Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0442

 

Г.Мийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Нэхэмжлэгч: Г.М

Хариуцагч: УБЕГ, УБЕГ улсын байцаагч Д.Ч

Гуравдагч этгээд: Л.С, Л.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 675 дугаар дүгнэлт, Ү-2202005785 дугаартай 32 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр Л.Сыг бүртгэсэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, улсын бүртгэлийн Ү-2202005785 дугаартай 32 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр Л.Быг бүртгэсэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0361 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0444/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.М нь УБЕГ, УБЕГ улсын байцаагч Д.Чд тус тус холбогдуулан “Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 675 дугаар дүгнэлт, Ү-2202005785 дугаартай 32 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр Л.Сыг бүртгэсэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, улсын бүртгэлийн Ү-2202005785 дугаартай 32 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр Л.Быг бүртгэсэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0361 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг баримтлан Г.Мийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “1.ЗХШХШТХ-ийн 1.1-д заагдсан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Г.М нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдээр оролцож буй Л.Б нь 20 жил ханилсан гэр бүлийн баталгаатай эхнэр Г.Мийг өөрийн өмчлөлийн маргаан бүхий байрны хамтран өмчлөгчөөр нэмсэн хэлцэл нь Иргэний хуульд нийцсэн түүний хүсэл зоригийн илэрхийлэл мөн. Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2021.08.02-ны өдөр нотариатч Д.Д-д холбогдуулан Нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлдээ “...хамтран өмчлөгч нэмэхгүй гэсэн болзол тавьж надад шилжүүлсэн атал би дүү нарынхаа итгэлийг алдаж 2017.08.21-ний өдөр Г.Мийг орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмсэн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн" хэмээн 20 жил ханилсан, гэр бүлийн баталгаатай эхнэр Г.Мийг хамтран өмчлөгчөөр нэмсэн хүсэл зоригийн илэрхийллээ эхний удаа зөвшөөрсөн байдаг. Улмаар "...Ингэхдээ миний гарын үсгийг хуурамчаар зурж, нотариатын байранд очилгүй, хууль бусаар гэрээг гэрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэ тухай миний дүү нар мэдээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж өөрийн хамтран өмчлөгчөөр нэмэх хэлцэл дээрх гарын үсгээ үгүйсгэх боловч эхнэрээ хамтран өмчлөгчөөр нэмсэн болохоо хоёр дахь удаагаа зөвшөөрсөн байдаг. Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхээс 2023.11.22-ны өдөр Дугаар 28 /Ш32023/9571 дугаартай Хусалт хэрэгсэхгүй болгож шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" захирамж гарч Орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмэх хэлцэлд Л.Б Г.М нарын зурсан гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон. Шүүх шинжилгээний Ерөнхий газраас 2024.03.22-ны өдөр 412 тоот шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд ДҮГНЭЛТ-ийн 2-д "Дээрх баримтын зүүн доод хэсэгт Л.Б гэсний доор зурагдсан гарын үсэг, гарын үсгийн тайлал нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Бын гэх гарын үсэг, бичгийн хэвүүдийн загваруудтай тохирч байна" гэж үзсэнийг Л.Б, түүний төлөөлөгч А нар маргаагүй нь гуравдах удаагаа хүлээн зөвшөөрсөн хэлбэр юм. Энэ нь Г.Мийг Орон сууцны хамтран өмчлөгчөөр Л. Бямбажав нь өөрөө хүсэж, хүлээн зөвшөөрч нэмсэн 2017.09.06-ны улсын бүртгэл хуульд нийцсэн, Улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.4-д заагдсан "үнэн зөв байх" зарчимд нийцэж хийгдсэн байтал шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

3.1. Л.Б нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотариатч Д.Д-д холбогдуулан "Орон сууцны хамтран өмчлөгч нэмж оруулах" нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж 2021.12.06-ны өдөр Дугаар 102/ШШ2021/03232 дугаартай Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамж гаргасан. Энэхүү БГД-ийн ИХАШШүүхийн 03232 дугаартай шүүгчийн захирамжид албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас олгогдоогүй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй. Тийм ч учраас Г.М Ү-222005785 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар хадгалж байсан болно.

3.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кулдана өөрийн хуульд нийцээгүй, эрх нь хөндөгдөж болзошгүй Г.Мийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй 2021.12.06-ны өдөр Дугаар 102/ШШ2021/03232 дугаартай "Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамжаа Г.Мийн хүсэлтээр хянаад 2022.01.31-ний өдөр Дугаар 102/132022/02075 тоот "Захирамж хүчингүй болгох тухай" захирамж түүний бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан 2022.03.04-ний өдрийн Дугаар 102/Ш32022/04022 захирамж гаргасан. Энэхүү 02075 тоот захирамж гарснаар Улсын байцаагчийн 2022.01.24-ны өдрийн 675 тоот дүгнэлт, түүнийг үндэслэн гарсан Л.Бын 2022.02.10-өдрийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2022.02.16-ны өдөр олгогдсон 000954246 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээ, 2022.02.28-ны өдрийн Л.Сын бүртгэл хүчингүй болох учиртай байтал анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

3.3. Улсын байцаагчийн 2022.01.24-ны өдрийн 675 тоот "Эрхийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт"-ийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэхүү дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дараа буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022.01.31-ний өдөр Дугаар 102/Ш32022/02075 тоот "Захирамж хүчингүй болгох тухай" шийдвэр гарсан тул энэхүү 675 тоот дүгнэлт өөрөө хүчингүй болох ёстой байсан. Мөн улсын байцаагч Чинтулга нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд Орон сууцны хамтран өмчлөгч нэмж оруулах нотариатын үйлдэлд гарын үсэг зурсан Л.Б, Г.Мийн гарын үсгийг шинжээч томилж, шинжлүүлж болох байтал энэхүү ажиллагааг хийгээгүй. Г.Мээс энэ талаар тодруулаагүйгээр улсын бүртгэлийг хүчингүй болгосон байгаа нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024.03.22-ны өдөр 412 тоот шинжээчийн дүгнэлтийн ДҮГНЭЛТ-ийн 2-д "Дээрх баримтын зүүн доод хэсэгт Л Бямбажав гэсний доор зурагдсан гарын үсэг, гарын үсгийн тайлал нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Бын гэх гарын үсэг, бичгийн хэвүүдийн загваруудтай тохирч байна" гэж үзсэн дүгнэлтээс зөрж учир 675 тоот дүгнэлт нь өөрөө шударга ёсны зарчим, улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын үүднээс хүчингүй болох учиртай байтал шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

3.4. Л.Б, түүний төлөөлөгч А нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.31-ний өдөр Дугаар 102/ШЗ2022/02075 тоот “Захирамж хүчингүй болгох тухай" захирамж гарсныг эс зөвшөөрч, гомдол гаргасныг тус шүүхийн бүрэлдэхүүнтэй шүүгч нар 2022.03.04-ны өдөр хянаад Дугаар 102/ШТ2022/00123 тоот тогтоол гаргаж 02075 тоот захирамж хуульд нийцсэн болохыг тогтоож өгсөн. Гэтэл Л.Б нь өөрийн төлөөлөгч Аын заавраар хууль зөрчиж 2022.01.31-ний өдрийн Дугаар 102/ШЗ2022/02075 тоот "Захирамж хүчингүй болгох тухай Ж.Кулдана шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр болсныг мэдсээр байж, Баянголын Иргэний шүүхээр маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад 2022.02.21-ний өдрийн Л.Ст маргаан бүхий байрыг шилжүүлсэн нь шударга бус, увайгүй, өөдгүй, санаатайгаар 20 жил ханилсан гэр бүлийн баталгаатай эхнэр Г.Мийг хохироосон, орох оронгүй үлдээсэн сэтгэлгүй үйлдэл. Энэ ч утгаараа Л.Сыг бүртгэсэн 2022.02.28-ны өдрийн бүртгэл хүчингүй болох учиртай байтал анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

3.5. 3ХШХШТХ-ийн 34.4-д заагдсанаар шүүхээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотолдоггүй зарчимтай. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Бт холбогдуулан гаргасан Л.Дуламжав, Д.Б. Д.БЗ нарын 2020.02.08-ны өдрийн нэхэмжлэл. 2021 03.15-ны өдрийн Л Бямбажавын хариу тайлбар, 2021.03.17-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2021.03.17-ны өдрийн 182/ШШ2021/00644 тоот шүүхийн шийдвэр нотлох баримтаар ирсэн бөгөөд Л.Б нь эхнэр Г.Мийг байрны хамтран өмчлөгчөөр нэмсэн болохоо ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН байгаа нь улсын бүртгэл хүчингүй болох нэг үндэслэл байтал анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

3.6. Хэрэв улсын бүртгэлийн буруутай үйлдэл эс үйлдэхүй алга байна гэж шүүх үзлээ гэхэд өмчлөгч нарын 2017.09.06-ны өдрийн "Орон сууцны хамтран өмчлөгч нэмж оруулах" нотариатын үйлдлийг үндэслэн Г.Мийг бүртгэсэн бүртгэл хуульд нийцсэн, харин түүнээс хойш хийгдсэн Л.Бын нэр дээр өмчлөлийг сэргээсэн 2022.02.16-ны өдрийн өмчлөгчийг бүртгэсэн бүртгэл, 2022.02.28-ны өдрийн Сүрэнжавыг бүртгэсэн бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.7 “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн зарчмыг тул хүчингүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагад хэн нэгэн иргэн Л.Б, түүний төлөөлөгч А нар/ аливаа хууль бус үйлдлээ хаацайлан санаатайгаар Г.Мийг хохироох сэдэлтэйгээр хийгдсэн бүртгэл хүчингүй болох ёстой, энэ нь шударга ёсонд нийцсэн гэж үзэж байна.

3.7. Улсын хяналын байцаагч Чинтулгын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зөвшөөрлийг баталсан 03232 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Г.М гомдол гаргаад явж байхдаа Ү-222005785 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар хадгалж байсан бөгөөд энэхүү эх гэрчилгээг шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулан авах боломжтой байсан эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Учир нь энэхүү эх гэрчилгээг хураан авах, эсхүл устсан бол УБЕГ-ын дарга буюу Улсын ерөнхий байцаагч тушаал гаргаж хүчингүй болгох ёстой байна. Гэтэл Г.М гэдэг хүнд үл хөдлөхийн эх гэрчилгээ байсаар байтал, Л.Б нь "эхнэр Г.Мт байгаа" гэсээр байхад Л.Бт шинээр гэрчилгээ олгосон нь хууль ёсны өмчлөгч Г.Мийн эрхийг дордуулж холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн Дугаар 128/ШШ2024/0361 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Анх иргэн Л.Дуламжав, Д.Б, Д.БЗ нарын хамтран өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 1 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005785 дугаартай, 32 м.кв 2 өрөө байрыг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-ээр гуравдагч этгээд Л.Бд шилжүүлэхээр болжээ.

2.2. Улсын бүртгэлийн байгууллага дээрх гэрээг үндэслэн Л.Бын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийн дагуу түүнийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, 000529422 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг үндэслэн нэхэмжлэгч Г.Мийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлгийн дагуу Л.Б, Г.М нарыг өмчлөгчөөр бүртгэж, 000529497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

2.3. Үүний дараа гуравдагч этгээд Л.Баас нотариатч Д.Д-д холбогдуулан “2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн 858 дугаар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/03232 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 675 дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005785 дугаартай бүртгэлд хамтран өмчлөгчийг нэмж оруулсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосноор Л.Бт 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 000954246 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

Мөн Л.Б, Л.С нарын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ”-г үндэслэн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Л.Сд шилжүүлж, түүнд 000954260 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримтууд тогтоогджээ.

2.4. Гэтэл нэхэмжлэгч Г.Мийн хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгэр сарын 31-ний өдрийн 2075 дугаар захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/03232 дугаар захирамжийг хүчингүй болгосон тул улсын байцаагч Ж.Чиймаагийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3426 дугаар дүгнэлтээр маргаан бүхий улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 675 дугаар дүгнэлт болон эрхийн бүртгэлийн Ү-2202005785 дугаар бүртгэлийг тус тус түдгэлзүүлсэн байна.

Улмаар Л.Бын нэхэмжлэлтэй, нотариатч Д.Д-д холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02018 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн тойргийн №04 тоот тамганы дугаартай Д.Д-ийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн 858 бүртгэлийн дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрт Г.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 733 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсанаар дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг” гээд 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.1-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа”, 29.1.2-т “Иргэний хуулийн 185.4-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийгдэх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироох нөхцөл үүсгэхээр байгаа, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн зөвшөөрлийг аваагүй”, 29.1.3-д “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн”, 29.1.4-д “цахим хэлбэрээр мэдүүлэг гаргагч гарын үсгээ Цахим гарын үсгийн тухай хуульд зааснаар баталгаажуулаагүй”, 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа”, 29.1.6-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж тус тус заасан.

3.1. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл улсын бүртгэгч нь хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтуудыг хүлээн авч хянаад баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол бүртгэхээс татгалзах эрхийг зохицуулсан бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Л.Быг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Л.Сыг мөн орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл болон уг бүртгэлүүд хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

3.2. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн тойргийн №04 тоот тамганы дугаартай Д.Д-ийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн 858 бүртгэлийн дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02018 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005785 дугаартай бүртгэлд хамтран өмчлөгчөөр Г.Мийг нэмж оруулсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 675 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “Л.Сын бүртгэл хүчингүй болгох учиртай байсан ... 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, 182/ШШ2021/00644 дүгээр шийдвэрт Л.Б нь эхнэр Г.Мийг байрны хамтран өмчлөгчөөр нэмсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байхад ... Г.Мт байрны гэрчилгээ байсаар байхад Л.Бд дахин гэрчилгээ олгосон нь Г.Мийн эрхийг дордуулж, холбогдох хуулийг зөрчсөн байхад анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.1-д “анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн”, 121.3.2-т “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн”, 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.5-д “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй”, 121.3.6-д “шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус заасан.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0361 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ