Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00539

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 25 001/ХТ2021/00539

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01206 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1222 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* холбогдох,

 

Үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай, хариуцагчийн өмгөөлөгч Г.Норжинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие тус компанийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Хас банкны хамгаалалтыг хариуцдаг юм. ******* би энэ байгууллагад хамгаалалтын ажилтнаар ажилд орж ээлжийн ахлах ажилтан болтлоо дэвшиж тасралтгүй ажиллаж нэг сард 1,000,000 төгрөгийн цалин авч байсан. 2020.02.04-ний өдрийн 20/17 дугаар захирал Ж.Энхбаатарын тушаалаар тус байгууллагын удирдлагын төвийн ээлжийн ахлах албан тушаалаас хамгаалалтын ажилтан болтол үндэслэлгүйгээр бууруулж салбарын хамгаалагчаар ажиллуулах болсон. Тодруулбал, 2019 оны намар албаны нохойг захирлын хүсэлтээр өөрийн гэртээ тэжээж байтал манай хүүхдийг урж гэмтэл учруулсан юм. Энэ талаар захиралд мэдэгдэхэд чи наад нохойгоо төмрөөр цохиод алчих, эсхүл зүүтэй мах өгөөд алчих гэсэн хууль бус хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд байхгүй үүрэг даалгавар удаа дараа тулгасан тул 2020 оны 01 дүгээр сард захирлын өрөөнд болсон хурал дээр дээрх нохойг алж устгаж чадахгүй гэж би эрс эсэргүүцэн маргасан юм. Гэтэл 2020.02.04-ний өдөр 20/17 дугаар тушаал гарган намайг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, авч байсан цалинг 600,000 төгрөг болгон 100 айл дахь салбарт томилж ажиллуулах боллоо. Үүнээс үүдээд банкинд сар болгон төлдөг зээлээ бүрэн төлөх боломжгүй болсон. Иймд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулалт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* нь манай компанид удирдлагын төвийн ээлжийн ахлахаар ажиллаж байсан. Гэрээт харуул хамгаалалтын байгууллага хагас цэрэгжүүлсэн байгууллага бөгөөд сар бүрийн эхэнд шуурхай зарлаж, ээлжийн ахлахууд ажлаа тайлагнадаг. Тухайн сарын ээлжийн ахлахуудын шуурхай хурал 2020.02.03-ны өдөр болсон бөгөөд тус хуралд гүйцэтгэх захирал болон ээлжийн ахлах *******, ээлжийн ахлах н.Аянга, шуурхай бүлгийн ахлах н.Галмандах нар байсан. Гүйцэтгэх захирал ямар ч хууль бус шаардлага тавиагүй бөгөөд тус хурлаар *******ийн талаар ээлжийн ахлах н.Отгонбаярын 2020.01.03-ны өдөр гаргасан хүсэлтийг хэлэлцсэн. Тус хүсэлтэд ээлжийн ахлах *******ийн талаар харилцагч байгууллагууд болон хамтарч ажилладаг ажилчдын зүгээс удаа дараа харилцааны талаар гомдол мэдээлэл ирж, мөн шаардлага тавихад үл тоодог талаар мэдэгдсэн байсан. Удирдлагын зүгээс *******т зан аашаа засах харилцагч байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгч хамтран ажилладаг хүмүүстэй хүндэтгэлтэй хандахыг шаардсан боловч тус шаардлагыг эс зөвшөөрч, дүрэм журмыг зөрчиж, удирдлагатай зүй бус харьцан хурлыг орхиж гарсан. Тамган секьюрити ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.02.04-ний өдрийн 20/17 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журмын 13.1.3-т заасан ...хагас цэрэгжүүлсэн байгууллагын удирдах, удирдуулах дүрэм, журам зөрчсөн, удирдах албан тушаалтантай зүй бус, ёс зүйгүй харьцсан доромжилсон... гэх заалт, тус журмын 13.1.6-д заасан ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх заалтыг тус тус үндэслэн *******т сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулан хамгаалалтын ажилтнаар салбарт шилжүүлсэн. Гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01206 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Тамган секьюрити ХХК-ийн захирлын 2020.02.04-ний өдрийн 20/017 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцож, *******ийг ахлах хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн томилж, цалингийн зөрүү 382,386 төгрөгийг Тамган секьюрити ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан Тамган секьюрити ХХК-иас нэхэмжлэгч *******ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг зохих журмын дагуу төлөх, төлсөн тухай бичилтийг дэвтэрт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд 382,386 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас 12,122 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1222 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.4.08-ны өдрийн 101/ШШ2020/01206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тамган Секьюрити ХХК нь гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нэхэмжлэгч ******* нь удирдлагын төвийн ээлжийн ахлах албан тушаал хашдаг байсан. Тамган секьюрити ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.02.04-ний өдрийн 20/017 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.3 дахь заалт Хагас цэрэгжүүлсэн байгууллагын удирдах, удирдуулах дүрэм журмыг зөрчсөн, удирдах албан тушаалтантай зүй бус, ёс зүйгүй харьцсан, доромжилсон гэх заалт, тус журмын 13.1.6 дахь заалт Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх заалтыг тус тус үндэслэн *******т сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулан хамгаалалтын ажилтнаар салбарт шилжүүлсэн. Манай гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь хагас цэрэгжүүлсэн байгууллага бөгөөд сар бүрийн эхэнд шуурхай хурал зарлаж, ээлжийн ахлахууд ажлаа тайлагнадаг. Тус хурлаар *******ийн талаар 2020.01.03-ны өдөр ээлжийн ахлах Отгонбаяраас Тамган Секьюрити ХХК-ийн удирдлагад ирсэн хүсэлтийг хэлэлцсэн бөгөөд тус хүсэлтэд ээлжийн ахлах *******ийн талаар банкны ажилчид, албан хаагчдаас удаа дараа харилцааны талаар гомдол мэдээлэл ирж, мөн шаардлага тавихад үл тоодог талаар мэдэгдсэн агуулга бүхий хүсэлтийг бичгээр өгсөн байсан. *******т гүйцэтгэх удирдлагын зүгээс шаардлага тавьж, зан аашаа засах, банкны ажилтан, үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй хандахыг шаардсан боловч тус шаардлагыг эс зөвшөөрч удирдах, удирдуулах дүрэмж журмыг зөрчиж, гүйцэтгэх удирдлагатай зүй бус, ёс зүйгүй харьцаж, доромжлон хурлын өрөөнөөс гарч явсан. Анхан шатны шүүх хурал дээр хамт байсан ээлжийн ахлахууд тус үйл баримтыг нотолж, хэргийн материалд бичгэн нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцож, бичгэн нотлох баримттай ижил агуулга бүхий мэдүүлэг өгсөн атал анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Ц.Аянга, Б.Галмандах нарын өгсөн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан тайлбартай зөрүүтэй гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй тул ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх заалтад нийцээгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ******* нь үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдэл зөв байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...ээлжийн ахлахууд үйл баримтыг нотолж, хэргийн материалд бичгэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцож, ...ижил агуулга бүхий мэдүүлэг өгсөн атал ...шүүхүүд Ц.Аянга, Б.Галмандах нарын өгсөн мэдүүлгийг ...нотлох баримтаар үнэлээгүй нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

******* нь ******* 2014 оноос хамгаалалтын ажилтан, ахлах хамгаалагчаар, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2020.02.04-ний өдрийн 20/017 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар түүний албан тушаал бууруулж, хамгаалалтын ажилтнаар салбарт шилжүүлэхдээ тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.6-д заасныг үндэслэжээ.

 

Тамган секьюрити ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1-д Ажилтны гаргасан дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилга зөрчсөнд тооцно. Үүнд: ...13.1.3 Хагас цэрэгжүүлсэн байгууллагын удирдах, удирдуулах дүрэм журмыг зөрчсөн, удирдах албан тушаалтантай зүй бус, ёс зүйгүй харьцсан, доромжилсон, ...13.1.6. Ёс зүйн хэм хэмжээ, ...зөрчсөн гэж тус тус заасан байна.

 

Тушаалд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ заагаагүй тул хариуцагчийн тайлбараар зөрчил тогтоогдсон гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас шүүхэд *******ийн зан харилцаа, ёс зүйн талаар харилцагч байгууллага болон бусад албан хаагчдаас удаа дараа гомдол ирсэн тул сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлах боловч зөрчлийг шалгаж тогтоогоогүй, ажилтан М.Даваажаргал, н.Отгонбаяр нарын бичсэн хүсэлт гэх баримт, гэрчээр оролцсон Ц.Аянга, Б.Галмандах нарын мэдүүлгээр нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай, энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд 131.1.1-д зааснаар сануулах; 131.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 131.1.3-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан байхад хариуцагч нь хуульд заагаагүй үндэслэлээр буюу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж хууль зөрчсөн байна.

 

Иймд, хариуцагч нь ажилтны албан тушаалын зэрэглэл, шатлалыг бууруулах байдлаар нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэн, хоёр шатны шүүхээс Тамган секьюрити ХХК-ийн захирлын 2020.02.04-ний өдрийн 20/017 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ахлах хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 382,386 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

 

Харин шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлоор хэргийг хянан шийдвэрлэсэн атлаа тухайн маргаанд мөн зүйлийн 128.1.7-д заасныг баримталсан нь буруу байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1222 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01206 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 128 дугаар зүйлийн 128.1.7 гэснийг 128 дугаар зүйлийн 128.1.2 гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,122 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА