Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1232

 

 

    2022         8           19                                   1232    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.А холбогдох эрүүгийн 2206 00000 2405 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч М.А нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн _ дүгээр хорооны _тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн нүдний зовхи, дээд, доод уруулын салстад няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А бид хоёр 2008 онд анх гэрлэлтээ батлуулан эхнэр нөхөр болж байсан. Тэрнээс хойш дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Одоо би нөхөр А болон 4 хүүхдийн хамт **дүүргийн 1 дүгээр хороо _** тоотод оршин сууж байна. 2019 оноос хойш нөхөр А бид хоёр хоорондоо гэр бүлийн асуудлаас болоод таарамжгүй байдал үүсч эхэлсэн. Нөхөр бид хоёр 2022 оны эхээр нөхрөөсөө салахаар болоод А-д салах талаар шахаж шаардаж байгаад 2022 оны 6 сарын эхээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах талаар хандсан. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвөөс 15 цаг 30 минутад дуудсан. Нөхөр бид хоёр хоёулаа тухайн газарт дахиж эвлэрэхгүй гэж хүсэлтээ тавьсан. Тэгсэн нөгөө эвлэрүүлэн зуучлах төв нь гэрлэлт цуцлуулахаар шүүхэд шилжүүлэхээр болсон. Тэндээс гараад би өөрийн ажилдаа явсан. Манай нөхөр А гэр лүүгээ харьсан. Би 21 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн чинь нөхөр 4 хүүхдийн хамт байж байсан. А гэртээ нэг лааз пиво уучихаад бид хоёр эвлэрүүлэн зуучлах төв дээр хэлсэн үгнээсээ болоод бага зэрэг маргалдсан. Тэгсэн чинь А-н гарч явчхаад буцаж орж ирээд байхаар нь чи маргааш хүүхдүүдийг парк оруулж тоглуулна гэсэн амлалтаа биелүүлчихээд яв гэсэн чинь А-н гарч явах гээд байсан. Тэгэхээр нь би хувцаснаас нь татаад нэг удаа нуруунд нь цохисон чинь А-н эргэж хараад намайг цохих шиг болсон. Яаж цохиулснаа ч санахгүй байна. Гэнэт газар уначихсан амнаас болон зүүн нүд орчмоос цус гарч байсан. ...Гэмтэл дээр ирээд баруун дээд уруулын дотор хэсэгт 1, гадна талд нь 3 ширхэг оёдол тавиулсан. Зүүн нүдний зовхи хэсэгт 2 ширхэг оёдол тавиулсан. Миний нүд болон уруул хэсэгт тавьсан оёдлоор нэлээн өвдөж байна, толгой бас өвдөж байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 6 дахь тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 9426 дугаартай “1. П.Т-ын биед зүүн нүдний зовхи, дээд, доод уруулын салстад няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Шинэ гэмтлүүд байна.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 11-12 дахь тал/

Яллагдагч М.А-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн. ...эвлэрүүлэн зуучлах төвд эхнэр Т бид хоёрт холбогдох уулзалт болсон. ...дахиж эвлэрэхгүй гэж хэлснээр тухайн хурлын дүгнэлт нь эвлэрэхгүй гэдэг дүгнэлт гаргасан. Тэндээсээ би гэр лүүгээ яваад манай эхнэр ажил руугаа явсан. Би гэртээ ирэхэд манай 4 хүүхэд байсан. Орой 23 цагийн орчим манай эхнэр Т ажлаасаа ирсэн. ..бид хоёр салж байгаагаасаа болоод хоорондоо хэрүүл маргаан болоод би 0.5 литрийн нэг лааз пивоны талыг нь уусан. Би эхнэр       Т-тай гэрийнхээ коридорт хэрэлдэж байхдаа биеэ барьж чадахгүй баруун гараа атгаж байгаад Т-ын уруул хэсэгт нь нэг удаа, зүүн талын байхаа нүдэн дээр нь нэг удаа гараараа дахин цохисон. Тэр үед Т-ын уруулаас аягүй их цус гараад байсан. Бас нүдэнд нь цус хураад улайчихсан байсан. ...би анх удаа өнөөдөр биед нь гарч хүрч байна. ..Т миний биед халдаж цохиж, зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч М.А нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд **дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр _ дугаар байрны _ тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн нүдний зовхи, дээд, доод уруулын салстад няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А бид хоёр 2008 онд анх гэрлэлтээ батлуулан эхнэр нөхөр болж байсан. Тэрнээс хойш дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Одоо би нөхөр А болон 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн _ дүгээр хороо _ тоотод оршин сууж байна. 2019 оноос хойш нөхөр А  бид хоёр хоорондоо гэр бүлийн асуудлаас болоод таарамжгүй байдал үүсч эхэлсэн. ...Би 21 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн чинь нөхөр 4 хүүхдийн хамт байж байсан. А гэртээ нэг лааз пиво уучхаад бид хоёр эвлэрүүлэн зуучлах төв дээр хэлсэн үгнээсээ болоод бага зэрэг маргалдсан. Тэгсэн чинь А гарч явчхаад буцаж орж ирээд байхаар нь чи маргааш хүүхдүүдийг парк оруулж тоглуулна гэсэн амлалтаа биелүүлчхээд яв гэсэн чинь А гарч явах гээд байсан. Тэгэхээр нь би хувцаснаас нь татаад нэг удаа нуруунд нь цохисон чинь А эргэж хараад намайг цохих шиг болсон. Яаж цохиулснаа ч санахгүй байна. Гэнэт газар уначихсан амнаас болон зүүн нүд орчмоос цус гарч байсан. ...Гэмтэл дээр ирээд баруун дээд уруулын дотор хэсэгт 1, гадна талд нь 3 ширхэг оёдол тавиулсан. Зүүн нүдний зовхи хэсэгт 2 ширхэг оёдол тавиулсан. Миний нүд болон уруул хэсэгт тавьсан оёдлоор нэлээн өвдөж байна, толгой бас өвдөж байна.” гэх /хх6/, яллагдагч М.А-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэртээ ирэхэд манай 4 хүүхэд байсан. Орой 23 цагийн орчим манай эхнэр Т ажлаасаа ирсэн. ...бид хоёр салж байгаагаасаа болоод хоорондоо хэрүүл маргаан болоод би 0.5 литрийн нэг лааз пивоны талыг нь уусан. Би эхнэр Т-тай гэрийнхээ коридорт хэрэлдэж байхдаа биеэ барьж чадахгүй баруун гараа атгаж байгаад Т-ын уруул хэсэгт нь нэг удаа, зүүн талын байхаа нүдэн дээр нь нэг удаа гараараа дахин цохисон. Тэр үед Т-ын уруулаас аягүй их цус гараад байсан. Бас нүдэнд нь цус хураад улайчихсан байсан.” гэх /хх28/ мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 9426 дугаар дүгнэлт /хх11-12/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.А-ний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх бөгөөд М.А-д холбогдох хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хохирогч П.Т-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.А-ний санаатай гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч М.А-нийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Т гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд прокурорын байгууллагад “П.Т миний бие нь М. А-тэй гэр бүл бөгөөд одоо хамт амьдардаг. 2022 оны 7 дугаар сарын 01-02-ны шилжих шөнө гаргасан гомдлын дагуу М.А-ээс нэхэмжлэх зүйл байхгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг М.А хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх39-40/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч М.А-ний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар М.А-д түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, М.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. А-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.А-д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ