Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 776

 

 

 

 

 

 

2019           8              1                                              2019/ДШМ/776                                   

 

Г.Т-, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, Т.Даваажав,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч  Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Т-, Д.Б нарт холбогдох 1902000530059 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. .

 

2. .

 

Г.Т- нь 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.287 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хадгалсан,

2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд уг шаварнаас 0.1208 граммыг Д.Бд 50.000 төгрөгөөр худалдсан,

 

Д.Б нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.1208 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг Г.Т-оос 50.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Д.Бий үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч . Т-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, худалдсан гэмт хэрэгт, шүүгдэгч . Бийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг 02 /хоёр/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 01 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б, Г.Т- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Г.Т- нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Г.Т- нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт хураагдсан 2.000 төгрөгийг ялтан Д.Бд олгож, 47.000 төгрөгийг улсын орлого болгож шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 51 дүгээр байрны 3 тоотод байр түрээслэн ээж, охины хамт амьдардаг. Би ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийг 2012 онд төгсөж, 2012 оны 9 дүгээр сард РТБС-д элсэн орсон. Суралцах хугацаанд эхнэр болох Уранзаяатай танилцаж, 2015 онд охин Номин-Эрдэнэ төрж, охиныг 2 настай байхад эхнэр Уранзаяа нь Солонгос улс руу ажлаар яваад өдийг хүртэл эргэн ирэлгүй, сураг чимээгүй, холбоо тасарсан. Тэр цагаас хойш би  сургуулиасаа гарч, “Оргил” ХХК-д борлуулагчаар ажилд орж амьдралаа залгуулдаг болсон. Одоо охин Номин-Эрдэнэ маань 3 настай. Ээж Дашдулам охиныг минь харж үлдсэн. Ээж маань өндөр настай тэтгэврийн хүн учраас ажил эрхлэх боломжгүй байдаг. Би ээж, охин хоёртоо үнэхээр их санаа зовж, санаж, бэтгэрч, хийсэн хэрэгтээ туйлын их гэмшиж, ойлгож ухаарч байна. Би урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, анх удаа хэрэгт холбогдсон, хохирол байхгүй. Миний байдлыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Т- давж заалдах гомдолдоо: “...Би ам бүл дөрвүүлээ амьдардаг. Аав Ганбаяр тэтгэвэрт гарсан, ээж Мөнхжаргал эрхэлсэн тодорхой ажилгүй, дүү Мишээл нь Дулааны цахилгаан станцад нарийн бичиг хийдэг. Би “Доктор” авто сүлжээнд борлуулалтын туслахаар ажилладаг. 2005 онд авто осолд орж, тархины баруун урд хэсэгт цууралттай тархины устай, “G93” гэх ужиг өвчтэй болсон. 2010 онд өөрийн хүссэн сургууль болох Хууль сахиулахын их сургуульд орсон боловч өвчний улмаас сургуулиас хасагдсан болно. Мөн цэргийн албанд явах хүсэлтэй боловч эрүүл мэндийн улмаас тэнцдэггүй, 2019 онд “07”-оор хаалгасан. Би Д.Бд шавар гэх бодисыг зарж борлуулаагүй, энэ талаар мөрдөгчид хэлсэн боловч байцаагч нар нь хавтас хэрэгт зарсан гэдгээр хавсаргасан. Мөн мөрдөн байцаагч нар намайг өмгөөлөгчтэй гэрээ хийсэн байхад өмгөөлүүлэх эрхийг минь худал хэлж зөрчин, удаа дараа өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухаангүй үйлдлийн улмаас гаргасан гэмт хэрэг, хууль бус үйлдэл, гэм буруугаа ухамсарлан гэм буруутай гэдгээ бүрэн дүүрэн илэрхийлж байгааг минь хүлээн авч, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх эрүүгийн 1902000530059 тоот хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй байхад шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Г.Т-ыг өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчиж мэдүүлэг авсан бөгөөд энэ мэдүүлгээ яллах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татах тогтоолтой танилцах эрхтэй гэж заасан байхад Г.Т-ыг энэ эрхийг нь эдлүүлээгүй ба тэрээр өмгөөлөгчөө дуудъя гэхэд нь түүнийг мэдүүлэг авахгүй зүгээр л тодруулах зүйл байгаа гэж хуурч төөрөгдөлд оруулж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчиж тогтоолтой ч танилцуулахгүйгээр яллагдагчаар мэдүүлэг авсан...шүүх хэт нэг тал буюу яллах талыг барьж шийдвэрлэсэн...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмын дагуу нэг хэрэгт шалгагдаж байгаа хүний нэгийг нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь эдлүүлээд, тогтоолтой нь хүртэл танилцуулаад, харин нөгөөхийг нь эрхийг эдлүүлэхгүй хууль зөрчиж болохгүй гэж үзэж байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Гэтэл гол этгээд болох хүн /Г.Т-д шавар гэх бодис өгсөн хүн/ өнөөдөр хичнээн олон Т- шиг хүнийг бий болгож байгааг мэдэхгүй ял завшуулж байна, мөн Т- нь өнөөдөр үнэхээр зарж борлуулж ашиг олох гэж байгаа хүн эсхүл хэрэглэгч гэдгийг ч нарийн тогтоогоогүй...Г.Т-, Б.Б нар нь анх удаа мэдүүлэг өгөхдөө Г.Т- нь Б.Бд шаврыг сонирхуулах гэж өгсөн, Б.Б 50.000 төгрөг өгсөн гэж товчхон мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд дараа нь энэ товчхон өгсөн мэдүүлгээ дэлгэрүүлж өгөхдөө бүр нарийн тодорхой хэлсэн. Тухайлбал, Бтэй бооцоо тавьж РС тоглоод Б түүнд 50.000 төгрөг мөнгө өгөхөөр болж тэр өдөр өрөө авсан гэж мэдүүлсэн.

-Эд мөрийн баримтаар хураагдсан шавар гэх нэршилтэй зүйл нь хэмжээний хувьд 0.1208 грамм байдаг ба түүний хэдэн граммыг өөрөө хэрэглэж, хэдийг нь худалдан борлуулах байсан гэдэг нь ч эргэлзээтэй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж, Г.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хэрвээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Тухайлбал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн хэргээ үнэн шударгаар мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл  мэндийн хувьд унаж татдаг эпилепси өвчтэй, тэрээр бага байхдаа буюу 10 настай байхдаа автомашины осолд орж тархиндаа гэмтэл авсны улмаас ийм өвчтэй болсон бөгөөд цэргийн албанаас хүртэл чөлөөлөгдсөн. Улмаар өөрийнхөө сонирхсон сургуульдаа ч сурч хүссэн мэргэжлээ эзэмших боломжгүй, эмчийн байнгын хяналтад байж эмчилгээ сувилгаа хийлгэдэг болсон. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг дэмжиж байна. Хавтас хэргийн 104 дүгээр талд Г.Т-ыг сэжигтнээр байцаасны дараа гэрчээр байцаасан. Хэдэн грамм бодис байсан, хэнээс хураагдсан талаарх тэмдэглэлд гарын үсэг байхгүй. Зарсан гэх асуудлын талаар Г.Т-ыг мансуурсан байх үед нь сэжигтнээр мэдүүлэг аваад хэргийг нь хүлээлгэсэн. Хэдэн грамм бодис байснаас Б.Бд хэдэн граммыг өгөөд хэдэн граммыг Г.Т- авсан гэдгийг ялгах хэрэгтэй. Б.Бий PC тоглож байхдаа өгсөн 49.000 төгрөг эд мөрийн баримтаар хураагдсан. Гэтэл 50.000 төгрөгөөр зарсан гэж үзсэн. Б.Б 2000 төгрөг надад байсныг нэмээд тооцсон байх гэж шүүх хуралдаанд хэлсэн. Тэгэхээр тухайн мөнгийг ямар учиртай, хэний мөнгө байсан талаар тодруулаагүй. Мөн өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан байхад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Бий өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, өрх толгойлсон эцэг хүн. Охинтойгоо хамт амьдардаг, эх нь тэтгэвэрт гарсан, бие муутай хүн. Одоо эх, охин хоёр нь хүнд нөхцөлд амьдарч байна. Охин нь аавыгаа санаад байнга асуудаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв. 

 

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Т-, Д.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Шүүгдэгч Г.Т-, Б.Б нар оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдол гаргасан байна гэж үзлээ. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хорих ялын хамгийн доод ялыг оногдуулсан тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх, багасгах талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заавал өмгөөлөгч оролцуулах талаар хуульчилсан. Анх сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ хэн аль нь эсрэг сонирхол байгаагүй. Г.Т- Б.Бд 50.000 төгрөгөөр худалдсан, Б.Б Г.Т-оос 50.000 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлсэн бөгөөд хэн аль нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэдгээ хэлсэн. Эд зүйл хураан авах ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй гэж хэллээ. Үзлэг хийгээд, тэдгээрт үзлэгийн тэмдэглэлийг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ..” гэв.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Г.Т- нь 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.287 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд уг шаварнаас 0.1208 граммыг Д.Бд 50.000 төгрөгөөр худалдсан,

 

Д.Б нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.1208 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Т-оос 50.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь:

Г.Т-ын сэжигтнээр өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 7 хоногийн өмнө би уг шавар гэх зүйлийг олж авсан. ...тэр өдөр Б 14 цагийн үед над руу залгаад “уулзая, юм байна уу” гэж асуусан. Юм гэдэг нь шавар гэх бодисыг хэлж байгаа юм...би өөрт байсан шаварнаасаа таслаад 50.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 98-99/,

Д.Бий сэжигтнээр өгсөн “...2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр шавар авах санаатай өөрийн эзэмшлийн 88953171 дугаарын утаснаас Тоогий буюу Т-ын 99938240 дугаарын утас руу залгаад “уулзах уу” гэхэд Т- “Гранд плаза дээр хүрээд ир” гэсэн...бид хоёр “Гранд плаза”-ийн нэг давхрын ариун цэврийн өрөөнд орж Т- куртикныхээ халааснаас асаагуур гаргаж ирсэн бөгөөд асаагуурын хажуу талд жижиг хэмжээтэй шавар наасан байсан...шаврыг асаагуурын хамт надад өгөхөөр нь би Т-д 50.000 төгрөг өгсөн. ...” /1хх 100-101/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 911 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Д.Бээс хураан цаасан ууттай шавар мэт зүйлд 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 85/,    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 909 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Ганбаярын Т- 2019.01.24 УК93030111” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. ...” /1хх 93/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 910 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Дашдуламын Б УЗ95031934” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. ...” /1хх 89/  гэх дүгнэлтүүд,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 19, 38/,

Д.Бээс 0.1208 грамм, Г.Т-оос 0.1662 грамм шавар мэт зүйл хураасан авсан тухай хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 15, 37/,

Д.Бий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 27-34/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.Т-ын 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.287 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан, уг шаварнаас 0.1208 граммыг Д.Бд 50.000 төгрөгөөр худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

шүүгдэгч Д.Бий Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.1208 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Т-ыг  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан, шүүгдэгч Д.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Т-, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу Г.Т-д 2 жил, Д.Бд 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Д.Цэрэнханд “...Г.Т-д яллагдагчаар татах тогтоол танилцуулаагүй...түүний өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн... эд мөрийн баримтаар хураагдсан шавар гэх зүйлээс хэдий хэмжээтэйг нь өөрөө хэрэглэж, хэдий хэмжээг нь худалдан борлуулсан гэдэг нь эргэлзээтэй...Г.Т-д шавар гэх бодис өгсөн хүнийг олж тогтоогоогүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Г.Т- нь 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр сэжигтнээр /1хх 98/, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар /1хх105/ мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн байх бөгөөд заавал өмгөөлөгч оролцуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 1902000530059 дугаартай прокурорын тогтоолоор Г.Т-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /1хх 103/ байх ба маргааш нь буюу 2019 оны 2 дугаар сарын 28-ны эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой холбоотойгоор Г.Т-оос мэдүүлэг авахад /1хх 105/, тэрээр “...прокурорын тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрөхгүй...” гэдгээ мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд /1хх 15, 37/ Д.Бээс 0.1208 грамм, Г.Т-оос 0.1662 грамм шавар мэт зүйл хураасан авсан байх бөгөөд Г.Т- нь /0.1208+0.1662=0.287/ 0.287 грамм “Шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг шаварнаас 0.1208 граммыг Д.Бд өгсөн болох нь тогтоогдож байх тул эд мөрийн баримтаар хураагдсан шаварны хэмжээ эргэлзээтэй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

“...Г.Т-д шавар гэх бодис өгсөн хүнийг олж тогтоогоогүй...” гэх гомдлын тухайд, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчиж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт хураагдсан 2000 төгрөгийг Д.Бд олгож, 47.000 төгрөгийг улсын орлого болгосугай...” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Бээс 2030 төгрөг хураан авч, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн /1хх 36/ байхад 2000 төгрөг Д.Бд буцаан олгохоор, Г.Т-оос 49.120 төгрөг хураагдсан /1хх 37/ байхад 47.000 төгрөгийг улсын орлого болгохоор заасан, мөн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг тодорхой зааж өгөөгүй байх тул энэ алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт хураагдсан 2.000 төгрөгийг ялтан Д.Бд олгож, 47.000 төгрөгийг улсын орлого болгосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт зууван хэлбэртэй бор өнгийн шавар мэт зүйл 0.1662 грамм, тунгалаг уут, цэгцэлж шатсан тугалган цаас, жинсэн хэтэвч, нарийн шавар мэт зүйл 0.1208 грамм, нэг үзүүр нь шатсан нимгэн мөнгөлөг цаас зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт,

АА5763621 серийн дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АD1834406 серийн дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AG9404409 серийн дугаартай 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AQ2807797 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AP87705868 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AN2240290 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AP7980747 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AR0828274 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AP6329098 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AS5342099 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AP8407863 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, NJ7505363 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AM7872196 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлэхийг тус тус даалгаж, шүүгдэгч Г.Т-оос 50.000 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. ...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                         ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН