Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2018/02000/И |
Дугаар | 2192 |
Огноо | 2018-10-23 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э И ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Ц-д холбогдох
Гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 29.695.833 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ц гийн хүсэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 25.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож зээлийн 0020180131/03 дугаартай гэрээ байгуулсан.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлбөрийг зээлийн гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэх батлгаа болгон Г.Ц гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 тоот хаягт байрлах, 40 мкв бүхий 3 өрөө байрыг барьцаалан 002018013103 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байдаг.
Г.Ц нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу зээлийн хүүг төлж байсан боловч 2018 оны 03 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өдийг хүрлээ.
Манай банк бус санхүүгийн байгууллагаас Г.Ц г зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэх хуудсын түүнд хүргүүлсэн байдаг.
Гэвч Г.Ц нь дээрх мэдэгдлийг хүлээн авсан атлаа өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор гүйцэтгэлгүй өдийг хүрч 2018 оны 03 дугаар сараас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй манай байгууллагад ихээхэн хохирол учруулаад байна.
Иймд үндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү 3.995.833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 700.000 төгрөг, нийт 29.695.833 төгрөгийг Г.Ц гийн барьцаа хөрөнгөөс гаргуулж манай байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э И ББСБ ХХК нь хариуцагч Г.Ц д холбогдуулан Гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 29.695.833 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 9.600.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 20.095.833 төгрөг болгож багасгасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож зээлийн 002018013103 дугаартай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 тоот хаягт байрлах, 40 м.кв бүхий 3 өрөө барьцаалж, “Э И ББСБ, Г.Ц нарын хооронд “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан байна.
“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 9.600.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 20.095.833 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэв.
Иймд хариуцагч Г.Ц гаас үндсэн зээлд 20.095.833 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э И ББСБ-д олгох үндэслэлтэй байна .
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгүүдийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 00 минутанд ба хариуцагч Г.Ц д 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж, мөн хариуцагч Г.Ц гийн утсаар тус тус мэдэгдсэн болно.
Шүүхээс хариуцагч Г.Ц нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Г.Ц г тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн ба хариуцагчид 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Г.Ц г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Ц гаас 20.095.833 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э И ББСБ ХХК-д олгосугай.
2. Хариуцагч Г.Ц шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 тоот хаягт байрлах, 40 мкв бүхий 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Г.Ц гаас улсын тэмдэгтийн хураамжид 258.429 төгрөгийг гаргуулж Э И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХБАЯР