Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт Мягмарсүрэнгийн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, Өвөрхангай аймаг Уянга суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Малчин, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Эмгэд гэх газар оршин суух хаягтай, одоо түр оршин сууж байгаа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Дайчин гэх газар амьдардаг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тайж овогт Мягмарсүрэнгийн Баярмаа /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвин” худалдааны төвийн лангуун дээр иргэн Л.Хорлоогийн мартаж явсан буюу гээгдүүлсэн “Оппо А-5” маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.  

       

       Хохирогч Л.Хорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа тараад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнс барааны захын арын “Арвин” худалдааны төв рүү 18:25 цагийн орчимд ороод кофе, чихэр аваад виза картгүй явсан тул мобайл банкаар гүйлгээ хийгээд гар утсаа кассан дээр мартаад гарсан байсан. Тэгээд гарч явж байгаад гар утсаа санаад буцаад орсон чинь миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40 дүгээр хуудас/,    

 

            Гэрч О.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Арвин худалдааны төвд” ОППО маркийн гар утсаа гээсэн гэсэн дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж ажилласан. ...Арвин худалдааны төвийн камерыг шүүж тус бичлэгийг хуулбарлан авах гэсэн боловч флашны оролт эвдэрсэн DVD дискинд хуулбарлан авах гэсэн боловч уншигч байхгүй байсан тул өөрийн iphone маркийн гар утсанд тухайн хэргийн бичлэгийг хуулбарлан авсан юм. Би камерын бичлэгийг шүүж үзэхэд хохирогч Л.Хорлоо нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 18:30 цагийн үед Арвин худалдааны төвд үйлчлүүлж байгаад өөрийн эзэмшлийн гар утсаа лангуун дээр үлдээгээд дэлгүүрээс гарсан. Түүний араас үйлчлүүлж байсан 3 эмэгтэй байсан. Түүнээс хөх саарал өнгийн масктай эмэгтэй тухайн гээсэн гэх утсыг аваад өөрийн авч хайрцагласан эд зүйл дээр хийгээд аваад гарч байгаа үйл явдал дүрслэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

       Насанд хүрээгүй гэрч Э.Дэлгэр-Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Намайг хичээлтэй байхад манай төрсөн эх Баярмаа Өвөрхангай аймагт ирээд “Арвин” нэртэй худалдааны төвөөс ОППО маркийн гар утас олсон гэж байсан. Тэгээд хөдөө яваад өгсөн. Дараа нь миний барьж байсан утасны дэлгэц хагарсан байсан. Тэр үед би өөрийн 8031-0217 дугаарыг хийгээд 20 орчим хоног барьж байсан. Тэгээд дараа нь ээждээ буцаагаад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

       Үүрэн телефоны оператор Юнител ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2531 дугаартай лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

       2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр *******гаас ОППО А-5 маркийн гар утас /ЙА78121409/ дугаартай Л.Хорлоо гэсэн иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

 

       2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

 

       2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

 

       Хөрөнгө үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/11 дугаартай “ ...1 ширхэг ОППО А-5 маркийн гар утсыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 380.000 төгрөг гэж дүгнэж байна” гэх тайлан /хх-ийн 49-53 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 99 дугаартай тодорхойлолт /хх-ийн 77, 78 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвин” худалдааны төвийн лангуун дээр иргэн Л.Хорлоогийн гээгдүүлсэн “Оппо А-5” маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 380.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Тайж овогт Мягмарсүрэнгийн Баярмааг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

        Хохирогч Л.Хорлоогийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа тараад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнс барааны захын арын “Арвин” худалдааны төв рүү 18:25 цагийн орчимд ороод кофе, чихэр аваад виза картгүй явсан тул мобайл банкаар гүйлгээ хийгээд гар утсаа кассан дээр мартаад гарсан байсан. Тэгээд гарч явж байгаад гар утсаа санаад буцаад орсон чинь миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрч О.Энхтөрийн “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Арвин худалдааны төвд” ОППО маркийн гар утсаа гээсэн гэсэн дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж ажилласан. ...Би камерын бичлэгийг шүүж үзэхэд хохирогч Л.Хорлоо нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 18:30 цагийн үед Арвин худалдааны төвд үйлчлүүлж байгаад өөрийн эзэмшлийн гар утсаа лангуун дээр үлдээгээд дэлгүүрээс гарсан. Түүний араас үйлчлүүлж байсан 3 эмэгтэй байсан. Түүнээс хөх саарал өнгийн масктай эмэгтэй тухайн гээсэн гэх утсыг аваад өөрийн авч хайрцагласан эд зүйл дээр хийгээд аваад гарч байгаа үйл явдал дүрслэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Дэлгэр-Оюуны “...Би 2022 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Намайг хичээлтэй байхад манай төрсөн эх Баярмаа Өвөрхангай аймагт ирээд “Арвин” нэртэй худалдааны төвөөс ОППО маркийн гар утас олсон гэж байсан. Тэгээд хөдөө яваад өгсөн. Дараа нь миний барьж байсан утасны дэлгэц хагарсан байсан. Тэр үед би өөрийн 8031-0217 дугаарыг хийгээд 20 орчим хоног барьж байсан. Тэгээд дараа нь ээждээ буцаагаад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, үүрэн телефоны оператор Юнител ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2531 дугаартай лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр *******гаас ОППО А-5 маркийн гар утас /ЙА78121409/ дугаартай Л.Хорлоо гэсэн иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас/, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,  2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-33 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлгээний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/11 дугаартай “ ...1 ширхэг ОППО А-5 маркийн гар утсыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 380.000 төгрөг гэж дүгнэж байна” гэх тайлан /хх-ийн 49-53 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд “... Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвин” худалдааны төвийн лангуун дээр иргэн Л.Хорлоогийн мартаж явсан буюу гээгдүүлсэн “Оппо А-5” маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Л.Хорлоогийн мэдүүлэг, гэрч О.Энхтөрийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Дэлгэр-Оюуны мэдүүлэг, үүрэн телефоны Юнител ХХК-ийн 2531 дугаартай лавлагаа, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний 01/11 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар сарын 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Хохирогч Л.Хорлоо нь гэмт хэргийн улмаас алдсан эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан тул гомдол, саналгүй гэсэн. Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг Баярмааг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

   

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Л.Хорлоогийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгч *******, хохирогч Л.Хорлоо нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Хорлоо нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Тайж овогт Мягмарсүрэнгийн Баярмааг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогт Мягмарсүрэнгийн Баярмааг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэг ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.МАНДАХБАЯР