Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 834

 

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2018/00834

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

 

Төв аймаг, Жаргалант сум, Өгөөмөр 2-р баг, Дэнжийн 06-02 тоотод оршин суух Тайжууд овогт Идэрцогтын Солонго /ТИ85052406/-ын нэхэмжлэлтэй

 

Төв аймаг, Жаргалант сум, Өгөөмөр 2 дугаар баг, Дэлтийн 6-р гудамжны 02 тоотод оршин суух Боржигон овогт Аянгын Цэрэнтогтох /НМ88122717/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Цэрэнтогтохын нэхэмжлэлтэй И.Солонгод холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Солонго, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч А.Цэрэнтогтох, түүний өмгөөлөгч Ө.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Уртнасан нар оролцов.                                          

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч И.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Цэрэнтогтохтой гэр бүл болж 2012 онд гэр бүл болж хамт амьдарсан. 2015 онд намайг хаяад явсан хаях болсон шалтгаан нь намайг группд орсон шалтгаанаар хаяад явсан. Миний хүү одоо 6 настай. Одоо сургуульд орох гэж байгаа болохоор өөр дээрээ байлгамаар байна. Энэ хугацаан бид 2 тусдаа гараагүй аав, ээж дээрээ амьдардаг байсан. Иймээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч А.Цэрэнтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2011 онд танилцаад гэр бүл болсон. 2015 оны 3 дугаар сараас тусдаа амьдарсан. Тусдаа амьдраад удаагүй манай найз Даваанямтай гэр бүл болсон байсан. Эргэж очих хугацаа богино байсан миний найзтай суучихсан байсан. Солонгийн сэтгэл санаа нь хоёрдсон. Өөр хүнтэй сүүлрээд явж байгаад надад баригдсан. Тийм учраас гэрээсээ явсан буцаад иртэл суучихсан байсан. Хүүхдийн асрамжийг өөр дээрээ тогтоолгох хүсэлттэй байна. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

   Нэхэмжлэгч И.Солонго нь хариуцагч А.Цэрэнтогтоход холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү Ц.Гэрэлт-Одыг өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага, хариуцагч А.Цэрэнтогтох хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагууд гаргажээ.

     Нэхэмжлэгч нь хүү Ц.Гэрэлт-Одыг эцэг А.Цэрэнтогтохын нь асрамжинд өгөхгүй гэж А.Цэрэнтогтох нь хүүхдийн асрамжийг эх И.Солонгод өгөхгүй гэж тус тус маргаж байна.

 

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:

Гэрлэгчид 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, 2012 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хүү ЦГэрэлт-Од нь төржээ.

 И.Солонго, А.Цэрэнтогтох нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2015 оны 3 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа ба тус тусдаа хамтран амьдрагчтай болж тэдний дундаас хүүхэдтэй болсон байх тул тэдгээрийг шүүх эвлэрүүлэх талаар арга хэмжээ авах боломжгүй, мөн зохигчид эвлэрч эргэж амьдрахгүй гэдгээ илэрхийлж байгаа,

 

Талууд хүүхдийн асрамж дээр маргаж байгаа учраас шүүх санаачлагаараа Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж нөхцөл байдлын үнэлгээ хийлгэсэн, энэхүү үнэлгээг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй бөгөөд дахин  бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилж дахин дүгнэлт гарсан. /Хариуцагч тал хэлэлцүүлгийн өмнө дүгнэлттэй холбоотой хүсэлт гаргаагүй ба хэлэлцүүлэгийн явцад уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч дахин шинжээч томилуулах эсэх асуудлаар хүсэлт гаргаагүй/,

 

Эцэг А.Цэрэнтогтох нь дээрхи хугацаанд 5-6 удаа хүүтэйгээ уулзаж байсан, хувцас хунар өгч байсан гэж байгаа боловч 2013 оноос өнөөдрийг хүртэл хүүгээ өөрийн дэргэд авч асарч хамгаалж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, үүнийгээ баримтаар нотлоогүй болно.

 

Харин хүү Ц.Гэрэлт-Од нь төрсөн цагаасаа одоог хүртэл эх И.Солонгын асрамжинд амьдарч байгаа, энэ хугацааны хүүхдийн эрэлт хэрэгцээ, амьдрах нөхцөл боломж болон бусад хэрэгцээг түүний ээж И.Солонго болон түүний эмээ, өвөө нар хамтран бүрдүүлж байсан болох нь нотлогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь дүгнэлт гаргахдаа талуудын эрх ашгийг хөндөөгүй, тэдгээрийг болон тэдний хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийг оролцуулан тэдний амьдарч буй орчин нөхцөл, хүүхдэд тавьж буй анхаарал, хайр халамж, эдийн засгийн болон бусад талын хангамж зэргийг газар дээр нь судалж гаргасан байх тул үнэнд нийцсэн бодитой дүгнэлт болсон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тэдгээрийн гэрлэлтийг цуцалж, хүү Ц.Гэрэлт-Одыг эх И.Солонгын асрамжинд үлдээж, эцэг А.Цэрэнтогтохоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй атлаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгаа ба шүүх хурал дээр асрамжийн талаар шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэхээр байна гэж тайлбарлаж байна.

 

 Гэвч нэхэмжлэгч И.Солонго нь анх нэхэмжлэл гаргахдаа /хх-н 1-рт/ “...гэрлэлтийг цуцалж, 2012.08.14-ний өдөр төрсөн хүү Ц.Гэрэлт-Одыг миний асрамжинд үлдээж, тэтгэлэгийг хуулийн дагуу А.Цэрэнтогтохоос гаргуулж өгнө үү. ...” гэсэн байгаа нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа байсан байх ба шүүх иргэний хэрэг үүсгэхдээ мөн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай гэж захирамжиндаа дурдсан байгаагаар үгүйсгэгдэж байна.   

 

Дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргасан ба ингэхдээ нэхэмжлэгч нь шинжээчийн зардлыг хариуцагчтай хамтран хариуцах талаар санал хүсэлт гаргаагүй тул /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар/ шинжээчийн ажлын хөлс болох 252 000 төгрөгийн 50 хувь болох 126 000 төгрөгийг хариуцагч А.Цэрэнтогтохоор нөхөн төлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. 

 

Хариуцагч А.Цэрэнтогтох нь Портер маркийн /5276 УНҮ/ улсын дугаартай автомашин буюу 10 500 000 төгрөгийг И.Солонгоос гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаснаасаа татгалзсан бөгөөд талууд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

                                                                                                                                                                                                                

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3-д заасныг удирдлага болгон

                                         ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн 0163208  дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй И.Солонго, А.Цэрэнтогтох нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт Цэрэнтогтохын Гэрэлт-Од /НМ12281412/-ыг эх И.Солонгын асрамжинд үлдээж хариуцагч А.Цэрэнтогтохын хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Ц.Гэрэлт-Одыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжтиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж  байгаа бол 18/ настай болтол/ тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Цэрэнтогтохоос тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй дурдсугай.

 

5. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү Ц.Гэрэлт-Одыг эцэг А.Цэрэнтогтохтой хүссэн үед нь уулзуулж хамт байх эрхийг нь эдлүүлж байхыг эх И.Солонгод  үүрэг болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 29 836  төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хариуцагч А.Цэрэнтогтохын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 182 950 төгрөгийг төрийн санд оруулсугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Б.Шагдаржав сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.МӨНХЦЭЦЭГ