Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 110/2024/0002/З |
Дугаар | 221/МА2024/0443 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0443
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н
Нэхэмжлэгч: А.Ж
Хариуцагч: БӨА БСЗД
Гуравдагч этгээд: Ш.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “БӨАБСЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2024/0025 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 110/2024/0002/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ж нь БӨА БСЗДд холбогдуулан “БӨАБСЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогоолгох”-оор маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2024/0025 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 29 дүгээр зүйлийн 29.1, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Жн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн, мөн Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Маргаан бүхий газар буюу Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаантолгой буюу 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн "Үнст" гэх газарт хамаарах өвөлжөөний газрыг /Онгоцоогийн хуучин эмчилгээ тэжээлийн цэгийн өвөлжөө гэх/ иргэн С.Хгийн эзэмшиж, өмчлөлд байгаагүй болох нь тогтоогдсон. Гэхдээ нэхэмжлэгчийн хамт түр амьдарч байсан болохоос ямар нэгэн эзэмшил үүсээгүй байсан юм. Шүүх нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн "Баян-Өлгий аймаг Бугат сумын "Жаргалын зам" нэгдлийн ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг бүрэн баталгаажуулсан хөрөнгийн жагсаалт", гэрч тухайн үед Бугат сумын өмч хувьчлалын комиссын даргаар ажилласан Х.Б, тоо бүртгэгчээр ажилласан сумын 2 дугаар багийн Засаг дарга Х.М нарын мэдүүлэг, 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой "Бугат сумын "Жаргалын зам" нэгдэл, Улаантолгой бригадын их хувьцаанд өгсөн үндсэн хөрөнгийн хувиар" бүхий эх баримт /баримтын 57 дугаар хэсэг/ зэрэг нотлох баримтуудыг буруу үнэлсэн.
3.1. Эдгээр нотлох баримтуудаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч А.Ж нь 1959 оны үеэс анх дээрх өвөлжөөний газрыг эзэмшиж ашиглаж ирсэн нь, мөн хувьчлалаар дээр нь байсан хөрөнгийг авсан болох нь тогтоогдсон юм. Харин иргэн С.Х нь тухайн газрыг эзэмших эрхгүй, түр эзэмшин сууж байсан нь нотлогдсон байхад шүүх буруу дүгнэлт хийсэн. Газрыг зөвхөн эрхийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмших ёстой. Мөн анхан шатны шүүхийн иргэн С.Х нь уг өвөлжөөний газарт амьдарч байгаад Бүгд Найрамдах Казахстан Улс руу нүүх үедээ тус газарт байршилтай байшин, тэмээний чулуун хашаа зэрэг эд хөрөнгүүдийг иргэн С.М худалдсан, С.М нь гэр бүлийн хамтаар тус газарт амьдарч байгаад хүү М.Б нь дээрх эд хөрөнгүүдээ 2012 онд гуравдагч этгээд Ш.Бд худалдсан учраас газрын өмчлөх, эзэмших эрхийг давхар худалдсан мэтээр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Газрыг эзэмшүүлэхтэй холбоотой тухайн үед ямар нэгэн шийдвэр байгаагүй гэдэг нь тогтоогдсон. Бугат сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай захирамж Газрын тухай хуулийг зөрчсөн, хууль бус болох талаар: Сумын Засаг даргаас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай захирамжийг гаргах болсон хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа "М.Баас Ш.Б шилжүүлсэн" гэж тайлбарлаж байгаа боловч Ш.Берлан нь тухайн газрыг эзэмшиж байгаагүй болох нь тогтоогдсон. Эзэмшдэггүй газрыг бусдад шилжүүлж болохгүй гэдгийг шүүхээс анхаараагүйд гомдолтой байна.
3.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-т "Сумын Засаг даргаас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаар захирамжаар Ш.Бердибол газар эзэмших эрхтэй" гэж дүгнэлт хийсэн байна. Хэрэг дотор 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаар захирамж байхгүй байсан. ЗХШХШТХ-ийн 107 дугаар зүйлийн 107.4.-т "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж заасан. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.Ж нь “БӨАБСЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг БӨА БСЗДд холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч А.Ж, иргэн С.Х нар нь тус тус Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд тус сумын Улаантолгой буюу 2 дугаар багийн нутагт байрлах “Үнст” нэртэй газарт А.Ж 1959 оны үеэс, иргэн С.Хтай хамт 1989 оны үеэс хамтран өвөлжиж байсан байна.
3.2. 1993 онд Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Жаргалын зам” нэгдлийн өмчийг хувьчлахад нэгдлийн хонины чулуун хашааг малчин А.Жд, тэмээний чулуун хашааг малчин С.Хд эзэмшүүлсэн.
3.3. Иргэн С.Х нь Казахстан руу явах үедээ амьдарч байсан маргаан бүхий өвөлжөөний газарт байрлах байшин, тэмээний чулуун хашааг иргэн С.М худалдсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Жаргалын зам” нэгдлийн ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг бүрэн баталгаажуулсан хөрөнгийн жагсаалт, тус нэгдэл, Улаантолгой бригадын их хувьцаанд өгсөн үндсэн хөрөнгийн хуваарь, тус сумын өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байсан Х.Б, тоо бүртгэгчээр ажиллаж байсан Х.Мектел нарын гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
3.4. Улмаар С.Мы хүү М.Б нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг гуравдагч этгээд Ш.Бд худалдаж, БӨАБСЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/59 дүгээр захирамжаар тус сумын Улаан толгой багийн “Үнст” нэртэй газар байрлах 700 м.кв өвөлжөөний газрыг Ш.Бд эзэмшүүлж, мөн өдөр 000633205 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор энэхүү маргаан үүсжээ.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан.
4.1. Маргаан бүхий БӨАБСЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.2. Тодруулбал, БӨАБСЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар нэхэмжлэгч А.Жд Баян-Өлгий аймгийн Бугат сумын, Улаантолгой буюу 2 дугаар багийн Онгоцоо хуучин ЭТЦ өвөлжөө нэртэй газарт байрлах, нэгж талбарын 8305001927 дугаартай 700 м.кв газрын өвөлжөөний зориулалтаар, 39 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, мөн өдрийн 000102316 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд уг газар нь гуравдагч этгээд Ш.Бын эзэмшиж буй өвөлжөөний газартай давхцалгүй болох нь хэрэгт авагдсан кадастрын зураг, шүүхийн үзлэг талуудын тайлбараар тогтоогдож байна.
5. Түүнчлэн нэхэмжлэгчээс захиргааны актыг илт хууль болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан энэ тохиолдолд Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан байхыг шаардана.
5.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан.
5.2. Хэдийгээр гуравдагч этгээд Ш.Б нь маргаан бүхий өвөлжөөний газарт байрлах байшин, тэмээний чулуун хашааг М.Баас худалдаж авахдаа газрын эзэмших эрхийг шилжүүлж аваагүй ч түүний эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх газрыг Ш.Бд эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг илт хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүйгээс гадна дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-т “Сумын Засаг даргаас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Ш.Б газар эзэмших эрхтэй” гэж дүгнэлт хийсэн байна. Хэрэгт уг захирамж байхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж тус тус заасан.
6.2. Маргаан бүхий БӨАБСЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/59 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамж хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан 2019 оны А/59 дүгээр захирамж хэрэгт байхгүй бөгөөд харин шийдвэрийн үндэслэх хэсэгт “2016 оны” гэхийг “2019 оны” гэж техникийн шинжтэй алдаа гаргаж бичсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2024/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ