Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Хохирогч Р.Намжилсүрэн, 

Шүүгдэгч Д.Нансал, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД: 0931/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Барга овогт Доржийн Нансалд холбогдох эрүүгийн 201625021999 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймаг Их-Уул суманд төрсөн, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6 эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сум 5 дугаар баг Ширэвгэр гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 101-А /01/ тоотод түр оршин суудаг, урд ял шийтгэлтгүй, Барга овгийн Доржийн Нансал, РД:ИЗ61120210,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Нансал нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын автобусны эцсийн зогсоолын орчимд согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ гар дээрээс худалдаа хийж байсан хохирогч Р.Намжилсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж, баруун нүдний зовхины шарх зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Нансал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зуслангийн хажуу талын дэлгүүрээс “Боргио” пиво авсан, тэгээд түүнийгээ уугаад гэртээ харина гэж бодож байсан, нэг мэдэхэд 7 буудлын тэнд очсон байсан. Манай гэр 7 буудлаас нилээд зайтай хол байдаг. 7 буудлын тэнд яаж яваад очсоноо сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн нэг улаан подволктой хүү намайг түлхсэн, тэгээд би юу болоод байгааг сайн ойлгоогүй. Энэ хүн бол намайг эхлээд согтуу ирээд мөрөн дээр нь дараад, налж ойчсон гэж хэлсэн. Би бол өмдөндөө шээж, баасан асуудал байхгүй. Тэгээд цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очсон байгаа. Тэндээс манай хүн намайг батлан даалтаар авсан. Болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Урьд нь ийм хэрэгт холбогдож байгаагүй. Хохирогчийг нүүрэнд нь цохисоноо сайн санахгүй байна. Хохирогчоос уучлалт гуйсан, ажилгүй, мөнгө төгрөгийн боломжгүй хохирогчид  “идэшний ганц үхэртэй түүнийгээ өгье” гэж хэлсэн. Хохирогч эмчилгээний төлбөрт 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би өмнө нь хөдөө мал маллаж байгаад эхнэрийн бие тааруу, мөн хүүхэд оюутан болоод түрүү жил 5 сард хот руу орж ирсэн. Эхнэр байнгын эмчилгээний шаардлагатай, 1 дүгээр эмнэлэгт нэг удаа гуурсны хагалгаанд, нэг удаа бөөрний хагалгаанд орсон. Эмчилгээний зардалд өгөх гэж 100.000 төгрөгийг манай хүн хүнээс зээлээд олж ирсэн байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, согтуугын минь алдаа, энэ явдал болсоноос хойш үнэхээр гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Нансал нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би явж байгаад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлхийн зуслангийн орчимд 2.5 литрийн Боргио пиво аваад модны сүүдэрт сууж уусан. Тэгээд гэртээ харих гээд яваад замаараа хазайж нэг мэдэхэд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7 буудлын эцэст явж байсан. Нэг мэдэхэд улаан цамцтай залуу намайг түлхээд байх шиг байсан. Тэрнээс цааш юу болсоныг санахгүй байна. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирж саатуулагдсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Нилээн согтсон учир хүнтэй маргалдаж бусдын эрх чөлөөнд халдсан талаараа санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх 16 дугаар хуудас/,

Хохирогч Р.Намжилсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сарын 19-нд 7 буудал дээр гутал зарж байсан. Тэгээд сууж байтал миний ард талаас мөрөн дээгүүр гар дараад гараад ирсэн. Тэгээд ямар юм дараад байна аа гээд эргээд харсан чинь энэ хүн согтуу байсан. Тэгээд би чи ямар сонин юм бэ, хүний толгой тархи дээгүүр яагаад гараад байгаан гэсэн. Тэгсэн чинь энэ хүн саарал өмдтэй, өмдөндөө шээчихсэн байсан.  Би хүн гүжирдээгүй,  тэгээд гараад ирэхээр нь чи ямар заваан юм бэ хүний толгой тархин дээгүүр яваад гэсэн чинь битгий хуцаад бай, писда минь гээд хажуу тийшээ явсан юм. Тэгсэнээ буцаж ирээд нүдний шил рүү цохьсон. Тэгээд би нүдний шил авая гэж гуйсан тэгсэн чинь надад одоо өгөх мөнгө байхгүй гэсэн. Би аргаа бараад хувь хүнд 20.000 төгрөгөөр бариулсан 200.000 төгрөгөөр бариулсан, тэгсэн чинь хавантай толгойг барьдаггүй юм аа эгчээ, болохгүй, эмч болохоор тэгээд байгаа, би болохоор хөдөлсөн барьсанг нь аминдаа эмчлүүлэх гээд л яваад байна. Би 6 сараар тэтгэврийнхээ зээлийг аваад өөрөө эмчлүүлсэн. Одоо би 1.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгүүлсэн, хавтас хэрэгт зарим нь байгаа, зарим нь байхгүй. Тэгээд хувийн эмнэлэгүүд чинь тамгатай бичиг байхгүй болохоор хэрэгсэхгүй гээд байдаг юм байна лээ. Одоо би 3.000.000 төгрөг л нэхэмжилж байна. …гэсэн мэдүүлэг,

Хохирогч Р.Намжилсүрэн нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...Би хувиараа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гар дээрээс жижиг худалдаа хийгээд 20 гаран жил болж байгаа. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед 7 буудлын эцэст бараа зараад сууж байтал гэнэт зүүн мөрөн дээр хүн дарахаар нь гайхаад хартал танихгүй согтуу хүн байхаар нь “болиоч” гээд нөгөө хүнийг цааш нь түлхээд ямар заваан юм гэсэн. Өмдөндөө шээчихээд хүн дээр дараад байхдаа яадийн гэхэд нөгөө хүн юу гээд байгаа пизда вэ гээд над руу дайраад шууд миний нүдрүү цохисон. Энэ үед миний хажууд байсан Дэмид эгч дундуур орж салгаад байж байтал цагдаа ирж тэр хүнийг барьж явсан. Энэ үед миний нүдний шил хагараад баруун талын нүдний арьс руу хагарсан шил нь ороод цус гарч байсан. Тэгээд утсаараа түргэн дуудсан. Тэгээд эмчээр нүдэндээ боолт хийлгэсэн. Тэр хүн хоёр удаа баруун нүд рүү цохисон. Тэр залуу нилээн их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цаашид нүдний эмчилгээ хийлгэх мөн толгой хавантай гэсэн учир эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна...” гэсэн мэдүүлэг. /хх 31-32 дугаар хуудас/,

Гэрч Д.Дэмидсэрж нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7 буудлын автобусны замын хажууд гар дээрээс самар зараад сууж байхад Намжилсүрэнгийн ар талд нь нэг согтуу залуу ирсэн. Тэгээд Намжилсүрэн уурлаад “өмд хувцсандаа шээж баачаад хүний дээгүүр гарч доромжиллоо” гэж хэлэхэд нөгөө залуу хуц пизда минь гээд цаашаа явах гэж байснаа буцаж ирээд чи муу яах гээд байгаа новш вэ гээд Намжилсүрэнгийн нүүр рүү цохиод би дундуур нь орж салгасан. Тэгээд цагдаа ирээд согтуу залууг аваад явсан. Намжилсүрэнгийн шил хагараад нүднээс нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг. /хх 34 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Тулга нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...би 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст машинт эргүүлийн чиглэлээр ажилаа хийж байсан. Машинт эргүүлийн 113 дугаарт машинтай явж байсан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 7-н буудлын эцэс дээр үл таних хүнд зодуулчихлаа гэсэн дуудлагаар очиход иргэн Р.Намжилсүрэн нь баруун талын нүдээ даавуугаар дарсан байсан тэгээд би иргэн Р.Намжилсүрэнгээс юу болсон талаар асуухад энэ согтуу хүн намайг хэл амаар доромжлоод миний нүдийг цохиж гэмтээсэн гэж хэлсэн. Харин иргэн Р.Намжилсүрэнг цохисон залуу архи дарс хэрэглэсэн согтуу байдалтай байсан. Тэгээд би иргэн Р.Намжилсүрэнгийн нүдийг үзэхэд нүдний доод хэсэгт нь шил зоогдсон, тус газраас нь цус гарсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг. /хх 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Р.Буяндалай нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “... Миний нөхөр Д.Нансал нь айлын том хүү бөгөөд эцэг эхээс долуулаа. Д.Нансал нь залуу насандаа Завхан аймгийн Их-Уул суманд мал маллаж байсан. Бусадтай нийтэч, эелдэг зантай дуу цөөтэй хүн байгаа юм. Мөн Д.Нансалын эцэг, эх нь хүртэл дуу цөөтэй даруухан хүмүүс байсан. Эцг эхийнхээ занг дуурайсан хүн байгаа юм.  Би өөрийн нөхөр Д.Нансалыг хэрэг зөрчилд холбогдсоныг 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 14 цагийн үед миний хүү Н.Гэндэнсүрэн нь 88962513 дугаарын утаснаас залгаж аав нэг эмэгтэй хүнтэй маргалдаад нүдрүү нь цохисон гэнэ. Сүхаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр байна гэж хэлснээр, Д.Нансалыг хэрэгт холбогдсоныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 10126: “...Дүгнэлт

  1. Р.Намжилсүрэнгийн биед баруун нүдний зовхины шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Д.Нансалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 20 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /урьд ял шийтгэгдэж байгаагүй /хх 19 дүгээр хуудас/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх 21/, хорооны тодорхойлолт /хх 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Нансал нь согтуурсан үедээ 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын автобусны эцсийн зогсоолын орчимд гар дээрээс худалдаа хийж байсан хохирогч Р.Намжилсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж, баруун нүдний зовхины шарх зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Намжилсүрэн, гэрч Д.Дэмидсэрж, А.Тулга мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10126 тоот акт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Д.Нансал хохирогч Р.Намжилсүрэнгийн хажуугаар зөрж өнгөрөхдөө санаандгүйгээр мөрөн тус газар хүрсэн боловч түүнд хохирогч ихэд эгдүүцэж олны өмнө зүй бус үг хэлээр доромжилсны улмаас шүүгдэгч түүний нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

 Иймд шүүгдэгч Д.Нансалыг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Шүүх хуралдаанд хохирогчоос “ шүүгдэгч Д.Нансалаас 3.000.000 төгрөг  нэхэмжилж байна. 1.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгүүлсэн, зарим баримт нь хэрэгт байгаа” гэх ба хэргийн материалд 785.400 төгрөгийн баримт байх боловч үүнээс 165.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй, харин 620.000 төгрөгийн баримтанд олон нэр төрлийн эм, тарианы хэрэгслүүдийг тусгасан байх ба үүнийг хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой хийгдсэн эмчилгээний баримт гэж үзэхэд эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Гэвч хохирогч Р.Намжилсүрэн шүүгдэгчид зодуулж гэмтсэний улмаас үүссэн гэх 3.000.000 төгрөгийн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

Шүүгдэгч Д.Нансалаас шүүх хуралдаанд хохирлын мөнгө болох 100.000 төгрөгийг хохирогчид өгөхөө илэрхийлсэн боловч хохирогч нь аваагүй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Нансал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

            1. Барга овогт Доржийн Нансалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нансалыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Нансалд оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Нансал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нансалаас 165.400 /нэг зуун жаран таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Намжилсүрэнд /РД:ЖГ79010269/ олгосугай.

Хохирогч Р.Намжилсүрэнгийн нэхэмжилсэн 620.000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Нансалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Нансалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН