Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 32

 

Хас банк ХХК-ны Говь-Алтай салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 347 дугаар шийдвэртэй Хас банк ХХК-ийг төлөөлж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт байрлах, Хас банкны Говь-Алтай аймаг дах салбарын нэхэмжлэлтэй,  Хайрхан хан овогтой Б-ын Т, Уяач овогтой Д-ийн Т, Т-ийн П нарт холбогдох

Хас банктай байгуулсан 1200012885 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 97.794.308 төгрөг, нотариатын зардалд 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 төгрөг, нийт 98.491.480 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т нь Хас банктай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1200012885 дугаартай зээлийн гэрээ байгуулан 65.000.000 /жаран таван сая/ төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч П-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн  Ү-0518002287 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, Т-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь-Ноос ХХК-ийн ард байрлалтай Ү-0518002191 улсын бүртгэлийн дугаартай граж, Г Ү-0518000053 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг эргэлтийн хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Т нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хас банктай 12000012885 дугаартай барьцааны гэрээ байгуулсан болно. Зээлдэгч Т нь Хас банктай байгуулсан 1200012885 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 850 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлдэгчээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч зээлийн гэрээгээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иймд Хас банк нь зээлийн гэрээний, гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 5.1, 5.2-д заасны дагуу хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1200012885 дугаартай зээлийн гэрээний 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 61.388.889, хүү 31.450.049, нэмэгдүүлсэн хүү 4.955.396, нотариатын зардал 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172, нийт 98.491.480 төгрөгийг Т-с гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох П-ийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Баянхайрхан баг, Өргөө хороолол 7 дугаар байр 03 тоотын Ү-0518002287 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Т-ийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Говь ноос ХХК-ийн ард байрлалтай Ү-0518002191 улсын бүртгэлийн дугаартай граж,Т-ийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг, 19 дүгээр байр 1-6 тоотын Ү-0518000053 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, эргэлтийн хөрөнгө гэсэн үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдээр хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болормаа анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1200012885 дугаартай зээлийн гэрээ байгуулан 65.000.000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч зээлийн барьцаанд П-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Өргөө хороолол 7 дугаар байр 3 тоот орон сууц, Т-ийн өмчлөлийн Харзат баг Говь ноос ХХК-ийн ард байрлалтай граш, 19 дүгээр байрны 1-6 тоот орон сууцыг эргэлтийн хөрөнгийн хамт тус тус барьцаалсан. Зээлдэгч Т нь гэрээнийхээ үүргийг зөрчиж 2015 оны 03 сарын 31-ний өдрөөс 850 хоногийн хугацаа хэтрүүлээд байгаа. Хас банкнаас зээлдэгчийг төлбөрөө эргэн төлөлтийн дагуу төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд Хас банкнаас дараах шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 61.388.889 төгрөг, хүү 31.450.049 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.955.369 төгрөг, нотариатын зардал 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 нийт 98.491.480 төгрөгийг Т-с гаргуулах хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох П-ийн өмчлөлийн орон сууц, Т-ийн өмчлөлийн граш, орон сууц, хөдлөх эргэлтийн хөрөнгө гэх мэт зүйлээр хангуулан шийдвэрлэж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Т, Т, П нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т, Т, П бид Хас банкны 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг хийж байна. Т 65.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 25.2 хувийн хүүтэй зээлж 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1200012885 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлийн хүүд 9.964.390 төгрөг төлсөн бөгөөд үндсэн төлбөрт 3.609.356 төгрөг төлж, 61.388.595 төгрөг үлдсэн байхад 98.941.480 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хас банк нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж бидний эрх ашгийг зөрчсөн бөгөөд уг нэхэмжлэл 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхээр шийдэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хоорондын хугацаа нь Хас банкны өөрсдийн буруутайгаас болж зээл төлөхөд саад болж шүүхээр шийдвэрлүүлэхээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж бидний эрх ашигт ноцтой хохирол учруулж зээлийн хүү автоматаар нэмэгдүүлж санхүүгийн хүндрэл учруулсан учир энэ хугацааны хүүг төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т нь 2014 оны 8 сарын 21-ний өдөр 1200012885 дугаар бүхий зээлийн гэрээгээр 65.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар Хас банкнаас зээлж авсан байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 71.714.173 төгрөг төлж уг гэрээний данс нь хаагдсан. Нэхэмжлэлээс 71.714.173 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байр 1-6 тоотод оршин суух, Т, Т нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 73.402.573 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж, нийт 25.088.907 төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т, Т, П нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байр 1-6 тоотод байрлах Ү-0518000053 улсын бүртгэлийн дугаартай, 40.47 м.кв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө орон сууц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь ноос ХХК-ийн ард байрлалтай Ү-0518002191 улсын бүртгэлийн дугаартай граж, Т-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Өргөө хороолол 7 дугаар байр 03 тоотод байрлах, Ү-0518002287 дугаартай 52 м.кв талбайтай, 2 өрөө байрыг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т, Т нараас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 73.402.573 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 524.963 төгрөгийг гаргуулан Хас банк ХХК-д олгохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ны Говь-Алтай салбарын захирал Г.Жаргалсайхан давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 347 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч тус шийдвэрийн 4 дэх зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-ийн дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

ХасБанкнаас, Т, Т, П нарт холбогдуулж 1200012885 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 97,794,308 төгрөг, нотариатын зардалд 50,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647,172 төгрөг, нийт 98,491,480 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн дээрх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Маргаж буй нөхцөл байдлыг товч авч үзвэл,

- 1200012885 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг 2014 оны 8 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан;

Зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйн улмаас 2013 оны 12 дугаар сарын 2-ны 1200010587 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, мөн 1200012885 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэргмйн үлдэгдэл үндсэн зээлмйн хэмжээ, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмсэн дүнгээр нэгтгэж нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаснаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ны 1200019219 дугаартай гэрээ байгуулсан;

Зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй учир Банк шүүхэд нэхэмжлэл гаргасан;

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэгтгэсэн 1200019219 тоот Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн;

- 1200012885 тоот Зээлийн гэрээний дагуу ХасБанкнаас хариуцагчид холбогдуулан нийт 98,491,480 төгрөгийг ахин нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж хариуцагчаас 73,402,573 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

1/ Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны 219 дугаар шийдвэрийн дагуу ХасБанк хариуцагчид хоорондын 1200010587, 1200012885 дугаартай гэрээнүүдийг нэгтгэж хүү алдангийг шинэ гэрээний зүйлд оруулан зохицуулсан байгаа нь зээлийн гэрээг хуулийн мөн чанараар нь бус хийсвэр тооцон байгуулсан, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн дагуу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзээд хүчин төгөлдөр бусад тооцсон. Шинээр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч энэ нь өмнөх гэрээнүүд хүчмн төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр бүхий гэсэн дүгнэлт бпш тул шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагаварын улмаас өмнөх байгуулагдсан гэрээнүүдийн үүргийг шаардахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэсэн.

Гэтэл Банкнаас 1200012885 тоот Зээлийн гэрээний дагуу зээлийн үүргийг шаардаж байхад шинээр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байсан мөн 1200012885 тоот гэрээг дуусгавар болгосон, гэрээний үйлчлэлийг сэргээх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Талууд гэрээний нөхцөлийг шинэ гэрээн дээр тохиролцсон болохоос Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээний үүрэг дуусгавар болоогүйг анхаарч үзэх хэрэгтэй байсан.

2/ Мөн энэхүү 1200012885 дугаартай гэрээний хувьд үйлчлэл нь сэргээгдэхгүй гэж шүүх өөрөө дүгнэсэн боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсгийг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүртэлх хүү 9,969,736 төгрөг, нэмэгдүулсэн хүү 1,993,948 төгрөг, нийт 73,402,573 төгрөгийг хариуцагчдаас гаргуулах, шийдвэрээр тогтоосон зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаат ипотекийн гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг үндэслэн хангуулах, баталгаат ипотекийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгүүдийг албадан худалдахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэсэн нь шийдвэрийн өмнөх дүгнэлтээс логикийн алдаатай, хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсгүүдэд зааснаар Банкнаас олгосон зээлийн хувьд "Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түуний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох"-оор заасан байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүух тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгуй гэж үзэх хууль зуйн үндэслэл болж байна.

3/ 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүрэг болгож хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Хоёр жилийн хүүг тооцох эрхгүй гэж дүгнэн хасч шийдвэрлэхдээ шүүх ямар хууль зүйн үндэслэлээр хүү шаардах эрхээ алдаж байгааг тайлбарлаагүй, хуульд үндэслээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардпагыг хангахгүй байна.

4/ Мөн нотариатын үйлчилгээний төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бичмэл нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу шүүхэд эхээр нь өгөх, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хувилбарыг өгөх шаардпагатай байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс ийнхүү нотлох баримтыг шаардлага хангуулахаар өөрөөс нэмэлт зардал гаргаж, төлбөр төлж байгаа нь тухайн зээлийн төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэгчээс гарч байгаа зардал бөгөөд учир зүйн холбогдлын хувьд хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор үүргээ биелүүлсэн бол ийнхүү нэмэлт зардал гарахгүйгээр гэрээний харилцаа үргэлжлэх байсан. Гэтэл шүүхээс өөрийн сонгосон арга хэлбэр тул гэдэг байдлаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн суурь зарчимд нийцүүлэн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гарсан зардал буюу хохирлыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь хариуцагч Т, Т нарт холбогдуулан тус банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэг 97.794.308 төгрөг, нотариатын зардал 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 төгрөг нийт 98.491.480 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 65.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай банкны барьцаат зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж байсны улмаас талууд тохиролцож, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1200010587 дугаартай барьцаат зээлийн гэрээ, мөн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1200012885 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргийн үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмсэн дүнгээр нэгтгэж нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаснаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1200019219 дугаартай зээлийн гэрээг дахин байгуулсан байна.

Гэвч энэхүү гэрээг Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 219 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэж шийдвэрлэжээ.

 

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1200019219 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар өмнөх зээлийн гэрээний дагуу зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг шаардсан байна.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, талуудын хүлээх үүргийн гүйцэтгэлийг сольсон /нэмэгдүүлсэн/ талаарх тохиролцоо шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болсон, 2014 оны 8 дугаар сарын сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг талууд тохиролцож дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгаа хариуцагч нарын тайлбар нь бодит байдалд нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүргийг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн, 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр гүйцэтгэлийг хүлээн авсан, 236 дугаар зүйлийн 236.1.3-д талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болохоор зохицуулжээ.

 

Уг маргаантай харилцааг нарийвчлан зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлнө.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэжээ.

 

Дээрх хуулийн заалт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргийг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох агуулгаар тайлбарлах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасантай нийцнэ гэж үзнэ.

 

Талуудын тохирч эрх, үүргээ үргэлжлүүлэн, нэмэлт хийж байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1200019219 дугаартай зээлийн гэрээ шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болсноор өмнөх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1200012885 дугаартай зээлийн гэрээний үүрэг бодит байдлаар болон хууль зүйн хувьд дуусгавар болох боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 97.794.308 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасантай нийцсэн, үндэслэлтэй байна.

 

Хас банкны Говь-Алтай салбар нь хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 97.794.308 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан баримтаар баталгаажсан байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шийдвэр буруу биш байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 347 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дугээр зүйлийн 451.1 гэсний ард 453.1 гэж нэмж,73.402.573 гэснийг 97.794.307 гэж, 25.088.907 гэснийг 697172 гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 73.402.573 гэснийг 97.794.307 гэж, 524.963 гэснийг 646922 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 650.407 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

 

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

 

Т.ЖАРГАЛСАЙХАН