Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/603

 


    2022         4          21                                   603     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-д холбогдох эрүүгийн 2106 02241 0233 дугаар хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Т. нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн _ задгай тоот уулын энгэрт байрлалтай 0.5 м.кв газрыг өөрийн эзэмшлийн газар мэтээр итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, баримт бичиг ашиглан, хохирогч Б.Б-ыг хуурч, улмаар 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвд 3.900.000 төгрөгийг бэлнээр өөрийн эзэмшилд шилжүүлэн хууль бусаар авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Т. ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “___ гудамжны эхэнд 10 метрийн урттай гүн жалга байсан. Тэр жалга руу 2015 онд 40 машин шороо асгахад газар тэгшрээгүй тул 2016 онд 60 машин шороо асгаж газрын түвшинтэйгээ нийлж газар тэгширсэн. 2017 оны 08 дугаар сард уг газарт хашаа татаж тэнд ойрхон байдаг намайг гэрчлэх нэг хөгшинтэй хамт кадастрын зураг гаргуулсан. Ингээд уг газартаа гурван тал хашаатай болсон. Хашаандаа буух гэхэд амьдралын боломж болохгүй байсан тул ойролцоо байдаг хүргэн дүүгийнхээ хашаанд манайх байсан. Гурван тал хашаа байсны нэг талыг нь хулгайд алдаад хоёр тал хашаатай үлдсэн. Манай хүүхэд сургуулиа төгсөөд мөнгөний хэрэг гарсан тул уг газраа зарах болсон. Уг газарт кадастрын зураг хийлгэж хашаа татсан болохоор миний нэр дээр газрын гэрчилгээ гарна гэдэгт итгэлтэй байсан. Тэр орчимд байсан 7-8 айл уг газрыг миний газар гэдгийг бүгд мэднэ. 2017 онд хашаан дээрээ зарна гээд утасныхаа дугаарыг бичсэн. Нэг жил зарна гэсэн бичигтэй байсан. 2018 онд хохирогч Б-д уг газрыг 3.900.000 төгрөгөөр зарсан. Эргээд асуух зүйл байвал залгаарай гээд утсаа өгсөн. Б-тай хамт кадастрын зураг гаргадаг газар очоод “энэ газрыг Б-ын нэр дээр гаргаад өгөөрэй” гэж хэлээд явсан. Үүнээс хойш хоёр сарын дараа Б над руу залгаад “та энэ газраа ав” гэсэн. Яасан бэ гэхэд “нэг хүн ирээд миний газар гээд гэрчилгээгээ үзүүллээ” гэсэн. Би тэр хүнтэй утсаар ярьж жаахан маргасан. “Яахаараа чи миний газрыг өөрийн нэр дээр гаргуулдаг юм бэ” гэсэн. Үүнээс болж Б-тай мөн муудалцсан. Би газрын албан дээр олон удаа очсон. Тэгэхэд намайг “хашаандаа гэрээ бариад, нойлоо ухаад, тогоо татчихаад ирж уулзаарай” гэсэн. Түүнээс хойш газрын албан дээр 4-5 удаа очсон. Очих болгонд газар олгохгүй байгаа гээд явуулдаг. Нэгэнт хашаа татсан учраас уг газрыг өөрийн газар гэж итгэж байсан. Одоогийн нийгэмд хүмүүс газартаа хашаа татаад дараа нь өөрийн нэр дээр авдаг болсон учир энэ л жишгээр болох байх гэж бодож байсан. Тэгтэл Б-д газраа зарснаас болж ийм байдал үүссэн тул Б-тай маргалдсан. “Хашаандаа гэрээ бариад, нойлоо ухаад тогоо татахаар өөрийн болдог гэсэн. Чи яагаад чадахгүй байж газар авсан юм” гэж хэлсэн. Тэгээд Б намайг шүүхэд өгнө гэсэн. Тэгэхэд нь би “ахыгаа шүүхэд өгөө өг, хууль шүүх гэдэг чинь ганцхан чиний талд гарахгүй, харин ч хоёулаа нийлж газраа олж авахгүй бол би чиний мөнгийг өгч чадахгүй, дээрээс нь газраа алдахад хүрнэ” гэж хэлсэн. Б намайг цагдаад өгсөн байсан. Газрын албанд уг газрыг эзэмшихээр хүсэлтээ бичиж өгч байгаагүй. Би бодохдоо кадастрын зураг хийдэг газрыг төрийн нэрийн өмнөөс албан ёсны бичиг гаргаж байна гэж ойлгосон. Тэгэхлээр би тэр байгууллагад итгэхгүй, өөр юунд итгэх юм бэ? Би 50.000 төгрөг өгч кадастрын зураг хийлгэсэн. Уг газарт өөрийн хөрөнгөөр хашаа татсан болохоор энэ газартай хэн ч булаацалдахгүй гэж бодсон. Бүх хүмүүс энэ жишгээр газартай болж байгаа.  Өнөөдрийн нийгэмд бүгдээрээ ийм байдлаар газартай болж байгаа. Энэ тухай хуульд өөрчлөлт оруулмаар зүйл зөндөө байна. Газрын тухай хуульд газар эзэмших өргөдөл түрүүлж өгсөн хүнд газар өгнө гэсэн байна. Энэ асар буруу заалт байна.” гэв.

           Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 09 дүгээр сарын 20-н хавьцаа Дарь эхийн Жамсран уулын өвөрт хашаа зарна гэсэн зар байсан. Уг зарын дагуу Н ах руу залгаж ярихад “4 саяаар зарна. Бэлнээр бол 3.900.000 төгрөгт өгнө” гэсэн. Маргааш нь Н-той банкны урд уулзаж 3.900.000 төгрөгийг бэлнээр өгч уг газрыг худалдаж авсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Ө гээд хүн гарч ирээд “энэ газар миний газар” гээд гэрчилгээгээ үзүүлсэн. Би Н ах руу залгаад “энэ газрын гэрчилгээ гарсан байна. Та энэ асуудлыг шийдээд өгөөч” гэж хэлсэн.  Тэгэхэд Н   ах хэсэг алга болсон. Залгахаар утсаа авахгүй, эсвэл таслаад байсан тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар гомдол гаргасан. Одоо гомдол санал гэвэл  Н ахад өгсөн 3.900.000 төгрөгөө авмаар байна. Би энэ газрыг авахдаа цалингийн зээл авч байсан. Одоо бид нар түрээсийн байранд байгаа. Цалингийн зээл, байрны түрээсийн төлбөр гээд цалин мөнгө амьдралд хүрэлцэхгүй байна. Н-с мөнгөө авчихвал цалингийн зээлийн тал өрөө дарчихмаар байдаг. ...Нахтай анх уулзахад “Энэ газар минийх. 4,5 жил эзэмшиж байна. Энэ хавийнхан ахыг нь мэднэ.” гэсэн. Албан ёсны газар эзэмших гэрчилгээ үзүүлээгүй. Баянзүрх дүүргийн Газрын албанд энэ газрыг шалгаад өгөөч гэхэд байцаагч нь 4 жилд нэг удаа бичиг баримт хүлээж авдаггүй гээд шалгаж өгөөгүй. Хэд хоногийн дараа очиж дахин байцаагчаас асуухад “Энэ газар Өн гэдэг хүний нэр дээр байна, та залилуулсан байна” гэж хэлсэн. Кадастрын зураг дээр тамга дарагдахаар миний газар боллоо гэж бодоод Н-д мөнгөө өгсөн.  ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын эхээр Жамсран уулын өвөр хавиар хашаа хайж байгаад 4 тал байх ёстой хашааны 2 тал нь байхгүй хашаан дээр **гэсэн дугаарыг бичээд “хашаа зарна” гээд бичсэн байсан,  ...зарын дагуу**дугаарын утсаар холбогдоход “хашаа 4.000.000 гэж байгаа, бэлэн мөнгөнд бол 3.900.000 төгрөгт өгнө” гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн “Номин” худалдааны төвд байдаг “Голомт” банкны салбараас 3.900.000 төгрөгийг бэлнээр аваад Т.Н-д бэлнээр өгсөн. Хувийн байгууллагын кадастрын зураг гаргадаг газар очоод кадастрын зурагны нэрийг нь солиод тамга дараад “одоо энэ газар чиний газар” гэж хэлсэн. Одоогоос 3-4 сарын өмнөөс Н гэдэг хүн ирээд “газар чөлөөлж өг, гэрчилгээ нь энэ байна” гээд хэрүүл хийгээд байгаа. ... Одоо гэрчилгээ гарсан газрыг эзэнд нь өгөөд, надад зарсан хүн Н-с хохирол болох 3.900.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. ...Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын 5 дугаар гудамж задгай тоот уулын энгэрт байрлалтай, 0.5 м.кв хашаа байгаа юм.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 13-14, 63-64 дэх тал/

Гэрч Д.Ө-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин Н 2019 оны 09 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос улс руу явахдаа би газар авсан, гэрчилгээг нь авах гээд материалаа бүрдүүлээд өгсөн, надад жижиг бичиг өгөөд энүүгээр очиж асууж лавлаж байгаад гэрчилгээ гаргахаар аваарай  гээд итгэмжлэл хийж өгсөн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарсныг би 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр очиж авсан. ...Гэрчилгээ гарсан хашаан дотор 2 айл буусан болохоор тэр айлуудыг хашаа чөлөөлж өг гэж очиход “Н гэдэг хүнээс худалдаж авсан” гэж хэлсэн. Би газрын гэрчилгээ нь энэ байна гээд чөлөөлж өгөөрэй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т.Н гэх хүнийг танихгүй. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Т.Н гэх хүн над руу залгаад “би хүнд газар зарсан чинь тэр хүнд гэрчилгээ гараагүй, өөр хүн гэрчилгээ гаргуулж авсан байна, би таныг тэдгээр хүмүүстэй холбоотой юм болов уу гэж асууж залгаж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тийм хүн танихгүй, иргэн өөрөө газрын албан дээр очоод зургийг нь хийлгээд газрын албанаас олгож болно гэсний дагуу олгодог, тэрнээс биш би газар олгодог субъект биш” гэдгийг хэлсэн. ...Намайг ажиллаж байх хугацаанд Т.Н гэх хүн газар эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй. ...Иргэд газар эзэмших хүсэлт гаргаад газрын албанаас олгож болно гээд ирсэн тохиолдолд миний зүгээс буцааж байсан тохиолдол байхгүй, буцаах ч эрх надад байхгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 115-116 дахь тал/

 

Хохирогч Б.Б-ын “Голомт” банкин дахь ...дугаар дансны хуулга,

/хавтаст хэргийн 27 дахь тал/

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13/44 дугаар албан бичгийн хуулбар,

/хавтаст хэргийн 68 дахь тал/

Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 69-88 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          

           Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Т.Н-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй “Би гэм буруугүй. Цагаатгаж өгнө үү.” гэж улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж оролцсон болно.

     

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Н нь нь өөрийн эзэмшил, өмчлөлд хууль ёсоор шилжээгүй байсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран Уулын өвөр 5 дугаар гудамжны задгай тоотод байрлалтай 370.0 /0.037/ м.кв газрыг өөрийн эзэмшлийн газар гэж кадастрын зураг үзүүлэн хохирогч Б.Б-аас 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвд 3.900.000 төгрөгийг бэлнээр авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н-ийн өгсөн “Газрын албанд уг газрыг эзэмшихээр хүсэлтээ бичиж өгч байгаагүй. Би бодохдоо кадастрын зураг хийдэг газрыг төрийн нэрийн өмнөөс албан ёсны бичиг гаргаж байна гэж ойлгосон. ...Би 50.000 төгрөг өгч кадастрын зураг хийлгэсэн. Уг газарт өөрийн хөрөнгөөр хашаа татсан болохоор энэ газартай хэн ч булаацалдахгүй гэж бодсон. Бүх хүмүүс энэ жишгээр газартай болж байгаа. ...Энэ тухай хуульд өөрчлөлт оруулмаар зүйл зөндөө байна. Газрын тухай хуульд газар эзэмших өргөдөл түрүүлж өгсөн хүнд газар өгнө гэсэн байна. Энэ асар буруу заалт байна.” гэх, хохирогч Б.Б-ын өгсөн “2020 оны 09 дүгээр сарын 20-н хавьцаа Дарь эхийн Жамсран уулын өвөрт хашаа зарна гэсэн зар байсан. Уг зарын дагуу Н ах руу залгаж ярихад “4 саяаар зарна. Бэлнээр бол 3.900.000 төгрөгт өгнө” гэсэн. Маргааш нь Н-той банкны урд уулзаж 3.900.000 төгрөгийг бэлнээр өгч уг газрыг худалдаж авсан. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Ө гээд хүн гарч ирээд “энэ газар миний газар” гээд гэрчилгээгээ үзүүлсэн. ...Н ахтай анх уулзахад “Энэ газар минийх. 4,5 жил эзэмшиж байна. Энэ хавийнхан ахыг нь мэднэ.” гэсэн. Албан ёсны газар эзэмших гэрчилгээ үзүүлээгүй. Баянзүрх дүүргийн Газрын албанд энэ газрыг шалгаад өгөөч гэхэд байцаагч нь 4 жилд нэг удаа бичиг баримт хүлээж авдаггүй гээд шалгаж өгөөгүй. Хэд хоногийн дараа очиж дахин байцаагчаас асуухад “Энэ газар Ө гэдэг хүний нэр дээр байна, та залилуулсан байна” гэж хэлсэн. Кадастрын зураг дээр тамга дарагдахаар миний газар боллоо гэж бодоод Н-д мөнгөө өгсөн.” гэх, гэрч Б.Н-ийн өгсөн “...Тухайн иргэн хүн өөрөө газрын албанд очоод хүсэлтээ гаргасны дагуу би цохолт хийж өгдөг. Монгол улсын иргэн хүн өөрийн нэр дээр газрын кадастрын зураг хийлгээд түүнийгээ эзэмшиж, ашиглаж болохгүй. ...Газрын албанд уг газрыг эзэмших хүсэлтээ гаргаж, хэн нэгэн эзэмшиж байгаа эсэхээ шалгуулж байж газар эзэмших хүсэлтээ гаргана.” гэх мэдүүлгүүд, хавтаст хэргээс шинжлэн судалсан эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /хх31/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13/44 дугаар “Иргэн Т.Н нь 21 дүгээр хороо, _ тоот газар эзэмшиж буй эсэхийг дүүргийн Газрын зохион байгуулалтын албаны Ланд менежер программ болон дүүргийн Засаг даргын захирамжийн бүртгэлээс шүүж үзэхэд газрын мэдээллийн санд бүртгэлгүй, газар эзэмшиж буй шийдвэргүй байна. Мөн _ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь иргэн М.Н-ийн нэр дээр бүртгэгдсэн байгаа ба тус иргэнд дүүргийн Засаг даргын 2020 оны А/50 дугаар захирамжаар 21 дүгээр хороо _ тоот хаягт байрших 370 м2 газрыг эзэмшүүлсэн байна.” гэх албан бичгийн /хх68/ хуулбар, Иргэни газар эзэмших эрхийн 000073530 дугаар гэрчилгээний хуулбар /хх69/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх70-73/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг /хх74/, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /хх87/ зэрэг нотлохбаримтаар хохирогчийн шүүгдэгч Т.Н-с худалдан авсан газар нь иргэн М.Н-ийн эзэмшлийн газар болох тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг ...ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгиийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Залилах гэмт хэрэг нь хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж, 2002 оны Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” гэж,  6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 33.1.1 дэх заалтад “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус зааж иргэн газар өмчлөх, эзэмших эрхийг баталгаажуулж, хэрхэн эзэмших талаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.Н-ийн хуульд заасан журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлтээ гарган газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй атлаа  бусдын эзэмшилд байсан газрыг өөрийн эзэмшлийн мэтээр ойлгуулан кадастрын зургийг үзүүлэн хохирогч Б-ын нэр дээр кадастрын зураг гаргуулан өөрийн эзэмшилд 3.900.000 төгрөгийг шилжүүлэн авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Т.Н-ийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, баримт бичиг ашиглж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Н нь хохирогч Б.Б-д учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохиролд 3.900.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Голомт” банкны дансны хуулгаар /хх27/ тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Н-с 3.900.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгох нь зүйтэй

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах. Шүүгдэгч Т.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ аваагүй зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй.” гэх дүгнэлтийг шүүгдэгч Т.Н “Зорчих эрхийг хязгаарлах ял авчихвал зүгээр юм уу. Амьдралд минь хар толбо болж үлдлээ.” гэх тайлбарыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүх шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тухайн газрыг кадастрын зураг хийлгэж хашаа татсан тул газрын гэрчилгээ гарна гэж үзэн хохирогчид газрыг худалдсан нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тогтсон орлогогүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т Н-ийг 6 сарын хугацаанд өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Т.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Төмөрөөгийн Нацагдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ийг 6 сарын хугацаанд өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Н-с 3.900.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгосугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ