Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/420

 

    2022        3           21                                   420    

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон тойм овогт Мөнхдалайн Ууганбаатарт холбогдох эрүүгийн 2202 00072 0042 дугаар хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон тойм овогт Мөнхдалайн Ууганбаатар, 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, * настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, “Хүнс комплекс” ХХК-д мах бэлтгэгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Эмнэлгийн 16 дугаар гудамжны *тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Цэргийн хотхоны * тоот нийтийн байрны 3 тоотод түр оршин сууж байсан, регистрийн * дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч М.У нь 2021 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 51.1942 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

мөн 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд дээрхи  51.1942 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Цэргийн хотхон 1/23 дугаар нийтийн байрны 3 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 10 дахь тал/

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Сансар цэргийн хотхон *  тоот хаягт ертөнцийн зүгээр урагш харсан модон хашаа, хаалга нь онгорхой дотогш ороход 2 давхар шавран байшин байх ба хаалгаар дотогш ороход нийтийн байрны зохион байгуулалттай 1 давхар чигээрээ яваад 3 хаалганы 3 дахь шаргал модон хаалгаар ороход ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 модон цонхтой 3,5x2 метр хэмжээтэй жижиг өрөө байв. Уг өрөөнд нэгжлэг явуулахад М.У-ын зааснаар өрөөний зүүн хойд буланд гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл байхыг 1 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хавтаст хэргийн 11-16 дахь тал/

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл “...М.У-ын биеэс биологийн дээж буюу шээснээс дээж авч тест ашиглан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаар 4 дүгээр багана буюу КЕТ /Кетамин/ илэрсэн, 5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ илэрсэн.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хавтаст хэргийн 21-23 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

 

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

/ хавтаст хэргийн 40 дэх тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 785 дугаар: “1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ХТТГ-н МШХ БЗД-н 2 хороо *  тоотоос хураан авсан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. З. “ХТТГ-ын МШХ БЗД-н 2 хороо 1-23 тоотоос хураан авсан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 57,0760 г, цэвэр жин нь 51,1942 г байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хавтаст хэргийн 55-57 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 784 дүгээр: “1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “М.УЛД92122413 2022.01.15” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,           

/хавтаст хэргийн 61-63 дахь тал/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 109 дүгээр: “1. М.У нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. 2. М.У нь одоогоор сэтгэцийн өвчингүй байна. З. М.У нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. М.У нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. М.Унь мансуурах дон эсхүл сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэх дүгнэлт,

 /хавтаст хэргийн 67-68 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 76 дахь тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 77 дахь тал/

 

Яллагдагч М.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож мэдсэн. 2021 оны зун 8 сард би Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс жаахан зайтай амралтын газарт барилгын туслах ажил хийж байгаад тэнд өмнө нь интернэтээс харж байсан таван салаа навчтай каннабис гэх ургамалтай адил ургамал ургасан байхыг хараад хүнсний жижиг гялгар уутанд түүж аваад 2021 оны 9 сард ажлаа дуусгаад Улаанбаатар хотод ирээд одоо амьдарч байгаа түрээсийн байрандаа гялгар ууттай нь хамт хадгалсан. Түүж авчирсан өвснөөсөө би 2021 оны 9 сард 3-4 удаа нөүт-ын баримтны цаасанд ороож татаж хэрэглэсэн. Хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бас адилхан цаасанд ороож татаж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дахь тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч М.У-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.У нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд “Хийсэн зүйлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Цаашид улс орондоо татвараа төлж, хөдөлмөрлөж, хууль зөрчихгүй амьдарна” гэсэн болно.

 

           Шүүгдэгч М.У нь 2021 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 51.1942 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

           мөн 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд дээрх 51.1942 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Сансар цэргийн хотхон *  дугаар нийтийн байрны* тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У-ын өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. ” гэх,

мөрдөн шалгах ажиллагаанд М.У-ын яллагдагчаар өгсөн “...2021 оны зун 8 сард би Төв аймгийн Батсүмбэр сумын төвөөс жаахан зайтай амралтын газарт барилгын туслах ажил хийж байгаад тэнд өмнө нь интернэтээс харж байсан таван салаа навчтай каннабис гэх ургамалтай адил ургамал ургасан байхыг хараад хүнсний жижиг гялгар уутанд түүж аваад 2021 оны 9 сард ажлаа дуусгаад Улаанбаатар хотод ирээд одоо амьдарч байгаа түрээсийн байрандаа гялгар ууттай нь хамт хадгалсан. Түүж авчирсан өвснөөсөө би 2021 оны 9 сард 3-4 удаа нөүт-ын баримтны цаасанд ороож татаж хэрэглэсэн. Хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бас адилхан цаасанд ороож татаж хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх74-75/, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх10/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх11-16/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх21-23/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хх26-27/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 785 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх55-57/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 784 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх61-63/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 785 дугаар дүгнэлтээр /хх55-57/ М.У-ынхадгалж байсан “өвс”-нөөс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/, мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 784 дүгээр дүгнэлтээр /хх61-63/ М.У-ыншээснээс буюу биеэс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч,  уг илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарч байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж авах, хадгалахыг хориглодог.

 

 “Хууль бусаар олж авах” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг, “Хууль бусаар бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч М.У дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-ын агууламжтай 51.1942 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдуулж  Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинж болох хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэд хэдэн удаагийн үйлдэл хийсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...найзын төрсөн өдөр болж буудалд цуг байж байгаад манайд ирж хамт хэрэглэсэн хүн намайг барьж цагдаад өгсөн” гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй, тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Унь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч М.У-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч М.У-тэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, айлын том хүү, өмнө нь БНСУ-д 3 жил ажил хийж улмаар Монголд ирж “Улаанбаатар” их сургуульд сурч олон улсын эдийн засагч мэргэжил эзэмшсэн, хугацаат цэргийн алба хаасан, ажил хөдөлмөр хийж бие даан амьдрахаар эцэг, эхээс тусдаа амьдарч байсан хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Түүнчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ыг 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Унь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ди Ви Диг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөн хураан авсан ууттай, жин нь 51,1942 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, устгасан эд мөрийн баримтын жагсаалт ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Унь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон тойм овогт М.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон  сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-т2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ыг 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ди Ви Диг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

мөн хураан авсан ууттай, жин нь 51,1942 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, устгасан эд мөрийн баримтын жагсаалт ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                           

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ