Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар   2022/ШЦТ/508

 

 

 

 

 

 

 

 

 

2022          4         05                                         2022/ШЦТ/508

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,  

улсын яллагч Н.Өнөрбаяр,

иргэдийн төлөөлөгч М.Отгончимэг,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан А.С-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00280 0320 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, “.............. ” ХХК-д харуулын албан хаагч ажилтай, ам бүл 1, , урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, А.С .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.С нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод хохирогч Х.М-тай  үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хэвлий хэсэгт хутгаар хутгалж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, элэгний IV сигмент, цөсний хүүдий, чацархайн гэмтэл, хэвлийн цус хуралт бүхий гэмтэл учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг буюу хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв. 

             Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10/,

- Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр таних ах Баттөмөрийн гэрт 11 цагийн орчим ороход Баттөр ах, дүү Пүрэвдоржийн хамт гэрт байсан. Би Баттөр ахын гэрт 0.752 граммын 1 шил виски авч ороод хувааж уугаад 3/1 орчмыг уугаад дуусаж байтал Баттөр ахын гэрт амьдардаг Сүхбаатар орж ирсэн. Би А.Ст вискинээс 1-2 хундага өгсөн. А.С гэрт орж ирэхээс өмнө Пүрэвдорж бид нарт “энэ орчны залуучуудтай архи уугаад хэцүү байна” гэж хэлсэн. Тэгээд А.С гэрт орж ирэхэд нь “та өөр газар амьдрах юм уу, хүнд хүндрэл учруулаад байна уу” гэж хэлсэн. Тэгээд сууж байтал нойл орохоор гарахаар гэрийн үүд хэсэгт очоод эргэж хартал А.С миний хэвлий хэсэгт хутгаар 1 удаа хутгалаад хутгаа буцаагаад сугалж авсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Гэрч Л.Баттөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд виски ууж байхад Сүхээ, Н 2 хоорондоо маргалдсан. Яг юунаас болж маргалдсаныг хэлж мэдэхгүй байна. Тэгтэл яахын зуургүй Сүхээ хар иштэй хутгаар Нгийн цээж рүү хутгалчихсан. Би үүний дараа Н дээр очоод цээжийг нь бариад үзэхэд цус гараад хөлс нь гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Гэрч Б.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А.С ах гэрийн баруун урд талд ундааны саванд шээх гээд зогссон ба тухайн үед М, Сүхбаатар ахад хандаж “чи миний дүүгийн гэрт яагаад шээх гээд байгаа юм бэ, хөл гартай биздээ” гэж хэлэхэд Сүхбаатар гадагш гарч бие засаж орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууж байгаад гэнэт босож ирээд орны хойд талд байсан модон ширээний доор байсан хар иштэй хутгаар хэвлий орчимд нь 1 удаа хутгалсан. Тэгээд аав Баттөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1821 дүгээр:

1. Х.Мын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, элэгний IV сигмент, цөсөнд хүүдий, чацархайн гэмтэл, хэвлийн цус хуралт гэмтэл учирчээ.

2. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэндийн ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/,

- Х.Мын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан өвчний түүх /хх-ийн 43-54/,

- Яллагдагч А.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би гэртээ буцаж ороход М надад хандаж “юу байна” гэж асуухад нь би “48 цагийн хугацаагаар харуулаар ажиллаж байгаад ирлээ, одоо унтаж амаръя” гэж хэлэхэд “чи юу хийсэн гэж унтаж амрах гээд байгаа юм бэ?” гэж хэлээд хундаганд виски хийгээд надад өгсөн. Тэгээд би 2 хундага виски уусан. Тухайн үед нойр дутуу байсан тул их амархан согтсон. Тэгээд хувцасаа тайлаад унтах гээд гэрийн баруун талын орон дээр хэвтэж байтал М “чи яах гэж унтах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би гадагш гарч бие засаад буцаж гэрт орж ирсэн. Тухайн үед Баттөр гаднаас надтай цуг орж ирсэн бөгөөд М намайг дээрэлхсэн байдалтай хэл амаар доромжлоод байсан. Гэхдээ яг юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгээд би орон дээрээ хэвтэж байтал М “чи юу хийсэн гэж хэвтээд байгаа юм бэ? бос” гэж хэлсэн. Тэгээд уур хүрээд босож ирээд орны хажуу талд байсан жижиг модон ширээн дээр байсан хар иштэй талх зүсэж байсан хутгыг аваад Мын хэвлий орчимд нь 1 удаа хутгалсан. Тэгээд би буцаад орон дээрээ суусан. Түүнээс хойш юу болсныг нь санахгүй байна. Нэг сэрэхэд цагдаагийн алба хаагчид ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

- Х.Мын хохирлын баримтууд /хх-ийн 68-69/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч цагдаагийн ахмад Б.Тэнүүний 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1220 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-86/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.С нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн .............................. тоотод хохирогч Х.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хэвлий хэсэгт хутгаар хутгалж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, элэгний IV сигмент, цөсний хүүдий, чацархайн гэмтэл, хэвлийн цус хуралт бүхий гэмтэл учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг буюу хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10/,

- Хохирогч Х.Ммөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр таних ах Баттөмөрийн гэрт 11 цагийн орчим ороход Баттөр ах, дүү Пүрэвдоржийн хамт гэрт байсан. Би Баттөр ахын гэрт 0.752 граммын 1 шил виски авч ороод хувааж уугаад 3/1 орчмыг уугаад дуусаж байтал Баттөр ахын гэрт амьдардаг Сүхбаатар орж ирсэн. Би А.Ст вискинээс 1-2 хундага өгсөн. А.С гэрт орж ирэхээс өмнө Пүрэвдорж бид нарт “энэ орчны залуучуудтай архи уугаад хэцүү байна” гэж хэлсэн. Тэгээд А.С гэрт орж ирэхэд нь “та өөр газар амьдрах юм уу, хүнд хүндрэл учруулаад байна уу” гэж хэлсэн. Тэгээд сууж байтал нойл орохоор гарахаар гэрийн үүд хэсэгт очоод эргэж хартал А.С миний хэвлий хэсэгт хутгаар 1 удаа хутгалаад хутгаа буцаагаад сугалж авсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Гэрч Л.Баттөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд виски ууж байхад Сүхээ, Н 2 хоорондоо маргалдсан. Яг юунаас болж маргалдсныг хэлж мэдэхгүй байна. Тэгтэл яахын зуургүй Сүхээ хар иштэй хутгаар Нгийн цээж рүү хутгалчихсан. Би үүний дараа Н дээр очоод цээжийг нь бариад үзэхэд цус гараад хөлс нь гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Гэрч Б.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.С ах гэрийн баруун урд талд ундааны саванд шээх гээд зогссон ба тухайн үед М, Сүхбаатар ахад хандаж “чи миний дүүгийн гэрт яагаад шээх гээд байгаа юм бэ, хөл гартай биздээ” гэж хэлэхэд Сүхбаатар гадагш гарч бие засаж орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууж байгаад гэнэт босож ирээд орны хойд талд байсан модон ширээний доор байсан хар иштэй хутгаар хэвлий орчимд нь 1 удаа хутгалсан. Тэгээд аав Баттөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1821 дүгээр дүгнэлт /хх-ийн 40-41/,

- Яллагдагч А.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... би орон дээрээ хэвтэж байтал М “чи юу хийсэн гэж хэвтээд байгаа юм бэ? бос” гэж хэлсэн. Тэгээд уур хүрээд босож ирээд орны хажуу талд байсан жижиг модон ширээн дээр байсан хар иштэй талх зүсэж байсан хутгыг аваад Мын хэвлий орчимд нь 1 удаа хутгалсан. Тэгээд би буцаад орон дээрээ суусан. Түүнээс хойш юу болсныг нь санахгүй байна. Нэг сэрэхэд цагдаагийн алба хаагчид ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч цагдаагийн ахмад Б.Тэнүүний 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1220 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-86/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.С зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: А.С нь гэм буруутай байна гэж дүгнэсэн болно.

             Шүүгдэгч А.Ст прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Хохирогч Х.М баримтаар 338.063 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь 340.000 төгрөг төлсөн байна. Хохирогч Х.Мнь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Ст ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх , хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 338.063 төгрөгийг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад заасныг журамлан түүнд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн jack daniels гэсэн бичиглэл бүхий вискиний шил 1 ширхэг, нийт урт 26 см, ажлын хэсэг 14 см, ажлын хэсгийн өргөн 2.3 см, үзүүр хэсгийн өргөн 1.5 см, ажлын хэсгийн үзүүр талаас 7 см зайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.С-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд  хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар А.Ст 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ст оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хохирогч Х.М нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн jack daniels гэсэн бичиглэл бүхий вискиний шил 1 ширхэг, нийт урт 26 см, ажлын хэсэг 14 см, ажлын хэсгийн өргөн 2.3 см, үзүүр хэсгийн өргөн 1.5 см, ажлын хэсгийн үзүүр талаас 7 см зайд цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, А.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХТУЯА

                                                ШҮҮГЧ                                   Ц.МӨНХТУЛГА

                                                ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР