Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2023/0130/З |
Дугаар | 221/МА2024/0441 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0441
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Д.О
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: ЗТХЯ ТНБД
Гуравдагч этгээд: “Р” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “ЗТХЯ ТНБД-ын2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам гүүрийн барилгын ажлын тухай” А/182 дугаар тушаалын “Т” ХХК, “Р” ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ЗТХЯ ТНБД-ын2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/119 дүгээр “Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай” албан мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0292 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Д.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/0130/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “ЗТХЯ ТНБД-ын2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам гүүрийн барилгын ажлын тухай” А/182 дугаар тушаалын “Т” ХХК, “Р” ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ЗТХЯ ТНБД-ын2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/119 дүгээр “Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай” албан мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0292 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.6, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.2-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсэг, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалын “Т” ХХК, “Р” ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “ЗТХЯ ТНБД-ын2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/119 дүгээр “Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай” албан мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЗТХЯ ТНБДд холбогдуулан гаргасан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0292 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. Шүүгч шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.9-д "... ажил гүйцэтгэхэд шаардлагатай үнийн дүнг 26.994.760.883 төгрөг гэж тооцсон. Энэ магадлалд үндэслэн гэрээний үнийн дүнд тохируулга хийх шийдвэр гаргана гэж найдан хүлээж байсан гэж тайлбарлан маргасныг үндэслэлтэй гэж үзлээ" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь “Т” ХХК болон "" ХХК-ийн түншлэлтэй байгуулсан 2019 оны 204 дугаар гэрээний тусгай нөхцөлийн 11.2-т "гэрээний үнийн дүн нь ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй хатуу тогтоосон үнийн дүн байх ба гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй" гэж, мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 256 дугаар тушаалаар баталсан "Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм" ЗЗБНбД 81-013-2019-ийн 5.4.13-д "Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулснаас хойш 3 жил өнгөрсөн тохиолдолд зураг төсөл, барилгын ажлын төсвийг тухайн үед мөрдөгдөж байгаа норм, журмын дагуу шинэчлэх, баталгаажуулах зардлыг холбогдох нормын дагуу тооцож төсөвт өртөгт тусгана." гэж тус тус заасан нь 2019 онд батлагдсан төсөвт өртгийг Зам, тээврийн хөгжлийн яам дур мэдэн нэмэгдүүлэх, өөрчлөх үндэслэлгүй байгааг шүүгч харгалзан үзээгүй байна.
3.2. Мөн шүүгч шийдвэрийн 3.14-т "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 41 дүгээр зүйлийн 41.1- ийн 41.1.1-д "захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх" мөн 41.1.2-д "энэ хуулийн 40.4, 40.6-д зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх", 40.6-д "Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болно." гэснийг үндэслэсэн нь "захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал" гэж ямар нөхцөлийг ойлгохыг шүүгч тодорхойлоогүй, тус ажлын төсөвт өртгийг хуулиар өөрчилж батлаагүй, ажлын тоо хэмжээ өөрчлөгдөөгүй байхад төсөвт өртгийг өөрчлөх боломжтой гэж үзсэн нь хуулийн зүйл, буруу тайлбарласныг нотолж байна.
3.3. Шийдвэрийн 3.1.8-д "... тухайн үүссэн нөхцөл байдал нь түншлэлийн буруутай үйл ажиллагаанаас бус, ковид цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан, захиргааны байгууллагаас холбогдох асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлээгүй, хүлээлт үүсгэсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байхад гэрээнд заасан хугацаанд замын ажлыг хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй" гэж дүгнэсэн байна. Гэвч “Т” ХХК, “Р” ХХК-ийн түншлэлд авто замын барилгын ажлын талбайд гараагүй, ажлаа эхлээгүй, батлагдсан график төлөвлөгөөний дагуу ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байгаа талаар удаа дараа хяналтын инженэрийн гүйцэтгэгчид хүргүүлсэн 20 албан шаардлага, хяналтын зөвлөх "Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ- аас 6 удаа, тус яамнаас 7 удаагийн албан бичиг, шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсныг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал шүүгч нотлох баримтыг үнэлээгүй.
Мөн нэхэмжлэгч “Т” ХХК, гуравдагч этгээд “Р” ХХК-ийг тус авто замын ажлыг гүйцэтгэхээр тендер сонгон шалгаруулалтад ерөнхий санхүүгийн, техникийн болон туршлагын шаардлагыг ганцаараа хангах боломжгүйгээс хамтран түншлэлээр оролцож гэрээний дагуу үүрэг хүлээн, нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй байгаа нь ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байгааг шүүгч харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Иймд хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас “ЗТХЯ ТНБД-ын2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам гүүрийн барилгын ажлын тухай” А/182 дугаар тушаалын “Т” ХХК, “Р” ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ЗТХЯ ТНБД-ын2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/119 дүгээр “Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай” албан мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ЗТХЯ ТНБДд холбогдуулан гаргажээ.
3. Мөн гуравдагч этгээд “Р” ХХК-иас “ЗТХЯ ТНБД-ын2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам гүүрийн барилгын ажлын тухай” А/182 дугаар тушаалын “Т” ХХК, “Р” ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг ЗТХЯ ТНБДд холбогдуулан гаргасан байна.
4. Хэргийн үйл баримтыг үзэхэд:
4.1. Багануур-Мөнгөн морьт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 60 км /Төв Мөнгөнморьт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгч “Т” ХХК болон гуравдагч этгээд “Р” ХХК нь түншлэлээр хамтран оролцож, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Багануур-Мөнгөн морьт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 60 км /Төв Мөнгөнморьт сум/ ажил гүйцэтгэх гэрээ”-г Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулжээ.
4.2. Тус гэрээний нийт дүн 44,221,302,109 төгрөг бөгөөд гүйцэтгэгч нь замын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр гэрээний ерөнхий нөхцөлд тусгасан боловч 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай нэмэлт гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгасан байна.
4.3. Гэвч ЗТХЯ ТНБД-ын2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалаар “2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 42 дугаар зүйлийн 42.2.2 /в/-д заасны дагуу түншлэлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй төдийгүй, 2020 оноос хойш зам барилгын талбайд ажил гүйцэтгээгүй, 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг ашиглаагүй, барилгын ажлын талбайд ажил хийгдээгүй, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажиллах нөхцөл боломжоор хангасан боловч олгосон санхүүжилтийн хүрээнд зам, барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлүүдээр “Т” ХХК, “Р” ХХК-ийн түншлэлтэй байгуулсан гэрээг цуцалснаар энэхүү маргаан үүсжээ.
5. Анхан шатны шүүх “...замын ажлын үлдэх ажил нь төсвийн хүрээнд биелэгдэх боломжгүй болсон нь магадлалын дүгнэлтээр тогтоогдсон, тухайн үүссэн нөхцөл байдал нь түншлэлийн буруутай үйл ажиллагаанаас бус, ковид цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан, захиргааны байгууллагаас холбогдох асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлээгүй, хүлээлт үүсгэсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байхад гэрээнд заасан хугацаанд замын ажлыг хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй”, “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/-д заасан гэрээний үнэд нэг удаа өөрчлөлт оруулах заалтыг хэрэглэх талаар арга хэмжээ авалгүйгээр гэрээг шууд цуцалсан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байна” гэж дүгнэн нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсэг, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д “Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болно”, 41 дүгээр зүйлийн 41.1.2-т “энэ хуулийн 40.4, 40.6-д зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх”, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
5.2. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоолоор 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасны дотор улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Улсын Их Хуралд танилцуулахаар шийдвэрлэсэн, мөн Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга, байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журмыг баталсан байна.
5.3. Дээрх хууль, тогтоомжийн заалтуудыг маргаан бүхий тохиолдолд авч үзвэл улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөн бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болохоор, мөн барилгын материалын үнэ ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулахаар бол санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг баталж төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь тухайн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гэрээг цуцлахгүйгээр гэрээний үнэд нэг удаа өөрчлөлт оруулж болохоор тусгайлан зохицуулсан заалтууд байна.
5.4. Нэхэмжлэгч “Т” ХХК-д Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/478 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгосон байх бөгөөд ковид цар тахлаас шалтгаалан материалын үнэ 2-3 дахин өссөнөөс үлдэгдэл ажилд магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулахаар гэрээний үнэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 60 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаар албан бичгүүдээр захиалагчид удаа дараа гаргасан болох нь тогтоогдож байна.
5.5. Улмаар Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 03/4156 дугаар албан бичгийн дагуу авто замын үлдэгдэл барилгын ажлын нийт төсөвт өртгийг 26,994,760,883 төгрөгөөр баталгаажуулсан Зам, тээврийн хөгжлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 365/2022 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт гарсан байх бөгөөд энэ тохиолдолд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 42.2.2-д заасны дагуу түншлэлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй төдийгүй, 2020 оноос хойш зам барилгын талбайд ажил гүйцэтгээгүй, 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг ашиглаагүй, барилгын ажлын талбайд ажил хийгдээгүй, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажиллах нөхцөл боломжоор хангасан боловч олгосон санхүүжилтийн хүрээнд зам, барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлүүдээр гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “... 2019 онд батлагдсан төсөвт өртгийг Зам, тээврийн хөгжлийн яам дур мэдэн нэмэгдүүлэх, өөрчлөх үндэслэлгүй”, “... тус ажлын төсөвт өртгийг хуулиар өөрчилж батлаагүй, ажлын тоо хэмжээ өөрчлөгдөөгүй байхад төсөвт өртгийг өөрчлөх боломжтой гэж үзсэн нь хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласныг нотолж байна”, “... “Т” ХХК, “Р” ХХК нь хамтран түншлэлээр оролцож гэрээний дагуу үүрэг хүлээн, нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй байгаа нь ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэснийг хүлээн авах боломжгүй бөгөөд харин нэхэмжлэгчийн “... Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2022 онд 16 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх ёстойгоос ердөө 3.895.000.000 төгрөгийн санхүүжилт өгсөн. Энэ хугацаанд компанийн зүгээс гэрээг тасалдуулахгүй байх үүднээс өөрсдийн 1.870.679.875 төгрөгөөр замын ажлыг хийсэн, өөрсдийн хөрөнгөөр ажлыг хийж гүйцэтгэх нь тухайн нөхцөлд илтэд алдагдалтай байсан тул цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон аргачлал бүхий дүнг тогтоолгож, магадлал хийлгэхээр удаа дараа хандсаны үр дүнд Магадлалын ерөнхий дүгнэлт гарсан... гэрээ цуцлах шийдвэр гаргахдаа албан ёсоор танилцуулаагүй, ямар заалтыг үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй ...” гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
6.1. Учир нь хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.2-д “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмыг зөрчиж, бодит нөхцөлд тохироогүй шийдвэр гаргасан байна.
6.2. Тодруулбал, зам барилгын ажлын үлдсэн 36.23 хувийн дутуу гүйцэтгэл тухайн төсвийн хүрээнд гүйцэтгэх боломжгүй болсон нь Зам тээврийн хөгжлийн төвийн 2022 оны 365/2022 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр тогтоогдсоноос гадна хариуцагч захиргааны байгууллага гэрээнд заасан хугацаанд санхүүгийн эх үүсвэргүйгээр хийж гүйцэтгэх боломжгүй зүйл шаардсан, өөрөөр хэлбэл, анх гэрээ байгуулахдаа гэрээнд заасан санхүүгийн эх үүсвэрийг дутуу тооцоолсон, нөгөөтэйгүүр хариуцагч захиргааны байгууллага гэрээгээр хүлээсэн хөрөнгө санхүүгийн асуудлыг бүрэн гүйцэт шийдвэрлээгүйгээс гүйцэтгэгч хуулийн этгээдэд гэрээнд заасан хугацаанд цаашид гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, улмаар ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг шат дараалалтай хийж гүйцэтгэх боломжгүйгээс зарим ажлууд зогсоход хүргэсэн, гэрээний талуудын үйл ажиллагаа эдийн засгийн талаасаа болон давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөнөөс болж хийгдэх боломжгүй нөхцөл байдалд орсон зэрэг нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад зөвхөн гэрээний нэг тал болох гүйцэтгэгч хуулийн этгээдийг дангаар нь буруутгаж гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.
6.3. Нөгөөтэйгүүр гэрээ цуцалсан ЗТХЯ ТНБД-ын2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалд захиргааны гэрээ цуцлах хууль зүйн үндэслэл дурьдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугар зүйлийн 56.4-т заасныг зөрчсөн байх бөгөөд уг хуулийн заалтаас үзэхэд захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд үндэслэл байхгүй цуцлалт эрх зүйн үр нөлөөлөлгүй болохоор байна.
6.4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ