Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2024/0048/З |
Дугаар | 221/МА2024/0454 |
Огноо | 2024-07-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2024/0454
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч ССын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А
Нэхэмжлэгч: “Ю” ХХК
Хариуцагч: СС, СЯ ХАА улсын байцаагч Ч.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “СЯ ХАА улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Монгол Улсын ССын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын хавсралтын 29-д заасан нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0341 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч ССын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0048/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас СС, СЯ ХАА улсын байцаагч Ч.Б нарт холбогдуулан “СЯ ХАА улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Монгол Улсын ССын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын хавсралтын 29-д заасан нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0341 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дүгээр дүгнэлт, ССын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210 дугаар тушаалын хавсралтын 29 дүгээрт холбогдох хэсгүүдийг захиргааны акт адхин гарах 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухай. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 18 дахь хэсэг буюу шийдвэрийн 15 дахь талд "18. Хэдийгээр “Э” ТӨҮГ-аас гэрээний зүйлийн доголдолтой холбоотой үйл баримтыг дурдаж, гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлагыг “Ю” ХХК-д хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байх боловч гэрээний нэг талын шаардах эрхээ хэрэгжүүлж буй хэлбэр бөгөөд гэрээний зүйлийн доголдол, гэрээний үүргийн зөрчлийг хөндлөнгийн байгууллагаас эсхүл талуудын хамтарсан мэргэжлийн багаас шалгаж тогтоогоогүй байх тул худалдан авагч талаас гаргасан шаардлагууд нь худалдагч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх хангалттай үндэслэл болохгүй. “Ю” ХХК-ийн зүгээс захиалагч талд "...тус хөдөлгүүрээс тосны дээж авсан ба цаашдын ажилд гаргах товыг гуравдагч лабораторийн шинжилгээний хариунд үндэслэн мэдэгдэх болно..." гэх хариуг хүргүүлж байсан бөгөөд хоёр талын болон хөндлөнгийн үзлэг, шинжилгээгээр “Ю” ХХК-ийн гэм буруу тогтоогдоогүй байхад "гэрээний үүргээ биелүүлээгүй" гэж буруутгасан нь үндэслэл муутай болжээ" гэж, Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 21 дэх хэсэг буюу шийдвэрийн 16 дахь талд "Тодруулбал, “Ю” ХХК нь “Э” ТӨҮГ- тай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй гэх үндэслэлийг улсын байцаагч бүрэн шалган тогтоогоогүй, хяналт шалгалтад мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулаагүй, нотлох баримт цуглуулах талаар идэвхтэй ажиллагаа явуулаагүй атлаа тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргасан нь үндэслэлгүй байна." гэж тус тус тусгажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад "сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;" гэж зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалт нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан гэх гурван нөхцөлийг хамааруулж байна.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ноцтой зөрчил гаргасан эсэх талаар тайлбар гаргаж байгаа ч гэрээний үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлтэй маргахгүй байна. Учир нь захиалагч болон нэхэмжлэгч нарын хооронд хэд хэдэн албан бичиг яваад нэхэмжлэгчээс тухайн алан бичигтэй холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ илэрхийлсэн албан бичгүүд байдаг нь энэ нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ гэрээний талууд хүлээн зөвшөөрч байгаа агуулгыг илэрхийлж байна. Түүнчлэн энэхүү гэрээгээр хүлээсэн алдангиа төлсөн асуудал байдаг. Алданги төлнө гэдэг нь гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлагын асуудал. Шахалтаар тухайн алдангийг шахалтаар төлсөн талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа. Алданги төлсөн асуудал нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх агуулгыг илэрхийлж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0341 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ССын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас СС, СЯ ХАА улсын байцаагч Ч.Б нарт холбогдуулан “СЯ ХАА улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Монгол Улсын ССын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын хавсралтын 29-д заасан нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь “Э” ТӨҮГ-тай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2021/12-20-0620 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2022/11-20-612 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулжээ.
3.2. Мөн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Худалдах-худалдан авах №2021/12-20-0620 тоот гэрээний нэмэлт”-ээр гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д “Гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг, дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх, мөн шинэ байх ба ашиглагдсанаас хойш баталгаат хугацаа 12 сар байх” гэснийг “1. CUMMINS KTA-50C загварын 31326094, 31326104 үйлдвэрийн дугаартай хөдөлгүүрүүд нь 15000 мото/цаг хүртэлх хугацаанд цаашид ашиглагдахгүй эвдрэл үүссэн тохиолдолд хөдөлгүүрүүдийг шинээр сольж өгөх, 2. 15000-30000 мото/цагийн хооронд гэмтэл гарсан тохиолдолд хөдөлгүүрүүдэд их засвар хийж өгөх” гэж өөрчлөлт оруулжээ.
3.3. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2021/12-20-0620 дугаартай гэрээнд заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр БелАЗ-75131 загварын 2021 онд үйлдвэрлэгдсэн, CUMMINS KTA 50С загварын хөдөлгүүртэй хүнд даацын өөрөө буулгагч, БелАЗ-76135 загварын 2021 онд үйлдвэрлэгдсэн, CUMMINS KTA 38С загварын хөдөлгүүртэй усалгааны автомашиныг худалдагч “Ю” ХХК-иас худалдан авагч “Э” ТӨҮГ-т хүлээлгэн өгч, талууд акт үйлдсэнээр ашиглалтад оруулсан байна.
3.4. “Э” ТӨҮГ-ын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Барааны доголдол, дутагдлыг арилгуулах тухай” ТБ-20-121164 дугаартай “... хүнд даацын БелАЗ-75131 загварын 4312 арлын дугаартай өөрөө буулгагч автомашины 31326094 серийн дугаартай дотоод шаталтат хөдөлгүүрт 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1054 мото цаг ажиллах үед гэмтэл гарч, одоогоор ажиллуулахгүй зогсоосон байдалтай байх тул гэрээний 5.2.2-т зааснаар доголдлыг арилгах, эсхүл шаардлагад нийцсэн бараагаар солих ...” гэсэн агуулгатай албан бичгийг “Ю” ХХК-д хүргүүлжээ.
3.5. Үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Э” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн техникийн зөвлөлийн гишүүд, “Ю” ХХК, “Эй жи пи эл” ХХК нарын төлөөлөгч нарын хамтарсан баг 4312 дугаартай автомашины хөдөлгүүрийн эвдрэлд үзлэг хийж, дүгнэлт гаргаад ажиллагааг зогсоож, өөр хөдөлгүүрээр солиулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар акт үйлдсэн байна.
3.6. “Э” ТӨҮГ-аас нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн автомашины хөдөлгүүрт үүссэн доголдлыг арилгуулж, их засвар хийлгэх, учирсан хохирлыг барагдуулах, эсхүл автомашиныг нэн даруй солихыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 131/308, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 117/473 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн бөгөөд “Ю” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул мөн үндэслэлээр шалгуулах, хариуцлага тооцуулах агуулга бүхий хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12/4715 тоот албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гаргасан.
3.7. Улмаар Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай “Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу тус яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б хяналт, шалгалт хийгээд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтээр “... гэрээний дагуу барааг 50 хоногт нийлүүлэх үүрэгтэй боловч санал болгосон БелАЗ хөдөлгүүрийг анх төлөвлөснөөс өөр этгээдээс буюу БНХАУ-ын Chongquing Cummuns Engine Co.,Ltd үйлдвэрээс нийлүүлэхээс өөр аргагүй байдал үүссэн, мөн БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн импортлоход гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэх шалтгаанаар гэрээнд заасан анхны хугацаанд нийлүүлээгүй байна ... 4312 арлын дугаартай автомашины доголдлыг арилгуулахыг захиалагч удаа дараа шаардсан боловч доголдлыг арилгаагүй байна ... мөн 2/560-22 дугаартай Хүнд даацын өөрөө буулгагч автомашины хүч дамжуулах ангийн сэлбэгүүд нийлүүлэх гэрээний үүрэг зөрчиж тогтоосон хугацааны дотор барааг нийлүүлээгүй ... Дээрх нөхцөл байдлыг үндэслэн “Ю” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Ю” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна” гэж дүгнэжээ.
3.8. Нэхэмжлэгч компаниас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яам хянаад, дүгнэлтийг хэвээр үлдээсэн талаараа 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/8594 тоот албан бичгээр мэдэгдсэн.
3.9. Улмаар ССын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалаар “Ю” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэснээр энэхүү маргаан үүсжээ.
4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгааргуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, мөн хуулийн 521 дүгээр зүйлд “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч” гээд 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна”, 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж тус тус заасан.
4.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хариуцагч СЯ ХАА улсын байцаагч нь тендерт оролцогч нь гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, эсхүл гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх нь хяналт шалгалтын үндсэн дээр тогтоогдсон тохиолдолд уг компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэхээр санал гаргахаар заасан байна.
4.2. Гэтэл анхан шатны шүүх “... хэрэгт авагдсан баримтаас үзэхэд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад хариуцагч зөрчлийг нотолж тогтоох чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна ... автомашин нийлүүлэх гэрээний зүйлийн доголдол, эвдрэлийг тогтоох нь механик инженерийн нарийн мэргэжлийн асуудал байх бөгөөд автомашинд үүссэн доголдол, түүний гэм буруу, шалтгаант холбоог гэрээний нэг талын хүсэлтээр худалдан авах ажиллагааны улсын байцаагч дангаар тогтоох боломжгүй ... хөндлөнгийн байгууллагаас, эсхүл талуудын хамтарсан мэргэжлийн багаас шалгаж тогтоогоогүй байх тул худалдан авагч талаас гаргасан шаардлагууд нь худалдагч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх хангалттай үндэслэл болохгүй ... гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй болохыг улсын байцаагч тогтоосон гэж шууд дүгнэх боломжгүй” гэж дүгнэж, маргаан бүхий СЯ ХАА улсын байцаагч Ч.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Монгол Улсын ССын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын хавсралтын 29-д заасан нэхэмжлэгчид холбогдох хэсгүүдийг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй.
4.3. Тодруулбал, маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтэд “... барааг 50 хоногт нийлүүлэх үүрэгтэй боловч санал болгосон БелАЗ хөдөлгүүрийг анх төлөвлөснөөс өөр этгээдээс буюу БНХАУ-ын Chongquing Cummuns Engine Co.,Ltd үйлдвэрээс нийлүүлэхээс өөр аргагүй байдал үүссэн, мөн БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн импортлоход гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэх шалтгаанаар гэрээнд заасан анхны хугацаанд нийлүүлээгүй байна ... 4312 арлын дугаартай автомашины доголдлыг арилгуулахыг захиалагч удаа дараа шаардсан боловч доголдлыг арилгаагүй байна ... мөн 2/560-22 дугаартай Хүнд даацын өөрөө буулгагч автомашины хүч дамжуулах ангийн сэлбэгүүд нийлүүлэх гэрээний үүрэг зөрчиж тогтоосон хугацааны дотор барааг нийлүүлээгүй” гэсэн боловч анхан шатны шүүх зөвхөн автомашины моторын эвдрэлтэй холбоотой хэсэгт дүгнэлт хийж, бусад зөрчлүүдэд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу.
4.4. Учир нь, талуудын хоооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2021/12-20-0620 дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д “CUMMINS KTA-50C загварын 31326094, 31326104 үйлдвэрийн дугаартай хөдөлгүүрүүд нь 15000 мото/цаг хүртэлх хугацаанд цаашид ашиглагдахгүй эвдрэл үүссэн тохиолдолд хөдөлгүүрүүдийг шинээр сольж өгөх, 2. 15000-30000 мото/цагийн хооронд гэмтэл гарсан тохиолдолд хөдөлгүүрүүдэд их засвар хийж өгөх”, 8 дугаар зүйлийн 8.5-д “Худалдагч нь худалдан авагчаас ирүүлсэн гомдлын шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор дараах арга хэмжээг авах үүрэгтэй. Үүнд: -Бараа, түүний бүрдэл хэсэгт илэрсэн гэмтэл согогийг өөрийн зардлаар арилгах, -Шинэ, чанарын шаардлага хангасан бараагаар солих, -Солих боломжгүй тохиолдолд гэрээний үнийн дүнг бууруулах, эсхүл барааны үнийг буцааж төлөх”, 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “Бараа нь стандартын шаардлагад нийцсэн хэдий ч ашиглалтын явцад доголдол илэрч чанарын шаардлага хангахгүй нь тогтоогдвол худалдагч тал нийлүүлсэн барааны үлдэгдлийг буцаан авах, доголдолтой барааг ашигласнаас худалдан авагчид учирсан хохирлыг барагдуулна”, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2022/11-20-612 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Бараа нийлүүлэх хугацаа нь 45 хоног байна” гэж тус тус заажээ.
4.5. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч “Ю” ХХК нь дээрх гэрээний үүргүүдээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
4.6. Нэхэмжлэгчээс “... автомашинд гарсан эвдрэл гэмтлийн шалтгаант холбоог тогтоогоогүй ... эвдрэл гэмтэл доголдолд зөвхөн нийлүүлэгч талыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэг талын гомдлоор гэрээний зөрчлийг тогтоохгүй” гэж тайлбарлаж байгаа хэдий ч гэрээнд эвдрэл, доголдол гарсан тохиолдолд хэний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн талаар тогтоох, үүний дараа гэрээний үүргийг биелүүлсэн эсэх талаар зохицуулаагүй байна.
5. Түүнчлэн, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Э” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн техникийн зөвлөлийн гишүүд, “Ю” ХХК, “Эй жи пи эл” ХХК нарын төлөөлөгч нарын хамтарсан баг 4312 дугаартай автомашины хөдөлгүүрийн эвдрэлд үзлэг хийж, дүгнэлт гаргаад ажиллагааг зогсоож, өөр хөдөлгүүрээр солиулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар акт үйлдсэн байгаа энэ тохиолдолд хариуцагч нь хөндлөнгийн байгууллагаас, эсхүл талуудын хамтарсан мэргэжлийн багаас шалгаж тогтоогоогүй, автомашинд үүссэн доголдол, түүний гэм буруу, шалтгаант холбоог гэрээний нэг талын хүсэлтээр тогтоох боломжгүй гэж буруутгаж болохгүй. Энэ талаарх хариуцагч ССын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
5.1. СЯ ХАА улсын байцаагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хяналт, шалгалт хийж, нэхэмжлэгч “Ю” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн буюу худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй нөхцөл үүссэн болохыг тогтоож, дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.2. Дээрх дүгнэлт болон уг дүгнэлтийг үндэслэж гарсан ССын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, 14.5-д заасантай нийцэж байна.
5.3. Иймд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх үндэслэл, шаардлага бий болоогүй тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч ССын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0341 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ССын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ