Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 829

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2018/00829

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баяндэлгэр сум, 2 дугаар баг, Галуут хөндлөн 12 гудамж 4 тоотод оршин суух Боржигон овогт Насанбаярын Мөнхтуул /НЧ89080401/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Баяндэлгэр сум, 1 дүгээр баг, Байдлаг, Хөвөнт 1 гудамж 9 тоотод оршин суух Авандай овогт Бямбажавын Шагдаржав /НЧ90012915/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Н.Мөнхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид бага байхаасаа хамт байж, үерхэж нөхөрлөж эхэлсэн. Манай аав, ээжүүд бие биенээ сайн таньдаг найз нөхөд хүмүүс байгаа юм.  Б.Шагдаржав бид 2013 оноос хойш хамтран амьдарч 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлс охинтой болсон. Төв аймгийн Баяндэлгэрт хамт амьдардаг байсан. Б.Шагдаржав Улаанбаатар хот руу удирдлагын академд сурах гэж яваад сураггүй алга болчихсон. Түүнээс хойш 1 жилийн дараа чамаас салах болсон гэгдээ хэлсэн. Би Соёл урлагын их сургуулийг 2017 онд номын санчаар төгссөн. Хариуцагч Б.Шагдаржав 2018 онд Баяндэлгэр суманд аав, ээждээ эхнэрээ дагуулж очсон гэсэн. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Шагдаржав шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн тэтгэлэгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Миний бие барилгын түр ажил хийж байгаа бөгөөд уг ажлыг хүлээлгэн өгөх хугацаа тулсан тул тогтоосон хугацаанд ирэх боломжгүй болно. Иймд намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Шүүх, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Мөнхтуул нь Б.Шагдаржавд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2011 онд танилцаж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх хугацаанд тэдний дундаас 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин Ш.Үйлст төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хамтран амьдрагчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2015 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа, охин Ш.Үйлст нь /5 настай/ бага насны, төрснөөс хойш эх Н.Мөнхтуулын асаргаанд хамт амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, охин Ш.Үйлстийг эх Н.Мөнхтуулын асрамжинд үлдээж, эцэг Б.Шагдаржаваар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу зохигчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хариуцагч мэдсэн атлаа намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заажээ.

 

Иймд Н.Мөнхтуул нь Б.Шагдаржавтай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч гэсэн дундаас төрсөн охин Ш.Үйлстийг тэжээн тэтгэх үүрэгтэй ба цаашид элэг бүтэн амьдрах эрхийг үүгээр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Шагдаржаваас 29 836 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мөнхтуулд олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 29 836 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Шагдаржавын Үйлстийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрээгүй боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Шагдаржаваар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Шагдаржаваас 29 836 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мөнхтуулд олгож, мөн түүнээс хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 29 836 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Шагдаржав нь 29 836 төгрөгийг “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Б.Шагдаржав сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

5.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

 

6.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Л.МӨНХЦЭЦЭГ