад эргэтэл тэр хүүхэн гараад явчихсан байсан. Би араас нь “Тооцоогоо хийхгүй юм уу?” гэхэд тэр хүүхэн гараад явчихсан, машин нь хөдөлж байсан. Би яагаад тооцоогоо хийхгүй гараад явчих ваа гэж гайхаад үлдсэн. Эргэж гэртээ ороод цай уучихаад утсаа авах гэтэл зэрэгцээ байсан 2 утас байхгүй байсан. Би хашаанаас гараад ажил руугаа очиж утсаар ярья гэж бодоод гартал гудамжинд нэг охин таарахаар нь “Эгч рүүгээ залгаад өг” гэж гуйгаад 2 утас руугаа буюу 94914722, 99673904 руу залгуулахад дуудаад дуудлага хүлээн аваагүй...Манай охин Б хичээлээ тараад ирэнгүүт нь утсаар нь өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй болсон. Манай охин Б, Бийн утас руу залгаад, би ярихад : Танаас өдөр 14 цагийн орчим “Ээжийнх нь картын дугаар хэд билээ?” гэж мессеж ирсэн. Тэгээд тань руу залгахад танихгүй эмэгтэй хүн аваад “Би ээжийн чинь найз байна. Ээжээс чинь хол байна. Ээжийн чинь Хаан банкны картын нууц дугаар хэд юм бэ?” гэж ярьсан...Та юу яриад байгаа юм бэ гээд уурлахад тэр хүн салгаад унтраачихсан” гэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 19-20 дахь тал/,

- гэрч Н.П-ийн: “...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ...манай эхнэр Сонгинохайрхан дүүргийн баруун талын автобусны буудлын хажуу талд байрлах буудалд ирж намайг аваад бид хоёр таксинд суугаад гэртээ харьсан. Гэртээ ороод би нэлээн согтуу байсан учир шууд унтаад өгсөн...Орой нь сэрээд эхнэрээсээ таксины жолооч гар утас аваад явсан талаар мэдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт : 1.Самсунг фирмийн, А-52 загварын гар утас- 1.000.000 төгрөг, Самсунг фирмийн, А-52 загварын гар утас - 800.000 төгрөг, цахим иргэний үнэмлэх - 2 ширхэг - 40.000 төгрөг, Виза карт- 5.000 төгрөг,  “Сод” ШТС-ын бензиний карт - 3.000 төгрөг, Автобусны карт - 3.500 төгрөг, нийт дүн 1.851.500 төгрөг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

- шүүгдэгч М.Аийн:...Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим...Тоёота Приус-20 маркийн 41-91 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явж байхад Дүүргийн автобусны буудал дээрээс эрэгтэй, эмэгтэй 2 хүн гараа өргөөд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 1 дүгээр буудлын орчим гэр хороолол дунд хүргүүлсэн. Таксины тооцоо хийх болоход “Гар утас нь унтарчихлаа. Гэр рүү ороод утсаа цэнэглээдэхье” гэж хэлээд намайг дагуулаад ...орсон. Гэртээ ороод утсаа цэнэглэсэн. Эхнэр нь надтай маргалдах гээд таксины мөнгөө өгөхгүй байсан ба ...би гэрээс нь Самсунг фирмийн А-52 маркийн 2 ширхэг гар утас болон утастай хамт байсан иргэний цахим үнэмлэх, виза карт, шатахууны карт, автобусны карт зэрэг зүйлсийг хулгайлж аваад машиндаа суугаад яваад өгсөн...Би эд зүйлсийг бүрэн бүтэн буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-74, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэм буруугийн санаатай хэлбэр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл ба тухайн хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ талаар маргаангүй болно.

Иймд шүүгдэгч М.Аийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

3.Хохирол, хор уршиг :       

 

Тус хэрэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас алдсан эд зүйлсээ бүрэн хүлээж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул /хх-7-8, 19-20, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.          

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  ам бүл 5, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-37-68, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч М.Аийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч М.Ат зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүдэгч М.Ат тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.               

5. Шүүгдэгч М.А цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР