| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/02451/И |
| Дугаар | 02296 |
| Огноо | 2018-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 02296
2018 оны 10 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2018/02296 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХ СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А /РД: /-д холбогдох,
дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,500,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХ СӨХ-ны захирал Г.Аззаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Макс компанийнхан СӨХ-ны үйл ажиллагаагаа орхиод явсан учраас 2013 оны 5 дугаар сард хэсэг оршин суугчид хуралдаж, СӨХ-оо байгуулаад удирдах зөвлөлийн даргаар намайг томилсон. Тэгээд удирдах зөвлөлийн гишүүд нийлж өдрийн сонинд зар өгөөд зарын дагуу Ц.Оюун гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилсон. Эхний 6, 7 сар үйл ажиллагаа гайгүй явсан. Ер нь бол манай байр бохир алддаг, төвийн шугамын бохир бөглөрөхөөр бусад бүх байрны бохир нь манайх руу алддаг, анх баригдахдаа л буруу баригдсан гэдэг. Гүйцэтгэх захирал Ц.Оюун ажлаа хийж чадахгүй байна гээд 200 гаруй оршин суугчдын гарын үсэг цуглуулж, ажлыг нь аваад тэр хүнийг шүүхэд өгсөн. Тэгээд 2015.06.01-ний өдрөөс би албан ёсны гүйцэтгэх захирлаар томилогдоод өдий болтол ажиллаж байна. 2017 оны санхүүгийн тайланг 30 дугаар байрны оршин суугч нягтлан хүн гаргасан, 2 жил тутамд аудитын шалгалт оруулдаг. Манай байрны л гаднах талбай цэвэрхэн байдгийг хороо ч мэдэж байгаа. Халаалт, цахилгааны үнэ нь нэмэгдсэн, харин СӨХ-ны төлбөр нэмэгдээгүй. СӨХ-нд ажиллаж байгаа ажилчдын цалин ч нэмэгдээгүй. Бага цалингаар чанартай хүмүүсийг авч ажиллуулж чадахгүй хүндрэл үүсдэг, би өөрөө дотор нь амьдардаг болохоор орой болгон хянаж, үйлчлэгч байхгүй бол би өөрөө байраа угаачихдаг. СӨХ-ны төлбөрөө оршин суугч төлөх ёстой, энэ бол үүрэг. Бусдын мөнгөөр хэрэглээгээ хангаад төлбөр төлөхгүй 15 орчим айл байгаа. Хариуцагчийн төлөх ёстой СӨХ-ны төлбөр сардаа 37,900 төгрөг гардаг. Хариуцагч тал лифт ашигладаггүй болохоор хамаагүй. Хариуцагч талын төлөх ёстой төлбөрөөс 2014 оны СӨХ-ны төлбөрүүдийг бүгдийг нь тэглэсэн. Учир нь тэр үед байр үнэхээр муухай байсан. Харин миний ажил хүлээн авсан буюу 2015 оны 06 дугаар сараас хойших төлбөрийг төлөх хэрэгтэй. Аудитын шалгалт ороход энэ айлыг төлбөрөөс хэрхэн чөлөөлсөн эсэхийг шалгадаг, айл болгонд төлбөрийн дутуу нь гараад ирдэг. Иймд 1,500,600 төгрөгийг нэхсэн , үүнээс 189,500 төгрөгийг хасан боломжтой” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2015-2016 онд нийт хэдэн төгрөг болсон, 2016-2017 онд хэдэн төгрөг болсон, нийт дэлгэрэнгүй тайланг авах шаардлагатай байна. 2015, 2017 оны тайланг сая авчирсан байсан. 2016 оны тайлантай танилцмаар байна. Манай төлбөрийн дэлгэрэнгүй тайлан хэрэгтэй байна” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх сууц өмчлөгч З.Аээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний болон гарсан зардалд 1,311,100 төгрөг гаргуулахыг хүссэн ХХ СӨХ-ны нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ХХ СӨХ дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний болон гарсан зардалд 1,500,600 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 189,500 төгрөгөөр багасгасан болно.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул ХХ СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.
Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд тус байрны оршин суугч З.А нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2015 оны 1 сараас 10 сар хүртэл, 2016 оны 01 сараас 2018 оны 07 сар хүртэлх нийт 2 жил 7 сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байх бөгөөд хариуцагч тал төлбөр төлөгдөөгүй хугацаа болон төлбөрийн хэмжээний тухайд маргаагүй атлаа “...СӨХ-ны үйл ажиллагаа 2015, 2016 оны хувьд хангалтгүй байсан тул төлөх үндэслэлгүй” гэжээ.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, харин СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй байгаа талаар тухайн СӨХ-нд гомдол гаргах эрхтэй болно.
Хариуцагч талын хүсэлтээр ХХ СӨХ хэзээ байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тогтоосон талаарх баримт, төлбөрийн хуулга, 2017 оны тайлан хэрэгт авагдсан тул баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар З.Аээс дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,311,000 төгрөгийг гаргуулж ХХ СӨХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар З.Аээс 35,928 төгрөг гаргуулж ХХ СӨХ-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д. ЭНХЦЭЦЭГ