Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
Хэргийн индекс | 122/2021/0004/З |
Дугаар | 12 |
Огноо | 2021-03-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Х сумын 3 дугаар багийн иргэн Г.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ХСЗД-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн ХСЗД-ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “.............. тухай ......... дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч Сүхбаатар аймгийн ХСЗДГ ХСЗД, түүний өмгөөлөгч Ж.Ц, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд анх ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Х сумын 3 дугаар багийн ЗД билээ. Тус баг нь хөдөөгийн баг юм. Манай сумын ЗДХСЗД нь 2020 оны 11 сарын 13-нд ажлаа хүлээн авч 2020 оны 11 сарын 16-ны өдөр ХСЗД-ын бичиг хэргийн эрхлэгч Б.Э нь ХСЗД дарга дуудсан гэж утсаар надад мэдэгдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд үргэлжилсэн цасан шуурга шуурч машин явах боломжгүй байсан учраас дуудсан хугацаанд нь очиж чадаагүй юм. Би энэ хугацаанд өөрийн баг дээрээ ажлаа хийж байсан юм. Гэтэл сахилгын шийтгэл оногдуулсан гэж 2020 оны 11 сарын цалингаас 285600 төгрөг хассан байсан. Цалингаас суутгал хийх тухай ямар нэгэн шийдвэр тухайн үед гараагүй юм.
Мөн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн .......дугаартай захирамжаар 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн иргэдээс авах санал асуулгын хуудсыг иргэдээс авч ЗДТГ-ын орон нутгийн хөгжлийн сангийн ажлыг эрэмбэлэх ажлын хэсэгт хуулийн хугацаанд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр 2020 оны 12 сарын болон 1 сарын цалинг 20%-иар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан юм.
Би энэ сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгын хуудсыг би хугацаанд нь багтаан бүрдүүлсэн байсан. 6 сараас өмнө багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж, орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын саналыг эрэмбэлэх ёстой байсан боловч “ковид” өвчний улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж олноор нэг дор цуглахгүй байх шийдвэр Улсын онцгой комиссоос гаргасны дагуу хурлыг хуралдуулах боломжгүй болсон юм. Сумын тамгын газраас ч энэ ажлыг яаж хийх талаар чиглэл өгөөгүй байснаас хурлаар хэлэлцүүлээгүй байсан. Би нэгэнт багийн хурал хуралдаагүй учраас авсан санал асуулгыг хэлэлцүүлж эрэмбэлэх боломжгүй байгаа тул уг ажлыг хийсэн гэж мэдээлээгүй, энэ асуудлыг хэлэлцэхэд оролцоогүй. Зарим багууд хурлаа хийгээгүй боловч хийснээр хуурамч материал бүрдүүлж өгсөн байсан.
Энэ асуудлаар сумын ЗД-д өргөдөл гаргасан боловч өөрийн гаргасан шийдвэрийг буруугүй гэж үзсэн тул ТАЗ Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлд өргөдөл гаргасан боловч миний гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул ямар нэгэн шийдвэргүйгээр цалингаас суутгасан 285600 төгрөгийг буцаан олгуулах, сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 22-ны өдрийн ...... дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс нь татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлэхдээ: 1. “Шийдвэргүйгээр цалингаас суутгал хийсэн 285600 төгрөг гаргуулах, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан сумын ЗД ..... тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой сумын ЗД-аас ирүүлсэн хариу тайлбараас үзэхэд ямар нэг шийтгэл оногдуулсан асуудал биш гэсэн байх тул миний 2020 оны 11 сарын цалингаас суутгасан 285600 төгрөгийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх болсон тул уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
2. Би анх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ХСЗД-ын 2020 оны 12 сарын 22-ны өдрийн ....... дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар хандсан боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, уг маргаан бүхий актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2016 онд Х сумын ....... багийн ЗД-аар томилогдсон. Дөрвөн жилийн хугацаанд багийн ЗД хийсэн. ЗДХСЗД нь 2021 оны 11 сарын 13-ны өдөр ажилдаа томилогдоод надад 3 сар дараалан цалинг суутгах сахилгын шийтгэл ногдуулсан. Эхний сахилгын шийтгэл Захиргааны хэргийн шүүхэд хамааралгүй иргэний хэрэг байна гээд иргэний хэргийн шүүхэд материалаа өгсөн байгаа. Өнөөдөр би ХСЗД-ын2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” ......... дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хүсэлтэй байгаа.
Сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.4.3 дахь заалтуудыг зөрчиж сонсох үйл ажиллагаа явуулаагүй. Орон нутгийн хөгжлийн сангийн журмын 5.2 дахь хэсэгт заасны дагуу санал асуулгын хуудсыг 5 сард багтаан авсан боловч Х сумын иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй. Хурал хуралдаж хурлын тогтоол гараагүй учир цаашаа ажил үргэлжлэх ямар ч боломжгүй байсан. Би хугацаанд нь ажлаа хийсэн. 12 дугаар сарын 14-ний өдөр гэнэт санал асуулгын хуудсыг нэхсэн. Санал асуулгын хуудсыг нэхэхдээ 1, 4 дүгээр багийн санал асуулгын хуудсыг 12 сарын 12, 13-ны өдөр хуурамч бичиг баримт бүрдүүлж үйлдсэн байсан. 12 дугаар сарын 13-ны өдөр нэгдүгээр багийн санал асуулгыг эрэмбэлж багийн иргэдийн Нийтийн Хурлаар батлуулсан байдаг. ХСЗД-ын сахилгын шийтгэл ногдуулах захирамж 12 дугаар сарын 22-ны өдөр гарсан байдаг. Надад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бичиг хэргийн ажилтан Одончимэг 12 дугаар сарын 14-ний өдөр санал асуулгын хуудсаа өг гэсэн. Би иргэдийн нийтийн хурал хуралдаагүй тул хуурамч нотлох баримт бүрдүүлэхгүй гэсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 43.4 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг ямар нэгэн хэлбэрээр надад мэдэгдэж гардуулаагүй. ... Надад ногдуулсан сахилгын шийтгэл үндэслэлгүй гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Би Б.Э-ийг залгахад 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд цасан шуургатай байсан юм. Би хөдөөгийн багийн ЗД учраас энэ хүнд нөхцөлд өөрийн багтаа байх ёстой гэж хэлсэн. 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.Э-ийг ярихад миний машин цасанд явж болохгүй байна. Багийнхаа нэг айлыг нүүлгээд явж байна гэж хэлсэн. Бэр төрнө гэдэгт би 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот явсан гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн ХСЗДХСЗД шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Х сумын харьяат иргэн Г.Ц-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1. Миний бие Сүхбаатар аймгийн Х сумын ЗД-аар 2020 оны 11 сарын 13-ны өдөр томилогдон ажлаа хүлээж авсан. 2020 оны 11 сарын 16-ны өдөр
сумын Онцгой комиссын шуурхай хуралдаан хийсэн. Уг хуралдаанаар корона
вирусийн халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор сумын ЗДТГ-ын ажилтнууд албан газар, агентлагийн албан хаагчдыг үүрэгжүүлж хөдөлгөөнт эргүүл, постын ажлыг зохион байгуулах талаар хэлэлцсэн. ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан Б.Эээр багийн ЗД, багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг дуудуулахад Г.Ц нь ирээгүй. 2020 оны 11 сарын 16, 17, 19-ний өдрүүдэд Б.Э нь Г.Ц-тай утсаар холбогдсон боловч ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж ирээгүй. Харин Г.Ц нь 2020 оны 12 сарын эхээр надтай холбогдож Улаанбаатар хотод бэрээ төрүүлэх ажилтай явж байна гэж хэлсэн. Тийм учраас 2020 оны 11 дүгээр сарын цалинг ажиллаагүй хоногийг хасаж тооцон олгосон. Энэ нь Г.Ц-д арга хэмжээ тооцсон асуудал
биш гэж ойлгож байна. Ажлаа ямар ч шалтгаангүй тасалсан учраас ажилласан
өдөрт нь тооцож цалинг олгосон.
2. Г.Ц нь 2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгын хуудсыг иргэдээс авч ЗДТГ-ын орон нутгийн хөгжлийн сангийн ажлыг эрэмбэлэх ажлын хэсэгт хуулийн хугацаанд нь ирүүлээгүй учир 2020 оны 12 сарын 22-ны өдрийн А/127 тоот захирамжаар Г.Ц, Б.Ч, Б.Г нарт албан тушаалын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх албан тушаалтнууд үүрэгт ажлаа хуулийн хугацаанд нь гүйцэтгээгүй учраас “Тогтвортой амьжиргаа” төслөөс урамшууллаар орж ирэх хөрөнгө оруулалт зогссон. Иймд Г.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан Б.Э, ня-бо Г.Б нараас гэрчээр тайлбар авч өгнө үү. Бичгийн нотлох баримтыг шүүх хуралдааны өмнө гаргаж өгөх болно.
|
Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Х сумын ЗД томилогдсон. Энэ үед улс орон даяар корона вирусийн халдвар тархаж байсан. Аймгийн Онцгой байдлын газраас бүх зам дээр постонд гарга гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу би бүх төрийн албан хаагчтай биечлэн уулзах гээд нэг бүрчлэн дуудсан. Үүний дагуу бүх багийн ЗД нар ирсэн. Г.Ц нь хэд хэдэн удаа утсаар дуудахад боломжгүй гэсэн хариу өгсөн. Бичиг хэрэг Б.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 16,17,19-ний өдөр гээд 3 өдөр дараалан холбогдсон байсан. Онцгой байдлын хурал дээр багийн дарга нартай холбоотой шүүмжлэл нэлээн өрнөсөн. Багийн ЗД нар сум орон нутгийн ажилд төдийлөн оролцдоггүй. Багийн ЗД нарыг хурдан дуудаж постонд гаргах талаар бусад төрийн албан хаагч нар барьцах маягтай зүйлүүд нэлээд ярьсан байдаг. Би бичиг хэрэг Б.Э-ээр багийн ЗД нарыг дуудуулсан. ... Орон нутгийн хөгжлийн сангаас тогтвортой амьжиргаа төслийн урамшууллын хориод сая орчим төгрөгөө авч чадаагүй байсан. Авч чадаагүй шалтгааныг асуухад багийн ЗД нар иргэдээс санал асуулга аваагүй учраас авч чадаагүй гэсэн. Би Г.Ц-г хоёр шалтгаанаар дуудсан нэгдүгээрт төрийн албан хаагч нарыг дуудаж постонд гаргах. Хоёрдугаарт сум орон нутгийн төсөвт төвлөрөх байсан хориод сая төгрөг яагаад ороогүй талаар дуудсан. Багийн ЗД нарын хариуцлагагүй байдлаас сум орон нутгийг хохироолоо гэж тухайн үед арга хэмжээ авна гэж хэлж байсан.
... Сонсох ажиллагаа явуулаагүй гэж байна. Сонсох ажиллагаа явуулах боломжийг өөрөө хангаагүй. Багийн дарга нар утсаа авдаггүй юм байна лээ. Утасны сүлжээ муу, янз бүрийн шалтгаан хэлдэг гэсэн. Г.Ц нь 2021 оны 01 сарын 14-ний өдөр надтай ирж уулзаж өргөдлөө танилцуулсан. Би сахилгын шийтгэл ногдуулахдаа дуудаж хэлэх гээд чадаагүй. Сүүлд би бичиг хэрэг Б.Э-т багийн ЗД нарт арга хэмжээ авч байгааг хэл гэж хэлсэн. Манай сум жилдээ итгэлцүүрээр 35 сая төгрөг орж ирдэг. Орон нутгийн хөгжлийн сангаас 32 сая төгрөг орж ирдэг. Дэмжлэг гээд 3 сая төгрөг орж ирдэг. Энэ маргааны сэдэв болоод байгаа багийн ЗД нар иргэдээс санал асуулга аваагүй нь корона вирусийн улмаас хуралдаж чадаагүй гэж байна. Иргэдээс санал авахад хэд хэдэн хэлбэр байгаа. Тэргүүлэгчдийн түвшинд хуралдах, цахимаар хуралдах зэрэг боломжууд байсан. Сүхбаатар аймгийн 13 сумаас 10 сум нь цахимаар саналаа авах, эрэмбэлэх, иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарсан байдаг. А, Н, Х гэсэн 3 сум орон нутгийн хөгжлийн сангаас урамшуулал аваагүй байдаг. Бусад сумд урамшууллаа авсан байдаг. Оноо авч чадаагүй 3 сумдад корона вирусийн эсрэг дэглэм үйлчлээд бусад сумдад үйлчлээгүй гэж үзэхгүй байна. Ажлын хариуцлагагүй хүмүүсийг хариуцлагатай болгох, өөрт ногдуулсан үүрэгт ажлаа цаг тухай бүрд хийдэг байлгах үүднээс багийн ЗД нарт сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Орон нутгийн хөгжлийн санд ажлаа 80 хувь дүгнүүлэхэд 50 хувийн урамшуулал авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл 35 сая төгрөгөөс 17.5 сая төгрөг авах боломжтой байсан. Улсын хэмжээнд нийт сумдаас манай сум 230 хавьцаа дүгнэгдсэн байдаг. Мониторинг хийхэд манай 4 багаас ганцхан сумын төвийн баг иргэдээс санал асуулгын ажил хийгдсэн байсан. 6, 7 дугаар сард орон нутгийн хөгжлийн сангаас мониторинг хийдэг. Миний хувьд сахилгын шийтгэл ногдуулахад хувийн ашиг сонирхол, улс төрийн байдлаар хандаагүй. Сахилгын шийтгэл ногдуулсан 3 багийн ЗД нараас ардын нам, ардчилсан намын хүмүүс байсан. 54 хувиас дээш үнэлэгдвэл урамшуулалд хамрагддаг. Манай сум урамшуулалд орох боломжгүй 52 хувь үнэлэгдсэн байдаг. Х сумын авсан 52 оноо бол багийн ЗД нарын хийсэн ажил биш орон нутгийн хөгжлийн сантай холбоотой сумын Засаг даргын захирамж, ажлын хэсэг байгуулах, эрх зүйн шаардлагатай бусад ажлыг цаг тухай бүрд хийсэн ажлын оноо байсан. Ийм учраас холбогдох хүмүүст сахилгын шийтгэл ногдуулсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлдөө: Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэж байна. Г.Ц-г дуудахдаа нэгдүгээрт онцгой байдалтай холбоотойгоор постонд гаргах асуудлаар дуудсан. Хоёрдугаарт орон нутгийн хөгжлийн сантай холбоотойгоор дуудсан боловч Г.Ц нь ирээгүй. Г.Ц нь 4 жил багийн ЗД ажиллаж байгаа, 05 сарын 30-ны дотор санал асуулгыг өгч иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарна гэдгийг мэдэж байгаа. Г.Ц нь шинээр нотлох баримт гээд хэн бөглөсөн нь мэдэгдэхгүй санал асуулгын хуудас өгсөн. Нэхэмжлэгч ажлаа хийсэн гэж ярьж байгаа боловч багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдахад өөрөө иргэдээс авсан санал асуулгын хуудас, материалаа өгөөгүй учраас багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хурал зарлах боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Гэрч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Сүхбаатар аймгийн ХСЗД-ын Т.Г-т бичиг хэргийн эрхлэгчээр 2 жил ажиллаж байна. БЗ Г.Ц-тай 2020 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдөр ярихад хөдөө байна гэсэн. 11 дүгээр сарын 19-ний өдөр ярихад бэр нь төрнө Улаанбаатар хот явна гэж хэлсэн. Би А даргыг сахилгын шийтгэл ногдуулж байгаа хүмүүст хэлээрэй гэж хэлснийг мэдэхгүй байна. Тухайн үед надад багийн ЗД нарт сахилгын шийтгэл ногдуулах захирамжийн төслийг байгууллагын дотоод ажилтан авчирч өгсөн. Би дотоод ажилтандаа сонсох ажиллагаа явуулахгүй юм уу гэж хэлэхэд дотоод ажилтан одоо захирамж гарга гэж хэлсэн гэсэн. Би багийн дарга Ц-тай утсаар ярихдаа танд сахилгын шийтгэл оногдуулах гэж байна гэж хэлээгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд хандан Сүхбаатар аймгийн ХСЗД-ын“ Сахилгын шийтгэл ногдуулах тухай ” 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, шийдвэргүйгээр цалингаас суутгасан 285600 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шийдвэргүйгээр цалингаас суутгасан 285600 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, маргаан бүхий ........ дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн болно.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн иргэдээс авах санал асуулгын хуудсыг иргэдээс авч ЗДТГ-ын орон нутгийн хөгжлийн сангийн ажлыг эрэмбэлэх ажлын хэсэгт хуулийн хугацаанд ирүүлээгүй зөрчил гаргасан гэж Г.Ц-д 2 сарын цалинг 20 хувиар суутгах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйл, Сангийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ...... дугаар тушаалаар баталсан “орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-д зааснаар баг, хорооны ЗД орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулж, энэхүү саналыг багийн иргэдийн нийтийн хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг эрэмбэлэн сонгож, дээрх саналыг сум, дүүргийн ЗДТГ ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр заасан.
Х сумын 3 дугаар багийн ЗД Г.Ц нь багийн иргэдээс санал асуулгын хуудсаар дээрх саналыг авсан болох нь хавтаст хэргийн 20, 86-116 дугаар хуудсанд байгаа баримтуудаар нотлогдож байна.
Харин тус сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж дээрх саналыг хэлэлцэж эрэмбэлэх ёстой байтал “ ковид-19” цар тахал өвчний улмаас улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс хорио цээрийн дэглэм үргэлжилж, олон нийтийг хамарсан хурал, цуглаан, урлаг, спортын арга хэмжээг хориглосон байгаа тул багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах боломжгүй байсан түүнчлэн багийн ЗД нь багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон хуралдуулах эрх хэмжээ бүхий субъект биш байх тул нэхэмжлэгч Г.Ц-г багийн иргэдийн Нийтийн Хурлаар иргэдийн саналыг оруулаагүй гэж шууд буруутгах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны актаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа явуулж шийдвэр гаргахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, шийдвэр гаргах болсон нөхцөл, үндэслэлийн талаар танилцуулах, саналыг авах, уг захиргааны акт гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгохоор заасан байна.
Гэтэл маргаан бүхий актыг гаргахтай холбоотойгоор нэхэмжлэгчийг сонсох ажиллагаанд оролцуулахаар мэдэгдсэн, санал, тайлбарыг авсан талаарх баримт байхгүй байгаа тул захиргааны шийдвэр гаргахад сонсох ажиллагаа хийсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/127 дугаар захирамжийн Г.Ц-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “ хуульд үндэслэх ”, 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн хууль бус захиргааны акт байна.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно ” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ХСЗД-ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/127 дугаар захирамжийн Г.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь “шийдвэргүйгээр цалингаас суутгасан 285600 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч түүний өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА