| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
| Хэргийн индекс | 122/2020/0020/З |
| Дугаар | 02 |
| Огноо | 2020-12-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,
Гомдол гаргагч: “СУТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-н гомдолтой,
Хариуцагч: СҮАМХГ-н Экспорт импорт хорио цээрийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О-т холбогдох,
Гомдлын шаардлага: “СҮАМХГ-н байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ............ тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд гомдол гаргагч “СУТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч СҮАМХГ-н Экспорт импорт хорио цээрийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “СУТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СУТ” ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардагдах түүхий эд болох хайрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” тогтоолын дагуу Сүхбаатар сумын байгаль хамгаалагчтай гэрээ байгуулж, тус сумын Засаг даргаар батлуулан зохих төлбөрийг төлж ашигласан юм. Бид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг захиргааны акт гэж үзэж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй хайрга олборлосон гэж үзэхгүй байна.
Хайрга олборлосонтой холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У, улсын байцаагч Ц.О нар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын байранд Б.Г миний биеийг дуудаж уг асуудалтай холбогдуулан тайлбар авч, уг асуудлыг хялбаршуулсан журмаар шийдэх шийдвэр гаргаж, №.......... дугаартай шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгийн шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн. Гэтэл Ц.О байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хүсэлт, Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ө-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн албан тоотод 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэврийн хуудасны төлбөрөөс 500.000 төлсөн мэтээр бичсэн нь ташаа ойлголт юм. Манай компанид нэг зөрчилд 2 шийтгэврээр торгууль оногдуулсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна.
Манай компанийн зүгээс Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид өгсөн тайлбартаа өөрсдийн буруугүй гэдгийг анхнаасаа тайлбарлаж байсан бөгөөд уг зөрчлийн хэргийг хаалгах хүсэлтийг аймгийн Прокурорт бичгээр, хяналтын прокурор Ц.Р-д амаар гаргаж байсан болно.
Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” тогтоолын 2, 3 дахь заалт, сумын Засаг даргын баталж сумын байгаль хамгаалагчтай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн түр гэрээ, Сүхбаатар сумын байгаль хамгаалагч С.Г-ны Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид гэрчээр асуугдсан мэдүүлэг зэргээс манай компани зөвшөөрөлгүй хайрга олборлосон гэдэг нь нотлогдохгүй байна. Бид зөвшөөрөлтэй хайрга олборлосон тухайгаа нэхэмжлэлдээ дурдсан. Ер нь бол тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бүх сумдад үйлчлэхээр гарсан бөгөөд хувийн болон хувьсгалын бүх барилгууд тухайн гэрээгээр өнгөрсөн онуудад үйл ажиллагаа явуулсан байдаг. Үүнийг хүн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой гэсэн зарчмыг үндэслэн хэлж байгаа юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг бид хянадаг субъект биш юм. Хайрга олборлосон гэдэг нь газар болон газрын хэвлий ашигласан гэж үзэхэд их хүндрэлтэй байдаг. Хайрга олборлосон газар нь бороо орж үерийн ус урссаны улмаас эрэг тохой газар овоологдсон хайргыг хусаж хамах хэлбэрээр олборлож барилгын материалд ашигладаг. Энэ нь Сүхбаатар сумын байгаль хамгаалагч С.Гны өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч өөрийн ажлын байранд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр компанийн үйл ажиллагаатай холбоотой тайлбарыг надаас авахад би зөвшөөрөлгүй хайрга олборлосон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн.
Ингээд харилцан тохиролцсоны үүднээс манай компанийг 500.000 төгрөгөөр торгосон байгаа. Тухайн торгуулийг төлж барагдуулсан. Гэтэл Ц.О байцаагч, Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ө нарын хувьд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны албан тоотод шийтгэврийн хуудасны төлбөрөөс 500.000 төгрөг төлсөн үлдэгдэл мөнгөө төлөхгүй байгаа мэтээр албан бичгүүд өгсөн байна. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тавигдсан торгуулийг 6 сард 500.000 төгрөг төлнө гэж байхгүй. Манай компанид давхар шийтгэл оногдуулсан байгаа нь нэг үйл ажиллагаа нь дээр давхар шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар гаргаж байна. Ер нь мэргэжлийн хяналтын байцаагчийн шийдвэр зөв байсан буруу байсан гэхээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу бид үйл ажиллагаагаа явуулсан асуудал дээр л гомдол гаргаж байна.
Иймд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №...... дугаартай 6369298 төгрөгийн шийтгэврийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч СҮАМХГ-н Экспорт импорт хорио цээрийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 13 тоот тогтоолыг “СУТ” ХХК-ийн хувьд захиргааны акт гэж үзэж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй хайрга олборлосон гэж үзэхгүй байна...гэсэн байна. Гэвч түгээмэл тархацтай ашигт малтмапын тухай хуулийг бүхэлдээ зөрчсөн байх тул 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 13 тоот тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна.
2. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан гэж 500 нэгж буюу 500000 төгрөгний шийтгэл оногдуулсан ба бүрэн барагдуулсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг Прокурорын хяналтад шилжуүлэхэд тусгай зөвшөөрөлгүй хайрга олборлосны улмаас Газар, газрын хэвлий, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоогүй, хэрэг үүсгэх шаардлагатай байна гэж буцаасан. (3өрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгосон шийтгэлийн хуудсыг хүчинтэй эсэх асуудал нь миний эрх хэмжээний асуудал биш юм.)
Үүний дагуу тусгай зөвшөөрөлгүй хайрга олборлосон СУТ ХХК-д Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, 2000 нэгжээр торгож, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн газар, газрын хэвлийд учруулсан 4369298 төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж, зөрчлийн хэргийг хааж, прокурорын хяналтад шилжүүлсэн.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба, зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 0063758 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 2000 /2000000 төг/ нэгж, нөхөн төлбөр 4369298 төгрөг, нийт 6369298 төгрөгийн торгох шийтгэлийг “СУТ” ХХК-д ногдуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-д заасны дагуу / Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна/ зөрчил тус бүр дээр арга хэмжээ авсан ба хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “СУТ” ХХК-иас СҮАМХГ-н Экспорт импорт хорио цээрийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О-т холбогдуулан гаргасан Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О-ийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ........... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
“СУТ” ХХК нь нь 2020 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Сүхбаатар сумын нутаг ЦЭ нэртэй газраас зохих зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон байна гэх зөрчлийн гомдол мэдээллийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас шалгаад Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт харъяаллын дагуу Цагдаагийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 42-2/1094 тоот албан бичгээр шилжүүлэн ирүүлсэн материалыг Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт хорио цээрийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О нь хүлээн авч шалгаад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй гэж “СУТ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Энэ шийтгэлийн хуудсын талаар талууд маргаагүй болно.
Ингээд хялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлэснээ Прокурорт бүртгүүлэхээр хандахад тусгай зөвшөөрөлгүй хайрга олборлосны улмаас газар, газрын хэвлий, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоогүй, хэрэг үүсгэх шаардлагатай гэсний дагуу тухайн зөрчилд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн ............... дугаартай хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 0063758 дугаартай шийтгэлийн хуудсаар Сүхбаатар сумын нутаг ЦЭ нэртэй газраас зохих зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэж “СУТ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-д зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хохирлыг 4.369.298 төгрөгөөр тогтоож нийт 6.369.298 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч “СУТ” ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардагддаг түүхий эд хайргыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” тогтоолын дагуу Сүхбаатар сумын байгаль хамгаалагчтай гэрээ байгуулж, тус сумын Засаг даргаар батлуулан зохих төлбөрийг төлж ашигласан тул зөвшөөрөлгүй хайрга олборлосон гэж үзэхгүй, хайрга олборлосонтой холбогдуулан байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О, Э.У нар нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын байранд Б.Г миний биеийг дуудан тайлбар авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 0171665 тоот шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгөөр торгосон, нэг зөрчилд 2 шийтгэврээр торгууль ногдуулсан тул зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн байх тул Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар “Чиглэл өгөх тухай” тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан гэж 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгосон ба хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг прокурорт хянуулахад тусгай зөвшөөрөлгүй хайрга олборлосны улмаас газар, газрын хэвлий, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоогүй, хэрэг үүсгэх шаардлагатай байна гэж буцаасан, үүний дагуу тусгай зөвшөөрөлгүй хайрга олборлосон “СУТ” ХХК-д Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, 2000 нэгжээр торгож, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн газар, газрын хэвлийд учруулсан хохиролд 4.369.298 төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулсан, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т заасны дагуу зөрчил тус бүрд арга хэмжээ авсан, хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргаж байна.
“СУТ” ХХК нь нь 2020 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Сүхбаатар сумын нутаг ЦЭ нэртэй газраас зохих зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон байна гэх зөрчлийн гомдол мэдээллийг анх Цагдаагийн газраас шалгаад тус компани нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар тогтоолоор өгсөн чиглэл, Сүхбаатар сумын Засаг дарга Г.Х, байгаль хамгаалагч С.Гн “СУТ” ХХК-ийн захирал Г.Г-н нарын хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Түгээмэл тархацтай хайрга ашиглах түр гэрээ”-гээр 2020 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Сүхбаатар сумын нутаг ЦЭ нэртэй газраас хайрга олборлосон болохыг тодорхой тогтоосон байдал гомдол гаргагч, хариуцагч нарын тайлбар мэдүүлгээс үзэхэд хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О нь тухайн компанийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга олборлосон гэм буруутай гэж үзэлгүйгээр менежментийн төлөвлөгөөгүй ажилласан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Үүний дараа уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээ Прокурорт бүртгүүлэхээр хандахад тусгай зөвшөөрөлгүй хайрга олборлосны улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоогүй учраас хэрэг үүсгэх шаардлагатай гэсний дагуу тухайн зөрчилд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн 2030000181 дугаартай хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 0063758 дугаартай шийтгэлийн хуудсаар Сүхбаатар сумын нутаг ЦЭ нэртэй газраас зохих зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэж “СУТ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-д зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, учруулсан хохирлыг 4.369.298 төгрөгөөр тогтоож нийт 6.369.298 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэг зөрчилд хоёр удаа шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна. Учир нь: Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа менежментийн төлөвлөгөөгүй ажилласан гэж үзээд хялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлээд прокурорт хандахад байгаль орчинд учруулсан хохирлыг тооцож төлүүлэх шаардлагатай гэсний дагуу зөрчлийн хэрэг нээж шалгаад Зөрчлийн хуулийн дагуу торгууль оногдуулж, хохирол тооцсон гэж, гомдол гаргагчаас байгаль орчны хяналтын улсын байцаагч дуудаж уулзаад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 500,000 төгрөгөөр торгосон гэж мэдүүлдэг.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 5-д “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасны дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн...... дугаартай шийтгэлийн хуудсаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй гэж “СУТ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснээ прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/790 тоот албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагчийн зөрчил тус бүрд арга хэмжээ авсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл “СУТ” ХХК-ийн тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга ашигласан гэх зөрчилд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн дагуу оногдуулсан торгуулийн арга хэмжээ давхардсан боловч хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах арга хэмжээ давхардаагүй байна.
Гэвч Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, ... ” гэж зааснаас үзэхэд тухайн зөрчилд шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн зүйл заалтад нь хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол шийтгэлийн хамт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэхээр, заагаагүй бол зөвхөн шийтгэлийг оногдуулахаар зохицуулсан байна.
Тэгэхээр Цагдаагийн газраас харъяаллын дагуу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 42-2/1094 тоот албан бичгээр шилжүүлсэн материалыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О нь шалгаад хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0171665 дугаартай шийтгэлийн хуудсаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй гэж “СУТ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зүйл заалтад нь хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар заагаагүй болохоор энэ зүйл заалтаар шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд хохирол, нөхөн төлбөр гаргуулах үндэслэл байхгүй.
Нөгөөтэйгүүр хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Ажлын чиглэл өгөх тухай” 01/137 тоот албан бичиг, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаар “Чиглэл өгөх тухай” тогтоолоор 2020 оны аймаг орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь багтаан гүйцэтгэх зорилгоор аймаг, сумдад хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалт, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн автозамын засвар, арчлалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрх олгох ажлыг тухайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, түр ашиглах эрх олгох ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах талаар аймаг, сумдын Засаг дарга нарт чиглэл өгч, дээрх ажлуудыг нэн яаралтай зохион байгуулахаар үүрэгжүүлсэн байна.
Дээрх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг “СУТ” ХХК нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардагддаг түүхий эд хайргыг Сүхбаатар сумын байгаль хамгаалагчтай гэрээ байгуулж, тус сумын Засаг даргаар батлуулан зохих төлбөрийг төлж ашиглаж, бетон зуурмаг үйлдвэрлэж аймагт дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил хийж байгаа зам, барилгын компаниудад нийлүүлсэн нь зөрчлийн хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “СУТ” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
Учир нь: Эрс тэс уур амьсгалтай орны хувьд 2020 онд аймаг орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь багтаан гүйцэтгэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоолын хүрээнд ажилласан бөгөөд маргаан бүхий ............ дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдсэн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр уг тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байсан, нөгөө талаар хууль бус шийдвэр гаргасан гэх захиргааны байгууллага, албан тушаалтныг буруутгахаас тухайн шийдвэрийг зөв буруу эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээгүй хуулийн этгээдийг буруутгаж болохгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1, 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “СУТ” ХХК-ийн гомдлыг хангаж, СҮАМХГ-н Экспорт импорт хорио цээрийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.О-ийн гаргасан 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн.......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70.200 төгрөгийг гаргаж “СУТ“ ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРЦОГТ