Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 13

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар багийн иргэн Ж.Т-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн СХАА улсын ахлах байцаагч Д.О, улсын байцаагч Б.Ч нарт холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “............ тухай” ........... тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т, хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Д.О, тус албаны улсын байцаагч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 8 дугаар сарын 10-аас 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болно.

            Гэтэл Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Э-ийн гаргасан хууль бус шийдвэрийн улмаас тус Тамгын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн А.Ч, С.Б, Х.Э, Д.А, У.Б, Б.М, Ж.Б, Д.У нарын хохирлыг барагдуулахад төсвөөс зарцуулсан мөнгөн дүнгийн тодорхой хувь буюу 8.317.244 төгрөгийг Ж.Таар төлүүлэхээр тогтоосон байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан. Мөн 103.2, 103.3 дахь хэсэгт “гэм буруутай албан тушаалтнаар” хохирлыг төлүүлэх талаар заасан байдаг. Гэм буруутай албан тушаалтан гэдэг нь тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтныг хэлэх бөгөөд тус шийдвэрийн шууд эрх зүйн үр дагавар, үйлчлэлийн улмаас хэн нэгэнд хохирол учирсан байхыг ойлгодог.

            Гэтэл миний бие хэн нэгэнд хохирол учруулаагүй, эдгээр албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөөгүй харин ч буцаан томилсон болно.

            Учир нь ажил хүлээн авсны дараа нөхцөл байдалтай танилцахад тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Э-ийн2017 оны ......... тоот тушаалаар халагдсан хүмүүсийг ажилд нь буцаан томилохоор шүүхийн шийдвэр гарсан, заримыг нь өөрөө буцаан томилсон, зарим нь өөр ажил хийж байгаа, зарим нь шүүхийн үйл ажиллагаа нь дутуу байгаа гэсэн мэдээлэл авсны дагуу холбогдох хуулийн дагуу дараах арга хэмжээг авч ажилласан. Мэдээллийнхээ дагуу ажилласнаа товч дурдвал:

            - Ж.Б 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилд буцаан томилох шүүхийн шийдвэр гарчихлаа гэж орж ирэхэд миний бие шууд биелүүлж ажилд нь эгүүлэн томилсон.

            - Д.У, А.Ч хоёрын асуудал шүүх дээр байсан ба эхний шүүх хурал болох А.Ч-ын шүүх хуралд оролцсон бөгөөд тэр шүүх хурал нь давхар ажил гүйцэтгэж байгаатай холбоотой байсан. А.Ч нь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын ажлыг хийж байгаа ба ажил олгогч уг ажлыг олж өгөөгүй учир ажилд нь эгүүлэн томил гэсэн шийдвэр гарсан. Ингээд шүүхийн шийдвэр албажиж ирсний дараагаар миний бие А.Ч-тай уулзаж “чи аль ажлаа хийх вэ, чиний шийдвэрийг гаргахад бэлэн байна.” гэж хэлэхэд хэд хоногоос хариугаа хэлье, түр хүлээж бай гэсэн. Ингээд таг болсон. Ажил руу нь очихоор байхгүй, утсаа авахгүй сураглаж асуувал амралттай байгаа гэсэн. Ингээд ажилдаа ирэхээр нь дахин уулзаж хариугаа яасан бэ, хугацаа яваад байна, асуудлаа хурдан шийдье гэхэд за ойлголоо, хоёр гурав хоногоос хариугаа өгье гэсэн. Би хурдлаарай гэж хэлсэн. Ингээд мөн хэд хоног таг болсон. Ажлынх нь ня-богоос асуувал буяны ажилтай байгаа гэсэн. Ингээд ажилд нь ирсний дараа дахин уулзаад за одоо яг асуудлаа шийд гэж дахин дахин шахаж эцсийн шийдийг нь сонсоод миний бие ажилд томилох шийдвэрээ гаргасан. Энд надаас шалтгаалсан зүйл байгаагүйг онцлох хэрэгтэй байх.

            - Д.У-тэй ажил хэргийн шугамаар уулзаж байхдаа чиний асуудал шүүх дээр байгаа юм байна. Чи сонины ажлаа хийх үү, энд хуучнаараа ажиллах юм уу гэж асуухад дүү нь шийдээгүй байна аа, сонины маань ажил гайгүй болж байгаа гэсэн. Шүүх хурал нь болоход Д.У өөрөө ирээгүй Улаанбаатар хотод байгаа гээд өмгөөлөгч Ж.Ц нь оролцсон. Энд хуулиараа улс төрийн албан тушаалтан учир хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр маргалдаж байсан байна лээ. Ингээд шүүхийн шийдвэр ажилд нь томилохоор гарсан. Шүүхийн шийдвэр миний биед ирсний дараагаар Д.У-тэй уулзъя гэж холбогдоход хотод байгаа, аймагт очоод уулзъя гэсэн. Аймагт ирснийх нь дараагаар дуудаж уулзаад ажилд чинь томилоход бэлэн байна харин яг аль ажлаа хийх вэ түүнийгээ шийдэх нь чухал байна гэхэд би өмгөөлөгчтэйгөө ярилцаад хариу өгье гээд чимээгүй болсон.

            - С.Б Улаанбаатар хотод сургалтын менежерээр ажиллаж байсан. 9 дүгээр сард би Засаг даргатай холбогдсон, ажилдаа очиж ормоор байна та Засаг даргатай ярилцаад миний асуудлыг шийдэж өгнө үү гэсэн чатыг над руу явуулсан байсан. Үүний мөрөөр миний бие Засаг даргатай уулзаж асуухад улсын үзлэгээ эхлээд дуусгая. Ардчилсан нам өөр хүн тавих сонирхолтой, наад хүнийг чинь архив дээр тавина гэж тохирсон гэсэн хариуг надад өгсөн. Буцаад би С.Б-тэй холбогдоход миний ажил дээр Т.Г-ыг тавина, намайг архив дээр тавина гэсэн, миний асуудлыг шийдтэл би эндээ ажиллаж байя гэж хэлсэн. Ингээд миний биеийг архивын даргыг чөлөөлөх чиглэл өгсөн бөгөөд миний бие мэргэжлийн хүн доороос нь энэ ажлаа хийсэн ганцхан хүн гээд зөвшөөрөөгүй. Ингэж яваад 10 дугаар сар гарсан. С.Б-ийн асуудлыг шийдэх гэхээр Засаг даргыг Ардчилсан намаас хүлээж бай, шууд ажил дээр нь тавимааргүй байна гээд байна гэж надад хэлэхэд миний бие М.Идэрбаттай нь 2-3 удаа утсаар холбогдож энэ асуудлаа хурдан шийдмээр байна, миний бие эхлээд энэ хүнээ томилж шүүхийн шийдвэрээ биелүүлье, дараа нь та нар наад асуудлаа шийднэ биз гэж хэлснээр асуудлаа шийдэж С.Б-ийг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан.

            - У.Б-ийн шүүхийн шийдвэрийн дагуу түүнтэй 9 дүгээр сарын эхээр холбогдоход би МУИС-ийн хуулийн магистрт сурч байгаа, ямар ч завгүй байна. Тантай тэгж байгаад завтай болохоороо буцаад холбогдъё гэсэн. Ингээд нэлээн олон хоног холбогдохгүй болохоор нь дахин утсаар залгахад би маш завгүй байна аа, сурахынхаа хажуугаар 2 төсөл дээр бас ажиллаж байгаа, та шийдвэрээ гаргахаа жаахан харж байх уу надад Засаг даргатай ярьж тохиролцох асуудал байгаа, түүний дараа хоёулаа холбогдъё гэсэн. Энэ тухай Засаг даргад хэлэхэд тийм үү гэсэн. Үүнээс хэд хоногийн дараа дахин залгахад би хоёр гурав хоногийн дараа амралтын өдрөөр аймагт очно, тэгэхдээ Засаг даргатай уулзана гээд тохирсон, тэгээд болъё гэсэн. Хэд хоногийн дараа Засаг даргаас У.Болдхүү ирж уулзсан эсэх, асуудлаа шийдсэн үү яасан гэхэд утсаар ярьсан, тэр нөхөр чинь энд бараг ажиллахгүй юм биш үү, эндэх шүүхийн асуудлууд хэцүүдэх гээд байдаг, хоёулаа хэд хоногоос дахин яръя гэсэн. Тэгэхээр нь Засаг даргад ямар ч байсан шүүхийн шийдвэрийг нь хэрэгжүүлье, мэргэжлийнхээ дагуу сурч байгаа болохоор цалинтай чөлөөгөө аваад явна биз тэгвэл арын ажлаа ч гэсэн зохицуулъя гэж хэлсэн. Ингээд У.Б рүү дахин холбогдож ямар ч байсан ирж ажлынхаа ухааныг ол, томилуулчихаад чөлөөгөө ч гэсэн аваад, ажил үүргээ хувааж аваад яв гэж хэлэхэд за ойлголоо, жаахан зав гарахаар 7 хоногийн сүүлийн өдрөөр хичээлээ зохицуулаад очъё гэсэн. Ингээд хэд хоногийн дараа ирэхэд нь томилсон шийдвэрийг нь гаргаж, 6 сарын чөлөө олгож, Д.Б-р ажлыг нь түр орлуулж, ажил үүргийн хуваарийг нь гаргуулан авч асуудлыг шийдсэн.

            - Б.М-ын асуудлыг яг үнэндээ эхэн үедээ мэдээгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ирж уулзаад манай дээр Б.М-ын асуудал байгаа, шийдвэр гүйцэтгэх бичиг нь энэ гэж авчрахад л мэдсэн. Ингээд хэд хоногийн дараа хөдөөнөөс ирлээ, ажилдаа оръё миний асуудлыг шийдэж өгөөч гэж ирсэн. Үүний дагуу асуудлыг судалж үзээд хэлтсийнх нь даргыг дуудаж лавлахад хуучин ажиллаж байсан албан тушаалын нэр томьёо өөрчлөгдөж ажил үүрэг нэмэгдсэн тухай мэдээллийг авч түүнийхээ дагуу орон тооны асуудлыг нь шийдэж ажилд нь эгүүлэн томилсон.

            Ж.Т миний бие Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэх хугацаандаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэж, шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэн ажилласан ба дээрх нэр бүхий хүмүүсийг ажлаас чөлөөлж хохироогоогүй, хэн нэгэнд ямар ч хохирол учруулаагүй, харин ч ажилд нь томилох гэж хойноос нь удаа дараа нэхэл дагуул болон гүйж, шаардаж ажилласан бөгөөд эдгээр хүмүүст тэтгэмж, урамшуулал, нөхөн олговор гэсэн зүйлсийг төсвөөс өгөөгүй ба ямар ч санхүүгийн гүйлгээ хийгээгүй байдаг.

            Гэтэл төрийн албанд томилогдож ажиллахдаа бодит байдал дээр хэнийг ч хохироогоогүй, хэн нэгэнд ямар ч хохирол учруулаагүй, харин ч хууль биелүүлж, бусдын алдааг засаж ажилласныхаа төлөө өчнөөн өр төлбөрт унаж байгаадаа гомдолтой байна.

            Учир нь тухайн үеийн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Э-ийн нэр бүхийн 8 албан хаагчийг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны ....тоот тушаал нь хууль бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон бөгөөд тус шүүхийн шийдвэрт миний гэм буруугийн талаар нэг ч зүйл дурдагдаагүй мөн тус шийдвэртэй холбоотой миний гэм бурууг нотолсон ямар нэг шүүхийн шийдвэр болон хууль сахиулах байгууллагын албан шаардлага, мэдэгдэл байхгүй байхад Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн хугацаандаа ажил, нөхцөл байдалтай танилцаж шүүхийн шийдвэрийг биелүүлж, холбогдох хүмүүсийг хохиролгүй болгон хууль биелүүлж ажилласан жирийн төрийн албан хаагчийг энэ их хэмжээний төлбөрт оруулж байгаа нь өөрөө хууль бус шийдвэр юм.

            2. Сүхбаатар аймгийн санхүү хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019.06.28-ны өдрийн ........ дугаар акт гарч төлүүлэх шийдвэр гарсан боловч Санхүү, хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж 2019.08.21-ний өдрийн ........... тоот албан бичгээр уг актыг хүчингүй болгосон байдаг.

            Гэтэл дахин Сүхбаатар аймгийн санхүү хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 31-01/42 дугаар актыг тавьж төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан ба энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тухайн үед нь мэдэгдсэн бөгөөд зөвшөөрөхгүй гэсэн гарын үсгээ ч баталгаажуулан зурсан. Мөн Санхүү, хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан болно.

            Иймд энэхүү төлбөр төлөх буруутай этгээд, албан тушаалтан нь миний бие биш бөгөөд би хэн нэгэнд хохирол учруулсан шийдвэр гаргаагүй, төсвийн мөнгөнөөс хэн нэгэнд төлбөр төлөөгүй, эдгээр хүмүүс ажилдаа эгүүлэн томилогдох хугацаа нь надаас шалтгаалаагүй хувь хүний өөрсдийнх нь эрх ашиг, сонирхлоос хамаарсан байгаа тул Сүхбаатар аймгийн санхүү хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны ........... дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.О, Б.Ч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар   болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2017 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ...тоот тушаал гарч тухайн үед ажиллаж байсан нэр бүхий албан хаагчид үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, тус албан хаагчид нь шүүхийн байгууллагад хандсанаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх 8 албан хаагчдыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгохоор шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Т нь дээрх нэр бүхий 6 албан хаагчдыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилоогүйгээс төлөвлөгдөөгүй 10680807 төгрөг аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргын төсвөөс олгогдсон. Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн дагуу Ж.Т-аар төлүүлэхээр 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 31-01/62 тоот акт тогтоосон. Ж.Т нь уг актыг хүлээн зөвшөөрөхгүй манай дээд шатны байгууллага буюу Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн сайдын 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 13-2/5759 тоот албан тоотоор 31-01/62 тоот актыг хүчингүй болгосон.

Сангийн сайдын дээрх албан тоотын дагуу тус албаны даргын Зөвлөлийн шийдвэрээр 10680807 төгрөгийг Ч.Э-ээр төлүүлэхээр нөхөн төлбөрийн акт тогтоосон боловч Ч.Энхцэцэг нь шүүхэд гомдол гарган Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 286 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 22-ны өдрийн ........ тоот тогтоолоор Ч.Э-ээр төлүүлэх нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр Ч.Энхцэцэгээр төлүүлэх нь үндэслэлгүй гэж үзсэн учраас Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь заалтуудыг үндэслэн Ж.Т-аар 8317244 мянган төгрөгийг төлүүлэхээр санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн ............. тоот акт тогтоосон. Ж.Т нь уг актыг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны байгууллага буюу Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам гомдлыг хянан, Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-2/7663 тоот албан бичгээр Ж.Т-аар 8317244 мянган төгрөгийг төлүүлэх нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болно.

... Сая нэхэмжлэгч тооцооллын алдаа гаргасан гэж байна. Бид нар хамгийн анх акт тогтоохдоо нийт олгосон цалингаас өмнөх олгосон тэтгэмжийг хасаж үлдсэнээс нь нийгмийн даатгалын шимтгэлийг төл гэсэн шүүгчийн захирамж гарсан байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газраас нийт дүнгээр нь нийгмийн даатгалын шимтгэлийг тооцсон байсан. Хэрэв нийгмийн даатгалын шимтгэлийг тооцохгүй бол хүмүүс хохирох эрсдэлтэй тийм учраас аймгийн Засаг даргын Тамгын газрын гаргасан цалингийн зардлыг бодит дүнгээр нь акт тогтоосон. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс та нар анхан шатны шүүхийн шийдвэрээр актаа тогтоолгох байсан байна гэсэн шийдвэр гарсан. У.Болдхүү чөлөөлөгдөөд оронд Д.Б гэдэг хүн томилогдсон. Дахиад 2018 оны 03 сард ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Д.Б-ийн оронд хүн аваагүй учраас төр хохироогүй гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Ж.Т нь хүмүүстэй ярьсан гэсэн тайлбар өгч байна гэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу энэ хүмүүсийг хугацаанд нь ажилд томилсон бол төр хохирохгүй байсан гэв.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Т-аас шүүхэд Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” ................ тоот актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн  2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” .......... тоот актаар: Засаг даргын Тамгын газрын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Д.О, санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Б.Ч нар шалгалт хийхэд 2017 онд бүтэц орон тоо шинэчлэгдсэнтэй холбогдуулан  албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалыг шүүхээс хууль бус болохыг тогтоож, уг тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн нэр бүхий  албан хаагчдыг ажилд нь эгүүлэн тогтоосон, үүнтэй холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Т нь шүүхийн шийдвэрийн дагуу албан хаагчдыг ажилд эгүүлэн томилоогүйгээс /эс үйлдэхүйн улмаас/ тус албан хаагчдад ажил олгогч аймгийн Засаг даргын Тамгын газрын тэтгэмж урамшууллын зардлаас цалин хөлсний нөхөн олговорт 7,435,342 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 881,902 төгрөг, нийт 8,317,244 төгрөг олгогдсон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “ төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-д “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэж заасантай нийцэхгүй гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1,103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг баримтлан төсвийн 8,317,244 төгрөгийг Ж.Т-аар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн төлбөр тогтоосон актыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргаж, Сангийн сайдаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ........... дугаар албан бичгээр тухайн актыг хууль зүйн үндэслэлтэй гэж хариу өгснийг гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3 дахь хэсэгт “гэм буруутай албан тушаалтнаар” хохирлыг төлүүлэх талаар заасан, гэм буруутай албан тушаалтан гэдэг нь тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтныг хэлэх бөгөөд тус шийдвэрийн шууд эрх зүйн үр дагавар, үйлчлэлийн улмаас хэн нэгэнд хохирол учирсан байхыг ойлгодог гэтэл миний бие хэн нэгэнд хохирол учруулаагүй, эдгээр албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөөгүй хэмээн маргаж, хариуцагч талаас уг төлбөрийг өмнө нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Энхцэцэгээр төлүүлэхээр акт тогтоосон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн .... дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор Ч.Э-ээр төлүүлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн учраас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Т-аар 8317244 төгрөгийг төлүүлэхээр акт тавьсан хэмээн мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгч Ж.Т нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Хэрэгт авагдсан /х-123-125 тал/ Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 10 тоот тушаалаар нэр бүхий 8 албан хаагчийг ажлаас чөлөөлснийг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн /х-80-120 тал/ шийдвэрүүдээр хууль бус болохыг тогтоож, албан хаагчдыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгохоор шийдвэрлэж, мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш албан хаагчдыг ажилд эгүүлэн томилсон шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, хөлсийг иргэний хэргийн анхан шатны шүүхийн /х-61-79 тал/ шийдвэрүүдээр аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан албан хаагчдад олгосон үйл баримт тогтоогдож байна.

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шийдвэрүүдээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 тоот тушаалыг тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Энхцэцэг гэгч гаргаж, уг хууль бус шийдвэрийн улмаас аймгийн Засаг даргын Тамгын газарт учруулсан хохирлыг гэм буруутай албан тушаалтан Ч.Э-ээр төлүүлэхээр санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн акт тавигдаж, тухайн актыг Ч.Э нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

 

Маргаан бүхий Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” ............ тоот актаар Ж.Т-аар төлүүлэхээр тогтоосон 8,317,244 төгрөгийн төлбөр нь Ч.Э-ийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа гаргасан, төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн .... тоот тушаалын үр дагавартай холбоотойгоор төсөвт учруулсан хохирол бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй болно.

 

Ч.Э нь өөрийн гаргасан хууль бус тушаалаар ажлаас нь чөлөөлсөн 8 албан хаагчаас 2-ыг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилж, бусад албан хаагчдыг томилоогүй байна.

 

Эдгээр албан хаагчдыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь томилоогүй гэж санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчид Ж.Т-д хариуцуулан төлбөр тогтоосон боловч тэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэх хугацаандаа Ж.Б-ийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн .... тоот тушаалаар /х-60 тал/ Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд, У.Б-г 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ......... тоот тушаалаар /х-56тал/ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд, А.Ч-ыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ....тоот тушаалаар /х-57 тал/ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар, С.Б-ийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ..... тоот тушаалаар /х-58 тал/ аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар, Б.М-ыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/34 тоот тушаалаар /х-59 тал/ Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн байгаль орчин газрын харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

 

Мөн дээрх хууль бус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 тоот тушаалыг нэхэмжлэгч Ж.Т гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу албан хаагчдыг ажилд эгүүлэн томилоогүй /эс үйлдэхүй/ гэм буруутай гэж үзсэн ямар нэгэн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

 

Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ  хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас халж, чөлөөлснийг шүүх тогтоовол учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх учиртай.

 

Иймд хариуцагчаас уг төлбөрийг өмнө нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Э-ээр төлүүлэхээр акт тогтоосон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 286 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн .. дүгээр тогтоолоор Ч.Э-ээр төлүүлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн учраас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Т-аар 8317244 төгрөгийг төлүүлэхээр акт тавьсан хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Т-ын нэхэмжлэлийг хангаж, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/42 тоот актыг хүчингүй болгосугай.

 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БАЯРЦОГТ