Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1230

 

    2022         8           19                                   1230    

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 2402 дугаар хэргийг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Т.Б 19** оны 09 дүгээр сарын 11-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, эрэгтэй,** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт **дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 22 дугаар гудамж 290-* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн ***дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 07-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлгийн 22 дугаар гудамжны 290-9 тоотод хамтран амьдрагч Ч.О ажлынхантайгаа архи уусан гэж уурлан зодож, эрүүл мэндэд нь баруун гарын бугуйн үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой, шуу зүүн гарын шуу, сарвуу, зүүн мөрөнд цус хуралт, баруун мөр, бугалгад цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчим гэр болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгий 290 дүгээр байрны 9 тоот гэртээ байхад миний хамтран амьдрагч Т.Б нь гаднаас архи авч орж ирсэн. Тэгээд найз М-ыг дуудан архи хувааж уусан. Тэгээд намайг гадуур гарч хүмүүстэй нийлж архи уусан гэж толгой руу гараараа цохиж эхэлсэн би хэчнээн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Тэгээд би гараас мултраад зугтаагаад гарсан. Тэгээд гадаа хэсэг суусны дараа найз нь М намайг дуудаад “И унтсан байна, гэртээ ор” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орсон чинь И унтаж байсан. Би хажуугаар нь ороод хэсэг унтаж байсан чинь сэрээд ахиад урдны юмаа яриад зодож эхэлсэн. Тэгэхдээ бүр улам их зодсон. Гар хөлөөрөө өшиглөж, миний толгой хэсэгт маш ихээр цохисон. ...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цуг ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаж хоолонд ороод караокед үйлчлүүлээд ажлын хүнийд хоноод маргааш нь гэртээ ирсэн. Тэгсэн Б хоёр хүүхдээ аваад хөдөө явсан байсан. Тэгээд тэр өнөө өглөө Баянхонгор аймгаас гэртээ ирээд архи ууж байгаад намайг зодож эхэлсэн. ...Өмнө зөндөө зодож байсан, бүр намайг жирэмсэн байхад хүртэл зодож байсан. Архи уусан үедээ маш их догшин авиртай. Бид хоёр 2014 оноос хойш хамтран амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 10-11 дэх тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4716 дугаар: “Ч.О-ийн биед баруун гарын бугуйн үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой, шуу, зүүн гарын шуу, сарвуу, зүүн мөрөнд цус хуралт, баруун мөр, бугалгад цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шинэ гэмтлүүд байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 17-18 дахь тал/

 

Яллагдагч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг ямар хэрэгт яллагдагчаар татаж байгааг сайн ойлгож байна. ...эхнэрийгээ намайг араар тавьсанд нь уурлаад баруун хацар луу 2 удаа алгадаж зодсон. Мөн Ч.О-ийн гар болон мөр лүү гараараа цохьсон. ...гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, 

/хавтаст хэргийн 28 дахь тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 29 дэх тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Өлгийн 22 дугаар гудамжны 290-9 тоот гэртээ хамтран амьдрагч Ч.Оажлынхантайгаа архи уусан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь баруун гарын бугуйн үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохой, шуу, зүүн гарын шуу, сарвуу, зүүн мөрөнд цус хуралт, баруун мөр, бугалгад цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан              

           Хохирогч Ч.О-ийн  мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд намайг гадуур гарч хүмүүстэй нийлж архи уусан гэж толгой руу гараараа цохиж эхэлсэн би хэчнээн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Тэгээд би гараас мултраад зугтаагаад гарсан. Тэгээд гадаа хэсэг суусны дараа найз нь М намайг дуудаад “И унтсан байна, гэртээ ор” гэж хэлсэн. ...Би хажуугаар нь ороод хэсэг унтаж байсан чинь сэрээд ахиад урдны юмаа яриад зодож эхэлсэн. Тэгэхдээ бүр улам их зодсон. Гар хөлөөрөө өшиглөж, миний толгой хэсэгт маш ихээр цохисон. ...2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цуг ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаж хоолонд ороод караокед үйлчлүүлээд ажлын хүнийд хоноод маргааш нь гэртээ ирсэн. Тэгсэн Б хоёр хүүхдээ аваад хөдөө явсан байсан. Тэгээд тэр өнөө өглөө Баянхонгор аймгаас гэртээ ирээд архи ууж байгаад намайг зодож эхэлсэн. ...Өмнө зөндөө зодож байсан, бүр намайг жирэмсэн байхад хүртэл зодож байсан. Архи уусан үедээ маш их догшин авиртай.” гэх мэдүүлэг /хх 10-11/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4716 дугаар дүгнэлт /хх 17-18/

Яллагдагч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Намайг ямар хэрэгт яллагдагчаар татаж байгааг сайн ойлгож байна. ...эхнэрийгээ намайг араар тавьсанд нь уурлаад баруун хацар луу 2 удаа алгадаж зодсон. Мөн Ч.О-ийн гар болон мөр лүү гараараа цохьсон. ...гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх 28/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх бөгөөд Т.Б-д  холбогдох хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн хохирогч Ч.О-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Б-ийн санаатай гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна

Иймд шүүгдэгч Т.Б-г “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.От гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд прокурорын байгууллагад “Т.Б нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул харилцан тохиролцох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх40/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Т.Б хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх44/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Т.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Т.Б нь ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Т.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Т.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                                                  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Б-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОДОНТУУЛ