Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1166

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             09             22                                                     

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Д.Ууганцэцэг,

хохирогч: Г.Н,

шүүгдэгч: Н.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н.М-нд холбогдох эрүүгийн 0000000000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н-н М  /РД:00000000/,

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******аймгийн *******суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын дотоод засал чимэглэлийн ажилтай, ам бүл-3, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Мандал овооны 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 0 дугаар гудамжны 0 тоотод иргэн Г.Н ыг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас буюу хардалтын улмаас үсдэх, цохих, өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимын салст, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн тавхайн дээд гадаргууд цус хуралтууд, баруун, зүүн шилбэний урд хэсгийн шарх, зүүн өвдөг, ахар сүүл хэсэгт зулгарал, баруун 3,5-р хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 0 дугаар гудамжны 0 тоотод хохирогч Г.Н ыг нөхөртэйгээ хардсаны улмаас үсдэж, цохиж, өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимын салст, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн тавхайн дээд гадаргууд цус хуралтууд, баруун, зүүн шилбэний урд хэсгийн шарх, зүүн өвдөг, ахар сүүл хэсэгт зулгарал, баруун 3,5-р хавирганы хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Хохирогч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би найз У-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад такси барих гээд Эх нялхасын орчимд 21 цагийн үед такси барьсан. Такси бариад У бид 2 буудал хайгаад олдохгүй болохоор нь таксины жолооч Х “Манай гэрт очоод хамт ууцгаая. Би гэртээ ганцаараа байгаа гэхээр нь би за гээд зөвшөөрсөн. Тухайн өдрөө Х-ын  гэрт ...У, Х бид 3 архи ууж хоносон. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Х-ын гэрт ...дахин бид 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал тухайн өдрийн 21 цагийн үед Х-ын  эхнэр нь бололтой эмэгтэй орж ирээд ...үгийн зөрүүгүй намайг цохиж зодсон. Би гэртээ хариад ээж дээрээ очоод ээж намайг Гэмтэл согог үндэсний төв рүү авч явсан. Тухайн оройдоо эмнэлгээр явж байгаад маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  11-14, 133 хуудас/,

-Гэрч А.Х-ын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 09 цагийн үед Эх нялхасын хажуугаар таксинд явж байтал замын хажууд архи уучихсан эрэгтэй, эмэгтэй суусан. ...Төмөр замын ойролцоо байдаг дэлгүүрээсээ зээлээр архи авах гэж байгаа бололтой байж байгаад хөөгдсөн. Тэр 2 машинд суугаад “Орох оронгүй бид 2” гээд байхаар нь би ...тэр хоёрыг гэртээ унтуулсан маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өглөө тэр эрэгтэй эмэгтэй 2-ыг босгоод “Одоо та 2 яв” гэсэн чинь “За, явлаа” гээд явсан. Удалгүй буцаад манай гэрт ...ороод ирэхээр нь тэр хоёрын авсан байсан архийг нь хувааж уусан. Тухайн өдрийн 21 цагийн үед архиндаа согтоод унтахаар болоод орон дээрээ хэвтэж байтал эмэгтэй нь буюу Н  миний хажууд ороод хэвтчихсэн байсан ба манай эхнэр М  тухайн үед гэрт ороод ирэхээр нь би гэрээс гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21,128-р хуудас/,

-Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын эхээр хэдний өдөр гэдгийг одоо сайн санахгүй байна. 21 цагийн үед ажлаа тараад гэртээ орж ирээд байж байтал манай эгч М  над руу залгаад эгчийгээ гэрээс хүрч ирээд авчих гэхээр нь би машингүй байсан тул А ахыг гар утсаараа дуудаад тэгээд А ах бид 2 М  эгчийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Зүүн баян уулын 0-0 тоотод очсон чинь үүдэнд нэг согтуу эмэгтэй эрэгтэй 2 зөрөөд гараад явж байсан тэгээд А ах бид хоёрыг гэр рүү яваад ортол М  эгч ганцаараа байж байсан ба М  эгчээс юу болсон талаар асуухад эгчийг нь Х-ын  найз цохиж зодсон Х намайг харчихаад гэрээс гараад зугтчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Ч-ын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:

“...1. Г.Н-ын биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимын салст, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн тавхайн дээд гадаргууд цус хуралтууд, баруун, зүүн шилбэний урд хэсгийн шарх, зүүн өвдөг, ахар сүүл хэсэгт зулгарал, баруун 3,5-р хавирганы хугарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Баруун 3,5-р хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл, бусад гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Н.М ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед би Налайхаас гэртээ ...ирсэн чинь гэр эмх замбараагүй, архины шил хөглөрсөн, орон дээр манай нөхөр Х, хохирогч гэх эмэгтэй Н тай хамт шалдан хэвтэж байсан юм. Тэгээд тухайн үед миний уур хүрээд би Н ыг цохиж зодсон юм. ...Би Н тай маргалдаад цохиж зодсоны дараа өөрийн төрсөн ах А, дүү Б нарыг дуудаад “Хүрч ирээд авчих” гээд дуудсан. ...Манай ах А, дүү Б нарыг гэрт орж ирэхэд зөрөөд тэр Н  манайд ирсэн үл таних залуутайгаа хамт гараад яваад өгсөн...” гэж /хавтаст хэргийн 71-73, 136-137-р хуудас/ мэдүүлж байсан.

Хувийн байдлын хувьд: иргэний оршин суугаа хаягийн газрын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 40-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 42-р хуудас/ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 43-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 44-р хуудас/, 2014.02.06-ны өдөр төрсөн охин М.Н, 2006.09.18-ны өдөр төрсөн М.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 45-46-р хуудас/, Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 47-49-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш сарын дараа н.Х-тай уулзсан. Энэ хүүхэн н.Х руу байнга залгаж, чамтай унтсан байсан ч яадаг юм гэсэн. Би их гомдолтой байна. Би 11 дүгээр сарын 05-ны өдөр Налайхаас гэртээ очсон. Үл мэдэх 2 залуу байсан. Нэг залуу гараад явсан. Гэртээ орсон чинь энэ хохирогч манай нөхөртэй согтуу, шалдан унтаж байсан. Тэгээд юу болсон юм бэ гээд уурласан. Тэрнээс болж биеэ барьж чадаагүй...” гэв.

 

Хохирогч Г.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн үед энэ хүн орж ирсэн. Би ширээний хажууд сууж байсан. Энэ хүний хэлж байгаа зөрж байна. Би куртик, хувцас өмдтэй сууж байсан. Бид нэг шил архи тавьсан байсан. Би энэ хүнээс намайг ингэж зодож байхаар цагдаад өгчих гэж гуйсан. Энэ хүний ах дүү хоёр н.У-ыг шууд цохиж авсан. Би тэр хавиар сайн мэдэхгүй байсан бөгөөд зам дээр гараад такси бариад шүүх эмнэлэгт хандсан. Тэгээд өргөдлөө цагдаад өгсөн. Хавирга хугараад ажлаа ч хийгээгүй. Бүгд эм, тарианы зардал. Эмнэлэгт хэвтээгүй, дандаа өрхийн эмнэлгээр явсан. Гэртээ 3 сар суусан...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Ч-ын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Н-ын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах буюу хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон.      

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Н.М нь хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд халдаж зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.М ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Н  нь “эмчилгээний зардал 1,200,000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудыг судлахад 134,698 төгрөгийн эмчилгээний зардал гарсан нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.М өөс гаргуулан хохирогчид төлүүлж, үлдэх нэхэмжлэлийг нотлох баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхив.    

Шүүгдэгч Н.М нь хохирогч Г.Н-т 134,698 төгрөгийн хохирол төлбөр барагдуулсан тул шүүгдэгч Н.М ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Харин хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт
“Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж зааснаар хохирогч Г.Н т гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч дүгнэлтдээ: “шүүгдэгч Н.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.М-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Хохирогчид хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно...” гэсэн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.М ийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Н.М-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.      

Мөн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч Н.М нь ам бүлийн хувьд бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа барилгын ажил хийдэг гэх хувийн байдлыг нь харгалзан үзсэн тул торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-нд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл /хардалтын улмаас/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ /хохирол төлсөн/, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдалд тохирсон гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Н-н М ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-нд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.М-нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Н т гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА