| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/00307/И |
| Дугаар | 146/ШШ2018/00333 |
| Огноо | 2018-09-12 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 146/ШШ2018/00333
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1985 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ..... оршин суух, ..... регистрийн дугаартай, Б овогт А-ын А-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1979 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн .... оршин суух, ..... регистрийн дугаартай, И овогт М-ийн Б-т холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагч М.Б, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь М.Б-тэй 2012 онд танилцан хамт амьдарч 2017 оны 10 дугаар сарыг хүртэл хамт амьдарсан. Бид хоёрын дундаас 2013 оны 03 дугаар сарын 04-нд хүү А.А, 2014 оны 03 дугаар сарын 04-нд охин А.А төрсөн. Хамт амьдрах хугацаанд М.Б нь өдөр бүр архи ууж, агсам согтуу тавьж хүүхдүүдээ айлгаад байдаг байсан. Тийм учраас М.Бээс салахаар шийдсэн. Хоёр хүүхэд надаар овоглож явдаг, гэрлэлтээ батлуулаагүй. Иймд М.Бийг А.А, А.А нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч А.А-тай анх 2012 онд танилцаж 2013 онд гэр бүл болж амьдарсан. Бид хоёр 2018 оны 05 дугаар сард тус тусдаа амьдарсан. Хүү А.А, охин А.А нар нь миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь М.Б-т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
А.А, М.Б нар нь 2012 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү А.А, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр охин А.А нарыг төрүүлсэн, эх А.А-гийн асрамжинд эрүүл өсч, хүмүүжиж байгаа болох нь хүү А.А, охин А.А-гийн төрсний гэрчилгээний нотариатоор гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн эмчийн тодорхойлолтууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
А.А, М.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй, хүү А.А, охин А.А нарыг эх А.А-гаар овоглож төрсний гэрчилгээ авсан, хариуцагч М.Б нь хүү А.А, охин А.А нарын эцэг мөн эсэх дээр маргаагүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү А.А, охин А.А нарын эцэг М.Б мөн болохыг тогтоож, эцэг М.Б-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч М.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, хоёр хүүхдийн нэг жилд төлөгдөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,009 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б овогт А-гийн А, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б овогт А-гийн А нарын эцэг И овогт М-ийн Б мөн болохыг тогтоосугай.
2. Хүү А.А, охин А.А нарыг эх А.А-гийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү А.А, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр охин А.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Б-ээс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А нь улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг, хоёр хүүхдийн нэг жилд төлөгдөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,009 төгрөг нийт 120,209 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА