Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1149

 

                 

 

                                   

      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Ууганцэцэг, хохирогч Ч.Ц, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **************** дугаартай хэргийг 2022 оны ** дугаар сарын **-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** овгийн Б***** Н******, **** оны *** дүгээр сарын **-ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, **** хамт ******* дүүргийн ***** дүгээр хороо, **** ** дугаар гудамж *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ************, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны ** дугаар сарын **-ноос **-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****** дүүргийн ** дүгээр хороо, ** ** дугаар гудамжны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, духны зүүн дээд хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, бүсэлхийн нугалмын баруун тал, зүүн гуяны гадна доод хэсэг, өвдөгний гадна хажууд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Ж овгийн Б-н Н нь 2022 оны ** дугаар сарын **-ноос **-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****** дүүргийн ** дүгээр хороо, ** ** дугаар гудамжны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодод нь “...тархи доргилт, духны зүүн дээд хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, бүсэлхийн нугалмын баруун тал, зүүн гуяны гадна доод хэсэг, өвдөгний гадна хажууд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Ч.Цгийн “...2022 оны ** дугаар сарын **-ноос **-ны шилжих шөнө 01 цагийн үед би найзуудтайгаа 10 дугаар хороололд караокед сууж байгаад караокеноос гараад нөхөр Н руу залгасан чинь найзуудтайгаа гэрт ууж байна гэсэн. Нгийн найз нь надтай гар утсаар яриад Н та 2 асуудалтай байгаа юм байна чи гэртээ хүрээд ирээч гэхээр нь би таксины мөнгө алга гэсэн чинь Нгийн найз нь таксины мөнгө өгье гэж хэлэхээр нь би гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн * дүгээр хороо, * дугаар гудамжны ** тоотод явж очоод Н руу гадаа ирчихлээ таксины мөнгө өгчих гэсэн чинь Н пизда минь гэрт орж ирээд ав гэхээр нь би явж ороод Нгаас таксины мөнгөө өгөөч ээ таксины хүн хүлээгээд байна гэсэн чинь Н тэр таксины жолооч чинь чиний явалддаг залуу юм уу гээд намайг хэл амаар доромжлоод маргалдсан ба би Нгийн гараас татаад нүүр рүү нь гараараа 1 удаа алгадсан. Тэгсэн чинь Н чи миний толгойд хүрдэг хэн бэ гээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон ба би газар хүчтэй унасан чинь миний нуруу руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд Нгийн найз бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал), гэрч Б.Э-гийн “...Нгийн эхнэр болох эмэгтэй нь ирчихсэн байсан ба таксины мөнгөнөөс болоод маргалдаж гэрт орж ирэхээр нь би эхнэрээс нь яагаад байгаа юм бэ гэсэн чинь манай нөхөр таксины мөнгө өгөхгүй надтай хардаад хөөгөөд явуулчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Н эхнэртэйгээ барьцалдаж аваад байсан би тэгээд гал тогоо руу орчхоод гараад ирсэн чинь Н эхнэрийнхээ нүүр рүү гараараа 1 удаа цохисон тэгсэн чинь эхнэр нь газар уначихсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай:Ч.Цгийн биед тархи доргилт, духны зүүн дээд хэсэг, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, бүсэлхийн нугалмын баруун тал, зүүн гуяны гадна доод хэсэг, өвдөгний гадна хажууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 53-61 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулгууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...Ц над руу гар утсаар залгаад чи надад таксины мөнгө өгч чадах уу гэхээр нь би чадна гэсэн чинь гэрийн гадаа приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай эхнэр ирсэн байсан. Намайг гараад ир таксины мөнгө өг гээд байхаар нь би тэр таксины жолоочийг гэр рүү ороод мөнгө авчих гэсэн чинь яваад өгсөн. Тэгэхээр нь би эхнэр Цгаас энэ таксины жолооч чиний таньдаг хүн юм уу гэсэн чинь би танихгүй гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд бид 2 гэр рүү яваад орсон чинь манай найз С-ийн эхнэр гал тогоонд хоол хийсэн байхыг хараад манай эхнэр чи манай гал тогоонд хоол хийдэг хэн бэ гээд дайраад байхаар нь би болиулсан чинь над руу уурлаад чи таксины мөнгө өгч чадахгүй ямар арчаагүй юм бэ гээд миний гэдэс гарыг маажсан бас шатны уруу түлхэж унагасан. Тэгэхээр нь би босож ирээд Цг түлхээд унагасан чинь дахиж босож ирээд орилж хашхираад байхаар нь нүүр рүү нь гараараа 1 удаа хүчтэй алгадсан чинь газар нүүрээрээ унаад газар мөргөчихсөн байж магадгүй. ..” гэж (хавтаст хэргийн 75-76 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэх шаардлагагүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах талын нотлох баримтаар үнэлэв.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

Шүүхээс хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдсон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 40 хоногоор хойшлуулж, шүүгдэгчийн ямар хэрэгт шүүгдэж байгаагаа мэдэх, мэдүүлэг тайлбар гаргах эрхийг прокурорт даалган хангуулсан болно. 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Нгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Цгийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Н, хохирогч Ч.Ц нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. хэмээн хуульчлан тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Б.Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хуульчилсан нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг бүрэн хангаж байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Ч.Ц нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Саналгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 23-44 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), шийтгэх тогтоол, магадлал, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хавтаст хэргийн 50-96 дэх тал), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаарх албан тоотууд (хавтаст хэргийн 119-120 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 98 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй талаарх албан тоот (хавтаст хэргийн 100 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, хувиараа хөөрөг  хийдэг талаар нотолсон ажлын байрны гэрэл зургууд, түрээсийн гэрээ (шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн урьд 6 удаа ял шийтгүүлж байсан, бүртгэлтэй эд хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэлгүй боловч хувиараа чулууны урлан ажиллуулдаг, өрхийн орлоготой хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх шүүгдэгч Б.Нгийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Б.Нд оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацаанд буюу гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ж овгийн Б-н Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Нд сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА