| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2016/0061/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2016-08-29 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 58
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч М.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нямсүрэн, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000135 дугаартай шүүгдэгч ******* овогт *******ы *******д холбогдох 153/2016/0061/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн 2000 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Эрэгтэй, 16 нас 6 сар 15 хоногтой, яс үндэс- мянгад, бүрэн бус дунд боловсролтой, Политехникийн коллежийн 1-р курсийн оюутан, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ы *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /
Насанд хүрээгүй шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр болгоомжгүйгээр иргэн Т.*******гийн толгойн тус газар цохисны улмаас Т.******* нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******: 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад хохирогч болох Т.******* Зайсан гарий гээд дуудсан. Тэгээд би аавдаа хэлчхээд Зайсан орчоод эргэж ирэх замдаа Т.******* хар төмөр олж аваад тоглож байсан. Тэгээд тэр төмрөө замын хажуу тал руу шидчихсэн. Тэгээд би тэр төмрийг авахад тэр энд байгаа хөөсөнцрийг цавчдаа гэсэн. Цавчих гээд тэгсэн чинь миний гарны алганаас алдагдаж Т.*******гийн нүднийх нь тэр хавьд оночихсон. Тэгээд би эмнэлэг дуудаад аав руу залгасан. Тэгээд эмнэлэгт хүргэсэн тэрнээс хойш сайн мэдэхгүй байгаа. Би санамсаргүй болгоомжгүй үйлдлээсээ болж найзынхаа амь насыг хохироосонд харамсаж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нямсүрэн: Надад одоо гомдол санал байхгүй. Хоёр хүүхэд тоглож байгаад тэгсэн байх гэж бодож байна. Энэ хүүхдийг сургуульдаа яваасай гэж бодож байна гэв.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт болсон байв. Цагаан өнгийн 20х30 см хэмжээтэй хөөсөнцөр хавтангийн тасархай, хар бор өнгийн нарийн арматурын төмрийг 2-ийн тоогоор тэмдэглэв. /хх 3-5 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.*******ын: “ ... хүү ******* байхгүй болохоор нь 21 цаг 30 минутын үед байх гэр утас руу нь залгахад эмнэлэг дээр ухаангүй байна гэхээр нь ээжтэй нь хамт очсон. Утсыг нь тухайн үед явсан хүүхдийнх нь аав ******* аваад надад хэлж ярьсан юм. Эмнэлэг дээр ирэхэд хүү ******* ухаангүй томоо графикт оруулна гээд эмчилгээ хийж байсан... хүүхдийн биеийн байдал маш хүнд огихоос өөр хөдөлгөөн хийхгүй байсан... тухайн үед болсон асуудал санамсаргүй болгоомжгүй болсон 2 хүүхэд багаасаа найзалсан найзууд байгаа. Бид нарын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 34-35 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.*******: “... 2016 оны 06 дугаар сарын 11-ний 21 цаг 20 минутын үед над руу төмөр зоочихлоо гэсэн дуудлагын дагуу ******* бензин колонкийн дээхэн талд засал замын хажуу очиход ухаанүй, бөөлжсөн хамт явсан дуудлага өгсөн хүүхэд нь ард нь түшээд зогсож байсан гэх мэдүүлэг /хх 36 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******ы: “... 2016 оны 06 сарын 11-ний шөнө 22 цаг 40 минутын үед дуудагдаж ирээд хүүхдийг үзэхэд биеийн байдал нь ухаангүй, бөөлжсөн, үе үе эмх замбараагүй хөдөлгөөн хийсэн байдалтай байсан... тархины эд дотор цус хуралтай оноштойгоор эмчилгээ хийгдэж байсан гэх мэдүүлэг /хх 37 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.гийн: “... тархины эд эсийн нягтрал, гэмтлийн гаралтай тархины эдийн нягтрал, гэмтлийн гаралтай тархины баруун талдаа хүнд цус харвалт, гүнзгий комын байдалтай, зохиомол амьсгалын аппараттай, зүрх судасны хурц дутагдалтай гэсэн оноштой эмчлүүлж байсан гэх мэдүүлэг /хх 38 х/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******ы: “... ******* хашааны дээгүүр Амараа Амараа гээд дуудсан. ******* уулзчихаад буцаж ирээд аав би *******тай Зайсан гарчхаад ирий гэхээр нь миний хүү удалгүй ирээрэй гэж хэлэхэд, за гэж хэлээд гэр лүүгээ орсон гэх мэдүүлэг /хх 41-42 х/
Шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 256 дугаартай: “...Т.*******гийн биед гэмтэл учирсан байна. Т.*******гийн биед тархины баруун тал бөмбөлгийн гадна бүрхүүл болон арын лимбийн түвшинд 3.2х2.3 см цус харвалт, баруун талын дух болон чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээр 8.9х0.9 ёс цус хуралт, баруун дагзны дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар шанаанд шарх, зүүн багалга мөрний орчим жижиг зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Т.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Т.*******гийн биед үүссэн дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-д ... тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархин ы дунд зэргийн няцралын улмаас амь тэнсэн байдал илэрвэл нээ ангилалд хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хохирогч Т.******* нь тархины гэмтлийн улмаас нас барсан. Т.*******гийн гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх дүгнэлт /хх 49-50, 61-62 х/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр болгоомжгүйгээр иргэн Т.*******гийн толгойн тус газар цохисны улмаас Т.******* нас барсан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч М.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон /нас барсан/ боловч шүүгдэгч нь хүнийг санаатай алах субъектив санаа зорилго агуулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Нямсүрэн нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5 х/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.******* /хх 34-35 х/, Л.******* /хх 36 х/, Б.******* /хх 37 х/, С. /хх 38 х/, Б.*******ы /хх 41-42 х/, шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 256 дугаартай дүгнэлтээр /хх 49-50, 61-62 х/ тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.7, 55.1.9, 55.1.10-д зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов. Мөн шүүгдэгч М.******* нь 16 нас 4 сар 3 хоногтойдоо гэмт хэрэг үйлдсэн нь болох нь улсын бүртгэгч Б.Эрдэнэбулганы тодорхойлолт хх-108х, нас тоолсон тухай тэмдэглэл хх-110х, хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг болон бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулах ялыг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар шүүгдэгч М.*******гийн ажил, сургуульд орох, ажлын газар, сургуулиа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг түүний эцэг Б.*******д хариуцуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй хохирогч Г.Нямсүрэн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн арматурын төмөр 1 ширхэг, СД 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч М.*******гийн “Сони” маркийн 32 инчийн LCD зурагт 1 ширхэг, Huabao маркийн хөлдөөгч 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295, 296 , 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч М.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар шүүгдэгч М.*******гийн ажил, сургуульд орох, ажлын газар, сургуулиа өөрчилсөн тухайгаа оршин суугаа газрынхаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг даалгаж, түүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Б.*******д хариуцуулсугай.
6. Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй хохирогч Г.Нямсүрэн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн арматурын төмөр 1 ширхэг, СД 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устагсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч М.*******д байгаа хөрөнгө болох Сони маркийн 32 инчийн LCD зурагт 1 ширхэг, Huabao маркийн хөлдөөгч 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС