| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2022/1127/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1153 |
| Огноо | 2022-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1153
2022 07 28 1153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.У холбогдох эрүүгийн 2206 00000 2299 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.У, 19** оны 7 дугаар сарын 11-ний өдөр **аймгийн** суманд төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нийслэлийн Түргэн Тусламжийн төвд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт **дүүргийн 22 дугаар хороо, **дүгээр гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ***дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр **дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Золоо” гэх нэртэй дэлгүүрийн гадна хохирогч С.Д-ийг явган хүний гарц хааж машинаа байрлуулсан гэх шалтгааны улмаас маргалдан улмаар толгойд нь мөргөн зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ушүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 1 дэх тал/
Хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 28-ны орой Тэрэлж явж ирээд харих замаараа эмийн сан орохоор эхнэр орсон, би машиндаа хүлээгээд автомашины зогсоол дээр машин дотроо сууж байтал нэг согтуу хүн ирээд миний толийг хоёр удаа цохисон. Тэгээд би уг хүнтэй маргалдаж яагаад байгаа талаар нь асуухад явган хүний гарц таглаж зогслоо гээд хэл амаар доромжилсон. Буугаад очтол намайг пизда гэж дуудаад маргалдсан. Гэтэл миний нүүр хэсэг рүү нэг удаа мөргөж 2-3 удаа нүүрэн тус газарт цохисон.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 6 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9266 дугаар “1.2. С.Д-ийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 14-15 дахь тал/
Яллагдагч Б.С-ын“... Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр **дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Золоо” гэх нэртэй дэлгүүрийн гадна хохирогч С.Д-ийг явган хүний гарц хааж машинаа байрлуулсан гэх шалтгааны улмаас маргалдан улмаар толгойд нь мөргөн зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022.6.28-ны өдөр ажил дээрээ жаахан архи уучихаад гэртээ харих замаараа “Золоо” нэртэй дэлгүүрийн хажууд байрлах эмийн сангаас толгойны эм авахаар ороод гараад иртэл нэг машин явган хүний гарц хаагаад тавьчихсан байсан бөгөөд машинаа холдуулаач гээд толь руу нь гараараа түлхсэн чинь нөгөө жолооч “юун сүртэй юм” гээд зам чөлөөлөхгүй байхаар нь дахиад толийг нь түлхсэн чинь нөгөө машины жолооч бууж ирээд “яагаад байгаа пизда вэ” гээд миний зүүн талын шанааны хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь зөрүүлээд зүүн гараараа хүзүүнээс нь татаж зүүн талын хөмсөгний хэсэгт толгойгоороо мөргөөд давхартаа дэлгүүрийн төмөр хашлага мөргөж зогсоод салсан юм.” гэх мэдүүлэг /хх25/
Хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 06 дугаар сарын 28-ны орой Тэрэлж явж ирээд харих замаараа эмийн сан орохоор эхнэр орсон, би машиндаа хүлээгээд автомашины зогсоол дээр машин дотроо сууж байтал нэг согтуу хүн ирээд миний толийг хоёр удаа цохисон. Тэгээд би уг хүнтэй маргалдаж яагаад байгаа талаар нь асуухад явган хүний гарц таглаж зогслоо гээд хэл амаар доромжилсон. Гэтэл миний нүүр хэсэг рүү нэг удаа мөргөж 2-3 удаа нүүрэн тус газарт цохисон.” гэх мэдүүлэг, /хх6/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9266 дугаар дүгнэлт /хх14-15/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Унь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Б.С-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд **дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Унь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “Эмчилгээний зардал 150.000 төгрөг авсан. Хэргийн гомдол, санал байхгүй. Хялбаршуулсан журмаар шийднэ үү.” гэх хүсэлтийг /хх42/ гаргасан, хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх45/ шүүгдэгч 150.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Б.У-т эрүүгий хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Б.У хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх47/ тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Б.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.С-ынорлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.У нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Б.У-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.У-тоногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ