Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/638

 

    2022         5           02                                   638    

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зөөд овогт Л. Г холбогдох эрүүгийн 2206 00000 1215 дугаар хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Л.Г нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн _ дүгээр хороо, _ дугаар гудамжны _ тоот гэртээ хохирогч Ц.С-тэй гэр бүлийн харилцаанаас болж маргалдаж, улмаар нүүр хэсэгт гараараа цохиж духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Л.Гшүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Санаандгүй цохисон, маргалдах шалтгаан цалингийн зээлээс болсон. Сард 1.000.000 төгрөг хүрдэггүй цалин авдаг болохоор уурласан. ...өөр газар өөр сайн цалинтай ажилд ор гэдэг. Сард банкны зээл төлөөд 200.000-300.000 төгрөг илүү гардаг. Тэр мөнгө нь бусад зүйлд хүрдэггүй гээд уурлаад байсан. Тэрэнд бухимдаад цохисон.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч  Ц.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн_ дүгээр хороо, _ тоот гэртээ хүүхэдтэйгээ байж байтал манай нөхөр 17 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Манай нөхөр банк бусаас мөнгө зээлж машин аваад цалин нь ороогүй гээд сарынхаа зээлийг төлж чадсангүй гэж хэлсэн. Тухайн үед манай нөхрийг ирээгүй байхад над руу банк бусаас залгаад “мөнгөө төл” гээд загнаад байсан учир би нөхрийгөө “чиний цалин чинь яагаад буудаггүй юм бэ” гээд уурлаад хэрэлдтэл манай нөхөр гэв гэнэт миний чатыг уншсанаа намайг хардаад намайг хэл амаар доромжлоод миний дух болон баруун нүд рүү 2 удаа цохиж зүүн талын бугалга руу 1 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан. ” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 11 дэх тал/

 

Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол,

/хавтаст хэргийн 1-2 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3698 дугаар “1. Ц.С-ийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн бугалгын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Л.Г нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн _ дүгээр хороо, _ тоотод эхнэр Ц.С-тэй цалин буугаагүйгээс зээлээ төлж чадаагүй талаар маргалдаж, улмаар Ц.С-ийн нүүр хэсэгт гараараа цохиж духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн чамархайн хуйх, зүүн бугалгын цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан  хохирогч Ц.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай нөхөр банк бусаас мөнгө зээлж машин аваад цалин нь ороогүй гээд сарынхаа зээлийг төлж чадсангүй гэж хэлсэн. Тухайн үед манай нөхрийг ирээгүй байхад над руу банк бусаас залгаад “мөнгөө төл” гээд загнаад байсан учир би нөхрийгөө “чиний цалин чинь яагаад буудаггүй юм бэ” гээд уурлаад хэрэлдтэл манай нөхөр ...миний дух болон баруун нүд рүү 2 удаа цохиж зүүн талын бугалга руу 1 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан.” гэх /хх11/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г-ийн өгсөн “...Санаандгүй цохисон, маргалдах шалтгаан цалингийн зээлээс болсон. Сард 1.000.000 төгрөг хүрдэггүй цалин авдаг болохоор уурласан. ...өөр газар өөр сайн цалинтай ажилд ор гэдэг. Сард банкны зээл төлөөд 200.000-300.000 төгрөг илүү гардаг. Тэр мөнгө нь бусад зүйлд хүрдэггүй гээд уурлаад байсан. Тэрэнд бухимдаад цохисон.” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3698 дугаар дүгнэлт /хх18-19/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх бөгөөд Л.Г-д холбогдох хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн шинжээр тухайн хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хохирогч Ц.С-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Л.Г-ийн санаатай гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна

Иймд шүүгдэгч Л.Г “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.С  гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд прокурорын байгууллагад “Гомдол санал байхгүй. Миний бие хэвийн зүгээр.” гэх хүсэлт гаргасан, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Нөхөр болох Гүнчинд санал гомдол байхгүй.” гэх тайлбар тус тус гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Л.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Л.Г хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Л.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Л.Гнь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Л.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Л.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                                                   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л. Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.Г-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                       

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ