Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 64

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*******, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000124 дугаартай шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох  153/2016/0068/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн 1974 оны 12 дугаар сарын 14-нд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 41 настай, эрэгтэй, яс үндэс-халх, ам бүл 1, бүрэн дунд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн ******* тоотод оршин суух ПГ:******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2015 оноос 2016 оны 03 дугаар сарын хооронд өөрийн эхнэр Б.*******ыг байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ хүн 2015 оны 03 дугаар сарын 28-нд энэ хүнийг эгчтэйгээ хамт итгэлт хамба явуулсан. Тэгээд тэр замдаа аваарт орж ирээд хутгалсан гээд сорви байгаа. Тэр нь Эрээн хотоос ирж байгаад тэгээд нэг тал нь хөхрөөд, гар нь бас шалбарсан. Машинаас уналаа гэнгүүт нь замдаа би хэлсэн Замын Үүдэд эмнэлэгт хэвт жолоочоо асуудалд оруул гэхэд өөрөө ирчхээд тэрийгээ намайг хутгалсан гээд байгаа юм. Нүд ам нь хөхрөөд 10 хоног хэвтсэн гээд байгаа юм энэ нь өөрөө 2015 оны цагаан сарын өмнө хүнсний ногооны зах дээр явж байгаад Намсрай гэдэг хүний хүүхнүүдтэй нь хэрэлдсэн юм уу яасан юм төмсөөр нүүрэндээ цохиулсан. 7 сарын 2-нд бид хоёр Үрэмч хот яваад ирж байсан. Тийм зодоон цохион болоогүй. Би энэ хүнийг хутгалаагүй. Би хүүхэд руугаа хоол унд цацаж байгаагүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би *******тэй 1999 онд хурим найраа хийсэн тэрнээс хойш 18 жил хамт амьдарч байгаа. Энэ хүн бол надийг өчнөөн зодож цохисон. Би амьдрахын төлөө 3 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн төлөө өдий болтол тэвчээр шаардаж ирсэн. Адаг сүүлдээ гомдох сэтгэл төрчхөөд байна. Энэ хүн хүнтэй нийлж өвчин авчирж өгч байлаа, машины маниулаар нүдийг хөхөртөл нь цохиж байсан. Намайг дайрч ална гээд машинаар хөөж байсан.Цайны алхаар миний гарыг хөх няц болтол цохиж байсан.Том гэдэстэй байж байхад миний гэдсэн дээр дэвсэж байсан. 2 охиноо гичий жингэр гэж дуудаж байсан. Миний гар луу хутаг дүрсэн. Би 18 жил тэвчиж өдийг хүртэл явж ирсэн гэв.

            Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1 х/

            Шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 178 дугаартай дүгнэлтэд:

  • Б.*******ын биед гэмтэл учирсан байна.
  • Б.*******ын биед баруун гарын сарвууны ард гадаргууд 0.5х0.8см, 0.5х0.3см, зүүн хөлийн өвдөгт 1х2см бор өнгийн сорви гэмтлүүд тогтоогдлоо.
  • Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  • Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д ... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  • Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй./хх 14 х/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “ ... бичлэг үзэхэд Б.*******ын баруун гарын ар хэсгээс 2 газар шалбарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авснаар үзлэгийг дуусгав” /хх 24-27 х/

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Баярцэцэгийн өгсөн: “... Манай аав архи уудаг байх үедээ архи уух болгондоо гэр бүлийнхээ хүмүүс болох ээж, эгч, дүү бид нарыг айлгаж цохиж зоддог байсан.... дэлгүүр лүү яваад буцаад ороод ирэхэд аав байхгүй ээж уйлчихсан гар нь цус болчихсон байсан тэгээд ээжийн гарны зургийг ******* бид хоёр утсан дээрээ бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх 43-44 х/

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Л.*******гийн өгсөн: “ ... бид гурав орсон чинь Б.******* эгчийн гарнаас жоохон цус гарчихсан жижиг өрөөндөө байсан. ... Б.******* эгч миний гарны зураг аваадах гээд би Баярцэцэгийн утсаар Б.******* эгчийн гарны зураг авч бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх 45-46 х/

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.*******гийн өгсөн: “... миний аав ******* архи уудаг байхдаа архи уух болгондоо ээж *******ыг байнга зодож цохидог. 7 хоногт 4-5 удаа зоддог байсан. ... би сургууль дээр байж байгаад ирэхэд ээжийн гар луу нь хутгаар хатгасан гээд ээж гараа боочихсон байсан...” гэх мэдүүлэг /хх 49-50 х/

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн: “... манай ээжийг зөндөө цохиж байсан одоо сайн санахгүй байна. ... ээж уйлчихсан. Баруун гарнаас нь цус гарч байсан аав байхгүй гараад явчихсан байсан. ... 2015 онд аав ээжийг цохиж ухаан алдуулсан бас миний тоглоом машинаар цохисон, тоос сорогчоор цохисон...” гэх мэдүүлэг /хх 51-52 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.ийн өгсөн “... ******* дээрэлхүү, эхнэр хүүхэдтэй ямар нэгэн хайр халамж байхгүй эхнэр охидуудаа янхан, гичий, жингэр гэх зэргээр хэлдэг эхнэрээ байнга зодож дээрэлхдэг мөн хутга хайч барьж айлгадаг хүн...” гэх мэдүүлэг /хх 55 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.гийн өгсөн: “... эхнэр Л.******* нь над дээр ирээд ******* намайг зодлоо гээд нүд, нүүр болон бие нь хөхөрчихсөн олон удаа ирж байсан...” гэх мэдүүлэг /хх 61 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ын өгсөн: “... ******* урьд нь архи уудаг байхдаа, архи уух болгондоо хүүхдүүд болон эхнэрээ зоддог, айлгадаг байсан. Архи уухаа болсон ч гэсэн цохиж зодсоор байгаа...” гэх мэдүүлэг /хх 62 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.ы өгсөн: “... *******ыг ******* автомашины маниулаар цохичихсон, үүлний хайчаар баруун гарны булчин руу хатгасан мөн тамхины цогоор зүүн гарныхан шуун хэсэгт 2-3 удаа түлүүлчихсэн сорвитой манайд ******* ирж байсан...” гэх мэдүүлэг /хх 64-65 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ын өгсөн: “... ******* *******ыг эхнэр, нөхөр болсноос хойш зодож цохидог. Нэг удаа салж байсан. ******* над дээр ирж юу болсон тухайгаа ярьж хэлж уйлдаг байсан...” гэх мэдүүлэг /хх 66 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.ийн өгсөн: “... ******* уйлаад ******* зодчихоод гараад явчихлаа гээд *******, гурван хүүхэдтэйгээ дээр нь манай охин ******* нар байсан...” гэх мэдүүлэг /хх 69 х/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар дараах насанд хүрээгүй гэрч нарын болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг судлав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 178 дугаартай дүгнэлт/хх 14 х/,Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх 24-27 х/, гэрч М.ийн /хх 55 х/, Т.гийн /хх 61 х/, Б.ийн /хх 62 х/, Ц.ы /хх 64-65 х/, Б.ын /хх 66 х/, Б. /хх 69 х/ нарын өгсөн мэдүүлгүүд

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 153/Ш32016/00748 дугаартай “Эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай” шүүгдэгч Б.*******, хохирогч Б.******* нарыг 3 сарын хугацаагаар тусад нь амьдрахыг даалгасан шүүгчийн захирамж /хх-34х/

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 153/ШШ2016/00286 дугаартай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Т., М.Тунгалаг, Б. нарт холбогдуулан нэр төр сэргээлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /хх-107х

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 153/ШШ2016/00349 дугаартай хариуцагч /шүүгдэгч/ Б.*******гээс нэхэмжлэгч /хохирогч/ Б.******* гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэмж гаргуулах, дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулсан тухай шүүгчийн захирамж

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч 13 настай Б.Баярцэцэгийн /хх 43 х/, 16настай  Л.*******гийн /хх 45-46 х/, 16 настай Б.*******гийн /хх 49-50 х/, 7 настай Б.ын /хх 51-52 х/, нарыг сурган хүмүүжүүлэгчийн хамт байлцуулан, үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлан авсан тэдний  мэдүүлгийг дүгнэхэд  насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал тогтоогдоогүй, цаг хугацааг тодорхой мэдүүлдэггүй  ч шүүгдэгч Б.*******г байнга  хэрүүл үүсгэж ээжийг зоддог гарт дайралдсан үнсний сав, тоглоом, зурагтын удирдлага, хөл гараараа зоддог, түүнийг байхад айдастай байдаг талаар мэдүүлсэн нь шүүгдэгчийг буруутгах буюу бусдыг байнга зодох буюу тарчлаасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.******* нь эхнэр болох Б.*******ыг байнга зодож байгаагүй гэж мэдүүлдэг боловч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг нь дээрх насанд хүрээгүй гэрч нарын болон хохирогчийн мэдүүлэг, хэрэгт  авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 буюу тарчлаах гэмт хэрэг нь нууц далд аргаар, гэм буруугийн шууд санаа сэдэлтээр үйлдэгддэг бөгөөд байнга зодох бус сэтгэл санааны дарамт, айлган сүрдүүлэх, байнгын дарамтад байлгаж гэр бүлийн хүчирхийллээр эхнэр болох Б.*******ын эрх, эрх чөлөөг зөрчиж заналхийлсэн үйлдлийг удаа дараа хийж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.******* нь байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Б.******* нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн тоглоомон машин, тоос сорогчийн хошууг хохирогчид буцаан олгуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г 4 /дөрөв/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр 51.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 4 /дөрөв/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Б.******* нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тоглоомон машин, тоос сорогчийн хошууг хохирогч Б.Ган-очирт буцаан олгосугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

            7. Шүүгдэгч Б.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС