Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1912

 

                                                                                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “К И ” ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 19.710.930 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Батчулуун, С.Алтансувд, хариуцагч Л.Б  , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.           

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагатай бичил зээлийн барьцааны болон фидуцын гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2,4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний дагуу төлөх 15.000.000 төгрөгийн зээл болон түүний хүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх баталгаа болгон өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн 2203023807 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, рашааны 9 дүгээр гудамж, 481 в тоотод байрлалтай 100 м.кв талбай бүхий хувийн сууц, 627 м.кв талбай бүхий газар, мөн зорох, өөлөх, харуулдах машин 1 ширхэг, сийлбэр хийгч машин 1 ширхэг, мод зорох машин 1 ширхэг тус тус барьцаалсан. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй тул хариуцагч Л.Б  гаас 19.710.930 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би банк бус санхүүгийн байгууллагаас 15.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Одоогийн байдлаар эрүүл мэндийн шалтгааны улмаас төлөх боломжгүй байна. Эдгээр машинуудыг зарж борлуулаад 50 хувийг төлнө. Үлдэгдэл 3, 4 сая төгрөгийг тэтгэвэрт гарахдаа тэтгэврийн зээл авч төлнө. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг эсэргүүцэж байна. Би 6 настай зээтэйгээ гудамжинд гарах болчихно. Зорох, өөлөх машиныг би зараагүй. Шүүхийн шийдвэрээр хураагдчихсан байгаа” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч нь “К И ” ББСБ нь хариуцагч Л.Б  д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19.710.930 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэмэгдүүлсэн хүү 1.532.333 төгрөг болон барьцааны зүйл болох зорох, өөлөх, харуулдах машин, сийлбэр хийх машин,  мод зорох машинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

            Хариуцагч нь үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хүүг өндөр байгаа тул төлөх боломжгүй, түүнчлэн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

“К И ” ББСБ, хариуцагч Л.Б   нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б3030/2015 тоот Бичил зээлийн гэрээгээр Л.Б   нь 15.000.000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу СБД-ийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамж, 481в тоотод байрлах 100 м.кв талбайтай хувийн орон сууц /Ү-2203023807/, 627 м.кв талбайтай, нэгж талбарын 18643314216784 дугаартай хөрөнгүүдийг барьцаалж, “К И ” ББСБ, Л.Б   нарын хооронд “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан байна.

 

“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дууссан байх бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 441.000 төгрөг, зээлийн хүүд 7.254.000  төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.800 төгрөг, нийт 7.699.800 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 14.559.000 төгрөг, зээлийн хүү 3.619.597 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэв. /Талууд үндсэн зээл болон түүний тооцоололд маргаагүй болно/

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч К И  ББСБ-аас авсан зээлээ төлөх гэж ажиллаж байгаад барилгаас унаж, нурууны суурь ясны гэмтэл авч, гэртээ хэвтрийн дэглэмд нэг жил орчим байсан. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул зээл төлөх боломжгүй болсон.” гэж тайлбарласан.

 

Шүүх хариуцагч нь өвчний учир хэвтрийн дэглэмд байсан тул нэхэмжлэлийн хувийг гэрт нь очиж гардуулсан.

 

Хэдийгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээлийн харилцаа нь тусгай зохицуулалттай боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.2-д заасан нийтлэг зохицуулалтыг хэрэглэх боломжтой.

 

Хариуцагч нь өвчний улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан нь хүү хуримтлагдах шалтгаан болсон, зээлийн хүүнд 7.254.000  төгрөг төлсөн бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж,  шүүх зээлийн хүүг 1.809.798 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн болно.

 

Иймд хариуцагч Л.Б  гаас үндсэн зээлд 14.559.000 төгрөг, зээлийн хүүнд 1.809.798 төгрөг, нийт 16.368.798 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К И  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.809.798 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгүүдийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар хариуцагч Л.Б  гаас 16.368.798 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К И  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.809.798 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан СБД-ийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамж, 481в тоотод байрлах 100 м.кв талбайтай хувийн орон сууц /Ү-2203023807/, 627 м.кв талбайтай, нэгж талбарын 18643314216784 дугаартай хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Л.Б  гаас улсын тэмдэгтийн хураамжид 239.794 төгрөгийг гаргуулж К И  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХБАЯР