| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2022/0364/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/376 |
| Огноо | 2022-03-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/376
2022 03 14 376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Б.Ад холбогдох эрүүгийн 2206 00711 0636 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Соната 6” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа түүнд үйлчлүүлж байсан иргэн С.Э-ыг“карт уншуулаад мөнгө аваад өгөөч” гэж гуйхад нь 25.000 төгрөгийг гарган өгөхдөө хуурч, бодит байдлыг нуух замаар түүний “ХААН” банкны картыг буцаан өгөлгүй өөрийн нэр дээрх “ХААН” банкны бүртгэлтэй дугаар бүхий картаар сольж өгч, С.Э-ын“ХААН” банкны дугаар бүхий картыг уншуулан 600.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн орой Саруул-Тэнгэр 2 хотхоны урд талаас такси бариад явж байгаад “Петровис” Шатахуун түгээх станцын ойролцоо зам дээр буцаж эргээд “Саруул Тэнгэр-1” хотхоны гадна байрлах “ХААН” банкны АТМ-с үл таних таксины жолоочид өөрийн “ХААН” банкны картаа өгөөд 25.000 төгрөг авхуулсан. Тэгээд бид машиндаа суугаад 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Халиуд” нэртэй хүнсний дэлгүүрийн ар талын айлд хүргүүлээд 5000 төгрөг таксины жолоочид өгсөн. Тэгээд буцаад намайг ирээд авчих гэж таксины жолоочид хэлэхэд таксины жолооч ** гэсэн дугаар өгсөн. Тэгээд би таксинаас буугаад хүргүүлсэн айлдаа орсон. Тэгээд маргааш өглөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 5-ны 00 цагийн үед миний “ХААН” банкны данснаас 600.000 төгрөг зарлага гарсныг 10 цагийн үед мэдээд цагдаад өргөдөл өгсөн. Мөн таксины жолоочийн өгсөн гэх гар утас руу залгахад ашиглалтад байхгүй дугаар байсан.” гэх мэдүүлэг,
/хавтас хэргийн 14-15 дахь тал/
Б.А-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Дахин ийм үйлдэл гаргаж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байна. Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч уг хүнд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 66-67 дахь тал/
2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн “**** дугаартай Б.А гэх хүний нэртэй “ХААН” банкны картыг түр хураан авсан.” гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 5 дахь тал/
С.Э-ын эзэмшлийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
/хавтаст хэргийн 20 дахь тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “ХААН” банкнаас гаргаж өгсөн камерын бичлэгийг үзэхэд хар өнгийн үстэй, 168-175 см өндөртэй, 22-25 насны эрэгтэй хүн байв. Хажууд нь хохирогч болох С.Э хар өнгийн куртиктэй, саарал өнгийн цамцтай, саарал өнгийн малгайтай зогсож байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7-9 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Соната 6” маркийн *** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа түүнд үйлчлүүлж байсан иргэн С.Э-ыг“карт уншуулаад мөнгө аваад өгөөч” гэж гуйхад нь 25.000 төгрөгийг гарган өгөхдөө хуурч, бодит байдлыг нуух замаар түүний “ХААН” банкны картыг буцаан өгөлгүй өөрийн нэр дээрх “ХААН” банкны бүртгэлтэй дугаар бүхий картаар сольж өгч, С.Э-ын“ХААН” банкны дугаар бүхий картыг уншуулан 600.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Э-ын өгсөн “...үл таних таксины жолоочид өөрийн “ХААН” банкны картаа өгөөд 25.000 төгрөг авхуулсан. Тэгээд буцаад намайг ирээд авчих гэж таксины жолоочид хэлэхэд таксины жолооч ***** гэсэн дугаар өгсөн. Тэгээд би таксинаас буугаад хүргүүлсэн айлдаа орсон. Тэгээд маргааш өглөө буюу 2022 оны 01 дүгээр сарын 5-ны 00 цагийн үед миний “ХААН” банкны данснаас 600.000 төгрөг зарлага гарсныг 10 цагийн үед мэдээд цагдаад өргөдөл өгсөн. Мөн таксины жолоочийн өгсөн гэх гар утас руу залгахад ашиглалтад байхгүй дугаар байсан.” гэх мэдүүлэг /хх14-15/, Б.А-ын яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Дахин ийм үйлдэл гаргаж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байна. Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч уг хүнд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх66-67/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх5/, С.Э-ынэзэмшлийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх20/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх7-9/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Ань шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Б.А-ын бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.А “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч С.Э-ндучирсан гэм хорын хохирол 600.000 төгрөгийг төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг, хохирогч С.Э Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “С.Э миний бие өөрт учирсан хохирол мөнгийг бүрэн барагдуулж авсан учир ямар нэгэн гомдол саналгүй учир Б.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний хувьд шүүх хуралд оролцох шаардлага байхгүй.” гэх /хх 73/ хүсэлтийг тус тус гаргасан байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Б.А хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-ийн 76-77/ тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.А эмэг эх, эх нарын хамт амьдардаг бөгөөд түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Ань шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Диг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “ХААН” банкны ****** дугаартай картыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Б.А-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Диг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хураан авсан “ХААН” банкны ******* дугаартай картыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ