Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1240

 

 

    2022        08          22                                   1240     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.М холбогдох эрүүгийн 2206 00000 2466 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн 

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.М нь 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оргил” худалдааны төвийн замын уулзварын урд талд замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Г.Г“автомашины урдуур орж хавчуулах шахсан” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж биед зүүн нүдний алим, зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгГ.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон явдлыг тайлбарлаад хэлэхэд өөдөөс загнаад хүлээж авахгүй байхаар нь би “битгий ийм эргүү тэнэг мал шиг байгаач” гэж хэлтэл “чи намайг мал болгодог хэн бэ” гэж хэлээд эхлээд цээж рүү 1 удаа түлхээд, буцаж очоод дахиад хэрүүлээ үргэлжлүүлтэл миний зүүн нүдний ухархай руу баруун гараараа нэг удаа цохисон. Миний зүүн нүд аргаж улайгаад хавдаж эхэлж байна.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 9 дэх тал/,

Гэрч Ц.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г нь үл таних хүнтэй муудалцаад зогсож байсан. Түүнээс асуухад “урдуур нь орсон чинь сигналдаад цочоосон” гэх утгатай зүйл ярьж байсан ба зүүн нүд нь улайчихсан, газарт дуулга нь уначихсан байсан ба асуухад “энэ хүн намайг цохиод ийм нүдтэй болгочихлоо” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 11 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9773 дугаар: “ 1. Г.Г-ийн биед зүүн нүдний алим, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        

           Шүүгдэгч Г.М нь 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр **дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оргил” худалдааны төвийн замын уулзварын урд талд замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Г.Г“автомашины урдуур орж хавчуулах шахлаа, сигналдан цочоолоо” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж биед зүүн нүдний алим, зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би болсон явдлыг тайлбарлаад хэлэхэд өөдөөс загнаад хүлээж авахгүй байхаар нь би “битгий ийм эргүү тэнэг мал шиг байгаач” гэж хэлтэл “чи намайг мал болгодог хэн бэ” гэж хэлээд эхлээд цээж рүү 1 удаа түлхээд, буцаж очоод дахиад хэрүүлээ үргэлжлүүлтэл миний зүүн нүдний ухархай руу баруун гараараа нэг удаа цохисон. Миний зүүн нүд аргаж улайгаад хавдаж эхэлж байна.” гэх, /хх9/,

           Гэрч Ц.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г нь үл таних хүнтэй муудалцаад зогсож байсан. Түүнээс асуухад “урдуур нь орсон чинь сигналдаад цочоосон” гэх утгатай зүйл ярьж байсан ба зүүн нүд нь улайчихсан газарт дуулга нь уначихсан байсан ба асуухад “энэ хүн намайг цохиод ийм нүдтэй болгочихлоо” гэж хэлсэн.” гэх, /хх11/ мэдүүлгүүд,

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9773 дугаар дүгнэлт /хх14-15/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

         

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Г.М-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.М нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх ба Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “Г.Гнь миний бие Г.М-т холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Г.М Г.Г надад учирсан эрүүл мэндийн үзлэгийн зардлыг гаргуулж өгөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...Хохирлын мөнгийг хүлээн авлаа. Шүүх хуралд миний бие оролцох хүсэлгүй байна.” гэх хүсэлтийг /хх66/ гаргасан, шүүгдэгч хохиролд 140.000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь /хх74/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Г.М хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх68/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан гэм хорын хохиролд 140.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Г.М-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Г.М-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОДОНТУУЛ