Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/475

 

    2022        03          31                                   475     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өвөр тогоруутан овогт Отгонтуяагийн Ууганчимэгт холбогдох эрүүгийн 2206 00000 0731 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өвөр тогоруутан овогт  о.У, 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *  дугаар хороо, *дүгээр байрны * тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ***  дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч О.У нь 2022 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай-2” хотхоны гадна иргэн Д.А-г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед фейсбүүк ороод онлайнаар ****  дугаартай хүнтэй холбогдоод бараа захиалсан. Тэгсэн тэр эмэгтэй манай гэрийн гадаа ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай-2” хотхоны 99 дүгээр байрны урд талд уулзсан. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй би жирэмсэн хүн, би зөндөө хүлээлээ гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би бараагаа зарахаа болилоо гээд манай машины урд хэсгийг өшиглөхөөр нь манай нөхөр Т тэр эмэгтэйд хандаж “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн, тэгсэн манай нөхөр рүү дайраад байхаар би машинаасаа буугаад тэр эмэгтэйд “чи яаж байгаа юм бэ, бараагаа зарах гэж байж” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй намайг 2 гараараа үсдээд авахаар нь би гарыг нь тавиулсан чинь “давраад байгаарай” гээд хэл амаар доромжлоод миний хэвлий хэсэгт өшиглөөд, гар утсаараа толгой руу болон зүүн нүд рүү цохисон. Би бол тэр эмэгтэйг цохиж зодсон зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг,         

/хавтаст хэргийн 8-10 дахь тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2254 дүгээр: “1. Д.А-ийн биед духны зүүн талд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой .” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Яллагдагч О.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  үнэлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        

           Шүүгдэгч О.У нь 2022 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай-2” хотхоны гадна иргэн Д.А-г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           шүүгдэгч О.У-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

           Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн үед фейсбүүк ороод онлайнаар *****дугаартай хүнтэй холбогдоод бараа захиалсан. Тэгсэн тэр эмэгтэй манай гэрийн гадаа ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай-2” хотхоны 99 дүгээр байрны урд талд уулзсан. ...тэр эмэгтэй намайг 2 гараараа үсдээд авахаар нь би гарыг нь тавиулсан чинь давраад байгаарай гээд хэл амаар доромжлоод миний хэвлий хэсэгт өшиглөөд, гар утсаараа толгой руу болон зүүн нүд рүү цохисон.” гэх мэдүүлэг /хх 8-10/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2254 дүгээр дүгнэлт, /хх 17-18/,

            Яллагдагч О.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...доромжлоод байхаар нь үсдэж авахад зөрүүлээд үсдэх үед нь гар утас барьсан байсан гараа толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж авахад намайг зөрүүлээд хамар хэсэг рүү цохихоор нь зөрүүлээд утастай гараар нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиж, гэдэс хэсэг рүү нь өшиглөж авахад хамт явсан залуу нь салгаж, удалгүй цагдаа нар ирсэн. ... уг эмэгтэйн толгойн хэсгээс цус гарсан харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.У нь шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн  талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч О.У-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.У нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Ань мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “Д овогтой А миний бие О овогтой У-гтэй эвлэрсэн тул О.У-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул би шүүх хуралд оролцохгүй.” гэх хүсэлтийг /хх48/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч О.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг О.Ухүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-ийн 57/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч О.У-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар О.Ужирэмсэн, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, О.У нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч О.У-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өвөр тогоруутан овогт О.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-т450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.У-тоногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.У бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.У-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ