Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 184/2020/03390/И |
Дугаар | 001/ХТ2021/00830 |
Огноо | 2021-06-24 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2021/00830
Э.Оюунбатын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/03277 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101 дүгээр магадлалтай,
Э.Оюунбатын нэхэмжлэлтэй,
Ц.Аюурзанад холбогдох
Тэжээн тэтгэхтэй холбоотой нэмэлт зардал 25,791,378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Аюурзанатай 2014 оны 5 дугаар сараас хамтран амьдрах болж бидний дундаас А.Шинэбаяр 2017.02.27-ны өдөр төрсөн. Хүүхэд төрснөөс хойш Ц.Аюурзана нь тусдаа амьдрах болж, хүүхэд өвдсөн гэхэд огт тоохгүй, өр өвтгөсөн юм ярьдаг, санхүү болон бусад байдлаар тусалж байгаагүй. Ц.Аюурзанаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж, шүүх хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн. Охин А.Шинэбаяр нь гликогеноз, мальабсорогения гэсэн хоёр өвчний оноштой, энгийнээр элэг байх ёстой хэмжээнээс 3 дахин том, хүйсний нүхээс доош байрлалтай, сахар байнга унадаг, элэгний үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй, хоол огт шингэхгүй, будаа өгвөл доош ялгарахдаа будаа чигээрээ л гарна, ямар ч шингээлт байхгүй, гүйлгэж суулгадаг өвчтэй, байнгын асаргаа, эмчилгээнд байдаг. Хүүхдэдээ глютингүй гурил будаа, каш, үхрийн мах зэрэг тусгай хоол өгдөг. Эдгээр хоолны үнэ бусад хүнсний зүйлээс өндөр үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд энгийн хэрэглээнээс 10 дахин их үнэтэй хоол, тэжээл хүнсэндээ хэрэглэдэг. Ийм байтал хүүхдийн эрүүл мэндэд санаа тавихгүй, зохих санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. Миний хувьд хүүхдээ асраад ажил төрөл хийх боломжгүй нөхцөл байдалтай байна. 2019 оны өвөл дулаан байранд өвөлжих шаардлага гарч хүүхдийн эрүүл мэндийн шалтгааны улмаас даарч, хөрч болохгүй тул нэг сарын 180,000 төгрөгөөр орон сууц хөлслөн 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл амьдарсан. Түрээсийн төлбөр 2,246,916 төгрөг болсон. Охин А.Шинэбаярыг эмчлүүлэхээр БНХАУ-ын Хөх хотод шинжилгээ өгөхөөр 2019 оны 3 дугаар сард явж тэнд эмнэлэгт 15 хоносон, Бээжин хотод эмчлүүлэхээр 2019 оны 10 дугаар сард явж, тэнд 12 хоносон бөгөөд 8 хоногт нь эмнэлэгт хүүхэдтэйгээ хоёулахнаа байсан. Ерөнхийдөө бол 2 удаа БНХАУ эмчилгээ хийлгэсэн зардал 32,000,000 төгрөг болсон. Энэ зардлынхаа баримтаар тогтоогдож байгаа зардал 18,049,510 төгрөгийг нэхэмжилж байна. Монголд уламжлалт бариа заслын эмчилгээ хийлгэх, гам сахих болон бусад зайлшгүй шаардлагатай зардалд 2,449,092 төгрөг, тусгай хоол, ахуйн хэрэглээний зардалд 5,292,803 төгрөгийн зардал гарсан. Нийт 25,791,371 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З.Оюунбаттай 2014 оноос эхлэн хамтран амьдарсан юм. Энэ хугацаанд охин А.Шинэбаяр төрсөн. 2017 оноос Э.Оюунбаттай таарч тохирохгүй болсон учир тусдаа амьдарч байна. Шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Миний хүүхдийн нэрийг барьж ард түмнээс хүртэл мөнгө цуглуулсан. Одоо би ардаа өөр амьдралтай, үр хүүхэдтэй, банкны зээлтэй. Охин А.Шинэбаяр ийм өвчтэй гэдгийг мэднэ, гадаадад эмчилгээнд явсан. Түүний эмчилгээний зардалд 9,670,398 төгрөг гарсан гэж үзэж байгаа энэ зардлаас хандивын журмаар цугласан 2,669,000 төгрөгийг хасаад үлдэх хэсгийг нэхэмжлэгчтэй адил хэмжээгээр хувааж хариуцахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/03277 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хариуцагч Ц.Аюурзанаас 13,640,216 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Оюунбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,151,162 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Ц.Аюурзанаас улсын тэмдэгтийн хураамж 226,151 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/03277 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.27-ны өдрийн 184/ШШ2020/03277 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 101 тоот магадлалыг хүлээн аваад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний бие 3.Оюунбаттай 2014 оноос хойш хамтран амьдарч байгаад 2017 онд охин маань төрсөн. Охиноо төрсөн цагаас хамт амьдрах гэсэн боловч Э.Оюунбат бид хоёрын зан харилцаа таарч нийлэхгүй байсан тул миний бие аргагүй эрхэнд тус тусдаа амьдрах болсон. Хүүхэд маань өвчтэйг би мэднэ энэ ч утгаараа сар бүр хүүхдийн тэтгэлгийг өгөөд явдаг билээ. Гэтэл Э.Оюунбат нь хүүхдээр далимдуулж надаас мөнгө дахин дахин нэхэмжилж намайг байнга шүүхээр явуулж байгаад гомдолтой байна. Шүүх гээд байхгүй бол би өөрөө эцэг хүн үүргээ биелүүлж болно. Гэтэл хүүхдээр бизнес хийж байгааг нь үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Хүүхдийн нэр барьж хандивын аян зохиосон, дээр нь давхар надаас байнга мөнгө нэхдэг. Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн харж үзээгүй зөвхөн Э.Оюунбатын талыг харж шийдвэр гаргаж байна. Баримттай хохирол нь 13,640,216 төгрөг гэж үзсэн атлаа энэ мөнгийг бүгдийг нь надаас гаргуулж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Би энэ мөнгөний талыг нь төлөхөд бэлэн харин талыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Э.Оюунбат нь хариуцагч Ц.Аюурзанад холбогдуулан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон буюу хүндээр өвчилж, эмчлүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг хариуцуулахаар 25,791,378 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч Ц.Аюурзанаас 13,640,216 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Оюунбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,151,162 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Э.Оюунбат, хариуцагч Ц.Аюурзана нар нь 2014 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2017.02.27-ны өдөр охин А.Шинэбаяр төрсөн байна.
А.Шинэбаяр нь эхийн асрамжид байдаг ба элэг томрох шинж тэмдэг бүхий гликогеноз, мальабсорогения гэсэн хоёр өвчний оноштой 2018 оноос эхлэн эмчлэгдэж байгаа, өвчний учир эмнэлэг, эмчийн байнгын хяналтанд байдаг болох нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, талуудын тайлбар, бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Оюунбат нь хариуцагч Ц.Аюурзанад холбогдуулан өмнө нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 184/ШШ201900367 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ц.Аюурзанаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин А.Шинэбаярыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.
А.Шинэбаяр нь өвчний учир 2018 оноос өнөөг хүртэл байнгын эмчилгээ, сувилгаа хийлгэж байгаа, 2019 онд БНХАУ-д эмчилгээ, шинжилгээ хийлгэх зорилгоор хоёр удаа явсан бөгөөд Хөх хотод 15 хоног, Бээжин хотод 15 хоног хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зэрэг үйл баримттай холбоотой хавтаст хэрэгт эмчилгээ, төлбөрийн баримт, онгоцны билет, тасалбар, эх, хүүхдийн гадаад пасспортын хуулбар, Бээжин хотын Шиэ хэ эмнэлгийн гаргасан тодорхойлолт зэрэг бичгийн баримтууд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд хариуцагч нь хүүхдийг өвчний учир байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай нөхцөлд байдаг, өнгөрсөн хугацаанд гадаад улсад эмчилгээ хийлгэж байсан талаар маргаагүй боловч өндөр зардал нэхэмжилсэн гэж маргажээ.
Гэр бүлийн тухай Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2 дахь хэсэгт заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан бөгөөд хуулийн уг заалтад нэмэлт тэтгэлэг гаргуулах шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн асаргаатай холбоотой нэмэлт зардалд 25,791,937 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч зарим зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй гэж шүүх дүгнэж зарим хэсгийг хангасан байх тул шүүхээс тогтоосон хэмжээг дахин тал хувиар бууруулан тогтоох үндэслэлгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/03277 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 154,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД