Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/295

 

    2022       02          25                                   295     

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч С.Б,

шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Э.У,  Сартуул овогт С.Б нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 04511 0261 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. 

                                                                                                       

2. 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн дэргэд Э.У тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зулай, дагз, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,

шүүгдэгч Э.У нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн дэргэд С.Б тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, хацар, чамархай, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархай, баруун сарвуунд зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б, Э.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

           Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 405.950 төгрөгийг бүрэн авсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Э.У-ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Торгоны зам” худалдааны төвд ирсэн ба үүдэнд таних залуу болох Б тамхи татаад зогсож байсан. Тэр үед намайг Б “чи маскаа зүү” гэхээр нь зүүгээд орсон. ...дотор ороод байж байтал миний араас манекений хиймэл толгой аваад шидэхээр нь би зөрүүлээд хуванцар аяга аваад шидчихсэн юм. Тэгтэл Б хүрч ирээд миний хоолойг боохоор нь зөрүүлээд боолцсон ба хүзүү хэсэгт гараараа цохиход нь хариуд нь түүний нүүрэн хэсэгт 1 удаа цохиод удалгүй салаад гараад явсан. Тэгээд орой нь ажил тарах болоод оройн 19:00 цагийн үед ажлаасаа гарч яваад машин дээрээ очоод байж байтал Б миний хажууд ирчихсэн байсан ба надтай хэрүүл хийх гээд байсан бөгөөд хажуугаас нь Бийн эхнэр Тогосоо хүрч ирээд манай эхнэртэй хэрэлдсэн юм. Тухайн үед би Б-тэй заамдалцаад байж байхад намайг “гараа тавьчих” гэхээр нь би зөвшөөрөөд гараа тавих үед намайг гараараа маш олон удаа нүүрэн хэсэгт цохих үед өөрийгөө хамгаалах зорилгоор түүний нүүрэн хэсэгт хоёр гараараа 4-5 удаа цохиход хамраас нь цус гарсан юм. Тухайн үед миний хамарнаас цус гарсан бөгөөд хажуунаас хамт ажилладаг хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан юм. Удалгүй хамрын цусаа угаах гээд бид хоёр ажлын ариун цэврийн өрөө рүү ар араасаа ороод цусаа угаагаад гарч ирэхэд гадаа манай эхнэр болон Бийн эхнэр хоёр хоорондоо үсдэлцээд байж байхаар нь Б бид хоёр очиж салгачихаад би эхнэрийгээ аваад явсан юм. Тэр үед Б надтай уулзаад “хоёулаа учраа олцгооё, цагдаа сэргийлэх гээд яахав” гэхээр нь “за” гэж хэлээд явцгаасан юм. Би тухайн үед Бтэй маргалдаад түүнийг 4-5 удаа гараараа нүүрэн хэсэгт нь буюу хамар руу нь гараараа цохисон. Намайг Б гэх залуу нүүрэн хэсэгт маш олон удаа цохиод хамраас цус гаргасан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 15 дахь тал/

 

С.Б-ийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “...” худалдааны төвд ажлаа хийгээд байж байсан юм. Тэр үед А-4 дүгээр лангууны түрээслэгч залуу У маскаа зүүгээгүй байхаар нь “маскаа зүүгээрэй” гээд шаардлага тавихад дургүйцлээ илэрхийлж байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 10:00 цагийн үед ажил дээрээ байж байхад У гэх залуу хүрч ирэхээр нь “чи байнга маскгүй байх юм аа, маскаа зүүж байгаарай” гэхэд “чамаар заалгахгүй” гээд бид хоёр маргалдаж байгаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь манекений толгой аваад У руу шидэх үед нурууг нь оноход уурлаад намайг цамцаар маань боох үед миний толгой эргэж манарах үед хажууд байсан Д гэх худалдагч залуу бид хоёрыг салгах гэж байхад миний нүүр хэсэгт 1 удаа цохьчихоод гараад явсан. Тэгээд орой 17:00 цагийн үед ажил тарж байхад У эхнэр Солонгын хамтаар лангуугаа хаагаад гарахаар нь би араас нь гараад учраа олох гээд тэр хоёр дээр очиход Уын эхнэр хэл амаар доромжилж эхэлсэн ба араас манай эхнэр ирээд У-ын эхнэртэй намайг өмөөрч хэрэлдэх үед У манай эхнэр рүү “май шүү” гээд дунд хуруугаа гаргахаар нь миний уур хүрээд Утай барилцаад авсан бөгөөд бид хоёр хоорондоо харилцан цохилцсон юм. Тэр үед миний хамраас их хэмжээний цус гарахаар нь ариун цэврийн өрөө ороод цусаа угааж байтал манай эхнэрийг ариун цэврийн өрөөний хажууд У эхнэрийг маань араас нь барьчихсан, харин түүний эхнэр нь манай эхнэрийг үсэдсэн байхаар нь би очиж салгасан юм. Тухайн үед толинд харахад миний хамар мурийчихсан байсан. ...Миний хамар мурийсан, мөн нүд хөхөрсөн байсан ба дээрх гэмтлийг У цохиж учруулсан. Би У тай харилцан цохилцсон бөгөөд яг ямар гэмтэл учирсныг хараагүй юм.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 11 дүгээр тал/

 

Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Торгоны зам” нэртэй худалдааны төвдөө байж байсан юм. Тэгээд кофе уух гээд усаа аваад коридорт явж байтал Б эхнэр Тогосоогийн хамтаар гаднаас орж ирж байсан бөгөөд Бийн хамраас их хэмжээний цус гарчихсан, ариун цэврийн өрөө рүү тэр хоёр орсон. Удалгүй араас нь хамт ажилладаг У эхнэр С орж ирээд шууд Т, С үсдээд харилцан үсдэлцээд байж байхад У араас нь Т татсан ба тэр үед С Т-гийн нүүр хэсэгт нь гараараа цохиод авсан ба тэр үед хүмүүс тэд нарыг салгаж авсан юм. Би У, Б хоёрыг зодолдож байхыг нь хараагүй бөгөөд гаднаас Бийн хамраас цус гарсан байдалтай орж ирж байхыг нь харсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 20 дахь тал/

 

 Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний 18:00 цагийн үед ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Торгоны зам” худалдааны төвийн гаднах авто машины зогсоол дээр манай нөхөр Б хамт ажилладаг хүмүүстэй маргалдаад зогсож байсан юм. Тэр үед нь би очоод У гэх залуугийн эхнэр С нөхрөө өмөөрч маргалдсан ба хажуугаас У над руу дунд хуруугаа гаргахад манай нөхөр Утай харилцан зодолдож эхэлсэн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 22 дахь тал/

 

 Гэрч Ц.С-гын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Торгоны зам” худалдааны төвд ирсэн. ...ирэхээс өмнө нөхөр У над руу залгаад “намайг Б зодчихлоо” гэсэн байсан болохоор нөхрийгөө харсан чинь нүд, ам нь хөхөрч, улайсан, хоолой нь мөн адил улайсан байсан. Тэгээд би нөхрөөсөө “юунаас болоод маргалдаж зодолдсон юм бэ?” гэхэд манай нөхөр “Б маск зүүгээгүй шалтгаанаар шалтаглаж зодсон” гэхээр нь би Б-эй уулзах гээд өрөөнд ороод юу болсон талаар асуухад “нөхрөөсөө асуухгүй юу” гээд байхаар нь “хүний олон хүнээ барихгүй шүү” гээд өрөө рүүгээ орсон. ...оройн 18:45 цагийн үед ажлаасаа гараад нөхөртэйгөө хамт машин дээрээ очиход араас Б машин дээр ирчихсэн ярилцаж байтал дотроос Бийн эхнэр гараад ирсэн ба намайг Бүрэнтогос заамдаад авсан бөгөөд хажуугаас манай нөхөр салгах гээд иртэл араас нь Б татаад цаашаа машин руу авч ороод хоорондоо зодолдоод эхэлсэн бөгөөд би Б-оос салаад нөхрүүдээ салгая гээд очиход Сэдэд эгч дэлгүүрээс гарч ирээд зодооныг зогсоосон юм. Тухайн үед Б манай нөхөр хоёрын хамар амнаас нь цус гарсан байдалтай, ариун цэврийн өрөө рүү орцгоосон ба дотор ороод Б намайг үсдэхээр нь хөлөөрөө өшиглөөд цааш явуулаад цагдаад дуудлага өгөх гэхэд Б орж ирээд “цагдаа дуудахаа больчих, миний хамар хугарчихсан байна. Ингээд 1:1 шүү” гэж хэлэхээр нь цагдаа дуудахаа болиод хойд хаалгаар гараад явсан. ...манай нөхөр Бтэй харилцан зодолдоод хоёулангийнх нь хамар амнаас цус гарчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 26 дахь тал/

 

С.Б ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Тэгээд намайг үүдэнд зогсож байхад У гэх манай ажлын эрэгтэй ирсэн ба У маскгүй байсан. Өмнө нь бас У маскгүй явж байсныг санаад “чи дандаа маск зүүхгүй байна, бусад нь зүүгээд болоод байхад чи зүүхгүй байна, маскаа зүүчих” гэхэд У миний урдаас “чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ” гээд надтай маргалдаж эхэлсэн ба гадаа надтай барьцалдаад авсан бөгөөд У намайг тухайн үед өмсөж байсан куртикны захаар заамдаж боосон. Би байгууллага хариуцаж ажиллладаг тул олон хүний хажууд хэрэлдээд яах вэ гээд түүнтэй маргахаа больж салж орцгоосон. Бид 2 худалдааны төв дотор маргалдаж байгаад салцгаасан ба би дараа нь үүдний хэсэгт хяналт тавиад байж байхад У цаана лангуун дээр очоод сууж байхдаа намайг элдэв бусаар харааж эхэлсэн. ...Харилцан зодолдож байхад У миний хамар луу хүчтэй цохьсон бөгөөд өөрөөр толгой хэсэг рүү олон удаа гараараа мөн цохиж байсан ба миний хамарнаас их хэмжээний цус гарч эхэлсэн тул би түүнээс салсан. Би зодолдож байхдаа У ын толгой хэсэг буюу түүний нүүр хэсэг рүү гараараа 4-5 удаа цохьсон.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 62 дахь тал/

 

Э.У-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Би өмнө гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа, өмнөх мэдүүлэг дээрээ надад ярих зүйл алга.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 69 дэх тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11583 дугаар “1. С.Б ийн биед хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, хацар, чамархай, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархай, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 28, 29 дэх тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12001 дугаар “1. Э.У-ын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зулай, дагз, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 33, 34 дэх тал/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт,

/хавтаст хэргийн 79 дэх тал/

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        

          Шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” худалдааны төвийн гадна Э.У тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохин хүч хэрэглэн халдаж биед нь хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, зулай, дагз, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,

шүүгдэгч Э.У нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Торгоны зам” худалдааны төвийн гадна С.Бтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохин хүч хэрэглэн халдаж биед нь хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, хацар, чамархай, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархай, баруун сарвуунд зулгаралт гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

             Мөрдөн байцаалтад Э.Уын хохирогчоор өгсөн “...Б хүрч ирээд миний хоолойг боохоор нь зөрүүлээд боолцсон ба хүзүү хэсэгт гараараа цохиход нь хариуд нь түний нүүрэн хэсэгт 1 удаа цохиод удалгүй салаад гараад явсан. ...Бтэй заамдалцаад байж байхад намайг “гараа тавьчих” гэхээр нь би зөвшөөрөөд гараа тавих үед намайг гараараа маш олон удаа нүүрэн хэсэгт цохих үед өөрийгөө хамгаалах зорилгоор түүний нүүрэн хэсэгт хоёр гараараа 4-5 удаа цохиход хамраас нь цус гарсан юм. Тухайн үед миний хамарнаас цус гарсан бөгөөд хажуунаас хамт ажилладаг хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан юм.” гэх /хх-15/,

С.Бийн хохирогчоор өгсөн “...бид хоёр хоорондоо харилцан цохилцсон юм. Тэр үед миний хамраас их хэмжээний цус гарахаар нь ариун цэврийн өрөө ороод цусаа угааж байтал манай эхнэрийг ариун цэврийн өрөөний хажууд У эхнэрийг маань араас нь барьчихсан, харин түүний эхнэр нь манай эхнэрийг үсэдсэн байхаар нь би очиж салгасан юм. Тухайн үед толинд харахад миний хамар мурийчихсан байсан. ...Миний хамар мурийсан, мөн нүд хөхөрсөн байсан ба дээрх гэмтлийг У цохиж учруулсан.” гэх /хх-11/,

гэрч А.А-ийн өгсөн “...Бийн хамраас их хэмжээний цус гарчихсан, ариун цэврийн өрөө рүү тэр хоёр орсон. Удалгүй араас нь хамт ажилладаг У эхнэр Солонготой орж ирээд шууд Тогосоог Солонгоо үсдээд харилцан үсдэлцээд байж байхад У араас нь Тогосоог татсан ба тэр үед Солонгоо Тогосоогийн нүүр хэсэгт нь гараараа цохиод авсан ба тэр үед хүмүүс тэд нарыг салгаж авсан юм.” гэх /хх-20/,

гэрч Б.-ын өгсөн “...Тэр үед нь би очоод У гэх залуугийн эхнэр Солонготой нөхрөө өмөөрч маргалдсан ба хажуугаас У над руу дунд хуруугаа гаргахад манай нөхөр Утай харилцан зодолдож эхэлсэн.” гэх /хх-22/,

гэрч Ц.С-ын өгсөн “...нөхрийгөө харсан чинь нүд, ам нь хөхөрч, улайсан, хоолой нь мөн адил улайсан байсан. Тэгээд би нөхрөөсөө “юунаас болоод маргалдаж зодолдсон юм бэ?” гэхэд манай нөхөр “Б маск зүүгээгүй шалтгаанаар шалтаглаж зодсон” гэхээр нь би Бтэй уулзах гээд өрөөнд ороод юу болсон талаар асуухад “нөхрөөсөө асуухгүй юу” гээд байхаар нь “хүний олон хүнээ барихгүй шүү” гээд өрөө рүүгээ орсон. ...хоорондоо зодолдоод эхэлсэн бөгөөд би Бүрэнтогосоос салаад нөхрүүдээ салгая гээд очиход Сэдэд эгч дэлгүүрээс гарч ирээд зодооныг зогсоосон юм. ...манай нөхөр Бтэй харилцан зодолдоод хоёулангийнх нь хамар амнаас цус гарчихсан байдалтай байсан.” гэх /хх-26/,

С.Б ийн яллагдагчаар өгсөн “...Харилцан зодолдож байхад У миний хамар луу хүчтэй цохьсон бөгөөд өөрөөр толгой хэсэг рүү олон удаа гараараа мөн цохиж байсан ба миний хамарнаас их хэмжээний цус гарч эхэлсэн тул би түүнээс салсан. Би зодолдож байхдаа Уын толгой хэсэг буюу түүний нүүр хэсэг рүү гараараа 4-5 удаа цохьсон.” гэх /хх-62/,

Э.У ын яллагдагчаар өгсөн “Би өмнө гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа, өмнөх мэдүүлэг дээрээ надад ярих зүйл алга.” гэх /хх-69/ мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11583 дугаар дүгнэлт /хх-28, 29/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12001 дугаар дүгнэлт /хх-33, 34/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.У, С.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.У, С.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, шүүгдэгч С.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Б нь өөрт учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлбөр байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Э.У нь өөрт учирсан гэм хорын хохиролд нийт 405.950 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг гарган өгсөн /хх-50/ байх ба шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид 405.950 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар /хх-79/ тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч С.Б, Э.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг С.Б, Э.У нар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүгдэгч С.Б, Э.У нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч С.Б, Э.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар С.Б, Э.У нарын хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлого олох боломжийг харгалзан тэд нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч С.Б, Э.У нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүгдэгч С.Б, Э.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Э.У, Сартуул овогт С.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Э.У нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Э.У нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б, Э.У нар нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Б, Э.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОДОНТУУЛ