| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2018/02034/И |
| Дугаар | 2240 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2240
2018 оны 10 сарын 29 өдөр Дугаар 181/ШШ2018/02240 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Г С /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, “ТК” ХХК /РД: /-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох төлбөрийн үлдэгдэлд 1,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С, нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Миний бие Г.С нь “ТК” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах” 0435 тоот гэрээг байгуулж орон сууцны төлбөрийн 29,3 хувь болох 17,501,250 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар орон сууц гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад ороогүй учир “ТК” ХХК-тай хийсэн гэрээгээ 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ цуцлагдсан.
Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтын дагуу дараагийн захиалагч гэрээ байгуулсан тохиолдолд 10 хувь болох 1,750,000 төгрөгийг 10 хоногийн дотор захиалагчид өгөх үүргээ хариуцагч зөрчсөн тул уг төлбөрийг, 120 хоногийн торгууль болох 210,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан. Гэхдээ торгууль 210,000 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзаж байна.
Иймд гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл болох 1,750,000 төгрөгийг хариуцагч “ТК” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С нь худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан үндэслэлээр төлөгдсөн төлбөрийн үлдэгдэл 1,750,000 төгрөгийг хариуцагч “ТК” ХХК-аас гаргуулахаар шаардаж байна.
Тэрээр шүүх хуралдааны явцад хариуцагчаас торгууль 210,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,750,000 төгрөг болгон багасгасан болно.
Шүүх нэхэмжлэлийн хувийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэгт гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр болох талаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн хаягаар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 88042237 тоот утсаар мэдэгдсэн боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 0435 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч “ТК” ХХК нь Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ налайх” хороолол, 8А байр, 2 дугаар орц, 4 давхар, 34 тоот хаягт байрлах 47,76 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Г.С нь орон сууц үнэд 59,700,000 төгрөг төлөхөөс гэрээ байгуулагдсан өдөр урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 29.3 хувь болох 17,501,250 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Талууд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0435 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр цуцалсан байна.
Гэрээ цуцлагдсан үндэслэлийг нэхэмжлэгч хариуцагчийн буруугаас гэж тайлбарлах ба хэрэгт авагдсан баримтад захиалагчийн буюу нэхэмжлэгч Г.Сын хүсэлтийн дагуу цуцлагдсан тухай дурджээ.
Шүүх гэрээ цуцлагдсанд зохигчдын хэн буруутай байсныг тогтоох нь хууль зүйн хувьд ач холбогдолгүй гэж үзэх үндэслэлтэй тул энэ талаар нотлох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэв.
“ТК” ХХК-ийн барьж ашиглалтад оруулах Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ налайх” хорооллын орон сууцнаас Г.С 47,76 м.кв талбай бүхий 4 давхрын 3 өрөө орон сууцыг 59,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байгаагаас үзвэл шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба уг гэрээ цуцлагдсанаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үр дагавар үүснэ.
Г.С нь гэрээний зүйл болох орон сууцны үнэ 59,700,000 төгрөгийн 29,3% болох 17,501,250 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “ТК” ХХК-д төлсөн болох нь Капитрон банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга гэх баримтаар нотлогдож байх тул гэрээ цуцлагдсан энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Г.С нь уг гэрээгээр шилжүүлсэн төлбөрийг бүхэлд нь буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.
Хариуцагч “ТК” ХХК нь 15,751,125 төгрөгийг нэхэмжлэгч Г.Сад буцаан өгсөн талаар нэхэмжлэгч тайлбарласан тул шүүх маргаагүй үйл баримтыг нотлохгүй, дээрх төлбөрийг төлөгдсөн гэж дүгнэв.
Харин үлдэх 10% буюу 1,750,125 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагч нь “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 6.1-д “Захиалагч тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ямар ч шалтгааны улмаас цуцалсан тохиолдолд гүйцэтгэгч тал орон сууцны төлсөн үнийн дүнгийн 10%-тай тэнцэх торгуулийг суутган авна”, 6.2-т “Захиалагч тал гэрээний 6.1-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний 1.2-т заасан орон сууцыг дараагийн захиалагч орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан өдрөөс хойш хуанлийн 10 хоногийн дотор, гүйцэтгэгч тал гэрээний төлсөн үнийн дүнгээс 10%-ийн торгуулийг суутгасан төлбөрийг захиалагч талд буцаан олгоно” гэсэн заалтыг үндэслэн 1,750,125 төгрөгийг суутгасан гэж нэхэмжлэгч тайлбарлаж, одоо тухайн орон сууцыг өөр хүн худалдан авсан үндэслэлээр төлбөрийн үлдэх хэсгийг шаардаж байгаа.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан байхад хариуцагч нь гэрээ цуцлагдсан тохиолдолд төлбөрийн 10%-ийг торгууль нэрээр суутган авч үлдэх, авч үлдсэн төлбөрийг тухайн орон сууц худалдан борлогдсон тохиолдолд буцаан олгох агуулгатай заалтыг гэрээнд тусгаж, үүний дагуу нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийн 10%-ийг суутган авч үлдсэн нь мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.15-д “санал гаргагч тал хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нөгөө тал гэрээг цуцалсан бол санал гаргагч талд анз төлөхөөр заасан бол тухайн тохиролцоо хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд хариуцагч “ТК” ХХК-аас торгууль нэрээр үндэслэлгүйгээр суутган авч үлдсэн 1,750,000 төгрөг /1,750,125 төгрөг боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр гаргуулна/-ийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Сад олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “ТК” ХХК-аас 1,750,000 төгрөгийг гаргуулж Г.Сад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА