Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1708

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: М.О-н  нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Э М ХХК-д холбогдох

 

 Ажилд эгүүлэн тогтоолгох, 6.854.530 ажилгүй байсан хугацааны цалинд нийт  төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О , өмгөөлөгч Ж.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.О  миний бие 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  Э М ” ХХК-д Гүйцэтгэх захирлын ажлын албанд Хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр, компанийн архив, бүрдүүлэлт, хадгалалт болон архивын баримт бичгийн хамгаалалт, бүрэн бүтэн байдал, компанид зохион байгуулагдах уулзалт, хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах, цагийн бүртгэл гаргах ажлын байрны тодорхойлолттойгоор ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр амаржиж, үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авсан.

Хүүхдүүд цэцэрлэгт явж эхэлсэн тул Хөдөлмөрийн тухай 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт "Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгон ажилдаа эргэн орохоор хүсэлтээ бичгээр гаргасан боловч "Э М ” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн хэлтэс миний хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгөөгүй. Харин орон тоо байхгүй Хөдөлмөрийн гэрээгээ цуцалж хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллавал ажил гэсэн нөхцөлийг Хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Одгэрэл тавьсан.

Миний бие “Э М ” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга (менежер) Одгэрэлийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхийнхээ дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин Хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг минь хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч өргөдөл гаргасан. Энэ өргөдлийн хариуд “Э М ” ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн менежер Т.Одгэрэлээс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12/302 тоот албан бичгээр өмнө хийж байсан ажлаа хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэхийг санал болгосон албан бичгийг ирүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх хэсэгт “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.” гэж заасныг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Э М ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтод саналын хариу хүргүүлж гомдол гаргах тухай албан бичгээр хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах хүсэлгүй байгаа тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгсөнгүй.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасны дагуу “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” ажилтны ажил албан тушаалыг нь хэвээр хадгалахаар баталгаажуулсан, 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.” гэж заасны дагуу миний хүсэлтийн дагуу миний өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, орон тоо хасагдсанаас шалтгаалан үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй бол өөр ажил олж өгөх үүрэгтэй.

Төрийн өмчит компани болох “Э М ” ХХК нь одоогоор архив, бичиг хэргийн мэргэжлийн ажилтан байхгүй бөгөөд энэ мэргэжлийн ажлын байрыг компанийн бүтэц, орон тооноос хассаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтад “Энэ хуулийн 40.1.1. -д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно.” гэж заасан.

Иймд Мягмарын Одонтунгалаг миний Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхийн дагуу хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулахаар өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох, ажиллаагүй хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлэхийг даалган нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өөр ажил олж өгөх үүрэг хүлээгээгүй гэж байна. Хариуцагч тал бол ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй. Хууль бус үйл ажиллагаа явуулаад байна гэдэг гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасан ажил олгогч, жирэмсэн болон 3 хүртэл настай хүүхэдтэй эцэг эхийг аж ахуйн нэгж татан буугдсан бол 40.1.3, 40.1.5-т зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалт байгаа. Энийг үүрэг болгоогүй гэж тайлбарлаж болохгүй байх. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т  зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Энэ бол үүрэг болгосон зохицуулалт мөн. Адилтгаж болох ажлын байр байгаа боловч орон тоо хасагдсан өөр ажлын байранд авах боломжгүй гээд байгаа нь нэгэнт ажлын байр хадгалагдаж байгаа дээр хариуцагч маргахгүй байгаа. Тэгэхээр өөр ажил олж өгөх үүрэг нь хуулиар байгаа. Дүйцэхүйц ажлын байр байгаад байгаа боловч М.О ийн хувьд архивын ажлын байр хасагдаагүй байгаа учир өөрсдийнхөн дүйцэхүйц гээд байгаа ажлын байрны тодорхойлолт бол батлагдаад байгаа. Гэрээнд заасан чиг үүргээс нэмэгдэж хасагдсан гэж байгаа ч ажлын байранд заасан тодорхойлолт хэвээр байгаа гэдгийг бол тайлбарласан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хугацаатай гэрээг хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Ер нь бол 2017 оноос хойш байнгын ажлын байр дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар үүрэг болгосон байгаа. 2018 оны 05 сарын 02-ны өдөр гүйцэтгэх захиралд өргөдлөө өгсөн. Орон тоо хасагдсан гээд байгаа боловч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тухай эрхийн акт гаргах ёстой. Энэ эрхийн актыг гаргуулахаар 05 сарын 02-ны өдөр өргөдөл гаргаад энэ хариуг өгөхгүй байсан учир 30 хоногийн дотор гэдэг үүднээс 2018 оны 05 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Өөрөөр хэлбэл өргөдлийн хариу өгөөгүй учир халсантай адилтгаж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Хариуцагч “Э М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжпэгч М.О  нь хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулахаар ажилд эргүүлэн томилох, ажиллаагүй хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлөхийг даалгуулахаар нэхэмжилснийг “Э М ” ХХК дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч М.О  нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... “Миний бие 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Э М ” ХХК-д Гүйцэтгэх захирлын ажпын албанд Хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр, компанийн архив, бүрдүүлэлт, хадгалалт болон архивын баримт бичгийн хамгаалалт, бүрэн бүтэн байдал, компанид зохион байгуулагдах уулзалт, хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах цагийн бүртгэл гаргах ажлын байрны тодорхойлолттойгоор ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр амаржиж, үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авсан.

“Э М ” ХХК нь Компанийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн этгээд юм. “Э М ” ХХК-ийн дүрмийг Монгол Улсын Засгийн газар буюу хувьцаа эзэмшигч Компанийн тухай хуульд нийцүүлэн баталдаг бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын 2016 оны 104 дүгээр тогтоолоор “Э М ” ХХК-ийн дүрмийг баталсан. Компанийн дүрмийн 9.7.10 дахь заалтад заасны дагуу' Гүйцэтгэх захирал нь “Компанийн бүтэц, зохион байгуулалтын талаар санал боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулах, баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх”, 9.7.12 дахь заалтад заасан “бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах” эрхийг тус тус хэрэгжүүлдэг. Энэхүү дүрмийн дагуу “Э М ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын бүтэц зохион байгуулалтын талаарх санал боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөл нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай “Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” тогтоол гаргасан. Энэ тогтоолоор компанийн орон тоог цомхотгож зарим ажлын байрыг компанийн үндсэн бүтцээс хассан бөгөөд үйлчилгээний ажилтнуудыг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулах болсон.

М.О ийн хөрөнгө оруулалтын мэргэжилтний ажлын байр нь компанийн бүтэц, орон тооноос хасагдсан учраас М.О ийн 2018 оны 03 дугаар сарын 01-нд гаргасан ажилдаа орох хүсэлтийн дагуу урьд авч байсан цалинг бууруулахгүйгээр, жирэмсний амралтаа авахаас өмнө гүйцэтгэж байсан хурал зөвлөгөөн зохион байгуулах, цагийн бүртгэл гаргах зэрэг ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ресепшиний ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллуулах саналыг хүргүүлсэн боловч М.О  нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Засгийн газрын 2016 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан “Э М ” ХХК-ийн дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлөөс батлагдсан бүтэц орон тоонд ажилтан томилох эрх хэмжээг хэтрүүлэн Компанийн гүйцэтгэх удирдлага нь М.О ийг хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилтнаар ажиллуулах боломжгүй, харин жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсныг нь харгалзан үзэж, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг бууруулахгүйгээр хөлсөөр ажиллах гэрээний үндсэн ресепшиний ажлын байранд ажиллуулах боломжтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Талуудын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Д.Одонтунгалаг нь хариуцагч “Э М ” ХХК-д холбогдуулан хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллахаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь Э М  ХХК-ийн дотоод ажил, архив хариуцсан ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6.854.530 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагын тодруулсан болно.

 

 Хариуцагч нь “Э М ” ХХК-ийн 2018 онд бүтэц, орон тоо шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын мэргэжилтний орон тоо хасагдсан, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул цаашид ажиллуулах боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

“Э М ” ХХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн а/21 дүгээр тушаалаар Д.Одонтунгалагийг тус компанид хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэн ба сард 1.300.000 төгрөгийн цалин олгож байхаар шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Э М  ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Одонтунгалагт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгосон байна. /хх-ийн 12 дахь тал/

 

Нэхэмжлэгч Д.Одонтунгалаг нь 2018 оны 3 дугаар сарны 29-ний өдөр ажилд орох хүсэлт гаргасан боловч Э М  ХХК-ийн хүний нөөцийн менежер Т.Одгэрэлийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12/302 тоот албан бичигт “...хөрөнгө оруулалтын мэргэжилтний орон тоог хассан, хүүхэд асрах чөлөөтэй байгаа зарим ажилтнуудын ажлын байрыг 2018 онд хийгдэх компанийн зохион байгуулалтын бүтцээр батлагдах хүртэл Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өмнө хийж байсан ажлаа хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж байхыг үүгээр санал болгож байна. Зохион байгуулалтын бүтэц батлагдмагц бид тантай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах болно” гэх хариуг өгчээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажилд орох тухай хүсэлт гаргасан боловч хариуцагч хариу өгөөгүй үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь намайг ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллах санал тавьсан, ажилд эгүүлэн тогтоохгүй байгаа нь ажлаас үндэслэлгүй халагдсантай адилтган үзэж болохуйц тул ажилд эргүүлэн тогтоолгоно гэж,

хариуцагч “Э М ” ХХК нь Д.Одонтунгалагийг ажлаасаа чөлөөлсөн ажил олгогч бичгээр тушаал гаргаагүй, шинэ бүтцээр орон тоо нь хасагдсан тул бид цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжгүй байгаа гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж, 106 дугаар зүйлийн 106.2.-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.” гэжээ. Ажил олгогч Э М  ХХК нь амаржаад, хүүхэд асрах чөлөөтэй байсан эх ажилдаа орохоор хүсэлт гаргахад ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь хууль заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Мөн ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг учиртай.

 

Э М  ХХК-ийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/116 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан бөгөөд уг тушаалаар хөрөнгө оруулалтын мэргэжилтний орон тоо хасагдсан гэх боловч ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарийг үзэхэд дотоод ажил хариуцсан мэргэжилтний чиг үүрэг, хөрөнгө оруулалтын мэргэжилтний чиг үүрэг адил байх тул орон тоо хасагдсан гэж үзэхгүй, харин албан тушаалын нэршил өөрчлөгдсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...дотоод ажил хариуцсан мэргэжилтний чиг үүрэг, хөрөнгө оруулалтын мэргэжилтний чиг үүрэг адил боловч, дотоод ажил хариуцсан мэргэжилтний чиг үүрэг илүү өргөн болсон тул орон тоо хасагдсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллуулах үүрэгтэй бөгөөд Эрдэнэ Монгол ХХК нь байнгын ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ажиллуулах тухай санал тавьж байгаа нь хуулийн дээрхи зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Э М  ХХК-ийн хүний нөөцийн менежер Т.Одгэрэлийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12/302 тоот албан бичгээр ажиллуулах боломжгүй тухайгаа мэдэгдсэн гэж үзэж байгаа тул уг хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан нэг сарын хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарлаж байгаа бөгөөд Э М  ХХК-ийн хүний нөөцийн менежер Т.Одгэрэлийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12/302 тоот албан бичиг нь ажлаас халах агуулгагүй, харин цаашид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах боломжтой тухай дурдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай бөгөөд уг хуулийн зохицуулалтаас үзэхэд ажил олгогч шийдвэр ажлаас халах тухай гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн ажилд орох тухай хүсэлтийн хариу өгөөгүй учир шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Одонтунгалагийн Э М  ХХК-ийн дотоод ажил, архив хариуцсан ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн ажилд орох тухай хүсэлт өгсөн өдрөөс ажилгүй байсан хугацааны олговор тооцсон бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин 1.300.000 төгрөгөөс цалинг тооцсон 6.854.530 төгрөг шаардсан” гэж тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний цалин 1.300.000 төгрөгийг ажилгүй байсан хугацаа 71 хоногоор тооцоход 4.293.015 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2.561.515 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг Э М  ХХК нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Одонтунгалагийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Одонтунгалагийн Э М  ХХК-ийн дотоод ажил, архив хариуцсан ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахыг хариуцагч Э М  ХХК-д даалгасугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн Д.Одонтунгалагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 4.293.015 төгрөгийг хариуцагч “Э М ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Д.Одонтунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.561.515 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Одонтунгалагийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Э М ” ХХК-ддаалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “Э М ” ХХК-иас 83.638 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЭНХБАЯР