Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: К Т  ХХК -д  холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 2.690.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов. 

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Б.Т  миний бие К Т  ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гал тогооны өрөөний тавилга болон үүдний шкаф, хүүхдийн өрөөний шкаф  гурвыг захиалж мөнгийг бүрэн төлсөн. Миний захиалсан тавилгыг 8 сарын 02-ны өдөр манай гэрт авчирч угсарч өгсөн юм. Гэтэл авч ирж угсарсан тавилга нь миний захиалсан өнгөний сонголт биш мөн хэмжээ дутуу гал тогоо ны өрөөний тавилганы тавцан чулуун тавцантай захиалсан боловч чулуун тавцан биш мөн нээгдэж хаагдахгүй, тавилганы хаалга шүүгээ гацалттай материал нь  хонхор гүдгэр балаар цоолсон мэт нүхтэй зэрэг дутагдалтай байсан би энэ байдлыг К Т  ХХК-ийн хариуцах хүмүүст нь удаа дараа тавьж засч өг гэсэн боловч сүүлдээ утсаа ч авахаа больсон.

Би энэ тавилгын захиалгын өгөхдөө цалин мөнгөө хураан байж хийлгэсэн. Гэтэл К Т  ХХК-иас миний захиалснаас өөр, мөн шинээрээ эвдрэл гэмтэлтэй тавилга хийж өгсөнд  үнэхээр гомдолтой байна. К Т  ХХК-ийн дизайнер гэх залуу би өөрөө мэдэж байна гээд байсан болохоор нь би итгэсэн гэтэл хаалга шүүгээ нь дутуу, хагас хаагддаг шин тавилга гэж байх ёсгүй.

Иймд К Т  ХХК нь миний захиалснаас өөр, эвдрэлтэй тавилга хийж өгсөн тул тавилга захиалсан мөнгө болох 2.690.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь гэр ахуйн захиалгат тавилгын үйлдвэр юм. Бид захиалагчийн хүссэн хэмжээ загвар өнгөний дагуу зураг гаргаж тавилга үйлдвэрлэдэг. Тус захиалагч Туяацэцэг нь манай компани нь гал тогоо, шкаф захиалахаар болж 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дизайнер гэрт нь очиж хэмжээ авч зураг зурсан бөгөөд өөрөө зургаа материалаа хүлээн зөвшөөрч гарын үсэг  зурж баталгаажсанаар  бид захиалгын  дагуу тавилгыг үйлдвэрлэсэн. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тавилгыг хүлээлгэн өгсөн тухайн үед асуудалгүй гоё боллоо гэж хүлээж авсан боловч 3 хоногийн дараа өөрөө залгаж хараад байсан нэг л болохгүй байна гэж гомдоллох болсон.

Бид тавилгыг асуудалгүй дуусгасан ба дуусгасан хүмүүс нь хүртэл байгаа. Бид захиалагчийн тавилганд дур мэдэн өөрчлөлт хийгээгүй, манай зүгээс ямар ч асуудал гараагүй болно. Бид тэр хүнийг ойлгохгүй байна. Бүх зүйл захиалгын дагуу очсон, өөрөө нүдээрээ харж хүлээж авсан. Бид ажлаа захиалгын дагуу хийсэн учраас тавилга буцаах, төлбөр буцаах боломжгүй байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч К Т  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 2.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нь ажлыг захиалагч Б.Т тэй захиалгын дагуу хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Талууд 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гал тогооны тавилга, хүүхдийн өрөөний шкаф, үүдний өрөөний ханын шкаф хийлгэхээр гэрээ байгуулсан бөгөөд уг хэлцэл нь иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хуулийн шаардлага хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

 

            Талууд тавилга захиалан гүйцэтгэж, нэхэмжлэгчийн гэрт угсарч, хүлээлгэн өгсөн, мөн гэрээний төлбөр 2.680.000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй болно.

 

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...гал тогооны өрөөний тавилгыг ягаан өнгөтэй гэж захиалсан боловч цэцэгтэй ягаан өнгөтэй ирсэн, хөргөгчний дээрхи тавилга зай ихтэй, мөн тавцан нь залгаастай, хүүхдийн өрөөний шкафт хөнжил хийх хэмжээтэй гэсэн боловч дундаа тасалгаатай хийсэн, үүдний өрөөний шкаф гадна талдаа тольтой хийсэн байсан бөгөөд би толь захиалаагүй, зарим хаалга нь хаагдахгүй байдалтай байгаа. Галын өрөөний тавилгыг К Т  ХХК-ийн дизайнертэй тохирсон, бусад тавилгыг өөрөө мэдээд хийгээд ирнэ гээд явсан.” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

            Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгчийн захиалсан тавилгыг гэрт нь хариуцагчийн ажилчид анх угсрахад Б.Т  хүлээн авахаас татгалзах боломжтой байсан атлаа уг тавилгыг угсруулан хүлээн авсан, түүнчлэн нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан фото зургаас үзэхэд уг тавилгыг зориулалтаар ашиглах боломжтой тул доголдолгүй гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй байх хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгч нь дээрхи гэрээний ялимгүй зөрчлөөс шалтгаалан гэрээнээс татгалзах боломжгүй юм.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т ийн хариуцагч К Т  ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 2.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

            Хариуцагч К Т  ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт зарлагдсан шүүх хуралдааны товыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дарьдуламд утсаар тус тус мэдэгдсэн болно.

 

            Хариуцагч К Т  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дарьдулам нь шүүх хуралдаанаас хоцорч ирсэн бөгөөд, шүүх хуралдаан хэлэлцүүлгийн шат эхэлсэн байсан тул шүүх хуралдаанд оролцуулаагүй болохыг нь дурьдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т ийн хариуцагч К Т  ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 2.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР