Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат 

Улсын яллагч М.Мөнхсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Д холбогдох эрүүгийн 2222001110125 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн ....................... суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Дундговь аймгийн .............................. сумын .... дүгээр баг Мандалын ............. тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъя шагналгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, ........... овогт ..................      ................ РД:/................../

 

  Шүүгдэгч А.Д нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын ......... тоот хашааны гадна байсан  иргэн Т.Б эзэмшлийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байсан “iphone XR” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэж,  хүний утас авсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. ял эдлэх хугацаандаа маш их дүгнэлт хийж, алдаагаа ухаарч байна” гэв.

          - Хохирогч Т.Б “Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Мандалын ............. тоотод найзынхаа машинтай ирсэн. Машинаа тус хашааны гадна тавиад хашаа руу орж, машины сэлбэг авчихаад гарч ирсэн. Тэгтэл машины урд суудлын голын хайрцаг дээр байсан миний “iphone XR” маркийн гар утас алга болсон байсан. Би тэр хашаа руу ороод удаагүй гарч ирсэн юм. Тухайн үед машинаа цоожлоогүй орсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би алдсан гар утсаа 2021 оны 12 дугаар сард 850.000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж авч байсан. Би 850.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-рт/

          - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

          - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн /5-9/

          - Шүүгдэгч А.Д 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “ iphone XR маркийн улаан өнгөтэй гар утас хураан авсан” мөрдөгчийн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн 16-17/

          - Хохирогч Т.Б шүүгдэгчээс хураан авсан “iphone XR” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18/

          - Дундговь аймгийн  Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ““iphone XR гар утас 800.000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-рт/

          - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн ................. сумын ..... дүгээр багийн нутаг Мандалын ................. тоот хашааны гадна байсан 15-06 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байсан хохирогч Т.Б эзэмшлийн “iphone XR” маркийн гар утас хулгайд алдагдсан үйл баримт тогтоогдож байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын .......... дүгээр багийн нутаг Мандалын ............... тоот хашааны гадна байсан 15-06 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байсан хохирогч Т.Б эзэмшлийн “iphone XR” маркийн гар утсыг шүүгдэгч А.Д 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр авсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг,  шүүгдэгч А.Д эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч А.Д хохирогч Т.Б эзэмшлийн “iphone XR” маркийн гар утсыг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Д бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гарган, шүүгдэгч А.Д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч А.Д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Д нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаас өнөөдрийн байдлаар 11 сар 02 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Иймд шүүгдэгч А.Д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, хорих ялын 1 хоногоор тооцож, түүн дээр Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Д биечлэн эдлэх ялыг 1 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч А.Д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “iphone XR” маркийн гар утсыг хохирогч Т.Б хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож тус тус дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Х овогт А Д.г бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт А Д.д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д.д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэл тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, хорих ялын 1 хоногоор тооцон, түүн дээр Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Д.д биечлэн эдлэх ялыг 1 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д.д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д.д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.МӨНХБАТ