Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/899

 

 

 

 

2022             9            20                                        2022/ШЦТ/899            

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Ж ийн С д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д нярав ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял;

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/705 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан, Ч овогт Ж ийн С  /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.С нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Хюндэй Грандуэр маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 4 замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэслэгч Х.Б ийн бичиг баримтаа шалгуулах тухай хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, улмаар түүнтэй маргалдаж, гарыг нь хазах зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн;

-Мөн цагдаагийн дэслэгч Х.Б ын гарыг хазаж эсэргүүцсэний улмаас түүний биед зүүн шууны хазагдсан шарх, баруун шууны зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Ж.С нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Хюндэй Грандуэр маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 4 замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэслэгч Х.Б ийн бичиг баримтаа шалгуулах тухай хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, улмаар түүнтэй маргалдаж, гарыг нь хазах зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн;

-Мөн цагдаагийн дэслэгч Х.Б ын гарыг хазаж эсэргүүцсэний улмаас түүний биед зүүн шууны хазагдсан шарх, баруун шууны зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны голд байрлах 4 замын уулзвар дээр Арвай-13 чиглэлд дуудлага мэдээлэл хүлээж аваад үүрэг гүйцэтгэх үед хойноо улсын дугааргүй, хар өнгийн “Grandeur” маркийн тээврийн хэрэгсэл баруунаас зүүн тийш урсгал сөрж хөдөлгөөнд оролцсон. Улмаар хойноос нь очиж тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 47 орчим насны эрэгтэй хүннадад бичиг баримт байхгүй, би бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй урсгал сөрж явж болдоггүй юм уу гэхээр нь би та тээврийн хэрэгсэл жолоодох бичиг баримтгүй бол тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, буугаад ир гэсэн чинь шаардлага биелүүлэхгүй, машинаа асаагаад зугтаах гэж оролдсон. Тэгэхээр нь би машин руу нь ороод машиных нь хөдөлгүүрийг унтрааж, түлхүүрийг нь сугалж авсан чинь машинаасаа бууж ирээд шууд миний цээж рүү хоёр удаа түлхэж халдсан учир би зүүн гарыг нь зүүн гараараа бариад авсан чинь миний зүүн гарын бугуйнаас хазсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7659 дугаартай “...Х.Б ын биед зүүн шууны хазагдсан шарх, баруун шууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/,

 

2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 41-44 дүгээр тал/,

 

            Шүүгдэгч Ж.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Намайг тэр цагдаа машинаасаа буугаад ир гэхээр нь би буухгүй, би хүүхэдтэйгээ явж байна, чи багажнаасаа шалгачих гэж хэлээд буухгүйгээр тэр цагдаатай маргалдсан. Тэгтэл тэр цагдаа машины түлхүүрийг зоолттой байхад булааж авахаар нь би машин дотроо зууралдаж байгаад түлхүүрээ буцаагаад авсан. Тэгээд миний хувцаснаас татаад цамцны захаар боох үед гар нь миний амны харалдаа ирэхээр нь би хазчихсан юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Ж.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би хүүхдээ сургуулиас нь авч явж байгаад Хангай хотхоны 4 замд түгжрэлтэй байхаар нь нөгөө талын зам руу нь орох гээд зүүн эргэх гэтэл цагдаа ирсэн. Тэгээд би цагдаад урсгал сөрөөгүй гэж хэлэхэд намайг бичиг баримтаа өг гэж хэлсэн. Харин би бичиг баримтаа өгөөд үнэмлэхээ өгөөгүй. Учир нь би эрхээ хасуулсан байсан. Удалгүй цагдаа намайг машинаасаа гараад ир гэсэн бөгөөд би сууж байя гэж хэлсэн. Гэтэл тухайн цагдаа намайг буу гээд татсан ба үүнээс үүдэн маргаан болсон. Манай хүүхэд хажууд уйлаад байсан... гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.С нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Тус хэргийн хохирогч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Х.Б  нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Цагдаагийн байгууллагын алба хаагч, хууль сахиулах чиг үүргийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг таслан зогсоож бичиг баримт шалгуулах” шаардлага тавихад шүүгдэгч Ж.С нь түүнийг хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7659 дугаар дүгнэлтээр хохирогч Х.Б ийн биед “хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон ба энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

 Шүүгдэгч Ж.С ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж гэмтэл учруулж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ж.С ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж байгаа дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.С нь нэг удаагийн үйлдлээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнийг гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Х.Б  нь тус гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ж.С ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Ж.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан дээрх ялыг нэмж нэгтэн, нийт 3800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.С нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.С ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-40 дүгээр тал/, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Ж.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ж.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Ж ийн С ыг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;

 “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3800 /гурван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С д оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН