Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 139

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03609 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ”М” ХХК-ийн

Хариуцагч “ЭХ” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 13 540 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “ЭХ” ХХК-ийн олох ёстой байсан ашиг 1 818 632 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, А.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭХ” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Барилга мега стор худалдааны төвийн 1 давхрын 51 м.кв талбай бүхий 4 тоот шилэн павильоныг худалдааны зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар түрээсийн гэрээ байгуулж, 1 м.кв талбайн үнийг 20 000 төгрөгөөр, cap бүр 1 020 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн гэрээний 7.5-д зааснаар нэг залгуурт cap бүр 7 000 төгрөг төлөхөөр гэрээнд заасныг cap бүр 10 000 төгрөг төлөхөөр амаар хэлцэл хийж, төлбөр хийгдэж байсан. “ЭХ” ХХК нь гэрээний 3.6-д зааснаар түрээслэгч нь түрээсийн болон бусад төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулна, мөн 7.3-д зааснаар түрээслэгч нь cap бүрийн эхний 5 хоногийн дотор түрээсийн төлбөрийг 7.2-т заасан данс болон компанийн касст төлнө, 9.2-т төлөөгүй үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгч талд төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй.

            “М” ХХК нь 2016 оны 54, 97 тоот албан бичиг, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 87 тоот албан бичиг болон амаар удаа дараа түрээсийн төлбөрөө төлөхийг шаардсан. “ЭХ” ХХК-д үндсэн төлбөрөө төлчихвөл алдангиас чөлөөлөх саналыг удаа дараа тавьсан. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр үргэлжлэхээр сунгалтыг тухай бүрт нь зохих ёсоор хийсэн. Гэрээнд 2 талын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, өөрсдийн тамга тэмдэг дарсан. “ЭХ” ХХК-ийн захирал С.Б-гийн гарын үсэг, тамга тэмдгийг нөхөж хийсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Бид түүнийг хуурамчаар үйлдэх шаардлага байхгүй, хуурамч гэдгийг өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэрээний 9.2, 9.3-д аль аль талын хүлээх хариуцлагыг заасан, алдангийн талаар тохиролцсон байхад тусдаа бичгээр байгуулах шаардлагагүй тул алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

            “М” ХХК нь өөрийн өмчлөлийн Барилга мега сторын барилгыг бүхэлд нь биш, зөвхөн түүний зарим хэсэг буюу 51 м.кв талбайг түрээслүүлсэн, Улсын бүртгэлийн газар хэсэг талбайг түрээсэлсэн тохиолдолд бүртгүүлэхийг шаардахгүй гэсэн. Барилгыг бүхэлд нь бус нь хэсэг талбайг түрээслүүлэх гэрээг бүртгүүлээгүй нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. “ЭХ” ХХК нь дэнчинд 867 000 төгрөг төлсөн гэдгээ нотлох үүрэгтэй тул түрээсийн төлбөрөөс хасч тооцно гэдгийг зөвшөөрөхгүй. Захирал С.Б нь өмнөх өөрийн түрээсэлж байсан павилионоо солихдоо өөрийн үйл ажиллагаандаа зориулан хаалт хийсэн, тэр хаалтаа гэрээ цуцлагдвал өөрсдөө аваад явахыг зөвшөөрнө. Анх шүүхэд “ЭХ” ХХК-иас түрээсийн төлбөр, алдангид 15 220 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон нэхэмжилсэн. “ЭХ” ХХК нь 2017 оны 5, 6, 7 сарууд болон 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 3 cap 5 хоног павилионоо үргэлжлүүлэн эзэмшиж ирсэн учир түрээсийн төлбөрөө нэмэгдүүлэх шаардлага гарсан. Энэ хугацааны буюу 2017 оны 5, 6, 7 cap мөн 8 дугаар сарын 5 хоногт 1 020 000*3 сар=3 060 000 төгрөг+5 хоногийн 170 000 төгрөг бүгд 3 230 000 төгрөгийг өмнөх нэхэмжлэлд дурдсан түрээсийн үндсэн төлбөр 10 120 000 төгрөгт нэмэхэд төлөх ёстой үндсэн төлбөр нь 13 350 000 төгрөг, мөн гурван сарын цахилгааны төлбөр 30 000 төгрөгөөр нэмэгдэж 70 000 төгрөг, нийт төлбөр 13 420 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Алданги 50 хувиар тооцож 6 710 000 төгрөгийг нэмбэл 20 130 000 төгрөг болж 20 130 000-15 220 000=4 910 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. “ЭХ” ХХК-ийн 2017 оны 5, 6, 7 саруудад 5 090 000 төгрөг төлснийг нэмэгдүүлсэн дүн 20 130 000 төгрөгөөс хасвал 15 040 000 төгрөг болж өмнөх нэхэмжлэлийн дүнгээс 180 000 төгрөгөөр хасагдаж байна. Хэргийн 31 дүгээр талд авагдсан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай гаргасан 15 040 000 төгрөгийн дүнгээс талуудын тооцоо нийлсэн жагсаалтыг үндэслэн “ЭХ” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 500 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг алданги 500 000 төгрөгийн хасаж нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 13 540 000 төгрөг болгож байна гэжээ.

 

            Хариуцагч “ЭХ” ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК-ийн зүгээс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 86 хоног, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 45 хоног, нийт 131 хоног манай бараа материалыг саатуулан барьсан. Үүнийг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар саатуулан барьсан  үндэслэлтэй гэж байгааг зөвшөөрөхгүй. Энэ цаг хугацаа нь өвлийн цагийн борлуулалт муу үеийг даван хаврын улирал эхэлж борлуулалт сайжирдаг цаг хугацаатай давхцан үйл ажиллагааг зогсоосон нь барилгын материалын худалдаа эрхэлдэг байгууллагын хувьд маш хүнд цохилт болж түрээсийн төлбөрийн өглөг нэмэгдэх гол шалтгаан болсон. Иймд нэхэмжилсэн 20 130 000 төгрөгийг саатуулан барьсан 131 хоногийн түрээсийн төлбөр болох 4 454 000 төгрөг, мөн алдангид нэхэмжилсэн 6 710 000 төгрөгийн, цахилгаан хэрэглээний 30 000 төррөгийн 15 000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 8 951 000 төгрөгөөс маргаан шүүхэд шилжсэн өдрөөс хойш 5 090 000 төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл 3 861 000 төгрөг түрээсийн төлбөрийг бараа материалаа худалдан борлуулж барагдуулна гэсэнтайлбар гаргасан байсан. “М” ХХК нь эхний 86 хоногт манай бараа материалыг өөр лангуу руу шилжүүлэн өөр газарт хураасан, дараагийн 45 хоногт манай барааг 2 тал хамтарч тоолоод павиолоны түлхүүрийг нэхэмжлэгч компанийн зохион байгуулагчид хүлээлгэн өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай 46 210 000 төгрөгийн бараа материалыг саатуулан барьсан. Ийнхүү бараа, материалыг 131 хоног саатуулан барьж, үйл ажиллагаа явуулахыг зогсоосон тул энэ хугацааны түрээсийн төлбөр 4 454 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. 2014 онд эдийн засаг хүндэрсэн, орлого орохгүй байгааг хэлж талбай багасгах хүсэлтээ “М” ХХК-д гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Алданги төлөхгүй шалтгаан нь бараа, материалыг саатуулан барьснаас компанийн үндсэн үйл ажиллагаа барилгын материал худалдан борлуулах байснаас үйл ажиллагаа зогсож, үнэндээ амьжиргааны зардалгүй болсон. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус байх тул талбайг ашигласан хугацааны төлбөр, цахилгааны төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Гэрээний ард нэмэлт гэсэн хавсралтад нэхэмжлэгч тал өөрийн дураар өөрчлөлт хийдэг байсан. Анзыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулаагүй тул алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй. “ЭХ” ХХК-ийг байгуулагдахаас өмнө захирал С.Б-тай байгуулсан гэрээний дагуу 867 000 төгрөгийг дэнчинд манай компани төлсөн. Уг нь гэрээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний буюу 1 020 000 төгрөгийг суутгуулсан байх ёстой боловч дэнчинд төлсөн 867 000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцуулна. “М” ХХК-ийн 13 540 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “ЭХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болормаатай байгуулсан гэрээний дагуу дэнчинд төлсөн 867 000 төгрөг, алданги 6 210 000 төгрөг, бараа материалыг саатуулан барьсан 131 хоногийн хугацааны түрээсийн төлбөр 4 454 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. “М” ХХК-ийг нэхэмжлэл гаргаснаас хойш 5 090 000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2 089 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Хариуцагч “ЭХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь 2011 оноос хойш “М” ХХК-ийн Барилга мегастор худалдааны төвд талбай түрээслэн обой хуулга, хулдаас худалдаалж ирсэн. Манай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл бол барилгын материалын худалдаа бөгөөд бид зөвхөн Барилга мегасторийн 1 давхарт 4 тоот лангуунд үйл ажиллагаа явуулж амьжиргаагаа залгуулж ирсэн. Бид түрээсийн талбайд худалдаа явуулж олсон ашгаараа түрээсийн төлбөрийг аль болох төлж барагдуулж ирсэн. Гэвч “М” ХХК-ийн зүгээс борлуулалтын улирал буюу 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 86 хоногийн турш манай бараа материалыг өөр лангуу руу шилжүүлэн хурааж битүүмжилсэн. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 45 хоногийн туршид, 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш тус тус лангууг хааж, манай компанийн 46 210 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хууль бусаар битүүмжилснээс бид алдагдалд ороод байна. Тодруулбал, Барилгын материалын худалдааны оргил үе болох 2016 оны болон 2017 оны 5, 6, 7 дугаар саруудад борлуулалт хийсэн бол бид 1 818 362 төгрөгийн ашиг олох боломжтой байсан. Хэдийгээр түрээсийн төлбөрийн дутуу төлөлт, маргаантай асуудал байсан боловч бусдын өмчид хууль бусаар хүч түрэмгийлэн халдах, битүүмжпэн саатуулан барих, улмаар аж ахуйн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах эрх хэнд ч байхгүй бөгөөд хувийн өмч, аж ахуйн үйл ажиллагааг хуулиар хамгаалсан. Энэ үед бараа материал худалдсан тохиолдолд заавал түрээслүүлэгчид мэдэгдэх ёстой, худалдан авагчаар мөнгийг урьдчилан төлүүлчихээд худалдаж авсан бараагаа авдаг байсан. Нэг удаа 500 000 төгрөгийн худалдаа хийсэн болохоос үргэлжлүүлээд үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг зөвшөөрөхгүй, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болгосон. Иймд бусдын өмчлөлийг хууль бусаар саатуулан барьж аж ахуйн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан буруутай “М” ХХК-иас лангууг битүүмжлэн хаасан үед “ЭХ” ХХК-ийн олох ёстой байсан ашиг 1 818 362 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, А.Г нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь олох байсан ашиг гэх боловч хэдэн төгрөгийн ашиг олох ёстой байсан гэх баримт хэрэгт байхгүй. Саатуулан барьсан 131 хоногтой холбоотой зүйлийг ярьж байна. Павильоныг нь нээгээд үйл ажиллагааг явуулахаар түрээсийн төлбөрөө төлдөггүй. 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 62 000 000 төгрөгийн үнэ бүхий обой, бараа материалыг худалдан борлуулах нөхцлөөр хангасан боловч төлбөрөө төлдөггүй байсан. Гэтэл уг бараа нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр болоход 46 200 000 төгрөгийн бараа болсон, 3 сарын дотор 16 000 000 төгрөгийн борлуулалт хийсэн атлаа 5 090 000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Талбай багасгах хүсэлт гаргахад нь өмнөх талбайн төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч түрээсийн төлбөрөө төлөөгүй. Зөвхөн манай түрээсийн талбайд барилгын бараа материал худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь 60-70 айлтай орон сууцыг обойгоор хангадаг, барааныхаа төлбөрийг авч чадахгүй байна гээд бусдаас авах авлагаа үзүүлдэг байсан. Иймд олох ёстой байсан ашиг гэх 1 818 362 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЭХ” ХХК-иас 9 086 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 454 000 төгрөгт холбогдох хэсэг, “М” ХХК-иас олох ёстой байсан ашиг 1 818 362 төгрөг гаргуулах тухай “ЭХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ЭХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 160 326 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 560 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 045 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, А.Г нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэг буюу шийдвэрийн 7 дахь хуудасны дээрээсээ 3 дахь догол мөрт ... зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлүүлэхийн тулд хариуцагчийн худалдан борлуулж байгаа бараа, материалыг худалдан авагчаар барааны үнийг төлүүлсний үндсэн дээр түрээслэгчид барааг хүлээлгэн өгөх, бараа материалыг түрээсийн павильоноос өөр газар зөөж байрлуулах, бараа материалд тооллого хийсний үндсэн дээр павильоны түлхүүрийг хурааж авах зэргээр саатуулан барих үйл ажиллагааг явуулж байсан нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн энэхү үйл ажиллагаанаас хариуцагч хэвийн үйл ажиллагаа явуулж байсан гэх байдал нь тогтоогдохгүй байна, мөн 6 дахь догол мөрт ... иймд түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч “”ЭХ” ХХК-иас 9 086 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131 хоногийн хугацаанд бараа, материалыг саатуулан барьсан хугацааны түрээсийн төлбөр болох 4 454 000 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв гэсэн хэсгүүдийг зөвшөөрөхгүй байна. Учир нь түрээслүүлэгч тал түрээслэгчийн бараа материалыг саатуулан бариахдаа материалыг зарахыг хориглоогүй, мөнгийг урьдчилан төлснөөр материалыг гаргаж байхаар талууд тохирсон. Энэ нь хэргийн 70 дугаар талд авагдсан байгаа жагсаалтын тайлбар гэсний 2-т саатуулсан материалаас зарах тохиолдолд түрээслүүлэгч талын касст мөнгийг урьдчилан тушааснаар материалыг гаргахаар талууд тохиролцов гээд талууд гарын үсэг зурж зөвшөөрснөөр нотлогдоно. Мөн бараа саатуулагдсан үед буюу 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр түрээслэгч 500 000 төгрөг төлж бараа авч байсан нь хэрэгт авагдсанаар давхар нотлогдоно. Гэтэл шүүх шийдвэрийн 7 дугаар хуудасны 3 дахь догол мөрөнд “... бараа материалыг түрээсийн павильоноос өөр газар зөөж байрлуулах, мөн павильоны түлхүүрийг хурааж авах зэргээр саатуулан барих үйл ажиллагааг явуулж байсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй ... гэж ямар нотлох баримтгүй дүгнэсэн гэж үзэж байна. Тухайлбал, түлхүүр хураан авч, түрээслэгчийг оруулаагүй, түрээслэсэн эд зүйлээ буцааж өгсөн ямар ч нотлхо баримтгүй байхад хариуцагч талын амаар хэлснийг даган, шүүгч нэг талыг барьж дүгнэснийг нэхэмжлэгч тал зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

            Түрээслүүлэгч Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор эрхээ эдлэхдээ түрээслэгч бараа материалаа худалдаж, худалдах эрхэнд халдаагүй, хуульд заасны дагуу түрээсийн гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилготой байсан нь хэргийн 70 дугаар талд байсан жагсаалт, мөн саатуулан барих хугацаанд бараа материал гаргаж байснаар нотлогдоно. Иймд хуулиар зөвшөөрөгдсөн түрээслүүлэгчийн үйл ажиллагааг шүүгч эс хүлээн авч, нотлох баримтуудыг дутуу үнэлж гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн ... хариуцагч “ЭХ” ХХК-иас 9 086 000 төгрөг гаргуулан... гэснийг 4 454 000 төгрөгөөр нэмэгдүүлж, холбогдох өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ЭХ” ХХК-ийн төлөөлөгч С.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “М” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 4 дүгээр сарын байдлаар төлөгдөөгүй түрээсийн төлбөр 10 120 000 төгрөг, алданги 50 хувиар 5 060 000 төгрөг, цахилгааны төлбөр 40 000 төгрөг, нийт 15 220 000 төгрөг нэхэмжилснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ЭХ” ХХК нь тус төлбөрөөс 5 090 000 төгрөг төлснийг тооцож, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 15 040 000 төгрөг болгосон. Мөн “М” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр төлбөр төлсөн баримтуудыг шүүсний дүнд “ЭХ” ХХК-иас төлөгдсөн төлбөрийн баримтыг хүлээн зөвшөөрч, 2 хэсэг төлөгдсөн 1 000 000 төгрөг, түүний алданги 500 000 төгрөгийн хамт тооцооноос хасч, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 13 540 000 төгрөг болгон багасган нэхэмжилсэн. Тодруулбал, “М” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрчилсөн шаардлагадаа анхны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10 120 000 төгрөгт “ЭХ” ХХК-ийн үргэлжлүүлж түрээслэсэн 2017 оны 5, 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөр 3 060 000 төгрөг болон цахилгааны төлбөр 70 000 төгрөгийг нэмж, нийт 13 420 000 төгрөг, алданги 50 хувь буюу 6 710 000 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн үнийн дүнг 20 130 000 төгрөг болгон нэмэгдүүлж, үүнээс 5, 6, 7 сард төлсөн 5 090 000 төгрөгийг хасч, нийт 15 040 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Гэвч “ЭХ” ХХК-ийн 2017 оны 5, 6, 7 сард ажилласан хугацааны түрээсийн төлбөр 3 060 000 төгрөг, цахилгааны төлбөр 70 000 төгрөг нь хугацаандаа төлөгдсөн төлбөр бөгөөд үүнээс алданги тооцох үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан тооцоолол нь алдаатай бөгөөд хугацаандаа төлсөн мөнгөн төлбөрөөс хугацаа хэтрүүлсэн алданги 1 565 000 төгрөгийг үндэслэлүйгээр илүү нэхэмжилсэн байгааг шүүхээс харгалзан үзээгүйгээр шийдвэрлэсэн байна.

Шүүхээс түрээслүүлэгч “М” ХХК нь түрээслэгч “ЭХ” ХХК-ийн бараа материалыг хууль бусаар саатуулан барьж, худалдаа эрхлэх үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцлөөр хангаагүй 131 хоногийн түрээсийн төлбөр 4 450 000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй гэж зөв дүгнэн шийдвэрлэсэн боловч мөн тус хоногуудад ногдох түрээсийн төлбөр 4 450 000 төгрөгийн алданги 50 хувь болох 2 225 000 төгрөгийг хасч тооцоогүйгээр шийдвэр гаргасан нь “ЭХ” ХХК-д төлөх ёсгүй төлбөр ногдуулсан байна.

“ЭХ” ХХК-ийн зүгээс “М” ХХК-тай түрээсийн харилцаатай байсанд маргаагүй ба талбай ашигласан хугацааны төлбөрөө төлөхийг зөвшөөрч байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Гэвч “М” ХХК нь “ЭХ” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн бөгөөд хойшдоо ч бүртгүүлэх шаардлагагүй гэж үзсэн /мөн түрээсийн гэрээ сунгасан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлт гэрээнд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр гарын үсэг зураагүй буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг/ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ болохыг шүүхээс бодитойгоор үнэлж дүгнээгүй.

Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцон, улмаар мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу алданги авахаар заасан тохиролцоо мөн хүчин төгөлдөр бус юм.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч “ЭХ” ХХК-ийн өмгөөлөгчийн шүүгчийг татгалзах гаргах, шүүх хуралдааны т эмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлтүүдийг хүлээн аваагүй, гомдол гаргах эрхгүйгээр бие даан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Дээр дурдсанчлан 2017 оны 5, 6, 7 сард төлсөн 5 090 төгрөгөөс 3 313 000 төгрөг нь хугацаандаа төлөгдсөн төлбөр бөгөөд үүнийг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцох ёсгүй ба харин зөрүү 1 960 000 /5 090 000-3 090 000-70 000=1 960 000/ төгрөг, хожим тооцоо нийлсний дагуу нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцохоор хүлээн зөвшөөрсөн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 500 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг, хууль бусаар саатуулан барьж үйл ажиллагааг зогсоосноос талбайг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй үеийн 131 хоногт ногдох 4 454 000 төгрөг тус бүрийг анх нэхэмжилсэн түрээсийн төлөгдөөгүй төлбөр болох 10 120 000 төгрөгөөс хасч, 2 706 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх үндэслэлтэй байсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул алданги тооцох боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ч давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх замаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “ЭХ” ХХК-д холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 13 540 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохиролд 1 818 362 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            “М” ХХК болон “ЭХ” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, “М” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Барилга мега стор” ХХК-ийн үйлчилгээний төвийн барилга дахь өөрийн өмчлөлийн 51 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “ЭХ” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад бараа материал худалдах зориулалтаар шилжүүлэх, “ЭХ” ХХК нь сарын 1 020 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг ашиглалтын зардал болох 7 000 төгрөгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон. Ашиглалтын зардлыг 10 000 төгрөг болгохоор гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар зохигчийн хооронд маргаангүй байна.

            Хариуцагч талаас түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл түрээсийн гэрээг бичгээр байгуулах, гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

            Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл нь 51 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байх боловч тусгайлан уг талбайн хэмжээгээр улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө гэж гэрчилгээ олгогдоогүй тул уг хөрөнгөтэй холбоотой түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

            Харин түрээсийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд гэрээний талууд уг гэрээний үүргийг хэн алинаасаа шаардах эрхтэй.

            2013 онд байгуулсан түрээсийн гэрээг зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл удаа дараа сунгаж байсан ба тэдний хооронд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөртэй холбоотой маргаан үүсчээ. Иймд 2013 оноос 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийн талаар талуудын хооронд маргаангүй гэж үзэх юм.

            2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хариуцагч нь түрээсийн төлбөрт 4 640 000 төгрөг төлөөгүй талаар үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алины гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон. /хх-31, 73-76 дугаар тал/

            Хариуцагч “ЭХ” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээгээр тохиролцсоноор 7 170 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 1 000 000 төгрөг төлснийг хасч тооцвол 6 170 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 7 210 000 төгрөг нийт 13 380 000 төгрөгийн төлбөрийг гэрээгээр нэхэмжлэгч нь шаардах эрхтэй боловч дээрх хугацаанд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 86 хоног, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 45 хоног нийт 131 хоногийн хугацаагаар түрээслэгч талыг түрээсийн зүйлийг ашиглах боломжийг олгоогүй тул уг хугацаанд ногдох түрээсийн төлбөрийг хасч тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлох зарчмын дагуу 13 350 000 төгрөг гэж тодорхойлсныг үндэслэн уг нэхэмжлэлээс хариуцагч талын түрээсийн зүйлийг ашиглаагүй хугацаанд ногдох төлбөр 4 454 000 /1 030 000/30 хоног*131 хоног/ төгрөгийг, хариуцагчийн төлсөн 5 090 000 төгрөгийн хамт хасч тооцвол түрээслэгчийн гэрээний үүрэг нь 3 806 000 төгрөгөөр тодорхойлогдож байх тул энэ хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Нэхэмжлэгч, Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй болжээ. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр зохицуулсан боловч мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсгийн зохицуулалт нь газар, байшин болон орон сууц хөлслүүлэгчид хамаарахаас гадна хуулийн дагуу үүсэх барьцааны эрхэд хамаарах зохицуулалт юм. Хуульд зааснаар үүсэх барьцааны эрхийг түрээсийн гэрээнд хамааруулж дүгнэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн эд хөрөнгийг гэрээ болон хуульд заасан зориулалт болох аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгыг хэрэгжүүлэхэд саад болсон нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх үндэслэлд хамаарна. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 9 544 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч “ЭХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь хариуцагчаас, нэхэмжлэгч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс 1 818 363 төгрөгөөр хохирсон гэдгийг нотлохоор 2014, 2015 оны 5-7 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг баримтаар гаргаж өгчээ. Уг тайлан нь хариуцагч компанийг ашигтай ажиллаж байсныг нотлохгүй, санхүүгийн тайланг орлохгүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Харин анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч талыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор өөрт хохирол учирсан гэж тайлбарлаж байхад анхан шатны шүүх уг харилцааг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцалснаас учирсан хохирол гэж зүйлчилж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/03609 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭХ” ХХК-иас 3 806 000 /гурван сая найман зуун зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 544 000 /есөн сая таван зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг, мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн, “М” ХХК-иас 1 818 362 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “160 326” гэснийг “75 846” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                  Ч.ЦЭНД