Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч П.Бямбасүрэн,                                                                                                                                         

Шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг, Ж.Эрдэнэхуяг, тэдгээрийн өмгөөлөгч С.Нарангэрэл /ҮД: 2129/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хуралдаанаар:    

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Жамъяандоржийн Гэрэлтхуяг, Тайжууд овогт Жамъяандоржийн Эрдэнэхуяг нарт холбогдох эрүүгийн 201625021745 дугаар хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман Хуур хотхоны 34 дүгээр байр, 132 тоотод оршин суудаг, /иргэний үнэмлэхний хаяг нь Хэнтий аймаг, Өмнөдэлгэр 7 дугаар баг, Гурванбаян төв гудамж, 00 тоот хаягтай, урд нь Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Тайжууд овогт Жамъяндоржийн Гэрэлтхуяг, /РД: С390050612 /

2.  Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хур тосгонд оршин суудаг, /иргэний үнэмлэхний хаяг нь Хэнтий аймаг, Өмнөдэлгэр 7 дугаар баг, Гурванбаян төв гудамж, 00 тоот хаягтай/, урд ял шийтгэлгүй Тайжууд овогт Жамъяндоржийн Эрдэнэхуяг, /РД: С387010811 /

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг нь шүүгдэгч Ж.Эрдэнэхуягтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 22-оос 06 дугаар сарын 23-нд шилжих шөнийн үүрийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “LUX” нэртэй баараар үйлчлүүлээд гарч явахдаа нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин С.Мөнхбаярыг өдөөн хоргоож толгойг нь илэх, биед нь хүрэх зэргээр зориуд маргаан үүсгэн хохирогч С.Мөнхбаярыг дургүйлхлээ гэх буюу үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж догшин авирлаж танхайрсан, 

Шүүгдэгч Ж.Эрдэнэхуяг нь шүүгдэгч Ж.Гэрэлтхуягтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 22-оос 06 дугаар сарын 23-нд шилжих шөнийн үүрийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “LUX” нэртэй баараар үйлчлүүлээд гарч явахдаа нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин С.Мөнхбаярыг өдөөн хоргоож толгойг нь илэх, биед нь хүрэх зэргээр зориуд маргаан үүсгэн хохирогч С.Мөнхбаярыг дургүйлхлээ гэх буюу үл ялих зүйлээр шалтаглан нуруу хэсэгт нь өшиглөж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Ж.Эрдэнэхуягийн төрсөн дүү. Ж.Эрдэнэхуяг хөдөө Хэнтий аймагт Өмнөдэлгэр суманд 2 ах тус тусдаа гараад явцгаасан учир ээжтэй хань болж амьдардаг. Морь уядаг мотоцикль авах гэж хотод ирсэн. Баатарболд Эрдэнэхуяг хоёр багын найзууд. Баатарболд Эрдэнэхуягтай ойрд уулзаагүй болохоор уулзаж нэг газар жаахан сууя гээд бид хэд бааранд орсон. Мөнхбаяр бид хоёр бааранд өмнө нь муудалцсан байсан тэгээд гарч ирээд Мөнхбаяр халзан толгойтой байсан болохоор эгдүүцээд өхөөрдөөд толгойг нь илсэн тэгсэн чинь намайг эргүүлээд аймхай руу цохисон. Тэгээд би зөрүүлээд өөдөөс нь өшиглөсөн. Тэгээд би Ж.Эрдэнэхуягыг явъя гээд явж байтал Мөнхбаяр эргэж ирээд бид хоёр руу дайраад муу гомо банди нар гэж хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Тэгээд бид хоёрыг шоронгийн хадаас болгоно, манай ах дүү нар та нарыг банди болгоно лаларуудаа гэх зэргээр доромжилсон,  би гомо биш эхнэртэй, эхнэр маань жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа учраас бандидна гэсэн үгэнд нь эмзэглэсэн. Тэгээд бид хоёр явах гэж байтал ах маань энэ яахаараа манай гэр бүлийг доромжилдог юм гээд буцаж очоод цохисон. Тэгээд Мөнхбаяртай явж байсан найз нь бид хоёр руу дайрсан. Тэгэхэд нь би жийж унагасан. Бид хоёр хоёулаа Мөнхбаяраас уучлалт гуйсан тэгээд эмчилгээний зардал гэж 650.000 төгрөг өгсөн. Одоо үйлдлээ санаж байна гэхдээ бүгдийг нь сайн санахгүй байна. Одоо Мөнхбаяр гомдол саналгүй гэсэн. Эхнэр маань төрсөн учир би эхнэртээ сайн хань, хүүхэддээ сайн аав болмоор байна тийм учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Анх би “LUX” нэртэй бааранд бүжиглэж байтал С.Мөнхбаяр гэх халзан толгойтой залуу ирээд намайг мөрлөөд сандалд суулгасан. Тэгээд би тухайн үед юм ярилгүй өнгөрсөн. Тэгээд баар хаагаад баарнаас гараад иртэл нөгөө мөрлөсөн халзан толгойтой залуу манай ах Ж.Эрдэнэхуяг, найз Баатарболд нартай архи ууж байгаа бололтой хамт зогсож байсан, тэгээд би нөгөө халзан толгойтой залуу дээр очоод "чи намайг бааранд бүжиглэж байхад яагаад мөрлөсөн юм бэ" гэж асуутал нөгөө залуу "намайг тэгээд чи яах юм бэ" гэж хэлхээр нь би очоод нөгөө залуугийн толгойг илтэл нөгөө залуу уурлаад намайг аймхайруу цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд бид нар салаад хэсэг хугацаа өнгөрөөд эргээд нэг хартал Баатарболд тэр халзан залуутай юм яриад зогсож байгаа харагдах шиг болсон. Тэгтэл манай ах Эрдэнэхуяг ирээд нөгөө надтай муудалцдаг халзан толгойтой залууг шууд ирээд цохиод унагаасан, тэр халзан толгойтой залуугийн найз гэх залуу Эрдэнэхуяг руу дайрахаар нь би араас гүйж очоод нөгөө залууг жийж холдуулаад Эрдэнэхуягт цохиулан газар унасан байсан халзан толгойтой залууг өшиглөсөн. Яагаад тэр залуугийн толгойд хүрсэнээ одоо ч сайн мэдэхгүй байна. Эрдэнэхуяг тэр халзан толгойтой залуу болох Мөнхбаяр гэгчтэй ямар шалтгаанаас болж муудалцан цохисон эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би С.Мөнхбаярыг баарны гадаа зодож хохирол учруулсан нь үнэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49, 52,95 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Эрдэнэхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Гэрэлтхуягыг явъя гээд цаашаа явж байхад Баатарболд Мөнхбаярыг тайвшруулаад тэнд үлдсэн. Тэгээд бид хоёр цаашаа явж байтал Мөнхбаяр чинь гомо банди нар гээд араас доромжлоод байсан. Талийгаач аав минь сумандаа уурын зуух ажиллуулдаг байсан. Аав байхгүй ээж ганцаараа үлдсэн учир би том тэрэг барьж нүүрсэнд явдаг. Намайг энд байгаа болохоор уурын зуух ажиллахгүй байгаа. Тийм учир хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.Эрдэнэхуяг нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгаас Улаанбаатар хотод шөнийн 01 цаг өнгөрч байхад ирээд, Баатарболд, Гэрэлтхуяг нартай уулзаад “LUX”  бааранд орсон, биднийг бааранд үйлчлүүлж байхад тэр халзан толгойтой Мөнхбаяр гэх залуу манай дүү Гэрэлтхуягийг зөрөхдөө мөрлөөд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд баар хаагаад Баатарболд, Гэрэлтхуяг бид гурав баарны гадаа зогсож байгаад баарнаас авч гарч ирсэн хагас шил архийг ууцгаасан. Тэгтэл тэр халзан толгойтой залуу баарнаас гараад ирсэн. Тэгээд бид хэд тэр халзан толгойтой залууг дуудаад ирэхээр нь танилцсан ба өөрийгөө Мөнхбаяр гэж танилцуулж байсан, тэр залуу архи уухгүй байсан. Гэрэлтхуяг Мөнхбаяр гэх тэр залуугийн толгойг "хөөрхөн юм бэ" гэж илтэл нөгөө Мөнхбаяр гэх халзан толгойтой залуу уурлаад Гэрэлтхуягийг түлхээд бидэнтэй маргалдаж хэрэлдэж эхэлсэн.Тэгтэл Баатарболд ирээд нөгөө халзан толгойтой залуу болох Мөнхбаярыг биднээс холдуулаад эвлэрүүлэх гээд цаана аваачаад яриад зогсож байсан. Тэгтэл Мөнхбаяр Гэрэлтхуяг бид хоёрыг "гомо банди нар минь зайлцгаа" гээд хэл амаар доромжлоод байхаар нь би гүйж очоод цохиж унагасан ба Мөнхбаяр гэгчтэй хамт явсан нэг залуу ирээд салгасан. Бид уг нь юм яриад эвлэрэх гээд ярилцаад зогсож байсан, тэгтэл Гэрэлтхуяг Мөнхбаярын толгойг илснээс болж хэрүүл гараад тэгээд тийм зүйл болчихсон. Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Мөнхбаяраас албан ёсоор уучлалт гуйж учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Би маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56,65, 93 дугаар хуудас/, 

Хохирогч  С.Мөнхбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сарын 23-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад “LUX” баарнаас үйлчлүүлээд гарсан. Гадаа машины копутан дээр сууж байсан үл таних гурван залуу байсан. Надтай хамт явж байсан Отгонпүрэв гэх найзтай юм яриад, ууж байсан архинаасаа тэр гурван залуу хийж өгсөн. Архи хийж өгсөн хүнийг цэнхэр малгайтай залуу байх гэж бодож байна. Тэр гурван залуутай хамт хэсэг архи ууж юм ярьж зогсож байтал өндөр малгайтай эрэгтэй толгойд хүрсэн, тэгэхээр нь би "толгойд битгий хүрээ эр хүний хийморь байдаг шүү дээ" гэхэд цэнхэр малгайтай өндөр залуу "чиний толгойд хүрхээр яадаг юм" гээд ахиад толгойд хүрхээр нь би түлхсэн.Тэгээд муудалцаж байгаад цэнхэр малгайтай, хар хувцастай хоёр нь цааш яваад өгсөн нэг мэдэхэд цаашаа явсан хоёр эрэгтэй хүрч ирээд намайг цохисон. Би босч ирээд хамрынхаа цусыг арчаад байж байтал хар хувцастай нь ирээд зүүн гар луу өшиглөсөн, би цохиулчаад шоконд орсон юу болоод байсныг сайн мэдэхгүй байсан. Найз Отгонпүрэв тэр гурвын цэнхэр цамцтай залуутай эвлэрээд зогсож байсан, тэгтэл хар хувцастай залуу нь ирээд цохисон. Би тэгэхэд унасан..." гэсэн мэдүүлэг /хх 19-20 дугаар хуудас/

                 Гэрч Ж.Отгонпүрэв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би өөрийн найз Мөнхбаярын хамт 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 23-нд шилжих шөнө талбайн урд байх “LUX”  бааранд үйлчлүүлсэн. Баарнаас гартал нэг машины хамар дээр гурван хүн сууж байсан. Тэгтэл тэр гурван залуу Мөнхбаяр бид хоёрыг "вино уу" гэсэн. Тэгэхээр нь бид хоёр вино уудаггүй гэсэн. Цэнхэр малгайтай залуу Мөнхбаярын толгойн дээр нь дараад байсан, Мөнхбаяр тэгэхэд нь "яагаад толгойд хүрээд байгаа юм бэ" гэсэн.Тэгтэл хар хувцастай эрэгтэй хүн Мөнхбаярыг цохисон, тэгээд би салгаад өөрийнхөө гар утсаар цагдаа дуудсан. Хар малгайтай нь хар хувцастай залуу юугаар цохисоныг нь би хараагүй, Мөнхбаярыг цохиод унагаасан. Унасан байхад нь цэнхэр малгайтай эрэгтэй өшиглөөд байсан. Мөнхбаярыг зодсон хүмүүсийг урд нь таньдаггүй байсан, миний биед гэмтэл учраагүй..." гэсэн мэдүүлэг /хх 21 дүгээр хуудас/

Гэрч Д.Батсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би Гэрэлтхуяг, Эрдэнэхуягийн нутгийн ах нь байгаа юм. Би Гэрлээ, Эрдэнэхуяг хоёрыг төрсөн цагаас нь мэднэ. Багаасаа их сэргэлэн хүүхдүүд, хүмүүжлийн хувьд зөв хүмүүжилтэй, гэр бүлийн хувьд аав ээжийнхээ гар дээр элэг бүтэн өссөн хүмүүжилтэй сайн хүүхдүүд, энэ хоёр маань ер нь архи дарс уугаад байдаггүй сайн дүү нар байгаа юм..." гэсэн мэдүүлэг /хх 22 дугаар хуудас/

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: " ... Би Баатарболд, Эрдэнэхуяг нарын багийн найз нь юм. Найз нөхөд дундаа нэлээд нэр хүндтэй, манай хоёр найз илүү дутуу зан байхгүй, өмнө нь ийм асуудалд орооцолдож байгаагүй, энэ удаад харин юу болсон юм болдоо..." гэсэн мэдүүлэг /хх 24 дүгээр хуудас/

Гэрч Э.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: " ... дуудлагаар очиход Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “LUX”  баарны гадаа халзан толгойтой эрэгтэй хүн зодуулсан байдалтай, хамарнаас нь цус гарсан байсан. Тэр зодсон гэх хүмүүсийг болон зодуулсан гэх хүнийг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс рүү авч явж байхад халзан эрэгтэй нь хажуудаа байсан цэнхэр цамцтай залуутай зодолдоод байсан. Машинд хэн нь түрүүлж цохисоныг би хараагүй, ямартай ч хоорондоо хэрэлдэж байгаад зодолдоод эхэлсэн. Машинд зодолдож шалиагүй, зодолдоод эхлэхээр нь салгасан. Тэгэхэд бол нэгнийгээ гэмтээгээгүй..." гэсэн мэдүүлэг /хх 26 дугаар хуудас/

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹8817:

  1. С.Мөнхбаярын биед зүүн 7 дугаар хавирганы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо...” гэжээ /хх 28 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр: “...CD-г комьпютерт хийн тоглуулахад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “LUX” баарны гадаах үүдэн хэсгийн орчин тойронг бичсэн. Цэнхэр малтайтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн хүрч ирэн зогсож байснаа хар хувцастай толгой нь халзан залуугийн толгой дээр гараа тавихад хар хувцастай халзан залуу цэнхэр малгайтай эрэгтэй хүний цээжин тус газар нь цохиж... цэнхэр малгайтай залуу зөрүүлээд хар хувцастай халзан залуугийн бие рүү нь жийж харагдана....хар өнгийн юүдэнтэй куртиктэй эрэгтэй толгой нь халзан эрэгтэйн нүүрэн тус газар нь гараараа цохиход, түүний араас цэнхэр малгайтай эрэгтэй ...толгой халзан залуугийн бие рүү өшиглөж...” гэжээ. /хх 14 дүгээр хуудас/

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...1 ширхэг Си ди–г эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ. /хх 17 дугаар хуудас/

Хохирогч С.Мөнхбаярын Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх 4 /, хохирогч С.Мөнхбаярын өргөдлийг газар дээр нь шалгаж авсан тайлбар /хх 5/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч З.Мөнхбаярын мэдүүлэг /хх 23/, гэрч Ж.Сүнжидмаагийн мэдүүлэг /хх 25/, өвчний түүх /хх 30-31/, шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг, Ж.Эрдэнэхуяг нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 71, 75/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69, 72/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 80-84/, хохирол төлсөн баримт /хх 86-87/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг шүүгдэгч Ж.Эрдэнэхуяг нар согтуурсан үедээ  бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 23-нд шилжих шөнийн үүрийн 04-05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “LUX” нэртэй баарны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч С.Мөнхбаярыг “баран дотор дургүй хүргэлээ” гэх үл ялих шалтгаанаар өдөөн хоргоож үг яриа үүсгэн, толгойг нь илэх, биед нь хүрэх зэргээр зориуд маргаан гаргаж улмаар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогч С.Мөнхбаярын нүүрэн тус газар нь Ж.Эрдэнэхуяг цохиж, биеийн зүүн дээд ар хэсэгт Ж.Гэрэлтхуяг өшиглөж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Мөнхбаяр, гэрч Ж.Отгонпүрэв, Э.Отгонбаатар нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹8817 дугаартай акт, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг, Ж.Эрдэнэхуяг нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг нь Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг, Ж.Эрдэнэхуяг нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан болон тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч С.Мөнхбаяр бичгээр гаргасан хүсэлтдээ “...Ж.Гэрэлтхуяг, Ж.Эрдэнэхуяг нараас гэм хорын хохиролд 650.000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг, Ж.Эрдэнэхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             

1. Шүүгдэгч Тайжууд овогт Жамъяандоржийн Гэрэлтхуяг, Тайжууд овогт Жамъяандоржийн Эрдэнэхуяг нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг, Ж.Эрдэнэхуяг нарыг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэхуяг, Ж.Гэрэлтхуяг нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Эрдэнэхуяг, Ж.Гэрэлтхуяг нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Гэрэлтхуяг, Ж.Эрдэнэхуяг нарт тус тус оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хэнтий аймгийн Цагдаагийн газар болон Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргах эрх бүхий этгээдүүд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Гэрэлтхуяг, Ж.Эрдэнэхуяг нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН