Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/672

 

 

    2022        05           9                                    672    

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч Б.Т,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б. Тхолбогдох эрүүгийн 2206 00000 1312 дугаар хэргийг 2022 оны 05 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Т-тнь 2022 оны 03 дугаар сарын 8-ны өдөр ***дүүргийн _ дугаар хороо _ дугаар байрны _ тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн дүү Б.Т- н эрх чөлөөнд санаатайгаар халдан, түүний идэж байсан халуун хоолыг хөмөрч, улмаар хуйх, дух, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, ам эрүүнд нэгдүгээр зэргийн түлэгдэл гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т-т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Б.Т шүүх хуралдаанд: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг гэртээ буюу Баянзүрх дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах _ дугаар байрны _ тоотод байж байхад манай аав, эмээ хоёр “лагер руу явцгаая, хамт явъя” гэж байсан. Аав намайг “хамт явах уу” гэхээр нь “явахгүй” гэсэн чинь аав “за за, тэгвэл чи өөрөө мэд” гэж хэлсэн. Тэгсэн цаанаас ах Т гарч ирээд “чи яахаараа явдаггүй юм” гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд надтай маргалдаж байгаад над руу малгайгаа барьж дөхөж ирээд миний хөл рүү өшиглөөд малгайгаа над руу шидчихсэн юм. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Тэгсэн чинь миний идэх гээд дөнгөж тогооноос аягалж тавьсан шөлтэй хоолыг хөмөрч над руу цацчихсан. Тэгээд л аав ахыг цааш нь түлхээд ахыг загнаад, харин би ариун цэврийн өрөө орж нүүрээ хүйтэн усаар угаагаад цагдаа дуудаад, мөн түргэн тусламж дуудаж үзүүлсэн.” гэх мэдүүлэг,

 /хавтаст хэргийн 7 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4026 дугаар: “1. Б.Т-ийн биед хуйх, дух, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, ам эрүүнд нэгдүгээр зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 13 дахь тал/

 

Б.Т-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...эмээ “хоолоо идээрэй” гэсэн. Хоолоо идчихээд “лагер явцгаана шүү” гэсэн бөгөөд би унтаж байгаад эмээ У, аав Б, дүү Т нартай дөрвүүлээ хамтдаа лагер явна шүү гэхэд дүү Т нь “би явахгүй” гэсэн. Тухайн үед Т “би хичээлтэй, хичээлээ хийнээ” гээд биеэ оторлоод суугаад байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж “чи яахаараа явдаггүй п... вэ? Яв, ахуйн ажил их байгаа” гэж хэлэхэд өөдөөс “явахгүй” гээд байсан. Тэгэхээр нь би Т дээр очоод малгайгаараа цохих гэхэд аав өмнүүр орж ирээд цохиулаагүй юм. Тэгээд би Т-ийн хажуунаас холдохдоо хоол идэж байхад нь хоолыг нь нүүр рүү хөмөрчихсөн, аягатай халуун хоол идэж байсан юм байна лээ. ...Тэр үед миний үгэнд орохгүй ажлаас зугатаагаад байхаар нь тийм үйлдэл гаргачихсан юм.” гэх мэдүүлэг,  

/хавтаст хэргийн 25 дахь тал/

 

Гэрч Х.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ хүүхдүүд болох Т, Т нартай цуг байж байсан. Тэгээд байж байтал манай хоёр хүү хоорондоо лагер явна, явахгүй гээд маргалдаж байсан бөгөөд ах болох Т нь уурлаад авч явж цэвэрлэгээ хийлгэх гэхэд Т ажилтай амжихгүй гэхэд ах нь Т-ийг малгайгаар цохих гээд хүрээд ирэхээр нь би дундуур нь орж салгасан юм. Тухайн үед би салгачихаад буцаад ширээнд суугаад байж байтал Т Т-ийг хоол идээд байж байхад нь гараараа цохиод хоолыг нь цацчихаар нь Т-ийг нэг цохих гэж байгаад болиод эмнэлэг, цагдаа дуудаад тухайн асуудал болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Т-т2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн _ дугаар хороо, _ дугаар байрны _ тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн дүү Б.Т-ийн эрх чөлөөнд санаатайгаар халдан, түүний идэж байсан халуун хоолыг хөмөрч улмаар хуйх, дух, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, ам эрүүнд нэгдүгээр зэргийн түлэгдэл гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Т-т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т-т нь 2022 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн _ дугаар хороо _ дугаар байрны _ тоотод “эмээ, аав нартай хамт цэвэрлэгээ хийхээр лагер явсангүй, биеэ оторлолоо” гэх шалтгаанаар дүү Т-тэй маргалдан улмаар идэх гэж байсан халуун хоолыг хөмөрч түүний хуйх, дух, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, ам эрүүнд нэгдүгээр зэргийн түлэгдэл гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнийг энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан. 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас  шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд.” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” тус тус заасан. 

           

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т, хохирогч Б.Тнар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн байх боловч шүүгдэгч Б.Т-т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

                                                                                                            

Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын бие махбодид халдах гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг ойлгодог. 

 

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.Т-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “Баянзүрх дүүргийн _ дугаар _ тоот хаягт оршин суугаа Б.Т миний бие тус хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлтийг /хх32/ гаргасан, шүүх хуралдаанд хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч Б.Т-д 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Б.Т-тхүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-ийн 37/ тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй боловч эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Т- д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т-т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

           2. Шүүгдэгч овогт Б. Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.Т-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т-т бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

           7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮ