| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/00873/И |
| Дугаар | 1913 |
| Огноо | 2018-09-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж Э Б ХХК -д холбогдох
Ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу авсан цалинг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нөхөр П.Баярсайханы хамт Дундговь аймгийн Баянжаргалан суманд ажиллаж байгаад ээлжийн амралтаараа Улаанбаатар хотод ирээд 2018.01.03-нд амралт дуусаж буцах гэж байтал 2018.01.02-нд Ж Э Б ХХК-ийн захирал Баттулга дуудан очиход би таныг өөрийн компанидаа ажиллуулмаар байна надад хятад хоолны тогооч хэрэгтэй байна маргааш буюу 2018.01.03-ны өдөр компаний 404 тоотод хүрээд ир гэсэн юм.
Ингээд 2018.01.03-ны өдөр үдээс хойш Саран захиралтай уулзаж хөдөлмөрийн гэрээ байгуулан намайг сарын 1.100.000 төгрөг, нөхөр П.Баярсайханыг сарын 900.000 төгрөгөөр туслах тогоочоор цалинжуулна цалинг сар бүрийн 21-ний өдрөөс дараа сарын 5-ны хооронд олгож байхаар гэрээний хугацаа 11 сарын хугацаатай байгуулж 2018.01.03-ны орой 20 цаг өнгөрөөгөөд Өмнөговь аймаг Ханбогд сумын нутаг Цагаанхад гэдэг газар ажиллахаар явж тэнд очиж ажилласан.
Нөхөр бид хоёр гал тогооны ажлыг бүрэн хариуцаж ажиллах хугацаандаа хоолны амт чанар сайн байна гэсэн талархлын үгийг бүх хүмүүсээс сонгож байсан.
2018.01.05-ны үед хүүгийн минь танил жолооч нар ирсэн ба урд хил дээр зөрчил үймээн гарсан хил хаагдсан учир гэр гуанз ажиллуулах гээд 43 ширхэг мах авч ирсэн, үүнийг түр хадглаж байгаач удахгүй ирж авна гээд гуйгаад байхаар нь нярав Заяаг гуйж махнуудыг хоосон контейнерт хийлгэсэн. Тэдгээр махны эзэн Л.Авир нь 2018.01.29-өөс 2018.01.30-ны үед ирж махаа авъя гэхэд нь ерөнхий менежер Базараад хэлэхэд тэрээр цагдаагийн газар мэдээлэл өгсний улмаас намайг болон миний нөхөр П.Баярсайхан, мөн нярав Заяа бид нарыг Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 мөн хуулийн 40.1.4 болон Хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.4, 16.6, 16.9 дүгээр зүйлд заасан ноцтой зөрчил гаргасан гэж гэнэт ажлаас халсан. 2018.02.01-ний өдөр ажиллаа хүлээлгэн өг гэсэн учраас ажиллаа тэр өдөр хүлээлгэн өгч буцсан бөгөөд ажилд авсан тушаалын нэг хувийг өгөөгүй, мөн ажлаас халсан тушаалаа өгөөгүй учраас удаа дараа нэхэн байж 2018.02.26-ны өдөр ажлаас халсан тушаал гэж он сар өдөр дугааргүй захирлын тушаалыг гаргаж авсан.
Мөн хөдөлмөрийн гэрээг устгасан байна гэж хүний нөөцийн ажилтан хэлж байснаа, тэр өдөр 7 гэж шинэ дугаар оруулан туршилтын хугацаа гэж гэрээ болон ажилд авсан тушаалд огт байгаагүй заалт, хэсгийг оруулсан гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэвч одоо анхны хийсэн гэрээ болон ажилд авсан тушаалыг өгөхгүй байна.
Тэр махны эзэн болох Л.Авирд зөрчлийн хуулиараа арга хэмжээ авч харин энэ зөрчилд Т.Б , П.Баярсайхан нар холбогдолгүй гэсэн тодорхойлолт байгаа.
Ажлаас халах болсон хууль зүйн үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр агуулахад түр хугацаагаар мах хадгалсан нь тухайн компанид ямар ч хохирол учраагүй. Тэр махыг бид зөөвөрлөөгүй, тээвэрлээгүй тэгээд ч энэ асуудал бол хөдөлмөрийн харилцаатай огт хамааралгүй асуудал.
Иймд би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй тул 1. 2018.02.26-ны өдөр гардуулан өгсөн захирлын тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцох, 2. хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-ыг удирдлага болгон эрхэлж байсан туслах тогоочийн ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү.
Бид тус компанид 2018.01.03-ны өдрөөс 2018.02.01-ний өдрийг дуустал ажилласан бөгөөд өдөр бүр 10-аас доошгүй цаг амралтын өдөргүй ажиллаж байсан ба бид хоёр 2018.01.03-ны өдрөөс 2018.01.15-ыг хүртэл 12 хоногийн урьдчилгаа цалин гэж Төрийн банкны 150000248062 дугаартай дансанд 2018.01.15-ны өдөр 372.967 төгрөг шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш ажилласан хугацааны цалин 727.033 төгрөг одоо болтол өгөөгүй байна.
Бид эрхэлсэн ажилтай байсан бөгөөд тогтвор суурьшилтай ажиллуулна, өндөр цалин өгнө гэж ажилд авчихаад буруугүй байхад ажлаас халсан учир шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэх болно” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.6-д ноцтой зөрчилд юу юуг тооцох вэ гэсний 4 дүгээрт Компанийн газар нутагт хориотой бараа, эд зүйлс оруулсан, оруулж буйг мэдсэн нөхцөлд нуун дарагдуулсныг ноцтой зөрчилд тооцно гэсэн байдаг. Түүнчлэн тус журмын 4.2.7-д энэ журмын 4.2.6 дахь заалтуудад заасан зөрчлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу Ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тооцох бөгөөд дээрх зөрчил гаргасан ажилтны гэрээг цуцлах үндэслэл болно гэсэн байдаг. Мөн хэрвээ энэхүү журамд тусгагдаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу зохицуулна гэсэн байдаг.
Компанийн кемпийн дотоод журмын 8 дугаар зүйлд: Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх заалтын 8.1.3-т Байгалийн голомтот халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Кемпэд ямар нэгэн ангийн болон малын гаралтай хагас болон бүтэн боловсруулсан, түүхий мах, бусад зүйлийг нууцаар нэвтрүүлэхгүй байх. Нэвтрүүлсэн этгээдийг яаралтай Ерөнхий менежерт мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдээгүй, нуун дарагдуулсан тохиолдолд Компанийн дотоод журамд заагдсаны дагуу ноцтой зөрчил гаргасанд тооцох болно гэж заасан байдаг.
Тус шүүхэд анх Т.Б ийг ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу авсан цалинг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож Ж Э Б ХХК нь хариу тайлбараа өгөх зорилгоор тус хэрэг гарахад Т.Б тэй хамт ижил үйлдэл гаргасан Б.Мөнхзаяаг гэрчээр дуудуулах хүсэлт гаргасан байсан. Учир нь Б.Мөнхзаяаг үүрэгт ажлаас нь компанийн кемп дээр мах зөвшөөрөлгүй хадгалсан буюу Т.Б гийн гаргасан үйлдлийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр халсан билээ. Энэхүү асуудлыг тодорхой мэдэж байгаагийн хувьд Б.Мөнхзаяаг дараах асуултуудад тайлбар авах зорилгоор гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан байсныг урьдны шүүх хурлаар хэрэгсэхгүй орхисон билээ. Компанийн бүх нийтийн хурлын үеэр Т.Б гээс асуудлыг асууж хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Түүнийг ажлаас халах шаардлага үүсэж байна, учир нь компанийн дотоод журам, гаалийн хяналтын журам, Кемпийн дотоод журам гээд холбогдох хууль дүрмийг зөрчсөн байна гэхэд тэрээр хүлээн зөвшөөрч байна, бидний буруутай үйл ажиллагааны улмаас болж мөн адил ажлаас халагдаж байгаа Б.Мөнхзаяаг ажилд нь хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг л гаргаж байсан ба нэхэмжлэлдээ ч хориотой бараа бүтээгдэхүүн гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл өнөөдөр энэ хүн бидэнд хандалгүйгээр шууд шүүхэд гомдолтой байна гээд хандаж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.
Учир нь түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.4, 16.6, 16.9-д заасныг тус тус үндэслэн халсан билээ. Үүнийг сонсож байхдаа бүхнийг хүлээн зөвшөөрсөн байдаг, энэ нь ч компанийн бүх нийтийн хурлын протоколоор нотлогдож байгаа билээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ганцаарчилсан маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай заасан хөдөлмөрийн маргаан таслан шийдвэрлэх болон шүүхийн журмаар шийдвэрлэх тухай заасан байдаг. Тус хуулийн 126.1-д Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж түүнчлэн 128 дугаар зүйлд шүүхээр шийдвэрлүүлэх маргааныг хуульчилж өгсөн байдаг ба тус маргаан нь тухайлан 128 дугаар зүйлд багтаагүй тул эхний ээлжид хөдөлмөрийн маргаан таслан шийдвэрлэх комиссоор орох ёстой гэж үзэж байна.
Иймд энэ хүн өөрийн биеэр ажлаас халагдахдаа хүлээн зөвшөөрсөөр байсан атал ямар шалтгааны улмаас эрхэлж байсан ажилдаа эргэн орох нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн компанийн хувьд түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль эрх зүйн хувьд аливаа үндэслэлгүй болно. Учир нь Т.Б нь өөрийн биеэр (амаар) ажлаас гарахыг хүлээн зөвшөөрчхөөд одоо ямар цалин нэхэмжлээд байгаа нь туйлын ойлгомжгүй асуудал байна. Ажилласан хугацааны цалин хөлсийн үлдэгдэл болох 723.033 төгрөгийг бид олгож болж байна гэдгээ урьд нь илэрхийлж байсан боловч энэ хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс бусад хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дахин илэрхийлж байна. Дээрх үндэслэлээр бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ж Э Б ХХК-д холбогдуулан Ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу авсан цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллагасан цалингийн үлдэгдэл 727.033 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин цалин болох хилийн дэглэм бүхий нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй мах оруулсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Ж Э Б ХХК-ийн захирлын тушаалын 1 дэх заалтаар “Түмэннаст овогтой Бямбасүрэн нь Ханбогд сум, Цагаан хаданд байрлах Гаалийн хяналтын бүсэд хориотой бараа буюу мах хадгалуулсан, нуун дарагдуулсан гэх ноцтой зөрчил гаргасан нь Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн гэрээнүүдийг ноцтойгоор зөрчсөн” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.4, 16.6, 16.9-д заасныг тус тус үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Т.Б г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан бөгөөд ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Түмэннаст овогтой Бямбасүрэн нь Ханбогд сум, Цагаан хаданд байрлах Гаалийн хяналтын бүсэд хориотой бараа буюу мах хадгалуулсан, нуун дарагдуулсан гэх ноцтой зөрчил гаргасан нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлийн 16.4 “эрх мэдлээ хэтрүүлэн болон урвуулан ашигласан, мөн хэтрүүлэн болон урвуулан ашиглаж, дур мэдэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд түүнээс шалтгаалж эдийн болон эдийн бус хохирол учирсан”, 16.6 дугаар зүйл “өөрийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангах, давуу байдал бий болгох зорилгоор ажил олгогчийн ашиг сонирхолд харшилсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”, 16.9 дүгээр зүйл “компанийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан” тул ажлаас чөлөөлсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тайлбарласан.
Гэтэл, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж үзэж байгаа 16.4, 16.6, 16.9 дэх заалтууд нь Т.Б гийн гаргасан үйлдэлд хамраарахгүй бөгөөд Түмэннаст овогтой Бямбасүрэн нь Ханбогд сум, Цагаан хаданд байрлах Гаалийн хяналтын бүсэд хориотой бараа буюу мах хадгалуулсан, нуун дарагдуулсан үйлдэлд хамааралгүй болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн тасгын 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн дугаар 48/27 тодорхойлолтоор нотлогдож байна.
Хариуцагч нь Т.Б г ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн атлаа ноцтой зөрчил гаргасан байдлыг баримтаар нотлоогүй, мөн Цагдаагийн байгууллагаас Ханбогд сум, Цагаан хаданд байрлах Гаалийн хяналтын бүсэд хориотой бараа буюу мах хадгалуулсан, нуун дарагдуулсан үйлдлийг шалгаад Т.Б нь холбогдолгүй талаар тодорхойлолт гаргасан байхад нэхэмжлэгчийг мах хадгалуулсан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч нь 2018 оны 2 дугаар саын 03-ны өдрийн 14 цаг 20 минутанд болсон хурлын тэмдэглэлд Т.Б нь гэм буруугаа хүлээсэн гэж тайлбарлах боловч уг хурал Т.Б г ажлаас чөлөөсөн шийдвэр гаргасны дараа болсон, мөн уг баримт нь нотариатаар гэрчлүүлсэн боловч Т.Б гийн ноцтой зөрчил гаргасан болохыг нотлох баримт болохгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заажээ.
Хариуцагчийн Т.Б г ажлаас чөлөөлсөн тушаалд он, сар, өдөр байхгүй бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гаргуулсан үйл баримтад талууд маргаагүй тул шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрээгүй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Т.Б ийг Ж Э Б ХХК-д эрхэлж байсан ахлах тогтоочийн ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу авсан цалинг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Т.Б нь Ж Э Б ХХК-д 3 сар ажиллаагүй тул цалингийн дундаж гаргах боломжгүй, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6-д “...ажилтны үндсэн цалин 1.100.000 төгрөг...” гэж зааснаар цалинг тооцох нь зүйтэй гэж үзэв. /Талууд маргаагүй болно/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар Т.Б гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8.134.917 төгрөгийг харуицагч Ж Э Б ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Т.Б д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Б г Ж Э Б ХХК-д эрхэлж байсан ахлах тогтоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8.134.917 төгрөгийг харуицагч Ж Э Б ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Т.Б д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б гийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан цалингийн үлдэгдэл 727.033 төгрөгийг хариуцагч зөвшөөрсөн болохыг баталсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Ж Э Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 156.741 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР